Шууд Chart

Шөнийн цахлай мэт Антон Павлович Чехов

2016-10-11 11:34:09

Романовынхны хаанчлал дор өнгөц харахад мандан бадарч, цэцэглэн хөгжиж байгаа мэт атлаа үнэн хэрэгтээ эгэл тариачдын гуниг зовлонд умбаж, тэдний нулимсанд дэвтсэн 19 дүгээр зууны дунд үеийн Орос орон. Эгэл даруухан чавхдаст хөгжмийн эгшиг гунигтайгаар сонсогдох шиг тариан талбайд төмөр тармуур чирсэн томсог морьд зүтгэж, түүнийг шаргалхан үсэнд нь буурал сор суусан хижээл эр зална. Ижил мөрний энгүй тансаг эрэг дээр аварга том тээрмийн сэнс аядуу тайван эргэж, арвай тээрэмдэх нь аз жаргал мэт, уйтгар гуниг мэт. Ийм нэгэн нам гүм намар цаг улирч, төдөлгүй хатуу өвөл айлслаа.

Том том ширхэгтэй цас бударч, цэв хүйтний манан хөндий талыг бүрхээд, ууланд мод цагаалж байгаа хүмүүсийн дуу алсаас цуурайтна. Хуучин дүнзэн байшингуудаас хус модны шингэн цэнхэр утаа суунаглаж, зовлон, жаргалыг амсаж эдэлсэн орос эмгэн орь залуухан бэрээ сургана. Үзэмжит дөлгөөхөн Азовын тэнгисийн сэрүүн амьсгал үүлсийн доогуур мөлхөхүй, Таганрог тосгоны амьдрал оньсого шиг аниргүй. 1860 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр. Хамжлагат тариачин гаралтай жижиг худалдаачин Павлов өөрийн жижигхэн мухлагаа хаагаад тосгоны эмчийг авч харихаар морин тэргэнд яаран суулаа. Тахтай морьдын хөл тачигнасаар мөн л бас нэгэн бууралтаж хуучирсан дүнзэн байшингийн гадаа ирж, хаалган дээр нь байх төмөр хонхыг дуугаргав.

Тэр даруйд жирвийсэн сахалтай, цагираг дугуй шилийг ихэд чамин байртай зүүсэн залуу эр цүнхтэй зүйлс барьсаар гүйн гарч ирээд, Павловын сүйх тэрэгний бүхээг рүү үсрээд орчихлоо. Хөөрхий залуу бүсгүй амаржих гэж ёстой нэг шаналж байлаа. Хар хөлс нь цутгаж, хамаг бие нь ягшин өвдсөн тэрбээр орны цагаан даавууг алгаа хорстол базаж, тарчилна. Павлов эмчийн хамт орж ирсэнд бэрдээ хань болж байсан эмгэн хүүгээ гадаа байж байхыг хүсээд, ус халааж, өлгий зэхэж байлаа. Тийм ч дөлгөөхөн, номхон даруу биш нөхөр Павлов гадаа зогсож байхдаа үргэлжлэн орж байгаа цасан дунд тамхи сорон сорон  холхино. Удалгүй хүүхэд уйлж, шинэ хүн хорвоод ирлээ. Чингээд түүнд Антон Павлович Чехов гэдэг нэр өгсөн юм.

