Шууд Chart

14 суманд мялзан төст өвчний голомт байна

2016-09-22 16:14:43

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Говьсүмбэр, Төв аймгийн 3 суманд шүлхий өвчний 3 голомт, Төв, Дундговь, Дорноговь аймгийн 9 сумын нутагт хонины цэцэг өвчний 9 голомт, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн 14 суманд мялзан төст өвчний 14 голомт үүссэн байдалтай хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Үүнтэй холбогдуулан зарим аймгийн Онцгой байдлын газартай утсаар холбогдож, өвчлөлтэй холбоотой мэдээллийг авсан юм.

Сүмбэр суманд шүлхийн өвчлөл намжжээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт өнгөрөгч долоодугаар сард шүлхий өвчин гарч, нэг голомтод 41 үхэр өвчилж, нэг үхэр үхсэн мэдээлэл байна. Харин аймгийн Онцгой байдлын газрын ахмад н.Батбаярын ярьснаар тухайн голомтод шүлхий өвчний дэгдэлт намжсан бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын 29-ны өдөр хорио цээрийн дэглэмийг цуцласан аж. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн таван пост байсныг хоёр болгон бууруулсан байна. Учир нь хил залгаа орших Төв аймагт шүлхий өвчний дэгдэлт намжаагүй бөгөөд тус аймгаас өвчин орж ирэхээс сэргийлэн ийнхүү хоёр постыг өндөржүүлсэн байдлаар ажлуулж байгаа ажээ.

Б.Бат-Эрдэнэ: Малчид малаа устгуулах дургүй байдаг

Харин Дундговь аймгийн тухайд өнгөрөгч хоёрдугаар сараас хойш таван сумын нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсан бөгөөд одоогоор өвчний дэгдэлт намжиж, хоёр суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа аж. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Б.Бат-Эрдэнэтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Аймгийн хэмжээнд цэцэг өвчний хичнээн голомт байна вэ?
-Одоогоор Говь-Угтаал, Сайнцагаан суманд цэцэг өвчний өвчлөл буурахгүй байна. Говь-Угтаал суманд 2 голомт таван пост, Сайнцагаан суманд 1 голомт найман пост ариутгал халдваргүйжилт, хяналт тавин ажиллаж байгаа. Одоогоор өвчиний дэгдэлт зогссон ч бүрэн эдгэрээгүй байна.

-Хичнээн малыг устгалд оруулж, хичнээнд нь антибиотик, вакциныг хийв?
-Аймгийн хэмжээнд 17 малчин өрхийн хонины цэцэг өвчтэй 489 малыг зориудаар устгалд орууллаа. ОБГ, МХГ, Мал эмнэлэг, малын эмч нарын хяналт дор зохих журмын дагуу нүх ухаж, ариутгал хийн устгаж байгаа.

-Хонины цэцэг өвчний эх үүсвэр нь хаанаас гэдгийг тогтоосон уу?
-Өвчин гарсан газар отор нүүдлээр явж байсан малчдын малаас энэхүү өвчин гарсан байж болзошгүй. Мөн арилжаа наймааны журмаар өвчний голомтод нутгаас мал худалдан авч, түүгээр дамжин өвчлөл орж ирсэн байх гэх таамаг байгаа. Гэхдээ цэцэг өвчний нууц үе маш удаан үргэлжилдэг учраас яг тэндээс гарсан гэх тодорхойлолтыг гаргаагүй байна. Өндөршил сумын тухайд гэхэд л Дорноговийн Айраг суманд оторлож явсан айлын хотонд өвчлөл гарсан. Тухайн бүс нутагт өвчний дэгдэлт их байсан учраас тэндээ хорио цээр тогтоолгож, ариутгалд хамрагдсан байна.

Яг өвчлөл гарсан үед малчид өвчтэй малаа устгуулах дургүй байдаг, нөхөн төлбөр өгөх үү гэх мэтээр асуулт их тавьдаг. Гэхдээ тухайн үедээ малчидтай зөвшилцөөд хүнд хэлбэрийн өвчлөлтэй хонийг шууд устгадаг.

-Малчдад нөхөн төлбөр өгөх үү?
-Бидэнд тийм боломж байдаггүй. Гэхдээ айл өрхүүдээс хохиролыг нь бичүүлж, нөхөн төлбөр гаргах тухай хүсэлтийг холбогдох байгууллага руу явуулсан. Яг өвчлөл гарсан үед малчид өвчтэй малаа устгуулах дургүй байдаг, нөхөн төлбөр өгөх үү гэх мэтээр асуулт их тавьдаг. Гэхдээ тухайн үедээ малчидтай зөвшилцөөд хүнд хэлбэрийн өвчлөлтэй хонийг шууд устгадаг. Харин хөнгөвтөр өвчинтэйг нь ялгаж, угаалга үйлдэх, ариутгах, вакцинжуулах зэрэг арга хэмжээг авч байна.

-Танай аймагт хонины цэцэг өвчинтэй малын мах оруулах гэж байгаад хяналтын постод баригдсан талаарх мэдээлэл гарсан. Ер нь мах худалдааны захууд дээр ямар хяналт ажиллаж байна?
-Захуудад малын эмчийн хяналт болоод Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж байгаа. Тухайн тохиолдлыг хугацаа алдалгүй илрүүлж, таслан зогсоосон. Түүнээс хойш дахин ийм зөрчил илрээгүй. Өвчлөлтэй газруудад ажиллаж байгаа постууд ч маш сайн хяналт тавин ажиллаж байгаа. Мөн сумдын Засаг дарга нарт албан тоот хүргүүлж, гарал үүслийн бичиг зэрэгт анхааралтай хандаж, малын махад хяналт тавихыг үүрэгдсэн.

-Хорио цээрийн дэглэм хэзээ тавигдах вэ?
-Өвчлөл буураагүйтэй холбогдуулан хорио цээрийн дэглэмийг сунгасан. Энэ хорио ирэх аравдугаар сарын 1-нд дуусна. Гэхдээ тухайн үед өвчлөл намдаагүй бол үргэлжлүүлэн сунгах байх.

Ховд аймагт мялзан төст өвчнөөр 3537 мал үхжээ

Ховд аймгийн тухайд 11 сумын 38 багийн нутагт мялзан төст өвчин бүртгэгдсэн бөгөөд одоогоор хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа аж. Аймгийн хэмжээнд 3537 мал мялзан төст өвчнөөр үхсэн бөгөөд 56 мянга гаруй малыг вакцинжуулж, эдгээсэн байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

14 суманд мялзан төст өвчний голомт байна  
Үзсэн: 1883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй