Шууд Chart

Монголд тархины саатай 1600 гаруй хүүхэд байна

2016-10-06 10:36:05

Өнөөдөр "Олон улсын тархины саатай хүүхдийн өдөр" тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Өнөр бүл” асрах төвийн харьяа “Сэргээн засах хөгжлийн төв эмнэлэг”-ээс эцэг, эхчүүд болоод олон нийтэд зориулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж байна.

Манай улсад 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэдгээрээс 1600 гаруй нь тархины саатай хүүхдүүд байгаа гэх судалгааг эмч мэргэжилтнүүд гаргажээ.

Түүнчлэн эмч нарын ярьж буйгаар олон нийтийн дунд хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр тархины саатай байдаг гэх хэвшмэл ойлголт байдаг бөгөөд энэ нь маш буруу ойлголт гэнэ. Тиймээс олон нийтийн дунд байдаг энэхүү худал мэдээллүүдийг эерэгжүүлэхээр өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байгаа ажээ.

Г.Буянжаргал: Тархины саажилт удам дамждаггүй

Энэ өдөртэй холбогдуулан Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын эрхлэгч хүүхдийн их эмч Г.Буянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тархины саажилт гэж яг ямар өвчин болох талаар яриагаа эхлэх үү?
-Тархины саа гэдэг бол өвчин биш согог гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Ийм хүүхэд төрүүлсэн эцэг эхчүүд маш цочирдож, айдаг. Ямар ч өвчин эмчилгээ хийхгүй бол хүндэрдэг. Харин согог бол нэг хэвийн хүндрэлтэй, өөрчлөлт үзүүлдэггүй. Гэхдээ тархины согогтой хүнд эмчилгээ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Эмчилгээ гэдэг нь хөдөлгөөний эмчилгээг хэлж байна л даа. Монголд энэ өвчнийг оношлох болоод эмчлэх боломж бараг байдаггүй. Харин сүүлийн үед энэ байдал харьцангуй гайгүй болж байгаа. Тархины саажилтыг төрөхийн өмнөх, төрөх, төрсний дараах үе гэж гурав ангилдаг. Ер нь гэр бүл төлөвлөж байгаа бол эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдгийг үргэлж бодох хэрэгтэй. Тийм болохоор тухайн хүн хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн үеэсээ эхлэн өөрийгөө арчилж тордон хайрлах нь чухал. Даралттай, хавантай гэж үглэж явсаар байгаад эмчилүүлсэн ч юмгүй төрөх хугацаагаа болгочихдог. Тэгээд төрж чадахгүй төрөхийн сулралд орно. Мөн эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд цэвэр агаарт байж аль болох өвдөхгүй байхыг бодох хэрэгтэй. Жирэмсэн эх ханиад хүрэхэд урагт маш их нөлөөлдөг. Улаанбаатарын утаа тархины саажилттай хүүхэд төрөхөд их нөлөөлж байна. Тиймээс жирэмсэн болсон гэдгээ мэдсэн л бол цэвэр агаартай газар очихыг бодох хэрэгтэй. Мөн манайхан гурил мах хоёроо идсээр байгаад төрчихдөг.

Саажилттай хүүхэд төрөхөд эцэг, эхчүүд эмч нарт буруу өгч дайрч давшилдаг. Гэвч эцсийн эцэст ийм хүүхэд төрөх шалтгааны 80 хувь нь эцэг эхчүүдээс шалтгаалдаг гэдгийг санах хэрэгтэй.

Илүү дутуу витамин нэмэлт тэжээлийг огт хэрэглэдэггүй. Манай улсын хүн амын ихэнх нь эмзэг бүлэгт хамрагддаг болохоор арга ч үгүй биз. Манай улс социализмийн үед жирэмсэн болсон цагаасаа хойш үргэлж хараа хяналтад байлгаж дасгал хийлгэх гээд олон зүйлийг зааж өгдөг байсан. Энэ нь маш чухал л даа. Хамгийн наад зах нь яг төрөх үедээ амьсгаагаа яаж авах вэ гэдгээ хүртэл мэднэ гэсэн үг. Төрж байх үедээ амьсгаагаа буруу авснаас болж хүчилтөрөгчийн дутагдалд орж бүтэлттэй хүүхэд төрүүлдэг. Бүтэлттэй хүүхэд төрнө гэдэг чинь тархиндаа өөрчлөлттэй болж тархины саажилттай болох магадлал өндөрсөж байгаа юм. Саажилттай хүүхэд төрөхөд эцэг эхчүүд эмч нарт буруу өгч дайрч давшилдаг. Гэвч эцсийн эцэст ийм хүүхэд төрөх шалтгааны 80 хувь нь эцэг эхчүүдээс шалтгаалдаг гэдгийг санах хэрэгтэй. Хүмүүст нэг зүйлийг хэлэхэд энэ өвчин удам дагадаггүй. Эцэг эхчүүд маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөр удам судраа хэдэн үеэр нь бодож тийм хүн гаргаж ирэх гээд зүтгэдэг. Энэ өвчнийг зургаан сартайд нь оношилж эрт эмчилгээнд хамруулж болдог.