    Антош хүүгийн амьдралд жаргах өдрүүд цөөхөн байлаа. Худалдаачин Павлов үр хүүхдүүдээ хайрлаж энэрэх тал дээр үнэхээр маруухан нэгэн байжээ. Тэр дөнгөж ухаан орж байгаа балчирхан Чехов болон бусад хөвгүүддээ хэтэрхий хатуу хандаж,  мухлагтаа цаг наргүй ажиллуулдаг байв. Ядарсан хөвгүүд заримдаа зогсоогоороо унтаж, хоолтой, хоолгүй хонож, балчирхан гараа модон хайрцагнуудын дунд хавчуулж, уйлж, басхүү нэг нэгнийхээ бараанд инээлдэнэ. Чехов ах, дүүсийнхээ адилаар өлөн хоосон өдөр хоногуудыг өнгөрөөнө. Хожим тэрбээр энэ тухай хэлэхдээ “Бага нас минь бага нас биш байсан юм... нэг гэрийн ах,  дүүс бид багадаа яг л “хоригдлууд” мэт байсан юм” гэж хэлсэн байдаг. Тийм хатуухан өдөр хоногуудын дунд ухаажиж, аз жаргалын үнэ цэнийг мэдэх болсон Антошка сургуульд орох боллоо.

Дэндүү мунхаг эр нөхрийнхөө урдаас нэг ч үг хэлж үзээгүй хөөрхий ээж нь хүүгийнхээ хувцас, хунарыг зэхэж, номтой, эрдэмтэй сайн хүн болно гэдэгт бат итгэнэ. Антошка ч хар дарсан зүүд шиг амьдралтайгаа салах ёс гүйцэтгэх гэж байгаадаа мөн ч их баяртай байлаа. Чехов эхлээд Грек хэлний сургуульд суралцах болсон ч удалгүй Гимназид шавиллаа. Гэвч тэр тэнд ч бас л бусдын дур зоргоороо хэлэх хатуу үг, үйлдэл хоёроос ангид байж чадсангүй. Гимназын багш нар ёс суртахуунаа  мөн л уландаа гишгэжээ. Гэхдээ өөрийн хүнд биш хүний хүнд хараалган, зүхүүлнэ гэдэг жаалхан Антошийн хувьд арай дээр. Чехов гимназын багш нараа “Нударгачид” гэж нэрлэсэн байдаг. Харин түнэр харанхуйг гэрэлтүүлэн гийгүүлэгч алтан гадас од шиг нэгэн багш Антошкад хичээл зааж байсан нь Покровский байв.

Огтоос хараал хэлдэггүй, хүнд гомддоггүй, хүнийг гомдоохыг бүр ч хүсдэггүй, шавь нартаа бол өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг зааж өгөхийг л хүсэх энэ хүн Антон Чеховт хүчтэй нөлөөлсөн юм. Покровский Чеховт алдарт Шекспир, Гёте, Пушкин нарын тухай ярьж өгч, тэдний зохиол бүтээлтэй танилцуулж, утга зохиолын яруу сайхан хийгээд түүний мөн чанар ямархан хүчтэйг ухуулна. Антош хүү ертөнц дээрх цөөхөн сайн хүмүүсийн нэг гэж бат итгэсэн Покровский багшийгаа хамгаас илүүд бодож, түүнтэй хамт байхыг ямагт хүснэ. Покровский угаас ухаантай нэгэн байсан тул турь муутай ч гэсэн авьяаслаг Чеховын мөрөөдлийг дэмжиж, балчирхан жаалд Чехонта гэдэг нэр өгчээ. Чехонта бол аугаа их Чеховын залуу цагийн уран бүтээлийн нэр болж үлдсэн юм.

