Шууд Chart

Дэрэвгэр жиргэрүүг зөвшөөрөлгүй түүвэл торгох эсвэл 5 хүртэлх жилээр хорих хуулийн заалттай

2016-09-15 10:50:53

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны  А/377 тоот тушаалаар Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд Дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг хориглосон. Гэвч зөвшөөрөлгүйгээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан худалдсан, худалдан авсан, улсын хилээр гаргах гэсэн зөрчлүүд илэрсээр байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан зарим хууль тогтоомжийг танилцуулж байна.

Монгол оронд 2923 зүйлийн дээд гуурст ургамал, 495 зүйл хөвд, 930 зүйл хаг, 1574 зүйл, дэд зүйл замаг, 900 гаруй зүйлийн мөөг байна. Хүн амьтны нөлөөллөөс ховордож буй ургамлуудын тоонд Дэрэвгэр жиргэрүү орж байна гэсэн дүгнэлт гарсан. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг иргэд 2001 оноос түүж эхэлсэн байдаг.

“Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 2004 онд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор ховор ургамлын ангилалд хамааруулсан. Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаардлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаардаг. Ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээ, мөн ахуйн зориулалтаар ашиглана. Харин эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана.

Судалгаа шинжилгээ, эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага, ахуйн зорилгоор ашиглах зөвшөөрлийг сумын Засаг дарга тус тус олгохоор Байгалийн ургамлын тухай хуулийн 10,11,12,13 дугаар зүйлд заасан. Уг ургамлыг түүж бэлтгэх эрх авахын тулд Байгалийн ургамлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар төлбөр төлөх бөгөөд 1кг тутамд 2400-3200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд урьдчилан төлсөн байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын  3, 4.1-д зааснаар байгаль хамгаалагчийн заасан газраас тухайн ургамлын ургах хөгжлийн ээлжит үе шат өнгөрсний дараа буюу хагдралтын хугацаанд түүж бэлтгэнэ. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, үндэслэг ишийг нэг удаад ашиглах дээд хэмжээ нь шинжилгээ, судалгааны зориулалтаар 1 кг, ахуйн зориулалтаар 2 кг, үйлдвэрлэлийн зориулалтаар нийт нөөцөөс 3 хувь бэлтгэнэ.

Төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэсэн, эсхүл зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн, түүх хугацааг зөрчсөн, заасан газраас бусад газарт түүж бэлтгэсэн бол хууль бусаар түүж бэлтгэсэн гэж үзнэ. Хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нөхөн төлөх үүрэгтэй. Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49, 57 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр жиргэрүүгийн 1кг тутамд 50 мянган төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

Эрүүгийн хуулинд ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Бага бус хэмжээний хохирол гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 192 мянгаас 9 сая 600 мянган төгрөг болно.

Иргэн Та зөвшөөрөлгүйгээр 800 гр Дэрэвгэр жиргэрүү ургамал түүхэд эрүүгийн хариуцлага хүлээж, түүсэн ургамлын 1 кг тутамд 250 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлнө.

Иймд хууль тогтоомж, дүрэм журмыг чанад мөрдөж, иргэн Та өөрийгөө хэрэг зөрчил, хөрөнгө мөнгө, санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дэрэвгэр жиргэрүүг зөвшөөрөлгүй түүвэл торгох эсвэл 5 хүртэлх жилээр хорих хуулийн заалттай  
Үзсэн: 1708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй