Шууд Chart

И.Н.Аржаев: ОХУ байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байна

2016-11-03 14:47:17

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгатай уулзаж, салбарт барих бодлого үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамтран ажиллах тухайд санал солилцлоо. Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев хэлэхдээ “Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол, Оросын харилцаа бүх түвшинд  сэргэж байна. Хоёр орны Засгийн газар хооронд айлчлалууд болж, хамтын ажиллагааны шинэ шатны тухайд санал солилцож эхэлсэнд баяртай байна.

Орос, Монгол, Хятад улсын гурван талт хэлэлцээр байгуулагдсан байдаг. Энэ дунд Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа зонхилж, хөрш орнуудын харилцааг тодорхойлох байр суурьтай тусгагдсан байдаг учраас үүнд анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. ОХУ-ын зүгээс байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байна” гэв.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Эрчим хүчний салбарт Орос, Монгол орны харилцаа чухал үүрэгтэй. Өнөөдөр баруун бүс л гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг ОХУ-аас хангаж байна. Цаашид ч томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ ОХУ-тай хамтран ажиллах болно. Ингэхийн тулд Орос, Монголын хамтын ажиллагааг цогц байдлаар тодорхойлах нь зүйтэй” гэсэн юм. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төслийг талууд хөндөж, дэлхийн цэнгэг усны хамгийн том өв болох Байгаль нуурыг хамгаалах тухайд санал солилцлоо. Үүний тулд олон улсын томоохон байгаль шинжээч, эрдэмтдийг татан оролцуулж, төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Эрчим хүчний сайд П.Ганхүүд хаягласан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак илгээсэн байна. Үүнд ШХАБ-ын Эрчим хүчний клубын хүрээнд хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг тусгажээ гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.


И.Н.Аржаев: ОХУ байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байна  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй