
Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын хоёр дахь өдөр жюү жицү бөхийн төрөлд өрсөлдөж буй тамирчид медалийнхаа тоог нэмж, өчигдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн Ө.Эрдэнэбаатар, эмэгтэйчүүдийн 62 кг-д барилдсан Б.Буяндэлгэр нар алтан медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 72 кг-д Ц.Батцэцэг мөнгө, +70 кг-д М.Сугар хүрэл медалийн эзэн болов.
Наадмын эхний өдөр жюү жицү бөхийн төрөлд Б.Ариунцог /-94 кг/, Б.Өнөржаргал /+94 кг/ нар хүрэл медаль хүртсэн тул жюү жицү бөхийн тамирчид нийт хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медалийг хүртээд байна.
Алтан медаль хүртсэн Ө.Эрдэнэбаатар Энэтхэг, Ирак, Иран, Пакистаны тамирчдыг ялж, аваргын болзол хангасан бол Б.Буяндэлгэр Энэтхэг, Пакистан, Тайланд, Йорданы тамирчдыг ялж, Азийн элсний наадмын аварга болжээ.
Э.Сугарын хувьд эхний тойрогтоо Вьетнамын тамирчныг оноогоор ялж, хоёрдугаар тойрогт Иордан улсын тамирчинд ялагдан, хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркменистаны бөхийг ялжээ.
Тус наадмын жюү жицү бөхийн төрөлд МҮОХ-ны гишүүн, Монголын Жюү жицү холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ шүүгчээр ажилласан юм.
Харин 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй сагсчид Туркменистан, Хятадын багт ялагдаж, Иракийн багийг нэмэлт цагт 13:11, Балбын багийг 18:10, Бангладешийн багийг 18:11 харьцаагаар тус тус хожжээ.
Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадамд Монголын баг жюү жицү, самбо бөх, кураш, бодибилдинг, волейбол, сагсан бөмбөг, элсний бөхийн төрөлд нийт 37 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна. Азийн элсний наадам аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Ө.Эрдэнэбаатар, Б.Буяндэлгэр нар Азийн элсний наадмын аварга боллоо | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.