Гэтэл эмч нар эцэг эхийг нь өрөвдөөд хэлэхгүй явуулчихдаг. Тэдний амьдралд ямар хортой зүйл хийж байгаагаа ухаардаггүй. Бүр хэдэн жилийн дараа хүндрээд эмчлэгдэх боломжгүй болсон үед нь хэлдэг. Нэгэнт тархины саажилт мөн бол шууд л хэлэх хэрэгтэй шүү дээ. Эцэг эхчүүд нь энэ өвчнийг хатгаа ханиад хүрсэн мэт бодож найдлага тавиад бариач бөө лам, эсвэл гадаад руу явдаг. Хатуухан хэлэхэд лам хараар яваад эмчлэгдэхгүй. Дэлхийн ямар ч улсад очсон ижилхэн. Хамгийн гол нь эрт мэдэж эрт эмчилгээнд нь хамруулах нь чухал. Миний дээр хэлж байгаа шалтгаанууд бол ихэвчлэн тохиолддог шалгаанууд. Дэлхий дээр 400 гаруй тохиолдол байдаг. Ямарч байдлаар илэрч болох юм. Саяхан дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзэхэд сүүлийн 10 жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн аймшигтай тоо баримт гарсан. Тийм болохоор анхаарах ёстой өвчин болсон байгаа биз.

-Тэгэхээр тархины саажилттай хүүхэд төрүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь эмзэг бүлгийн хүмүүс байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болох юм. Тархины саажилттай хүүхдүүдийг хүлээн авдаг хэдэн газрууд бий. 1600 гаруй хүүхдийн 300-н л нарийн мэргэжлийн эмчтэй цэцэрлэг, сувилалд хамрагдаж байна. Үлдсэн 1000 гаруй хүүхдүүд эмзэг бүлгийн гэр бүлд байдаг учраас сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Тэр хүнийг өдөр болгон зөөж сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх мөнгө болоод боломж байдаггүй. Үүнээсээ болж төрөөс халамж авсан эмзэг бүлгийн хүний тоог нэгээр нэмдэг. Энэ бол хэн бүхний мэдээд байдаггүй үнэн.

Тархины саажилттай хүүхдүүдийг хүлээн авдаг хэдэн газрууд бий. 1600 гаруй хүүхдийн 300 л нарийн мэргэжлийн эмчтэй цэцэрлэг, сувилалд хамрагдаж байна

-Тархины саажилттай хүүхдүүдийн нийгэмд эзлэх байр суурь нь ямар байдаг юм бол?
-Наад асуудал чинь хамгийн чухал зүйл. Эцэг эхчүүд маань нэгэнт хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдээд эмчилгээнд хамруулж эхэлдэг. Энэ нь сайн л даа. Гэвч тэд боловсролыг нь орхичихдог. Цэцэрлэг сургууль их дээд сургууль бүгдийг нь дамжиж сурах эрх тэдэнд бий. Бас эцэг эхчүүдээс гадна манай ерөнхий боловсролын сургуулиуд ийм хүүхдүүдийг хүлээж авах нөхцөл болоод боломж байдаггүй. Шууд хэлэхэд авах дургүй байдаг. Яагаад гэхээр тархины саажилттай гээд нэрийг сонсоод тусгай сургуульд өг гэдэг. Тархины саажилттай гэхээр солиотой гэж боддог. Уг нь тэдний оюун ухаан эрүүл, хөдөлгөөний саажилттай хүүхдүүд байхгуй юу. Тэгээд нөгөө хүүхэд маань тусгай сургуульд очдог тэнд нь дандаа оюун ухааны хомсдолтой хүүхдүүд байдаг. Нэг хичээлээ олон дахин давтаж үздэг. Энэ байдлаас нь болж тэд залхан сургуулиа орхидог. Ийм байдал бараг хэвийн үзэгдэл болчихсон. Болдог бол зүүн баруун төв гээд хуваагаад байдаг шигээ энэ бүсүүддээ нэг хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах хэрэгтэй. Бид энэ цэцэрлэгээ байгуулах гэж нилээд юм болж байсан.

Анх 1994 онд тархины саажилттай хүүхдийн цэцэрлэг гэж байгуулан хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулж байтал тухайн үеийн эрүүл мэндийн сайд байсан С.Нямдаваа “Тархины саажилт гэж ямар өвчин байдаг юм вэ? Та нар хоёр дахь шархад байгуулах гэлээ гээд” зөвшөөрөөгүй юм. Тэгээд бид цэцэрлэгээ энгийн цэцэрлэг болгон өөрчилж түүндээ тархины саажилттай хүүхэд авдаг болсон.

Аливаа өвчин зовлонд ам гарч баталгаа өгөх эрх бидэнд байхгүй.

-Тархины саажилтын согог бүрэн эдгэх боломжтой юу?
-Бага насанд нь оношлоод эрчимтэй эмчилгээнд хамруулж чадах юм бол эдгэх боломжтой. Эдгэх байдал нь эмчилгээний явцад харагддаг. Энэ хүүхэд жилийн дараа толгойгоо даах болов уу гээд л бодож байтал жилийн дараа толгойгоо даах нь бүү хэл алхах гээд үзэж байдаг. Гэхдээ тархины гэмтэл нь хэр зэрэг байна гэдгээс нь шалтгаална л даа. Аливаа өвчин зовлонд ам гарч баталгаа өгөх эрх бидэнд байхгүй.

-Тархины саажилттай хүн энгийн хүнээс богино насалдаг гэж ярьдаг юм билээ?
- Энэ өвчин биш согог гэж би хэлсэн. Тийм болохоор энгийн хүнтэй ижилхэн л насалдаг. Тэр хүн бага ч болов хөдөлгөөн хийгээд эхэлчихсэн бол хөдөлмөрлөх хүний жаргалыг эдлэх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Монголд тархины саатай 1600 гаруй хүүхэд байна  
Үзсэн: 7249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй