
Ж.Далай
Усны Үндэсний Төвийн захирал,
Монгол улсын зөвлөх инженер, Усны салбарын техникийн доктор.
Усны нөөцийн хуваарилалт ба хэрэглээ
Ус бол хэрэглээний үл орлуулагдах шинж чанарыг өөртөө агуулан, үйлдвэрлэлийн болон эдийн засаг, экологийн чадавхийг илтгэдэг байгалийн онцгой баялаг юм. Энэ утгаараа ус нь хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл билээ. Тиймээс ч НҮБ-ын Ерөнхий ассамблейн 58 дахь удаагийн хуралдаанаас 2005-2015 оныг “Ус бол амьдралын эх булаг” олон улсын 10 жил болгон зарлан тунхаглаж, “Ус нь ядуурал болоод өлсгөлөн арилгах, тогтвортой хөгжлийг хангах хөдөлгөгч хүч” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Саяхан хуралдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь удаагийн чуулган дээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж усны асуудлаарх хамтын ажиллагааны дэлхийн байгууллага бий болгохоор санал дэвшүүлсэн билээ.
Монгол орны хувьд цөлөрхөг улс орнуудыг бодвол усны нөөцөөр харьцангуй боломжийн байж болох орон. Өөрөөр хэлбэл, хурмастаас чамлаад байхааргүй хэмжээний усыг бидэнд илгээдэг. Гэвч усны ихэнх нөөц умард болон зүүн зүгт Хойд мөсөн далай, Номхон далайн ай сав газар тийш хором бүр гадагшилдаг онцлогтой. Алт, зэс зэрэг газрын баялгаас ч илүү үнэтэй баялаг маань ийнхүү бидний нутгаас секунд, минут тутамд тасралтгүй урсан гарсаар байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, монгол орны өмнөд хагаст хур тунадас маш бага унадгаас цөлжилт хурдацтай явагдаж байна. Гэтэл манайд ус ихээр хэрэглэдэг уул уурхай, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтууд гол төлөв ус багатай, цөлжилт ихтэй говийн бүсэд эхэлчихсэн байдаг. Энэ бүх үйлдвэрийн усны хэрэгцээг хангахын тулд говь дахь газрын доорх уснаас их хэмжээгээр авбал нөөц нь хомсдох, давсжих, цөлжилтөд түлхэц өгөх зэрэг хор уршиг бий болох магадлал өндөр юм.
Эл байдлыг урьдчилан мэдэрсэн дэлхийн олон улс орон гадаргын усыг аль болох олон салбарт зүй зохистой ашиглах чиглэлд бодлого боловсруулан ажиллаж байна. Манай улс ч энэ чиглэлд бодлогоо тодорхойлж, “Усны шинэтгэл- XXI” хөтөлбөрийг Засгийн газраас 2004 онд баталсан юм. Энэхүү хөтөлбөрөөр газрын доорх болон гадаргын усны нөөцийн хэрэглээний харьцааг 2010 онд 65:35, 2015 онд 55:45, 2025 онд 50:50 болгох зорилт тавьсан билээ. Тухайн зорилтыг тавих үед дээрх харьцаа 80:20 байсан бөгөөд өнөөдөр газрын доорх болон гадаргын ус хэрэглээний харьцаа харин ч эсрэгээр 90:10 болсон. Өөрөөр хэлбэл хөтөлбөр хэрэгжээгүй гэсэн үг. Бид ус хэрэглээний сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол богино хугацаанд хязгаарлагдмал нөөцөө цөлмөөд дуусгах аюултай байдалд ороод байна. Зам даган хөгжил ирэх нь ойлгомжтой ч хөгжлийн үндэс нь ус гэдгийг монголчууд бид нэг л сайн ойлгож өгөхгүй байх шиг. Усны асуудлаа нэгдүгээрт тавьж шийдсний дараа дэд бүтэц, бүтээн байгуулалтын бусад ажлуудаа усны нөөцийн боломжтойгоо уялдуулан төлөвлөж байх нь манай орны онцлог байх ёстой.
Ер нь манай улсын хувьд зам, цахилгааны асуудлыг ямар ч хэлбэрээр шийдэж болно. Зөвхөн санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэхэд л бүтчихнэ. Харин усны асуудлыг ямар ч их мөнгө байгаад шийдэхэд хүндрэлтэй байгаа нь бас л манай орны өвөрмөц онцлогтой холбоотой.