Чеховын хүсэл мөрөөдлийг хамгаас хүчтэй татдаг нэгэн зүйл байв. Тэр бол театр... Чехонта теарт сууж, жүжигчдийг хурц, нарийнаар шинжиж, тэдний нүүр хувирлуудаар дүүрэн тоглолтыг шунан үздэг байлаа. Чехов хэзээний хошин шогийн мэдрэмжтэй, басхүү дэггүй зүйлсийг туршиж үзэх дуртай хүү байв. Тэр заримдаа гэртээ бэсрэг театрчилсан тоглолт хийн, ах нарынхаа хамт жүжиг тоглох дуртай. Тэгэхдээ байцаагч түшмэлийн дүрийг тун ч чадмагхан гаргаж байсан нь хачирхалтай. Нэг удаа бас л дэггүйтсэн Антоша гуйлгачины уранхай ноорхой хувцас олж өмсөөд, нүүрэндээ хөө, шороо түрхээд, үсээ сэгсийлгэж орхив. Чингээд матигар мөчрийг таяг болгон тулсаар нагац ахынхаа гэрийн гадаа очлоо. Энэ хооронд түүнийг хэн ч таньсангүй. Хаалганы хонх дахин дахин дуугарахад боргил орос эр гэрээсээ гарч ирснээ хэрмэл бадарчинд хэд гурван рубл өгчихөөд цааш замаа хөөдөө гэв. Чехов түүнд баярласан, талархсанаа илэрхийлээд гудамж тойрон унаад өгчээ. Хүүгийн инээд үнэхээр их хүрч. Нагац ах нь зээ хүүгээ таньсангүй.

    1876 оны тэр нэгэн хүйтэн өвлийн шөнө билээ. Гаслант сар оддын наагуур өөрийн хүйтэн, хоосон биеийг зөөхдөө үүлсээр өөрийгөө нууна. Догшин шуурганд хэдэн өдрөөр нүдүүлэн хатуурсан хунгар дээгүүр Павловын гэр бүл хаашаа ч юм бэ? явж байлаа. Тэд өрөнд орж, ядуурчээ. Тэгээд Москва руу зугтаж байлаа. Дахин дахин ирж мөнгөө нэхэх дамчид хөөрхий худалдаачин гэр бүлийг туйлдуулж, амьдрахад хэцүү болгож орхилоо. Хамгаас хайртай ах дүү нараа, хөөрхий зовлонт хувь заяаны эзэн ээжийгээ, хатуу ч гэсэн аавыгаа өтгөн харанхуй руу уусан шингэхийг харан зогсох Чеховын нүд нулимстай байлаа. 16 настай орь залуухан Чехонтад даанч их ачаа үлдэв. Хөндий, эзэнгүй гэртээ хоцорсон залуу хүүд өмх талх, атга арвай, халба саахар, балга ус ч байсангүй. Өөрийгөө тэжээхийн тулд орны дэвсгэр, хөнжлийн углааш, хананд өлгөсөн зураг гээд юу бүхнийг зарж, гимназаа төгсөхөөр зүтгэж байлаа. Мөн тэр бас зарим чинээлэг айлын хүүхдүүдэд цагаар хичээл зааж байсан нь өлбөрч үхэхийн аюулаас аврагдах гол шалтгаан нь болсон юм. Тэгж өөрийнхөө ходоодыг борлуулахын зэрэгцээ тарчиг гэхэд даанч тарчиг умгар жижигхэн өрөөнд олуулаа сууж, хүйтэн шалан дээр шууд л хэвтээд өгч байсан гэр бүл рүүгээ мөнгө олж явуулах хэцүүхэн ажил бас байлаа. Тэгэвч Чеховын хаа байсан Таганрогтоос илээсэн цөөхөн хэдэн рубл Павловын гэр бүлийг өлсгөлөнгөөс удаа дараалан аварч байв.

“Ядуурал намайг шүдний өвчин шиг шаналгаж байсан юм” Антон Павловыч Чехов.

    Бүхэл бүтэн гурван жилийг үгүйрч хоосорч, өлсөж цангаж, гуниглан ганцаардаж өнгөрөөсөн Чехов сая нэг гимназиа амжилттай төгсөөд Москва хотод их сургуульд суралцахаар ирлээ. Энэ бол 1879 он билээ. Москва гэдэг гайхамшигт хот. Гэхдээ энд жижигхэн ч гэсэн өөрийнхөө орон зайг олж чадаагүй бол амьдрах боломжгүй. Чехов анагаах ухааны их сургуульд элсэж, хүний их эмч болохоор шамдлаа. Одоо бол гэр бүлдээ тэр хамгаас эрхэм, басхүү эрх мэдэлтэй нэгэн болжээ. Энэ ч нь аргагүй юм. Хахир эцэг Павлов нь өтөлж хөгширсний зэрэгцээ, тэр гэр бүлийнхээ төлөө өнгөрсөн гурван жилд юу ч хийж чадаагүй байлаа. Чеховын нулимс, цус, зовлон шингэж олсон хэсэгхэн рубл гэр бүлээ аварч байжээ. Яг энэ цаг үе дор Чеховын анхны бүтээлүүд сонин, сэтгүүлүүдэд нийтлэгдэж эхэлсэн түүний санхүүгийн байдлыг дээшлүүлэх чухал алхам болов. Судлаачид их зохиолчын амьдралын энэ үеийг түүний уран бүтээлийн нэгдүгээр шат хэмээн бичсэн нь олонтой. 1880-1887 оны хооронд дахь энэ долоон жил Орос оронд хүн амьдрахад эрхгүй цаг үе болов.

Улс төрийн аллага, хаант засгийн өмнөөс эрслэн боссон нууц бүлгүүдийн бүтэлгүйтэл, тэдний шийтгэл зэрэг нь хэрээс хэтэрч, нийгэм цаг үе нэг л биш, итгэхэд хэцүү болжээ. Энэ нь уран бүтээлчдэд хүндээр нөлөөлж зохиолч Глеб Успенский галзуурч, Весеволод  Гаршин амиа хорлож, зураач Левитан өөрийгөө хөнөөх гэж оролдлоо. Тэгсэн ч түнэр харанхуй энэ цаг үеийг гэрэлтүүлэхээр их Оросын суу билэгтнүүд ширүүхэн тэмцэл явуулж байсан юм. Алдарт эрдэмтэн, химич Менделеев, Тимирязев нар тодорч, Репин, Суриков нар уран зургийн уяхан сэтгэлийг бүтээж, алтан гургалдай Чайковский хунт нуураа бичиж,  цог жавхлан Лев Толстойн зохиол бүтээл оргилдоо хүрсэн юм. Энэ бүхэн Чеховыг хүмүүжүүлж, их утга зохиол руу эргэлт буцалгүй даллан дуудаж, урин залсан юм. Хүчирхэг хүмүүн болох замдаа орсон Чехов тэр үед Бүдүүн нарийн хоёр, Гаслан, Бага дарга Пришибеев, Хамелеон, Хүүхдийн тухай өгүүллэгүүд, Нойр хүрч байна, Нийгмийн сэдэвтэй өгүүллэгүүд зэрэг нижгээд уран бүтээлээ туурвилаа. Гэвч эдгээр өгүүллэгүүдийн дийлэнх нь инээдмийн, нийгэм цаг үеэ шоглосон байдалтай бичигдсэн юм.

 “Бичгийн хүний замд цэцэг биш хадаас ургасан байдаг... Антон Павловыч Чехов.”
    1887-1895 оны хооронд Антон Павлович Чеховын уран бүтээлийн хоёрдугаар эрэн эхэлсэн гэж үздэг. Москва дахь түүний уран бүтээлийн жижигхэн ч гэсэн тохитой байшинд тэр цагийн тэнгэрлэг суутнууд болох дэлхий дахины сонгодог хөгжмийн гурван их хааны нэг Чайковский, зураач Левитан, зохиолч Григорович нар байнга очдог байлаа. 1890-ээд он бол Чеховын уран бүтээлд эргэлт хийсэн цаг хугацаа байсан юм. Удаан хугацаанд Чехонта гэх  нууц нэрээр зохиол бүтээлээ туурвиж, сонин хэвлэлүүдээр дамжуулан уншигчдыг соён гэгээрүүлж байсан Чехов явах хэрэгтэй, даяан хийх хэрэгтэй боллоо. Тэгээд яг хаашаа явахаа бодож суутал хүний зовлонгийн хязгаарт хүрсэн нэгэн газар Орос оронд байдгийг тэр гэнэт санасан юм. Сахалин арал бол 19 дүгээр зууны хаант оросын хамгаас аймшигт цөллөгийн газар байлаа. Тийшээ цөлөгдсөн хүмүүс эргэж хэзээ ч ирсэнгүй. 1890 онд Чехов гав гинжтэй гасалж туулдаг хоригдлуудын замаар Сахалин арлыг зорилоо.

Сибирийн зам тавигдаагүй тул энхэл донхол, өргөс чулуунд морьдын хөл сөхөрнө. Чеховыг аугаа их зохиолч болоход Сахалин арал хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан юм. Тэр ял шийтгэлийн ёроолын гашууныг амсаж эдэлсэн, мартагдсан хүмүүсийн дунд байхдаа уран бүтээлээ туурвихын зэрэгцээ хүн амын тооллого хийж, эмчийн үүргээ гүйцэтгэж байжээ. Тэр үеийн сахалын аралд Чеховын тоолсноор 10 мянган хүн амьдарч байлаа. Хүний зовлон гэж юу болохыг ухаарсан, түүнтэй халз тулсан Чеховын авьяас билэг асан дүрэлзэж, бүтээн туурвиж байсан юм. 1888 онд тэрбээр тал хэмээх алдарт туужаа бичиж, Тасаг №6 тэргүүтэй бүтээлүүдээрээ хаант Орос оронд буглаад байгаа бурангуй, харанхуй ёсны эсрэг зогслоо. Үүний дараагийн он жилүүдэд бүр тодруулбал, 1895-1904 оны хооронд Тариачин эрс, Гангад, Ионыч, Дугуйтай хүн, Бэр зэрэг уран бүтээлүүд нь Оросын их утга зохиолд онцгой их байр суурийг эзэлсний зэрэгцээ их зохиолчийн 1896 онд бичсэн Цахлай, 1897 онд бичсэн Ваня ах, 1900 онд бичсэн Эгч дүү гурав, 1903 онд бичсэн Инторын цэцэрлэг тэргүүтэй жүжгүүд нь зөвхөн Оросын таетрын хөгжилд ой тайга шиг хувь нэмрээ оруулснаар барахгүй дэлхийн драмын ертөнцийг өмнөө бөхийлгөсөн болно. Чеховын зохиол бүтээлийн гол нэгэн баатар бол тариачид агаад тэр харин явцуу сэхээтнүүдтэй утга зохиолоор дамжуулан ширүүхэн үзэлцэж байсан болно.

1904 он ирэхэд Чеховын эрүүл мэнд дордлоо. Гэсэн ч тэр ажилласаар, бичиж, туурвисаар л байв. “Бичгийн хүн дандаа ажиллаж, дандаа бодож байх ёстой. Тэгэхгүй бол тэр амьдарч чадахгүй”  энэ бол бүх Оросын аугаа их зохиолч Антон Павловыч Чеховын хэлсэг үг.

Ужиг өвчин нь улам сэдэрсэн болохоор Антон эхнэр Москвагийн театрын жүжигчин Книпперийн хамт хорьдугаар зууны дөрөвдүгээр оны гуравдугаар сард Герман орныг зорьж, эмчилгээ асаргаа хийлгэлээ. Гэтэл бүх зүйл оройтсон байжээ. 1904 оны долоодугаар сарын 15-ны өдөр Антон Павлович Чехов нас барлаа... Түүний алтан цогцыг Оросын газар шороон дээр эргүүлэн авч ирж, гүнээ гашуудаж, харууссан мянга мянган толгой бөхийсөн  хүмүүс эцсийн замд нь үдэв.

Дахиад л гунигтай он жилүүд Орос орны тэнгэрээс цастай хамт бударч, бороотой хамт шивэрнэ...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Шөнийн цахлай мэт Антон Павлович Чехов  
Үзсэн: 6445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй