Шууд Chart

Манай харваачид багийн төрөлд дөрөвдүгээр байр эзэллээ

2016-09-12 09:41:12

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV паралимпийн наадам эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн наадамд 159 орны 4430 тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Манай улсаас жүдо бөх, байт харваа, хөнгөн атлетик, буудлага, пауэрлифтинг гэсэн таван төрөлд найман тамирчин өрсөлдөж байна.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртсэн. Мөн байт харвааны тамирчид багаараа IV байр эзэлсэн бол зээрэнцэг шидэлтийн төрөлд Гэндэндаржаагийн Цогтгэрэл V байр эзлээд байна.

Байт харвааны тэмцээн өнгөрсөн бямба гарагт эхэлсэн бөгөөд 40 орны 137 тамирчин \эрэгтэй 79, эмэгтэй 58\ 70 метрийн рекурв, 50 метрийн компаунд болон W1 ангилалд ганцаарчилсан, холимог багаар өрсөлдлөө.

Манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад “Бээжин-2008” паралимпийн наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Баатаржав дөрөв дэх, эмэгтэйчүүдээс Б.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа оролцож байгаа бол А.Анхбаяр анх удаа өрсөлдөв.

Энэ удаагийн паралимпийн наадамд БНХАУ 12, Их Британи 11, БНСУ-аас 10 тамирчин оролцож байгаа бол зохион байгуулагч орноос найман тамирчин эрхээ авчээ. Мөн Австрали, Азарбайжан, Колумб, Гүрж, Казахстан, Шри-Ланк, Сингапур, Швед зэрэг 10 орноос нэг харваач ирсэн байна.

Харин ОХУ-ын 12 харваач паралимпийн наадмын эрхээ авсан ч оролцох боломжгүй болсон. Манай улсаас анх удаа эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин оролцож байгаа бөгөөд тэд 70 метрийн рекурв төрөлд ганцаарчилсан болон холимог багт хүч үзэж байна.

Ням гарагт үргэлжилсэн багийн харваанд эрэгтэй, эмэгтэй тамирчид холимог баг болон оролцох дүрэмтэй. Манай улсаас хоёр эрэгтэй тамирчин байгаа учраас урьдчилсан харваанаас Д.Баатаржав 583 оноогоор 20 дугаар байрт орсноор Б.Оюун-Эрдэнэтэй холимог баг болон харвасан юм. А.Анхбаярын хувьд 572 оноогоор 24 байрт орсон учир ганцаарчилсан харваанд өрсөлдөнө.

Холимог багийн төрөлд Бразил, БНХАУ, Чех, Франц, Их Британи, Герман, Иран, БНСУ, Польш, Монгол зэрэг 16 орны баг багтсан.

Ираны баг 1264 оноогоор нэгдүгээр байраар шалгарсан бол БНХАУ-ын баг 1246 оноогоор удаалсан. Харин манай баг 1146 оноогоор 11 дүгээр байрт шалгарч, Германы багтай эхний харваагаа хийхээр болсон. Германы баг зургадугаар байраар жагссан. Шөвгийн 16-гийн оноолтод Иран-Франц, Их Британи-Тайвань, БНСУ-Бразил, Латви-Итали, Польш-Ирак, Монгол-Герман, Тайланд-Турк, Чех-БНХАУ гэж гарсан.

Манай баг эхний өрсөлдөгч болох Германыг 5:3-аар хожиж, шилдэг наймд үлдсэн. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Польшийн багтай харваж, 5:4-өөр хожлоо. Энэ харваа маш хүнд болж, 4:4-өөр тэнцээд байсан. Ингээд шийдвэрлэх харваанд 18-14-өөр өрсөлдөгчөө буулган авлаа. Харин цааш мөнгө болон хүрэл медалийн төлөөх харваанд хожил авч чадаагүй юм.

Шөвгийн 16:

  • Монгол - Герман  - 5-3

Шөвгийн найм:

  • Монгол – Польш 5-4

Мөнгөн медалийн төлөө

  • БНХАУ – Монгол 6-0

Хүрэл медалийн төлөө

  • Итали – Монгол 5-1
Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай харваачид багийн төрөлд дөрөвдүгээр байр эзэллээ  
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй