
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй.
Эдгээр мега төслөөс Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метрог барьж байгуулах төсөлд шаардлагатай санхүүжилтийг эрчимжүүлэх ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ/-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан захирал Хусейн Озхан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар захиргааны арга хэмжээг үе шаттай авч буй. Иймээс иргэдийн зорчих эрхийг хангах хүрээнд нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлэх шаардлагатай. Үүнээс метро нь хотын түгжрэлийг бууруулах стратегийн чухал алхам төдийгүй соёл, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төсөл юм. Одоогоор төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд санхүүжилт шийдэгдсэний дараа метроны эцсийн сонгон шалгаруулалтыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хорооллыг барих ажлыг эхлүүлээд буй. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын дагуу Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг ирэх наймдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн. Трамвайны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил дуусах шатандаа явж байгаагаас гадна байгаль орчны үр нөлөөний нарийвчилсан үнэлгээг хийж байгааг тэрбээр онцоллоо.
Уулзалтын төгсгөлд ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан захирал Хусейн Озхан “Цаашид Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулах дэд бүтцийн төслүүдэд тууштай хамтран ажиллана. Тухайлбал, Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллах боломжийг судлахад бэлэн. Мөн трамвайны төсөл дээр хамтран ажиллах боломжтой төдийгүй хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийлсэн юм.
Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд ЕСБХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | ||
Үзсэн: 203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.