Шууд Chart

“Mongolian Saturday” хэмээх хээр морь үнэнхүү хурдан буян

2016-10-12 11:23:22

Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хэмээх хээр морийг монголчууд бид АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон "Breeders cup-2015" ДАШТ-д түрүүлэхэд нь мэддэг болсон. Дээрх хүлэг тус уралдаанд 32 жилийн түүхэнд анх удаа Ази тивээс түрүү хүртсэн нь улам анхаарал татаж байв.

"Mongolian Saturday” өдгөө зургаан настай бөгөөд ихэвчлэн 1000-1200 метрийн уралдаанд оролцдог. 2013 оноос хойш 36 уралдаанд оролцохдоо найм түрүүлж, найман удаа эхний дөрөвт багтсан байна. Ингэснээр эзэндээ нэг сая 129 мянга 681 ам.долларын шагнал хүртээгээд байна.

Уг хүлгийг даага байхад нь дэлхийд зартай “Keenland”-ын дуудлага худалдаанаас Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар 60 мянган ам.доллараар сонгож авсан гэдэг. Ийнхүү уг хүлгийн уяа сойлгыг Э.Ганбат тааруулж байна.

Уг хүлгийн эцэг нь “Any given saturday” гэх нэртэй хурдан хүлэг агаад 2004 онд төрж, 2006 оноос уралдаж, өндөр чансаатай тэмцээнд түрүүлж байсан ч 2008 онд зодог тайлсан байна. Харин эх нь “Miss hot salsa” хэмээх нэртэй. 1998-1999 онд өндөр чансаатай тэмцээнд оролцож байсан аж. 

Сонирхуулахад, Э.Ганбат "Mongolian Saturday”-гаас гадна “Mongolian Holiday”, “Wild Mongolia” гэдэг хүлгийг сойдог.  

“Wild Mongolia” нь таван настай бөгөөд ихэвчлэн 1097 метрийн зайн уралдаанд оролцдог. 2015 оноос хойш 15 уралдахдаа хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэж, хоёр удаа айргийн гуравт хурдалсан байна. Ингэснээр 39 мянга орчим ам.долларын бай шагнал хүртэв.

“Mongolian Holiday” нь гурван настай. 1400-1800 метрийн уралдаанд энэ оноос эхэлж уралдаж байна. Нийт дөрвөн уралдаанд оролцохдоо нэг түрүүлж, 10710 ам.долларыг байг эзэндээ хүргээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Mongolian Saturday” хэмээх хээр морь үнэнхүү хурдан буян  
Үзсэн: 1723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй