Шууд Chart

“Hyundai” компанийн үүсгэн байгуулагч Чон Чу-ён нэг үхэр хулгайлсан гэмээ 1001 болгон эргүүлэн төлжээ

2021-11-25 14:59:18

БНСУ-ын авто машины томоохон үйлдвэрийн нэг “Hyundai” компанийн үүсгэн байгуулагч Чон Чу-ён 1915 оны энэ өдөр Асан тосгонд долоон хүүхэдтэй айлын ууган хүү болон төржээ.

Аав ээж нь ядуу тариачин байсан тул хомс амьдралыг багаасаа үзэн яддаг байсан аж.

Тиймдээ ч тэрээр ядуу зүдүү амьдралыг ялан дийлэхийн тулд Сөүл орох ганц тасалбарын ч мөнгөгүй байсан боловч зориг гарган нийслэлийг зорьжээ. Таарсан ажлыг гололгүй хийж, бизнесээ амжилттай босгож алдаж ч үзсэн, нэг биш удаа шатаж бүгдийг эхнээс нь эхлүүлж байжээ. Нэг үгээр хэлбэл тэр “Hyundai Group” гэх томоохон компанийг тэгээс нь эхлүүлсэн бөгөөд шантралгүй тууштай зүтгэсний ачаар дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүний нэг болж чадсан түүхтэй.

Ирээдүйн бизнес эрхлэгч багадаа багш болохыг мөрөөддөг байсан боловч даанч эцэг эх нь хүүгийнхээ боловсролд мөнгө зарах чадалгүй нэгэн байв. Тэд хүүгийнхээ төлөө хийж чадах бүхнээ зориулсан. Чон тэр үеийн тосгоныхны ойлголтоор боловсролтойд тооцогдоно. Гэвч тэр бага анги л дүүргэжээ. Өнөр өтгөн гэр бүлийг тэжээх амаргүй тул эцэг, эхдээ мөнгө олж тус нэмэр болохоор хүү сургуулиа орхихоос өөр арга байсангүй. Чон эцгийн хамт өдөрт 15–16 цаг хөдөлмөрлөж байжээ.

Гэхдээ тэр 16 нас хүрэв үү, үгүй юу гэрээсээ зугтжээ. Найзтайгаа цуг Ковон муж хүрч барилгын ажилд орж чадсан юм. Цалин багач гэлээ амьдрах мөнгөө өөрөө биеэ дааж олж болох юм байна гэсэн мэдрэмжийг ч авсан байна. Хэдэн сарын дараа эцэг нь түүнийг олсон тул залуу гэртээ буцахаас өөр арга байсангүй. Богино аялал Чон Чу-ёны сэтгэлд гүн ул мөр үлдээжээ. Тэр нь “Бүгдийг өөрчлөх хүч чадал өөрт нь байна” гэдэгт итгэсэн байв. Тийм учраас хархүү 17 нас хүрэнгүүтээ нөхдийн хамт энэ удаад дахин оогож, Сөүлийг зорьжээ. Гэвч хоёр дахь оролдлого нь бүтэлгүйтэв. Учир нь өсвөр насны хөвгүүдийг ажилд оруулж өгөхөөр амласан үл таних хүн бүх мөнгийг нь аваад ор сураггүй арилснаас гадна хөвгүүдийг хамаатан садангууд нь олж тус бүрийн гэр рүү нь хүлээлгэн өгчээ.

Энэ үйл явдлын дараа ч Чон бууж өгөөгүй юм. 18 насандаа тосгоноос зугтаана гэж бат шийджээ. Халаасандаа ганц ч зоосгүй Чон Чу-ён аргагүйн эрхэнд уучлашгүй алхам хийхээр шийдэв. Тодруулбал, тэр ааваасаа үхэр хyлгайлж зараад мөнгөөрөө Сөүл орсон байна. Боловсрол эзэмших мөрөөдөлтэй Чон нягтлан бодогчийн сургуульд элсэн оржээ. Бүх зүйл төлөвлөсөн ёсоор сайхан явж байтал зөрүүд хүүгийн аав түүнийг хайж олоод гэрт нь дахиад л буцаагаад аваад ирэв. Азаар гэрээс оpгох дөрөв дэх оролдлого амжилттай болж таарсан юм. Тэр жилдээ Сөүлд ирж олдсон ажлыг гололгүй хийж эхэлжээ. Ачаа зөөгч, барилгачин гээд хийж үзээгүй ажил түүнд байсангүй. Хүнд ажилд нухлагдаж яг л сөхөрч унадаг дээрээ байсан ч Чон бууж өгөөгүй. Тэр өмнөхөөсөө хамаагүй амар нөхцөлтэй ажил олохын тулд ажлын байраа байнга сольдог байв.

Чон Чу-ён эхнэрийн хамт Хэдэн жилийн дараа амжилт түүний талд иржээ. Тэр будаа зардаг жижгэвтэр дэлгүүрт хүргэгчийн ажилд орсон байна. Чу-ёны ажилд хичээнгүй, ажил хэрэгч зан төлөв нь дэлгүүрийн эзний бахдалыг төрүүлэв. Ингээд хагас жилийн дараа дэлгүүрийн нягтлан болж албан тушаал дэвшжээ. 1937 онд дэлгүүрийн эзэн хүндээр өвдсөн тул ажлын учрыг сайн олдог ажилтандаа дэлгүүрээ хариуцуулахаас өөр аргагүй болсон юм. Чон Чу-ён ийн 22 насандаа анхныхаа бизнесийнхээ эзэн нь болох нь тэр. Дэлгүүрийн хүрээ ч тэлж орлого нэмэгдсээр байв. Үнэндээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. 1939 онд Солонгост будааны хатуу хэмжээ хязгаар тогтоосон систем хэрэгжиж эхэлжээ. Худалдаа эрхлэх боломжгүй болсон тул Чон бизнесээ хаахад хүрсэн юм.

Бизнес бүтэлгүйтсэн тул нутагтаа буцаж очихоос өөр аргагүйд хүрэв. Ингээд багын амьдралдаа буюу фермер дээр ажиллаж байсан тэр л үедээ эргэн иржээ. Гэхдээ тэр зүгээр суусангүй. Фермер дээр хөдөлмөрлөхийн зэрэгцээ шинэ бизнесийн санаа боловсруулсаар байв. 1940 онд Чон Чу-ён дахин Сөүлийг зорьжээ. Эерэг, сөрөг бүх нөхцлийг жинлэж үзээд машин засварын газар нээхээр шийдсэн байна. Нээгдсэнээс хойш нэг сарын дараа засварын газарт нь түймэр гарч шатжээ. Өөр хүн байсан бол бизнес хийх санаагаа орхих байсан биз. Харин Чон өр тавьж цааш үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Чон ер бууж өгөхийг хүссэнгүй. Тэр хүчээ нэмж илүү ачаалалтай, илүү санаачилгатай ажиллахаар сэтгэл шулууджээ. Чон Чу-ёны засварын газар адил төрлийн бусад газруудаас эрс ялгарах онцлогтой. Нэгдүгээрт, зөвхөн өдрийн цагаар ажиллахгүй. Зөвхөн шөнийн цагаар л ажиллана. Механикууд нь машинуудыг өрсөлдөгчдөөс тав дахин хурдан засна. Хоёрдугаарт, автомашинтай хүн бол баян гэж Чон үздэг байж. Тиймээс дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Тиймээс нэмэлт үйлчилгээ үзүүлнэ. Жишээ нь байнгын үйлчлүүлэгч нараа солонгос амттан, хоолоор дайлдаг байжээ.

Ийнхүү машин засах бизнес санаа нь амжилттай хэрэгжиж чаджээ. Өмнө нь 20 ажилтантай байсан засварын газар нь гурван жилийн дараа 70 болтлоо өргөжижээ. Үүний зэрэгцээ бизнес ч их орлого авч ирэх нь мэдээж. Чон Чу-ён өөрөө машины талаар бараг ямар ч ойлголтгүй. Тэр ч бүү хэл машин ч барьж чаддаггүй байсан гэдэг. Боловсролын үнэ цэнийг сайн мэдэх тэр албан бусаар үргэлжлүүлэн суралцсаар байв. Оройн цагаар өөрт хэрэгтэй ном зохиол их уншдаг байжээ. Чон зөвхөн боловсролтой л хүнийг л ажилд авдаг байсан нь өөрийнхөө дутагдалтай талыг нөхөх зорилготой байсан бололтой. Чон төр засгийн шахалтыг дахин мэдэртлээ ажил төрлөө амжилттай явуулж байлаа. Чон Чу-ён дахин бизнесээ хаахад хүрчээ. Дахиад л төрөлх тосгондоо эргэж ирсэн юм. Азаар энэ удаад гар хоосон биш 50 мянган вон хуримтлуулж чаджээ. Энэ нь тэр үеийн ханшаар маш их мөнгөнд тооцогдоно.