Ус ба эдийн засгийн өсөлтийн талаар
Усыг нэг зорилгоор бус олон зориулалтаар ашиглаж, усны нэг системийг олон үүрэгтэйгээр ашигласнаар уснаас хүртэх үр ашиг улам бүр нэмэгдэнэ. Тухайлбал, эрдэмтэд өдөрт нэг хүнд 100 л ус өгөх унд ахуйн ус хангамжийн системийг сайжруулж, олон зориулалтаар ашиглаж эхэлбэл нэг хүнд ноогдох ДНБ жилд 40-80 ам.доллараар нэмэгдэх боломжтой гэж тооцсон байна.
Дэлхийн буурай хөгжилтэй орнуудад ус хангамж тааруу байдаг бөгөөд тэр тусмаа амьжиргаа нь усны нөөцөөс хамааралтай байдаг. Улс орны усны хүртээмж ямар байгаагаар тухайн орны хөгжлийн түвшин болон баялгийн хуваарилалт ямар байгааг тольдож болдог. Ядуурал нэмэгдэх тусам усны асуудал төрөөс хамааралтай болж, төрийн ачаалал улам бүр нэмэгддэг байна.
Усны менежмент нь эдийн засгийн өсөлт, эсвэл хүний хөгжил, наад захын үйлчилгээний аль алинд нь хамааралтай асуудал юм. Нэгэн цагт дэлхийн эдийн засаг хөдөө аж ахуйд суурилж байсан бол өдгөө, аж үйлдвэрлэл, өндөр технологи дээр тогтох болсноор усны салбарын хөгжил ч энэ чиглэлийг даган хөгжиж байна. Тухайлбал, 1960-аад оны БНСУ дахь аж үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжлийн өмнө хэдэн арван жил үргэлжилсэн хөдөө аж ахуйн өсөлт явагджээ. Үүний дараагаар 1990-2003 оны хооронд эдийн засгийн тогтвортой өсөлтийн үед Ази тивд аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, ус хуримтлуулалт, ус хангамж, бохир ус цэвэрлэх үйл ажиллагааг эрчимтэй явуулсан байдаг юм.
Манай улс ч мөн адил энэ замаар хөгжиж эхлэх ёстой. Сүүлийн 20-иод жилд ус дутагдалтай говь, тал хээрийн бүсэд усыг ихээр ашиглагч уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжих болж, усыг эдийн засгийн өсөлтийн тулгуур хүчин зүйл гэж харж, ойлгож эхэлж байна.
Усны салбарын уналт
Монгол оронд өнгөрсөн 20 гаруй жилд зам, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбар маш их өөрчлөгдөн хөгжсөний дээр уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн эхлэлийн жилүүд байлаа. Гэтэл дээрх салбаруудын хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй усны салбар “Усны аж ахуйн яам”-ыг харъяа Усны институт болон удирдах газруудынх нь хамт татан буулгаснаас хойш 2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” байгуулагдах хүртэл бүрэн уналтын байдалтай байсан.
Одоогийн байдлаар “Усны газар”-ыг татан буулгаж, усны нөөцийн асуудлыг БОНХЯ-нд, үйлдвэр,хөдөө аж ахуйн ус хангамжийг ҮХААЯ-нд, уул уурхай, эрчим хүчний ус хангамжийг УУЯ болон ЭХЯ-нд, хотуудын ус хангамжийг БХБЯ-нд тус тус хариуцуулсан бөгөөд усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Усны Үндэсний хороо байгуулагдаад удаагүй байна. Энэ нь сайшаалтай ч тус хорооны үйл ажиллагаа салбар дундын зохицуулалт хийхэд хүндрэлтэй байгаа нь усны салбар олон яамтай ч юм шиг, огт эзэнгүй ч юм шиг болж хувирсантай холбоотой байна. Мөн усны нөөцийн менежмент хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2012 онд байгуулсан ч төсөв мөнгөгүй, ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус байдалтай байна.
Харин усны барилга байгууламж, усан сан байгуулах, урсац тохируулгыг хариуцах үндсэн үүрэг аль нэг яаманд харъяалагдахгүй эзэнгүй хоцорсонд салбарын инженер, доктор хүний хувьд их харамсаж, санаа зовдог. Иймд одоогийн нөхцөлд “Монгол ус” ТӨҮГ-ыг агентлагийн хэмжээнд статусыг нь өөрчлөх шаардлагатай байна. Ингэж байж бид одоо байгаа болон ирээдүйд баригдах усны барилга байгууламжуудыг хариуцсан эзэнтэй болгож чадахаар юм. Эсвэл БХБЯ-ны бүтцэд Усны барилгын хэлтэс байгуулах санал ч оновчтой байж болох юм.
Усны бодлого
Улс орны тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалын тулгуур хүчин зүйлийн нэг нь байгалийн нөөц, түүний зохистой хэрэглээний асуудал бөгөөд тэр дундаа усны цогц бодлого түүний менежмент голлох үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь тодорхой нутаг дэвсгэрийг хөгжүүлэх эдийн засгийн бодлогыг боловсруулж төлөвлөхөд усны нөөцийн судалгаа, хуваарилалт, менежментийн оновчтой зөв хувилбарыг эхний ээлжинд төлөвлөж, боловсруулах нь ихээхэн ач холбогдолтой болохыг илтгэж байгаа юм. Ялангуяа усны нөөц нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархсантай холбоотойгоор нийгмийн амьдрал, үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж тэр хэмжээгээр хязгаарлагдмал байдаг. Мөн бараг бүх аймаг, сумын төв, суурин газрын ус хангамжийн эх үүсвэр нь хэдэн зуун жилд нөхөн сэргээгдэх газрын доорх усаар хангагддаг тул тэдгээрийн нөөцийг тогтоож, ашиглалтын горимыг тодорхойлон мөрдөх хойшлуулшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Иймд манай улсад усны нөөцийн хуваарилалтыг зөв бодлогоор зохицуулж байж тогтвортой хөгжих үндэс тавигдана. Өөрөөр хэлбэл аливаа улс орны усны нөөц ховор байгаадаа бус буруу менежмент, буруу бодлоготой холбоотойгоор л хомсддог. Иймээс гадаргын усаа экологи, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг зоригтойгоор хурдхан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Манай улс хөгжихийн хэрээр усны хэрэгцээ цаашдаа 20-30 дахин нэмэгдэх тойм тооцоо байдаг. Тиймээс усны хэрэглээ дагасан менежментийг одооноос хэрэгжүүлж эхлэх нь усны бодлогын чухал хүчин зүйл юм.
Усны нөөц, ус хангамжийн төслүүд
Өнөөдөр монгол улсад мал аж ахуй, усалгаатай газар тариалангийн салбар эрчимтэй хөгжихийн хамт сүүлийн жилүүдэд Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслүүд, стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг илрүүлснээр уул уурхай, хүнд, хөнгөн аж үйлдвэржилтийн салбар ойрын ирээдүйд эрчимтэй хөгжих нөхцөл бүрдсэн, хүн амын ихэнх хэсэг нь суурин газар амьдрах болсон зэрэг нь ус хангамжийн аюулгүй, найдвартай эх үүсвэрийг бий болгохыг биднээс шаардаж байна.
Харин Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудал дээр тодорхой байр суурьтай байгаад нь талархал илэрхийлмээр байдаг. Тэрээр усны талаар байр сууриа илэрхийлэхдээ: <<... Хамгийн их анхаарал татаж байгаа асуудлуудын нэг бол усны хангамж. Ер нь цаашдаа гүний биш гадаргын усыг ашиглах хэрэгтэй. Өөрөөр тэнд усны асуудлыг шийдвэрлэх боломжгүй.>> гэж УИХ-ын нээлттэй хуралдаанд Засгийн газраас Оюутолгойн талаар хийсэн мэдээллийг сонсч, зарим зүйлийг тодруулж байр сууриа илэрхийлэхдээ хэлсэн байсан. Мөн саяхан Өмнөговь аймгийн ИТХ тогтоол гаргаж, газрын доорх усны хайгуул хийхийг энэ оны 8 дугаар сарын 1-ээс, газрын доорх ус шинээр ашиглахыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс хориглосон байна. Энэ мэтчилэн гадаргын усны ашиглалтыг дэмжиж эхэлж байна. Ус хэрэглээ гэхээсээ илүүтэй байгаль дэлхий маань биднээс газрын доорх усны ашиглалтыг багасгахыг шаардаж байна шүү дээ.
Миний бие усны салбарын мэргэжилтний хувьд шаардлагатай тохиолдолд усны бодлого, салбарын хөгжлийн бүхий л ажилд Засгийн газраа дэмжин мэдлэг, хүч, бололцоог дайчлан ажиллахад бэлэн байдаг. Үүнийгээ ч энэ салбарын мэргэжилтэн, монгол улсын иргэний үүрэг хэмээн үздэг. Усны салбарт нэн тэргүүнд шийдэх асуудал бол дээр хэлсэнчлэн усны нөөцийн тэгш бус хуваарилалтыг зохицуулах явдал билээ.
Хуурайшилт ихтэй манай орны хувьд орсон хур тунадаснаасаа боломжтой хэмжээгээр хуримтлуулан авч усны хэрэгцээ шаардлага ихтэй бүс нутгуудын ус хангамжийг сайжруулах зорилтыг Засгийн газраас дэмжин “Ус” хөтөлбөрт суулгаж баталсан. Энэ хүрээнд хойд, зүүн хойд зүгийн голуудын урсцад тохируулга хийж өмнө болон зүүн өмнө зүгийн говь, тал хээрийн бүсэд шилжүүлэн ашиглах бидний санал төр засгийн бодлого болон гарсан юм. Анхны загвар төслүүд нь “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь” төслүүд юм. Ер нь бусад гол, нууруудаас говь тийш ус татах асуудал ойрын ирээдүйд гарцаагүй гарна. Энэ бол монгол орны усны нөөцийн нэг гол бодлого байх ёстой.
Ерөөс Хэрлэн, Орхон голыг шууд сэтлээд, суваг татаж говь руу урсгахгүй. Харин хиймэл нуур байгуулаад их устай жилийн усыг бага устай жилд нь, их устай улирлын усыг бага устай үед нь тохируулан урсгаж голоо сэлбэж байх экологийн зорилготой төсөл юм. Хуримтлуулсан усны хэмжээ голын олон жилийн дундаж урсцыг тогтмол хангах, орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах нөхцөлд хиймэл нуураас далд яндан хоолойгоор хот, суурин газар, уул уурхайн болон эрчим хүчний үйлдвэрүүдийг усаар хангахад ашиглаж болно.
Уг нь хуурайшилт эрчимтэй явагдаж, гол, горхи хэдэн арваараа ширгэж байгаа нөхцөлд харин ч усан санг (хиймэл нуур) нэг гол дээр цувуулан аль болох олныг барих нь чухал байна. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн монгол зүйр үг байдаг шүү дээ. Нэг өдөр усгүй байна гэж бодъё. Тэгвэл маргааш нь ус маш ихээр үерлэж ирнэ. Тэр үед усаа нөөцөлж аваад хуурай, гандуу жилдээ жигд хэмжээгээр гаргах асуудлыг бид яриад байгаа хэрэг. Манай голууд хур бороо элбэгтэй жилд маш их үерлэдэг онцлогтой. Чухам ийм үед түүний зарим хэсгийг савныхаа хэмжээгээр нөөцөлж аваад гачиг устай жил, улиралд нь голоо амьд урсгалаар жигд тэжээж тогтмол урсгалтай байлгах хэрэгтэй байгаа юм.
Санаачилсан төслүүдийн хэрэгжилтийн явцаас дурдвал
Миний бие усны нөөц, усны барилгын инженер хүний хувьд улс эх орныхоо хөгжил, сайн сайхны төлөө 5 төсөл санаачлан өөрийн орон сууцаа хүртэл зээлдэж байгаад төслүүдийнхээ урьдчилсан судалгааг хийж, заримынх нь ТЭЗҮ-ийг боловсруулан тэмцэж яваа нэгэн. Эдгээр төслүүдийн хэрэгжилтийн явцыг товч танилцуулахад:
“Хэрлэн-Говь” төсөл: Хэрлэн голоо тэжээж аврах, байгаль орчны доройтлыг нөхөн сэргээх улмаар цахилгаан эрчим хүч гарган авах, хот суурин, хөдөөгийн хүн ам, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн ус хангамжийг цогцоор шийдвэрлэх уг төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд ард түмэнд буруу ташаа ойлгуулж, зарим нь түүнийг нь өлгөн авч улстөржүүлсэнээр одоогоор зогссон байгаа. Гэвч Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Замын үүдийн эдийн засгийн чөлөөт бүс, Чойр зэрэг бусад объектуудын ус хэрэглээтэй холбоотойгоор энэ төсөл тун удахгүй хэрэгжих нь тодорхой бөгөөд гарцаагүй юм.
Энэ төслийн зорилго, зорилтын 95-96 хувь нь Хэрлэн голын сав газарт амьдарч байгаа хүн амын нийгэм эдийн засаг, ахуй амьдралд, зөвхөн 4-5 хувь нь л говийн хэрэгцээнд зориулагдах юм. Хэрлэн голын сав газрынхан говийн ах дүү нартаа “Цахилгааны зардлаа дийлэх хэмжээгээр ус шахаад авцгаа” гэдэг сэтгэлээр хандах хэрэгтэй шүү дээ. Энэ төсөл Хэнтий, Дорнодынхонд Хэрлэн голдоо хэн бүхнээс, юу юунаас илүү ач тустай гэдгийг ойлгуулсаар байхад муйхарлан эсэргүүцсээр байгаа нь харамсалтай санагддаг. Хүн ч тэгээд аз жаргалаас үргэлж зугтааж, цаг хугацаа өнгөрөх тусам харуусаж хоцрох юм даа.
“Орхон-Говь” төсөл: Төслийг БОНХЯ хэрэгжүүлэхээр ажиллаж, дэлхийн банкны санхүүжилтээр ажлын даалгавар боловсруулах шатандаа явж байгаа нь сайшаалтай юм. Энэ төслийг улстөржүүлэхгүй байгаад талархаж байна.Гол нь төслийг хугацаа алдахгүй яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.
“Тайшир-Алтай” төсөл: Энэ төсөл сүүлийн 30-40 жил усны нөөц, чанарын асуудлаас болж “зовж” буй Алтай хотын ус хангамжийг Тайширын УЦС-ын усан сангаас ус шүүрүүлэн авч цэнгэгжүүлэн ариутгаж, монголд анх удаа 100 жилийн настай, зэвэрдэггүйөндөр даралтын хүчитгэсэн шилэн хуванцар яндан хоолойгоор дамжуулан шийдвэрлэнэ. Мөн НҮБ-аас “2015 он гэхэд ундны усны аюулгүй бөгөөд тогтвортой хангамжид хамрагдаагүй, ариун цэврийн наад захын үйлчилгээнд хамрагдах боломжгүй хүмүүсийн тоог 2 дахин бууруулах чанартай усаар найдвартай хангах” зорилго тавигдсан байдаг.
Бид төслийг яаралтай эхлүүлэх үүднээс ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Одоо энэ төсөл концессоор, эсвэл Засгийн газрын зээлээр хэрэгжихээр болж ЭЗХЯам бэлтгэл ажилдаа орсон. Уг нь төр дэмжээд шууд хэрэгжүүлэх боломжийн төсөвтэй төсөл л дөө. Гэвч Засгийн газар бидэнд ТЭЗҮ боловсруулах ажилд гарсан шууд зардлыг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаад гайхаж явдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн мэдээнээс харахад авилга авах, өгөх болохоороо хэдэн арван тэрбум төгрөг ярьдаг мөртлөө хувийн сектор, хувь хүн сайн санаа, санаачлага гарган хийсэн ажлын хэдхэн сая төгрөгийг өгөхгүй байгаад гайхаад барамгүй. Уг нь төр засаг бидэнд “баярлалаа” гэж талархаад, зарсан зардлыг нь саадгүй өгчихмөөр юм даа. Бид хийе гэснээ хийчихсэн. Өөрөөр хэлбэл энэ төслийг санаачлаад ТЭЗҮ-ийг нь боловсруулаад, батлуулаад, хүлээлгээд өгчихлөө. Одоо төсөл хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэж ойлгож байгаа.
“Туул-Улаанбаатар” төсөл: Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, газрын доорх усны хэт хэрэглээнээс үүдэн сүүлийн жилүүдэд хавартаа тасраад байгаа Туул голоо хамгаалах үндсэн зорилготой юм. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийгойрын ирээдүй болон алс хэтэд найдвартай хангах, тодорхой хэмжээний усны эрчим хүч гарган авах, усны чанар сайжруулах зорилго бүхий цогцолбор барилга байгууламж барьж нийслэл хотын хүн амын унд ахуйн болон томоохон үйлдвэр, объектын (шинээр баригдах орон сууцны хороолол, Хөшигийн хөндийн нисэх буудал, түүнийг дагасан “ухаалаг” хот, ТЭЦ-5 гэх мэт) ус хангамжийг ямар нэг шахуурга станцгүйгээр байгалийн өөрийндаралтаар шийдвэрлэж, голын сав газрын экосистемийн таатай нөхцлийг бүрдүүлэхээс гадна ашиглалтын зардал маш бага, дэлхийд №1-ээр үнэлэгдэхээр чухал ач холбогдолтой болох юм. Төсөл хэрэгжсэнээр Туул голын хөндийд гаргасан худгуудын тоо эрс цөөрч, нийслэл хотын ус хангамжийг нэг хүндрэлгүйгээр шийдвэрлэх болно.
“Бор-Өндөр Сайншанд”-ыг усаар хангах төсөл: Шинэчлэлийн засгийн газрын томоохон зорилтын нэг нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг бүрэн эрхийнхээ хугацаанд байгуулах явдал. Түүний ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх хамгийн боломжит хувилбар нь Бор-Өндөр, Сайншандыг усаар хангах төслийг хэрэгжүүлэх явдал гэж бид үзэж байгаа. Энэ төслөөр Хэрлэн гол дээр эхний ээлжинд боомт бүхий усан сан барихгүйгээр Япон улсад өргөнөөр ашиглаж байгаа хэвтээ цацрагт ус татамжийн байгууламжийг голын хөндийд байгуулан, тэндээс ус дамжуулах шугам хоолойгоор өргөлтийн насос станцаар дамжуулан ус шахаж, Бор-Өндөр, Сайншандын үйлдвэрүүдийн ус хангамжийн асуудлыг хамтатган шийдвэрлэнэ. Энэ чиглэлээр ҮХААЯ-аас зарлагдсан тендерт бид орсон ч тендерийн хорооны шударга бус шийдвэрээс болж санаачилсан төслөө хэрэгжүүлэхэд оролцож чадахгүй байгаадаа бид харамсаж байна.
Ус ба улстөржилт
Бид усны салбарын мэргэжлийн байгууллагын хувьд улс орныхоо усны нөөцийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, говь, хээрийн бүс, уул уурхай, эрчим хүчний ус хангамжийг шийдвэрлэх зорилго бүхий төслүүдийг санаачлан зарим төслийн эхний шатны ажлуудыг өөрийн хөрөнгөөр эхлүүлэн гүйцэтгэж ирлээ. Харин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эдгээр төслүүдийг яаралтай эхлүүлэх л үлдээд байна. Гэвч төсөл гэхээр л мөнгө угаах ажил гэж ойлгоод байх шиг, эсвэл улс төржүүлээд, нутгархаад, цэцэрхээд, холион бантанг нь хутгаад 10-аад жилийг алдчихаад байна.
Усны нөөц, ус хангамжийн дэд бүтцийг хөгжүүлэхэд уг нь мэдлэг, мэргэжил, санхүүжилтийн талд бэрхшээл алга гэж хэлж болно. Мөн эрх зүй, бодлогын талаасаа мөн бэрхшээл байхгүй. Харин усны асуудлыг хэн нэгэн өөрийн эрх мэдэл, ашгийн төлөө улстөржүүлэхээ зогсоогоосой гэж олон түмэн хүсэж байгаа. Голын ус ихсэж үерлэдэг, багасаж шургаж тасардаг нь байгаль цаг уурын хэмнэл. Байгалийн өөрийнх нь хуулиар жаран жаранд зохицуулагдаж ирсэн хэцүү ч гэсэн үнэн төрхтэй. Үүнийг улс төржилт, хэт сүржигнэлтэд ашиглан бэрхшээл учруулсаар байгаа нь улс орны хөгжлийг хойш чангаасаар байна.
Усны дэд бүтэц ба олон улсын туршлага
Өнөөдөр бид шинжлэх ухаан, техникийн хөгжлийн оргил үе болох XXI зуунд амьдарч байгаа шүү дээ. Бодит үнэнийг нь гадарласаар атлаа улс төрийн зорилгоор, эсвэл мэдлэггүй, хэнэггүй, асуудал шийдвэрлэх чадваргүй байдлаасаа болоод ч тэрүү дүлий дүмбэд болж сууцгаах юм даа. Үнэндээ энэ нь эргээд нөхөшгүй цаг хугацааг алдаж байгаад их харамсдаг.
Хүн төрөлхтөн гол, мөрний урсац тохируулгын аргыг зуу гаруй жилийн өмнөөс хэрэгжүүлж ахуй амьдрал, хөгжил дэвшилдээ ашиглаж ирсэн түүхтэй. Манай орноос нутаг дэвсгэрийн хувьд 4-5 дахин бага хэрнээ 10-15 дахин их хур тунадас унадаг Япон, Өмнөд Солонгос, Турк зэрэг оронд 17-25 мянган усан сан байгуулан ашиглаж байна. Тэгэхээр Төв Азийн өндөрлөгт оршдог, жилд 250 мм хур тунадас унадаг манайх шиг хуурайвтар оронд маш олон хиймэл нуур байгуулах шаардлагатай байгаа юм.
Эдгээр орнуудад манай Орхон шиг гол дээр 8-11 усан сан байгуулж иж бүрэн ашиглаж байна. Усаа далай тэнгист аль болох алдахгүйн төлөө тэмцдэг. Гэтэл бид 1000 гаруй км урт нэг гол дээр ганцхан усан сан байгуулах тухай ярихад чоно харсан хонь шиг л худал, үнэн нь мэдэгдэхгүй жүжиглэцгээх юм даа. XIX, XX зуунд иймэрхүү төслийг эсэргүүцэж 20-70 жилээр саатуулж байсан түүх Европт ч байдаг. Харин хэрэгжсэний дараа олон арван жилээ алдсандаа харамсаад барахгүй, эсэргүүцэгчдийн ахлагчийг шийтгэж байсан түүх ч байдаг юм билээ.
Товч дүгнэлт
1. Монгол орны усны нөөц багавтар бөгөөд хязгаарлагдмал, тархац нь маш жигд бус байдгаас гадна гадаргын ус нь монголын нутаг дэвсгэрээс тасралтгүй урсан гадагшилж байдаг онцлогтой.
2. Газрын доорх ба гадаргын усны хэрэглээний харьцааг 50:50 болгон тэнцвэржүүлэх төлөвлөгөөтэй ч 80:20 байсан харьцаа нь 90:10 болон эсрэгээр ихсэж, гадаргын усны оновчтой хэрэглээ огт нэмэгдээгүй харин ч багассан байна.
3. Усны салбарыг монгол орны өнөөгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл байдалд тогтвортойгоор зохицуулан олон улсын жишиг туршлагад тулгуурлан өөрчилж, дэд бүтцийн салбарын хэмжээнд бүтцийг нь шинэчлэн сайжруулах арга замыг шийдвэрлэж, усны бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.
4. Янз бүрийн шалтгаанаар хэрэгжүүлж чадахгүй 10-аад жилийг ардаа орхиод буй усны нөөц, түүнийг ашиглах оновчтой шийдэл бүхий төслүүдийг яаралтай эхлүүлж хэрэгжүүлэх, говийн бүсийн газрын доорх усыг их хэмжээгээр урт хугацаанд горимгүйгээр авч ашиглахыг зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй.
5. Монгол улсын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл болсон усны нөөц, усны барилгын асуудлыг аль болох улс төржүүлэхгүйгээр, өндөр хөгжсөн улс орнуудын энэ талын туршлагыг сайтар судлан суралцаж улмаар усны салбарын үндэсний боловсон хүчин, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, санал санаачлагыг цаашид тууштай дэмжин хамтран ажиллах хэрэгтэй байна.
Ус- Монгол улсын хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл | ||
Үзсэн: 6225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.