Шууд Chart

“Тэнэмэл” тэмбүүгийн аюул

2016-10-21 15:02:07

Хүн төрөлхтөн хөгжлийн дээд шатандаа тэмүүлж буй энэ үетэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан хэд, хэдэн аюул тулгараад буйн нэг нь бэлгийн замбараагүй хавьтлаас үүдэлтэй халдварт өвчнүүд. Эдгээрээс хамгийн аюултай нь ДОХ. Гэвч сүүлийн үед дэлхий нийтийг төдийгүй монголчуудыг цочроож буй өвчлөл бол тэмбүү болоод төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүдийн тоо юм.

Дэлхий дахинаа жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 340 сая орчим тохиолдол бүртгэгддэгийн 12 сая орчим нь тэмбүү өвчний тохиолдол байдаг байна. Манай улсын хувьд тэмбүүгийн тохиолдол жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд дэлхийн түвшинээс харьцангуй өндөр байдагтай холбоотойгоор  төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2013 оны тайлангаас харахад тус онд шинээр хяналтад орсон 72 мянга 920 жирэмсэн эмэгтэйд тэмбүү болон ХДХВ илрүүлэх шинжилгээ хийхэд 2.3 хувьд нь тэмбүү өвчин илэрсэн байна.

Зөвхөн 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны наймдугаар сарын 31-ний хооронд л гэхэд төрөлхийн тэмбүүгийн 111 тохиолдол бүртгэгдсэн албан мэдээ байна.

Үүнээс үүдэлтэй төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол буурахгүй байгаа бөгөөд 2010-2015 оны хооронд нийтдээ 159 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн байх юм. Зөвхөн 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны наймдугаар сарын 31-ний хооронд л гэхэд төрөлхийн тэмбүүгийн 111 тохиолдол бүртгэгдсэн албан мэдээ байна.

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн дийлэнх буюу 84.5 хувь нь 20-34 насных байдаг аж.

ХӨСҮТ-өөс хийсэн судалгааны дүн мэдээллээс харахад жирэмсэн эхчүүдийн дунд тэмбүү өвчний тохиолдол их байгаа болоод төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаагийн цаад шалтгааныг энэ өвчний талаарх олон нийтийн мэдлэг дутмаг байгаатай холбон тайлбарлажээ. Бүр тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаанд оролцсон ээжүүдийн 19 нь тэмбүүгийн шинжилгээ өгдөг эсэхийг огт мэдэхгүй байсан бөгөөд 72 нь хамрагдах ёстойг мэддэг ч яг хэзээ тэмбүүгийн шинжилгээнд хамрагдах ёстойг огт мэдэхгүй хэмээн хариулсан байна.

Тэмбүүгийн хувьд ихэвчлэн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед халдварладаг бөгөөд эхээс урагт болон арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед халдвар дамждаг байна. /Тэмбүү өвчний талаарх мэдээллийг эндээс үзэх боломжтой/

Ийнхүү өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй тэмбүү өвчин, түүний улмаас хохирч буй хүүхдүүдийн өвчлөлийг бууруулахад салбарын яам ямар арга хэмжээ авч байгааг одоо хүргэе. ЭМЯ-ны ХДХВ, БЗДХ, сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Өнөржаргал “Сүүлийн гурван жилийн дотор төрөлхийн тэмбүүгийн тохиолдол эрс нэмэгдсэн. Нэмэгдээд байгаа олон шалтгаан бий. Гэвч манай улсад тэмбүү болоод БЗДХ-ыг оношлох кабенитын хүрэлцээ муу, эмч мэргэжилтнүүд бэлтгэгдэж чадахгүй байна. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотой л доо. Уг нь бид олон улсын байгууллагуудтай хамтраад эмч нараа бэлтгэж авах, бэлтгэж авсан эмч нараа орон нутагт зөв байршуулж, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар аймгийн удирдлагуудтай ярилцахаар Эрүүл мэндийн яамны бичиг баримтад тусгаж байгаа. Нөгөө талаасаа БЗДХ, жирэмсний хяналт хоёр салшгүй холбоотой асуудал. Тиймээс энэ хоёрыг нягт холбоотой ойлгож, эмнэлгийн байгууллагад аль алиныг нь үзүүлж, оношлуулж байх ёстой. Гэтэл тэгэхгүй байснаас үүдэн сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд төрөлхийн тэмбүү гэх ойлголт нэмэгдээд байна. Судлаачдын хийсэн судалгаанаас харахад жирэмсэн эхчүүд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлчихээд дараа нь эмчид үзүүлдэггүй, зайлшгүй өгөх ёстой шинжилгээнүүдийг хийлгэдэггүй байгаа юм. Энэ нь маш олон шалтгаантай байдаг. Тухайлбал тэмбүүтэй, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэндээ санаа зовдог, ар гэрийн нөхцөл бололцоо муугаасаа болоод ч юм уу үзүүлдэггүй. Мөн эмч мэргэжилтнүүд хангалттай бус байдаг нь ч нэг шалтгаан болж өгдөг.

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас БЗДХ-ын тусламжийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй цогцоор нь үзүүлэх чиглэлийг өгсөн. Энэ нь хамгийн үр дүнтэй арга юм байна. Бидний хувьд энэ чиглэлд нилээд их ажил хийж байгаа” гэлээ.

Салбарын яамны хувьд дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдээс ирсэн дүн мэдээллийг нэгтгэн дүгнэж, чиглэл өгөх үүрэгтэй. Тиймээс олон улсад амжилттай туршигдаад буй дээрх мэтийн аргуудыг хэрэгжүүлэх юм байна.

Гэвч бид аль нэг газрын хэрэгжүүлэхийг хүлээсэн төсөл хөтөлбөр, үнэгүй үзлэг оношилгоог хүлээж суухад хугацаа дэндүү хайран юм. Бид суусаар байхад өдөр бүр хаяа тэлэн өргөжиж буй тэмбүү, түүнтэй хавсрах бэлгийн замаар дамжих халдварууд газар авсаар...

40 оюутан тэмбүү өвчтэй байжээ

Ахин нэгэн судалгааны дүнг танилцуулъя. АШУҮИС-ийн эм зүй, Био Анагаахын сургууль, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанаас “Их сургуулийн оюутнуудын дунд ХДХВ/ДОХ, Тэмбүү өвчний тархалтын тандалт судалгаа” хийсэн байна. 1500 оюутан хамруулсан тус судалгааны үр дүн сэтгэл өвтгөмөөр...

Тодруулбал, судалгаагаар ХДХВ/ДОХ-ын халдварын тохиолдол илрээгүй боловч 40 оюутнаас тэмбүүгийн халдвар илэрсэн байна. Тэдгээрийн 22 нь анх удаа энэхүү өвчнийхөө талаар мэдсэн бол 18 нь БЗДХ-ын хяналтад байдаг аж. Харин 9 оюутан халдвар тээгч гэдгээ мэддэг атлаа эмнэлгийн хяналтад ордоггүй, тэр талаараа төдийлөн анхаарал тавьдаггүй болох нь тогтоогджээ.

Түүнчлэн тэмбүүгийн халдвартай 40 оюутны 17 нь нэгээс олон бэлгийн хавьтагчтай, 31 нь бэлгэвч хэрэглэх дадалгүй байгаа нь тэдний бэлгийн буруу зан үйлтэй, бэлгийн хамтрагчиддаа халдвараа дамжуулсаар байгааг батлаж байгаа юм.

Хэдийгээр судалгаанд хамрагдаж энэхүү өвчнийхөө талаар мэдсэн оюутнуудыг бэлгийн хавьтагчтай нь хамтад нь эмнэлгийн хяналтад авсан ч хяналтад орохоос өмнө хичнээн хүнд халдварласан бэ гэдэг нь тодорхойгүй.

Тиймээс хамгийн чухал нь нөхөн үржихүйн ойлголтоо сайжруулж, хосууд нэгэндээ үнэнч байж, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагдах нь чухал байгаа юм.

Манай улс өмнө нь тэмбүү өвчнийг нийгмийн халдварт өвчин гэж үздэг байсан. Тэр үед “нийгмийг эрүүлжүүлье” гэсэн уриан дор албан шаардлагаар нийтээрээ үзлэг шинжилгээнд хамрагдсанаар тэмбүү өвчнөөс бүрэн салж чадсан хэмээн ярьдаг. Энэ талаар Төрийн шагналт, зохиолч Б.Догмидын "Улаан тарианы хүүхнүүд" өгүүллэгээс тод томруун харагддаг. Тухайн үеийн ахмадууд "Социализмын үеийн албан байгууллагынхныг албадан оношлогоонд хамруулдаг байсан үе үгүйлэгдэж байна. Хэрэв ингэхгүй бол тэр үеийн хавтгайрсан тэмбүү бидний хаяанд ирчихээд байна" хэмээн анхааруулж байгаа юм. Бодох л асуудал...

Ер нь бид юм л бол хүний эрх хэмээн хашгичиж, хашиж хорьж, тарьж эмчлэх гэлээ хэмээн сүржигнэдэг. Гэтэл тэрхүү сүржин зангийн сүүдэр дор нь энэ өвчин газар авч байгаа нь харанга дэлдэхэд хүргэж байна. Мэдээж хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрнө гэдэг эцэг эхтэй шууд холбоотой.

19-24 насны эмэгтэй ялтнуудын дунд тэмбүүгийн халдвар их байна

Дахин нэгэн баримт: “Ялтнуудын дундах тэмбүү”. Ингэж хэлэхээр маш олон хүн анхаарлаа хандуулах байх. Тэд ч гэсэн хүн. ХӨСҮТ, ШШГЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ял эдэлж буй хоригдлуудын дунд тэмбүү өвчний тандалт судалгааг хийсэн байна.

Хорих ангийн ялтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулдаг хэдий ч бэлгийн замаар дамжих өвчин, урьдчилан сэргийлэлт болон эмчилгээ, тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл хомс байдаг аж. Тухайлбал, дээрх судалгаанд нийтдээ 12 хорих ангийн 4492 ялтныг хамруулсан бөгөөд 14.2 хувиас нь тэмбүүгийн халдвар илэрсэн байна. Тэдний дунд 6.7 хувь нь шинэ тохиолдол.

Тэмбүүгийн халдварын түвшинг насны бүлэг, хүйсээр харьцуулахад 19-24 насны эрэгтэй ялтнуудад 5.2 хувь, эмэгтэй ялтнуудад 47 хувь, 30-34 насны эрэгтэйд 4.9 хувь, эмэгтэйд 14 хувь, 45-49 насны эрэгтэйд 4.3 хувь, эмэгтэйд 12 хувь байжээ. Үүнээс харахад тэмбүү өвчний тархалт залуу эмэгтэйчүүдийн дунд ихсэж байгааг харж болно.

Түүнчлэн дээрх судалгааны дүнд тулгуурлан хоригдож буй дэглэм ялтнуудын өвчлөлд хэр нөлөөлдгийг судалжээ. Судалгаагаар гянданд хоригдож буй ялтнууд жирийн дэглэмд хоригдож буй ялтнуудаас 2.8 дахин илүү тэмбүүгээр өвчилдөг болох нь тогтоогджээ.

Тэмбүүгийн халдварын түвшинг насны бүлэг хүйсээр харьцуулахад 19-24 насны эрэгтэй ялтнуудад 5.2 хувь, эмэгтэй ялтнуудад 47 хувь, 30-34 насны эрэгтэйд 4.9 хувь, эмэгтэйд 14 хувь, 45-49 насны эрэгтэйд 4.3 хувь, эмэгтэйд 12 хувь байжээ. Үүнээс харахад тэмбүү өвчний тархалт залуу эмэгтэйчүүдийн дунд ихсэж байгааг харж болно.

Манай улсын хувьд ялтнуудыг үйлдсэн гэмт хэргээс нь хамаарч жирийн, чанга, онцгой, гяндан гэх ангилалаар хорьдог. Энэхүү ангилалаасаа шалтгаалаад ялтнуудын уулзалтын хугацаа нь ч харилцан адилгүй байдаг ажээ. Тухайлбал, жирийн дэглэм нь түр болон урт хугацааны уулзалтыг жилдээ 10 удаа, чанга дэглэм нь түр хугацааны уулзалтыг жилдээ 1-2 удаа хяналтан дор, урт хугацааны уулзалтыг улиралд нэг удаа хийдэг байна. Харин гянданд зөвхөн түр хугацааны уулзалтыг зөвшөөрдөг байх юм. Гэтэл жирийн дэглэмтэй хоригдлуудаас гянданд хоригдож буй ялтнууд илүү өвчлөмтгий байна гэдэг дотоод хяналттай шууд холбоотой.

Энэ мэтээр зөвхөн тэмбүү өвчний талаар ярихад ийм байна. Аюулын харанга дэлдээд зогсохгүй үүдэнд ирээд хаалга балбаж байгаа энэхүү бодит аюулаас өөрийгөө, гэр бүлээ, үндэс угсаа болсон үр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ.

Өнөөдөр л биш бол хэзээ вэ. Надад тохиолдоогүй, тэр тэмбүүтэй юм гэнэ лээ гэж ярьсаар суутал 2015 онд 19 хүн, энэ оны эхний зургаан сарын байдлаар 11 хүн тэмбүүгээр нас барсан байна. Энэ тоо магадгүй өнөөдөр ч нэгээр нэмэгдэж байж болох...

Үрдээ, үгэндээ, үйлдэлдээ эрүүл эзэн байцгаая.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Тэнэмэл” тэмбүүгийн аюул  
Үзсэн: 7760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hmmm [202.70.46.xxx] 2016-10-22 17:22
Arai l denduu bna shuu. Tembuutei bolsnoo medchihd toodoggui arilsan dotortoi humuus bolih hergtei. Uugeer mash sain newtruuleg hiih hergtei. Setguulchid amjilt. Suuliin uyd owchloliin talaar ih bichij bga haragdsan...

Бидэнтэй нэгдээрэй