Дэлхийн хоёрдугаар дaйны дараа Солонгос улс уналтын байдалд хүрэв. Чон Чу-ён ч хямрал болгонд боломж байдаг гэдгийг сайн ойлгосон хүн. Ингээд 1946 од Сөүлд эргэн ирж гадаадын бaйлдааны техник, тээврийн хэрэгсэл засах үйлчилгээ үзүүлэх “Hyundai Motor Industrial” компанийг үүсгэн байгуулжээ. Харин 1947 онд барилга, дaйн бaйлдааны улмаас сүйдэж уcтсан барилгыг сэргээн засах ажил хийдэг “Hyundai Civil Industries”-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Эдгээр компаниудаар дамжуулан “Hyundai” улсын төдийгүй гадаадын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болжээ.

“Hyundai” нэг удаа гүүр сэргээн засах ажил авчээ. Төсөл хоёр жилийн дотор 55 сая воны төсвөөр гүйцэтгэгдэх ёстой байв. Ажил хийж дуусахад компани 65 сая воны алдагдал хүлээгээд байсан гэдэг. Уг төсөл “Hyundai”-г эгээтэй л дампууруулсангүй. Чон Чу-ён ч үүнд санаагаар унаагүй юм. "Энэ бол ялагдал биш, энэ бол шинэ сорил" гэжээ. Чонын хувьд сургамж болж, тэр бизнесийг өөрөөр харж эхэлсэн төдийгүй төрийн өндөр албан тушаалтнуудын дунд түүний нэр хүнд ихэд өсчээ. Хэдий компани 20 жилийн турш өр төлсөн ч гэсэн эцсийн дүндээ компани хоxирол амссан гэхээсээ илүүтэй хожсон гэж үздэг юм. Усан онгоц хийхээр шийдэхэд Чон Чу-ёны нэр хүнд үүргээ гүйцэтгэсэн гэдэг. Солонгос урьд нь хэзээ ч ачааны усан онгоц үйлдвэрлэж байсангүй. Тиймээс түүний бизнес санаанд итгэх хүн ховор байв. Мэргэжилтнүүдийн нэг нь эргэлзээгээ ил хэлэхэд Чон Чё-ён ингэж хариулжээ. "Туршиж ч үзээгүй юм бол болохгүй гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ".

Бизнес эрхлэгчийн өөдрөг бодол хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, мөн өмнөх бизнесийн нэр хүнд ч санхүүгийн асуудлыг шийдэхэд нь тусалжээ. Ингээд 1972 онд “Hyundai Heavy Industries” компани төрсөн байна. Чон Чу-ёны хариулт ч “Hyundai”-гийн уриа болж хувирчээ.

1961 онд улс орны удирдлага солигдсон нь Чон Чу-ёны бизнест ч нөлөөлсөн байна. Улсын шинэ удирдагч Пак Чон Хи Солонгосыг өрсөлдөхүйц зах зээлтэй, өндөр хөгжилтэй улс болгохыг мөрөөдөж байв. Ерөнхийлөгч хөгжлийн эхлэлийг чеболи дээр суурилуулахаар шийджээ. Ингээд олон төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн компаниудын үйл ажиллагаанд төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх замыг сонгосон байна. Чон Чу-ёны нэр хүнд бас л энэ талд давуу эрх эдлэв. “Hyundai” нь Солонгосын анхны чебол мөнөөс мөн тул бүс нутгийн зах зээлийг дор нь эзэлжээ. Нэг удаа Чон Чу-ён машин үйлдвэрлэх их хүсэлд автаж. Гэхдээ Солонгосын технологи, мэдлэгийг ашигласан машинтай болохыг мөрөөджээ. 1986 онд “Hyundai Pony Excel” машинаа танилцуулсан юм. Төд удалгүй “Hyundai” компанийн үйлдвэрлэсэн машинууд дотоодын төдийгүй гадаадын зах зээлд ч эрэлт хэрэгцээтэй болжээ. “Hyundai” компани өнөөдөр жилдээ 1,6 сая орчим машин үйлдвэрлэж байна. Тус байгууллагад 75 мянга гаруй хүн дэлхий өнцөг булан бүрт ажиллахын зэрэгцээ дэлхийн 193 улсад зургаан мянган дилерийн төв, салонуудаар дамжуулан үйлчүүлэгчиддээ үйлчилгээ хүргэж байна.

Чон Чу-ёныг чанга удирдагч гэдэг. Тэр ч бүү хэл түүнийг сүүлчийн эзэн хаан гэж тодорхойлдог. Тэрээр ажилтнуудын боловсрол, хөгжил дэвшилд зориулсан сургалтын системийг нэвтрүүлсэн удирдлагуудын анхных нь юм. “Hyundai” компанийн үндэслэгч ажилтнууддаа зориулсан бэлтгэл сургалт явуулах институтийг нээж ажиллуулжээ. Уг институтэд албан тушаал, боловсролын түвшин үл харгалзан бүгд суралцах ёстой. Залуу насандаа боловсорч сурах боломжгүй байсан ажилтнуудын хувьд энэ нь маш том боломж байлаа. Чон Чу-ён ч ажилтнууддаа захиж хэлэхдээ “Сайн суралц, өөрийнхөө хүч чадлыг харуул, ингэж чадсан цагт ямар ч өндөр оргилд хүрч чадна” гэдэг байжээ. Хэдий чанга хатуу удирдагч хэмээгддэг байсан ч ажилтнуудынхаа хөдөлмөр, оюун ухаанд бүрэн итгэдэг нэгэн байсан гэдэг. “Солонгос хүний оюун ухаан, хөдөлмөрлөх чадалтай дүйхүйц ард түмэн байхгүй” гэж тэрээр хэлдэг байжээ. Том компанийн том захирал гээд бусдаас хөндийрөөгүй юм. Хар ажилчин байж үзсэн тэрээр ажилтнуудтай цуг гар бөмбөг тоглодог, солонгос бөх барилддаг нэгэн байв. Үүнээс гадна шинэ ажилтнуудын сургалтанд байнга ирж сонирхдог байжээ.

Чон Чу-ён зөвхөн чадалтай бизнес эрхлэгч байгаад зогсохгүй мөн өглөгч, тусч нэгэн байжээ.

83 настай бизнес эрхлэгч оpгох гурав дахь оролдлогоо гүйцэлдүүлэхээр нэг үхэр xулгайлж байсан гэмээ ухаарч, үүнийгээ төлөхөөр 65 жилийн дараа төрөлх нутагтаа 1001 үхэр бэлэглэжээ. Үүнээс гадна Чон төрсөн тосгоноороо нэрлэсэн "Асан" гэдэг сайн үйлсийн сан үүсгэн байгуулсан байдаг. Уг сан нь эмнэлгийн туслалцаа дэмжлэг, нийгмийн халамж,  шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, тэтгэлэг олгох зэрэг үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байна. Чухам Чон Чу-ёны хүчээр л Өмнөд Солонгост 1988 оны зуны олимп зохион байгуулагдсан гэдэг.

Чон Чу-ён 85 насандаа буюу 2001 онд өөд болжээ. “Hyundai” компанийн үндэслэгч хэдий 20 жилийн өмнө өөд болсон ч нийгэм одоо ч түүнийг хүндэтгэж явдаг. Солонгосын технологи, инновацийн зарим нэг томоохон арга хэмжээ зүгээр ч нэг түүний нэрээр нэрлэгдээгүй юм.

Амжилтад хүрэх зам, хичээнгүй зан, боловсрол, ухаан эсвэл зүгээр аз байхад л болно гэж бодож байна уу.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Hyundai” компанийн үүсгэн байгуулагч Чон Чу-ён нэг үхэр хулгайлсан гэмээ 1001 болгон эргүүлэн төлжээ   
Үзсэн: 2183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй