
Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос манай улсын чөлөөт бөхийн тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй байх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Мөн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна.
“Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглосон. Тэрбээр дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекистаны Наврузовтай барилдсан.
Шүүгчид Узбекистаны бөхөд ялалтыг өгсөн билээ. Шүүгчдийн энэхүү шийдвэрийг Г.Мандахнарангийн хоёр дасгалжуулагч эсэргүүцэн, чөлөөт бөхийн дэвжээн дээр хувцсаа тайлж, дургүйцлээ илэрхийлсэн. Тэдний эл үйлдлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сахилга бат зөрчиж, спортын нэр хүндийг гутаасан гэдэг үндэслэлээр манай улсын бүх насны тамирчдыг олон улсын аль ч тэмцээнд оролцуулахгүй байх тухай мэдэгдэл ирүүлсэн. Тус албан бичигт энэ сарын 1-ний дотор өөрийн байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэхийг МЧБХ-ноос шаардсан байв. Улмаар МЧБХ-ноос шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг олон улс болон дотоодын бүх тэмцээн, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хассан тухай хариу мэдэгдэл хүргүүлсэн.
Гэвч Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргав. Мөн МЧБХ-г 50 мянган евро буюу 125 сая төгрөгөөр торгож, Монгол тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ 50 мянган еврог төлсөн тохиолдолд тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ. Үндсэндээ 50 мянган еврогоор тамирчдынхаа тэмцээнд оролцох эрхийг сэргээхийг санал болгосон аж.
50 мянган евро төлвөл манай тамирчид олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болно | ||
Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.