Шууд Chart

Боом өвчнөөр халдварласан хүн Дорнод аймгийн бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна

2016-09-13 11:39:37

Дорнод аймгийн Булган сумын Хашаат гэдэг газар нутаглаж буй Хэрлэн сумын хоёрдугаар багийн малчин Э-гийн хотонд хоёр үхэр боом өвчин туссан, улмаар Э-д боом өвчин халдварласныг бид өмнө нь мэдээлж байсан. Түүний биеийн байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан Э.Дулмаагаас тодрууллаа.

- Э-гийн биеийн байдал ямар байна вэ?

-Энэ хүн Дорнод аймгийнхаа бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байгаа. Одоогоор эмчилгээ хийгдэж байна. Шинжилгээ ч мөн хийж байгаа.

-Эмнэлэгт хэзээ хэвтсэн бэ?

-Энэ сарын 9-нд манайд мэдэгдэхдээ эмнэлэгт хүргэгдсэн байсан. Манай төвөөс түүнд зөвлөгөө өгч, эмчилгээнийх нь үе шаттай байнга танилцаж байгаа.

-Хэдэн настай хүн бэ?

-38 настай эрэгтэй.

-Боом өвчин хүнд халдварласан шалтгаан нь юу байв?  

-Энэ сарын 6-нд боом өвчний вакцинжуулалт дээрх аймагт явагдсан юм билээ. Тэгэхэд энэ хүн малаа барьж тариулах үедээ халдварласан гэсэн дүгнэлт шинжилгээний явцад гарсан байсан.

-Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд хүмүүс яах ёстой вэ?

-Боом өвчин амьсгалаар биш арьсны шархаар дамжиж халдварладаг. Тодруулбал, тухайн хүний арьс шархтай байвал халдах магадлал өндөр байна гэсэн үг. Тэгэхээр Э-гийн гарын арьс өмнө нь шархтай байсан байж магадгүй юм. Ер нь хүмүүс боом өвчинтэй малд хүрэх зайлшгүй шаардлагатай бол бээлий хэрэглэх ёстой.      

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боом өвчнөөр халдварласан хүн Дорнод аймгийн бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй