
Үндэсний бөхийн энэ оны өсвөр үеийн УАШТ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд боллоо. Тус тэмцээнд 20 аймаг, есөн дүүргийн баг тамирчид хүч үзсэн юм.
Дээд нас
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, Багахангай дүүргийн спорт хорооны бөх, сумын заан М.Лхагвагэрэл. Тэрбээр өөрийн сумандаа дараалан хоёр түрүүлж, 2014 оны УАШТ Баян-Өлгий аймагт болоход зургадугаар байр, 2015 оныхт хүрэл медаль хүртсэн бол энэ жилийн тэмцээнд нэг ч уналгүй түрүүлэв. Өдгөө “Аварга” дээд сургуулийн дасгалжуулагч, Монгол Улсын начин Б.Адъяахүүгийн сургуулилт дор бэлтгэлээ хангадаг.
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн харцага Д.Ариунбаатар. Энэ жил аймгийнхаа баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн юм. Баян-Өлгийд болсон УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн жил эхний тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Тэрбээр мөн л Б.Адъяахүүгийн шавь билээ.
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан Б.Лхагвадорж. улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэн ирээдүйтэй бөх. Улсын чанартай өсвөрийн барилдаан, аймаг сумын ойн баяр наадамд гурван жил босоо яваа тэрбээр өнгөрсөн хоёр жилд болсон УАШТ-нд нэг ч унаагүй юм. Энэ удаа Б.Орхонбаяр, Д.Ариунбаатар, М.Лхагвагэрэл нарт өвдөг шороодож, хүрэл медаль хүртлээ. Ийнхүү өсвөрийн УАШТ-ээс гурван медаль хүртсэн ховор бөхийн нэг болов. Түүний бэлтгэлийг аймгийн арслан Ц.Шийрэв хангадаг.
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн оюутан Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх Ч.Алтангэрэл. Эхний гурван байрыг эзэлсэн бөхөд тахимаа өгсөн тэрбээр УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай агаад Б.Адъяахүүгийн шавь юм.
- Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат Б.Орхонбаяр. Өнгөрсөн жил аравдугаар байрт шалгарсан түүний бэлтгэлийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Б.Адъяахүү нар хийлгэдэг. Энэ удаа уран гараа дэвээний шагнал хүртэв.
Дунд нас
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, сумын заан Н.Өсөхбаяр. Зөвхөн М.Гантулгад унаж, тэргүүн байрт шалгарав. Улсын шандас, өнгөрсөн жилийн “Алдарт”-ны барилдааны түрүү бөх юм. Монгол Улсын заан Р.Давааням агсны нэрэмжит шагналтай түүнийг улсын начин, гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн, Ц.Энхбат нар дасгалжуулдаг.
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх, “Аварга” сургуулийн оюутан Ж.Жавхлан. 2014 онд Ховд аймагт болсон даншиг наадамд түрүүлсэн бол өнгөрсөн жилийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Өвөрхангай аймгийн спорт хорооны бөх, “Аварга” лицей сургуулийн сурагч Б.Баянсүх. 2016 оны сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаанд зодоглож, их шөвөгт үлдэж байв. Энэ жилийн тэмцээнээс өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг мөн хүртсэн юм.
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Чингэлтэй дүүргийн спорт хорооны бөх, сумын начин М.Гантулга. Нарийнтээл сумын харьяат, сумын заан Отгонбаярын шавь тэрбээр тэргүүн байрт шалгарсан Н.Өсөхбаярыг өвдөглүүлсэн цорын ганц бөх. Өнгөрсөн жилийн УАШТ-д тавдугаар байр эзэлж байлаа.
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, “Аварга” сургуулийн оюутан Т.Дашжамц. Өнгөрсөн жил аймгийнхаа улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд түрүүлсэн. Чөлөөт барилдааны болон үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-ий мөнгөн медальтай. “Аварга” дээд сургуулийн бөх Ч.Нямдорж, Өмнөговь аймгийн залуу бөх Ганзориг нарын шавь юм.
Бага нас
- Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Н.Чиеэгүнбаатар. Аймгийн арслан Б.Сүхбаатарын шавь тэрбээр энэ тэмцээний эхний тойрогт улсын шонхор Б.Адъяасүрэнд унасан ч дараагийн учраануудаа төвөггүйхэн өвдөглүүлсэн юм. Өнгөрсөн жил “Алдартан”-д тэмцээнд үзүүрлэж, Эрдэнэтэд болсон даншиг наадамд түрүүлсэн билээ.
- Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, “Аварга” лицей сургуулийн сурагч, Хан-Уул дүүргийн спорт хорооны бөх А.Баянмөнх. 24 даваагаар мөнгөн медаль хүртлээ. Түүнийг Б.Адъяахүү, Ч.Нямдорж нар дасгалжуулдаг бөгөөд өнгөрсөн жил “Алдартан”-ы барилдаанд түрүүлсэн.
- Булган аймгийн харьяат, Булган аймгийн спорт хорооны бөх Г.Ширнэндагва. Энэхүү тэмцээнд орон нутгаас ирж оролцсон бөхчүүдээс хамгийн өндөр амжилт гаргасан юм.
- Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Багахангай дүүргийн спорт хорооны бөх, “Аварга” лицей сургуулийн сурагч Б.Очирсуурь. Түүнийг Б.Адъяахүү, Ч.Нямдорж нар дасгалжуулдаг.
- Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Говь-Алтай аймгийн спорт хорооны бөх С.Сүхбат. Түүнийг Б.Адъяахүү, Ч.Нямдорж нар дасгалжуулдаг.
Багийн дүнгээр хошой мөнгө, нэг дөрөвдүгээр байрын шагнал хүртсэн Б.Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг тэргүүлэв. Харин хоёр, гуравдугаар байрыг хошой хүрэл, нэг долдугаар байрын шагналтай Г.Мөнхсүлд дасгалжуулагчтай Өвөрхангай, нэг алт, нэг дөрөвдүгээр байр, нэг арваннэгдүгээр байрын шагналтай Ч.Нямдорж дасгалжуулагчтай Багахангай дүүргийн баг хүрэл медаль хүртлээ.
Сонирхуулахад ирэх жилийн УАШТ-ийг Өмнөговь аймгийн удирдлагууд нутагтаа зохион байгуулахаар боллоо.
Энэ удаагийн барилдааны хаалтад 24 бөх хүч үзхэд Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, 2014 оны өсвөр үеийн УАШТ-ий алтан медальт Б.Одсүрэн түрүүлж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн начин С.Төмөрбаатар үзүүрлэлээ. Гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, сумын заан И.Дашзэвэг шалгарав.
Үндэсний бөхийн өсвөрийн УАШТ боллоо | ||
Үзсэн: 3296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.