Шууд Chart

Ерөнхий боловсролын сургуулиудын 164 нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй

2016-09-20 11:04:10

Өнгөрөгч долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2016 оны эхний найман сарын байдлаар Монголд 27 мянга 849 удаагийн их, дунд, бага хэмжээний газар хөдлөлт болсон талаар мэдээлсэн юм. Энэ нь өнгөрөгч онуудаас 30 орчим хувиар ихэссэн үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнээс магнитуд нь 3.5-аас дээш хүчтэй 47 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд иргэдэд мэдэгдсэн нь 16 тохиолдол байсан аж.

Үүнтэй холбогдуулан Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "Монгол орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжлийн бүс нутагт багтдаг. Манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь 7-гоос дээш баллын бүсэд оршдог. 2016 оны байдлаар 27 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэний тархалтыг харахад газар хөдлөлийн идэвхжилт өндөртэй Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол болон Могодын газар хөдлөлтийн голомтын бүсүүдэд идэвхжил өндөр байгаа юм. 2005 оноос Улаанбаатар хот орчмын бүс нутагт 150 км орчим тойрог хамарсан газар хөдлөлтийн тоо огцом өссөн. Жишээлбэл, нийслэлийн ойр орчимд болсон нийт газар хөдлөлтийн 65 хувь нь буюу 740 газар хөдлөлт Эмээлтийн хагарлын дагуу болсон байна" гэлээ.

Харин газар хөдлөлтийн идэвхжилтэй болсон энэ үед нийслэлийн барилга байгууламж хэр тэсвэрлэх вэ гэдгийг тогтоосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн судалгааг харахад улсын хэмжээнд байгаа төрийн болоод төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 656 сургуулийн 164, 688 цэцэрлэгийн 148 нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй, шууд нурах эрсдэлтэй гэдгийг тогтоожээ. Харин үүн дээр насжилт өндөртэй буюу 5 магнитудын газар хөдлөлтөд тэсвэргүй 78 сургууль, 103 цэцэрлэг нэмэгдэх тооцоо гарсан байна.

Түүнчлэн улсын хэмжээнд байх нийт сумын эмнэлэгийн 341 барилгаас 31 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 69 нь 5 магнитудаас дээш газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй болжээ.

21 аймгийн хэмжээнд нэгдсэн 62 эмнэлэгийн барилгын 23 нь газар бага баллаар чичрэх төдийд л нурах эрсдэлтэй бол нийслэлийн есөн дүүрэг дэх 103 төвийн барилгын 12 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, клиникийн 18 эмнэлэгийн 26 барилгаас 21 нь газар хөдлөлтөд өртөх төдийд нурах аюултай болсон байна.

Соёлын төв, үйлчилгээний газруудын хувьд 401 барилга байгаагаас 117 нь нурах аюултай бол 77 нь ашиглалтын шаардлага хангахгүй болтлоо мууджээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ерөнхий боловсролын сургуулиудын 164 нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй