Шууд Chart

Иргэдийн хариу өгөх эрх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт

2022-01-06 20:39:51

Олон нийтийн радио, телевизийн тухай Монгол Улсын хуульд “…олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус”[1] байгууллага хэмээн ОНРТ-ийг  тодорхойлжээ. Цаашилбал ОНРТ-ийн хөтөлбөр нь арилжааны радио телевизийнхээс ялгарахуйц, тусгай шаардлагыг хангах ёстой бөгөөд юун түрүүнд "мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, ...сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталсан байна" хэмээн хуулинд заасан байдаг. Илтгэлийн маань нэр "Иргэдийн хариу өгөх эрх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт" гэх боловч гол агуулга нь ОНРТ иргэд олон түмэнд хэрхэн хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд үйлчлэх вэ гэдэг асуудлыг хөндөх ёстой хэмээн ойлгож байна.

Сэтгүүлчид хариуцлагатай байж чадах эсэх нь тухайн сэтгүүлчийн мэдлэг чадвар, хувийн хандлагаас гадна нийгмийн шинж чанартай олон хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг. Тийм ч учраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагын систем /М.А.S/[2] хэмээх ойлголт өндөр хөгжилтэй улс оронд нэлээд газар авч байна. Энэхүү ойлголтын гол агуулга нь: хэвлэл мэдээлэл нийгмийн бүтээгдэхүүн учир тухайн нийгмийн хөгжлийн түвшинтэй шууд уялдаатай байдаг. Тиймээс сэтгүүлчдийн хариуцлагын түвшинг өндөржүүлье гэвэл үүнд шаардлагатай орчинг бий болгох нь зүйтэй. Үүний тулд сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчмыг баталж, хариуцлага тооцох арга механизмыг бий болгохоос гадна уран бүтээлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт явуулах, нийтлэл нэвтрүүлэгт ажиглалт хийж, сонсогч, үзэгчдийн дунд тогтмол судалгаа явуулах, олон нийттэй харилцах ажил зохион байгуулж иргэд, хэрэглэгчдийн үгийг сонсох, санал гомдлын дагуу залруулга хийх, радио, телевизийн нэвтрүүлэгт гарсан мэргэжлийн алдааг дахин давтахгүйн тулд бүртгэж, уран бүтээлчдэд түгээж байх гэх мэт олон талын цогц арга хэрэгслийг ашиглах нь зүйтэй аж.

ОНРТ-ийн хууль нь Монголд анх удаа хэвлэл мэдээллийн хариуцлагыг өндөржүүлэх, хэвшүүлэх зарим арга хэрэгслийг хуулиар зохицуулж өгсөн юм. Үүнд юун түрүүнд иргэдийн хариу өгөх эрх, өргөдөл гомдол шийдвэрлэх талаарх заалтууд орно. Эдгээрийг чухам хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь бидний хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадах эсэхтэй шууд хамааралтай болоод байна.

  • Иргэдийн хариу өгөх эрхийн талаар

ОНРТ-ийн хууль гарахаас өмнө нь манай улсад иргэдийн хариу өгөх эрхийг баталгаажуулсан ямар нэгэн хуулийн заалт байгаагүй билээ.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл цацагдсан гэж үзсэн иргэд Монгол Улсын Иргэний хуулийн 7.1[3] -д заасны дагуу шүүхэд нэхэмжлэх гаргадаг байсан юм. Энэ заалт хэрхэн хэрэгжиж ирсэн талаар сэтгүүлч Д.Гантуг, Ч.Энхтуяа[4], Ц.Онон[5] болон бусад судлаачдын[6] судалгааны бүтээлд  тодорхой харуулсан байдаг. Худал ташаа мэдээлэл, бусдын нэр төр гутаасан гэж шүүхэд дуудагдсан сэтгүүлчид эд материалын болон оюун санааны хохирол, тэр бүү хэл шоронд хоригдох хүртлээ ял шийтгэл хүлээдэг. Үүний улмаас сэтгүүлчид аливаа зүйлээс болгоомжилж өөрийг хянах буюу цензурдэх байдалд хүрдэг бөгөөд энэ нь нийтлэл нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэхээсээ илүүтэйгээр хэвлэлийн эрх чөлөөнд маш их хор хохиролтой байдаг аж. Иймд “иргэдийн хариу өгөх эрх”-ийг ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуульд тодорхой зааж өгсөн нь нэг талаас иргэний эрхийг хүндэтгэж, нөгөө талаас сэтгүүлчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгоод зогсохгүй, иргэн сэтгүүлч хоёрын зөрчлийг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх боломж олгож буйгаараа онцгой ач холбогдолтой юм.

Иргэдийн хариу өгөх эрхийг “Олон нийтийн радио телевизийн тухай” Монгол Улсын хуулинд заасны дагуу хэрхэн хэрэгжүүлэх вэ? Юун түрүүнд хуулийн заалтыг зөвөөр ойлгож, тусгаж авах нь чухал болов уу.

12 дугаар зүйл. Нэвтрүүлэгт тайлбар, залруулга хийх

12.1. Олон нийтийн радио, телевизээр худал, ташаа мэдээлэл хийгдсэн нь нотлох баримт, материалаар тогтоогдвол олон нийтийн радио, телевиз залруулга хийх үүрэгтэй.

Энэхүү заалтын нотлох баримт, материалаар тогтоогдвол гэсэн хэсгийг бодож үзүүштэй мэт санагдаж байна. Зарим оронд тухайлбал, Австри, Герман, Нидерланд, Норвеги, Испани зэрэг улсад хэрэв иргэдийн залруулга нь худал юмуу, аль эсвэл баримт нотолгоогүй байна гэж үзвэл сонинууд залруулга хэвлэхээс татгалзах эрхийг хуулиар баталгаажуулсан байдаг байна. Манай хуулийн заалт ч энэхүү агуулгыг илэрхийлж байна гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл худал, ташаа мэдээлэл хийгдсэн нь нотлох баримт, материалаар тогтоогдохгүй бол залруулга хийх шаардлагагүй хэмээн үзэж болох мэт. Энэ нь шүүмжлэлт мэдээлэл, маргаантай асуудлыг мэдээлснээс болж ОНРТ иргэдийн залруулага хийх хүсэлтэд дарагдахаас сэрэмжлэх ач холбогдолтой байж болох боловч, нөгөө талаас нь авч үзвэл иргэдийн хариу өгөх эрх хязгаарлагдмал шинжтэй болж байгааг ч үгүйсгэхийн арга үгүй. Европын зарим орнуудад, тухайлбал Францад өөрийгөө доромжлон гутаасан гэж үзэж, нийтлэл нэвтрүүлэгт хариу өгөхийг хүссэн хүн бүхэнд зөвшөөрдөг байна.  

12.2.Гомдол гаргагч шаардсан бол залруулга, тайлбарыг тухайн нэвтрүүлгийн дараагийн дугаараар, эсхүл нэн даруй ижил төрлийн нэвтрүүлгээр уг худал, ташаа мэдээллийн үргэлжилсэн цагаас илүүгүй хугацаагаар, үнэ төлбөргүй нийтэд хүргэнэ. Сэтгүүлчийн тайлбар нь мэдээ, мэдээллээс тодорхой ялгагдахуйц байна.

Ихэнх оронд жишээлбэл сонин, хэвлэлд залруулгын хэмжээ нь уг залруулга зориулагдаж байгаа анхны өгүүллийн хэмжээнээс илүүгүй байх ёстой бөгөөд, уг залруулгыг анхны өгүүлэл хэвлэгдсэн тэр газар нь байрлуулж хэвлэх ёстой байдаг. ОНРТ-ийн тухай хуулийн энэхүү заалт нь залруулга, тайлбарыг хэрхэн мэдээлэхийг тодорхой болгож өгснөөрөө хэрэгжүүлэх үйл явцыг хялбарчилсныг тэмдэглүүштэй.

Харин залруулга хийхэд шаардлагатай зарим нэг магадгүй процедурын шинжтэй асуудлуудыг хуулинд тусгаж өгөөгүй байна.  Тухайлбал, залруулгыг эхний хүсэлтээр мэдээлэхгүй бол яах вэ, хоёр дахь удаагаа мэдээлэхээс татгалзвал яах вэ, мөн залруулга хангалтгүй, эсвэл хувийнх нь нэр төр, ашиг сонирхолыг нь гутаасан гэж үзвэл нэг асуудлаар ахин залруулга хүсэх боломжтой эсэх гэх мэт асуудлуудыг энэхүү хуулинд зааж өгөөгүй байна. Түүнчлэн зөвхөн баримтанд тулгуурласан мэдээ, мэдээлэлд хүсэлтийн дагуу залруулга хийх үү, үзэл бодол, дүгнэлтэд яах вэ, хариу нь үндэслэлгүй их хэмжээтэй болсон бол /жишээ нь тухайн маргаан үүсгэсэн баримтыг дурдсан цагаас урт бол/ яах вэ гэх мэт асуудлуудыг хуулинд тусгаагүй байгаа юм. Тиймээс иргэдийн хариу өгөх эрхийг хэрэгжүүлэх үүднээс хэрэглэгчдийн санал гомдлыг шийдвэрлэх журам боловсруулж, хуулинд тусгагдаагүй эдгээр асуудлуудыг зохицуулах шаардлагатай болов уу.

ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуулинд цааш нь заахдаа:

“12.3. Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгын талаар нэвтрүүлгийг анх дамжуулснаас хойш нэг сарын дотор өргөдөл, гомдол гаргаж болох ба уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж дуустал тухайн нэвтрүүлгийн бичлэгийг хадгална” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл тухайн нэвтрүүлгийг анх дамжуулснаас хойш нэг сарын дотор өргөдөл, гомдол гаргаж болох бөгөөд нөгөө талаас нэг сарын дотор багтаж өргөдөл, гомдлоо гаргаагүй бол хариуг нэвтрүүлэхгүй байж болох мэт. Зарим оронд хэрэв тухайн сонин хэвлэгдсэн тэр газар нь залруулгыг эхний хүсэлтээр хэвлэхээс татгалзвал гомдоллогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө эхлээд шүүхийн тушаал гаргуулан авч тухайн сонины редакторт дахин ханддаг. Сонины удирдлага энэ удаад мөн л татгалзвал  шүүх иргэний нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэдэг байна. Харин Австрали, Канад, Англи, Швед зэрэг орнуудад иргэд залруулга, тайлбар хийх хууль ёсны эрх эдэлдэггүй боловч тухайн улсуудын Хэвлэлийн Консулаас баталсан Ёс зүйн хэм хэмжээ нь энэ талаархи иргэний эрхийг хамгаалсан заалтыг агуулсан байдаг байна.

Иргэдийн хариу өгөх эрхийг ОНРТ хэрэгжүүлэхийн тулд хуулийн холбогдох заалтыг зөв ойлгож тусгахаас гадна бүтэц зохион байгуулалтын хувьд оновчтой шийдлийг олох, түүнчлэн иргэд олон нийтэд хариу өгөх эрхийг нь таниулан ойлгуулж, шаардлагатай үед хэнд хандах вэ гэдгийг мэдүүлэх зорилго бүхий сурталчилгаа, олон нийттэй харилцах ажил зохион байгуулах  нь чухал ач холбогдолтой болов уу. Бүтцийн хувьд ОНРТ-ийн хуулийн дагуу байгуулагдах Өргөдөл шалгах хороо нь иргэдийн хариу өгөх хүсэлтийг хүлээн авч, тухайн хүсэлт нь дээр дурдсан хуулийн заалтуудад нийцэж байгаа эсэхийг хянаж, холбогдох редакц хэлтсүүдэд хуваарилан өгдөг, мөн залруулгыг хууль, дотоод журмын дагуу нэвтрүүлсэн эсэхийг хянаж, шаардлага тавьдаг байвал зохимжтой гэж үзэж байна. Өргөдөл шалгах хорооны үйл ажиллагааны талаар доор өгүүлэх болно.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

ОНРТ арилжааныхнаас ялгарч, хуулийн дагуу хүлээсэн онцгой үүргээ биелүүлэхэд нэгдүгээрт хараат бус байх, хоёрдугаарт олон нийтийн өмнө хариуцлага хүлээх, гуравдугаарт зохих хэмжээний санхүүжилт авах нь чухал хүчин зүйл  болдог. Олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, олон нийтийн эрх ашгийг дээдлэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хөндлөнгөөс хянах хэд хэдэн механизм байдаг байна. Тухайлбал, ОНРТ-д үйл ажиллагааныхаа талаар нийтэд тогтмол ил тод тайлагнахыг хуулиар үүрэг болгодог бөгөөд ингэснээр жирийн иргэд ОНРТ-ийн жилийн тайланг шаардаж авч үзэж танилцах эрхтэй болдог. Олон нийтийн өмнө хариуцлага хүлээлгэх өөр нэг түгээмэл арга нь нийтлэл нэвтрүүлэгтэй холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээж авч шийдвэрлэхийг хуульчлан зааж өгөх явдал. Олон нийтийн радио телевизийн уламжлалтай улс орнуудад санал гомдол хүлээж авах үйл ажиллагааг хэрхэн зохицуулсан байдгийг дор хүснэгтлэн харуулав.[7]

 

 

Франц

Австрали /АВС/

Англи

Япон

Канад

Латви

Гомдол шийдвэрлэх дамжлага

Дотоод Омбудсмен

Австралийн радио, телевизийн Хэрэг Эрхлэх Газар бөгөөд ОНӨН нь мөн олон нийттэй харьцах албатай

Телевиз радиогийн стандартын комисс

Өргөн нэвтрүүлэгт буюу Хүний эрхийн Хороо зэрэг бусад холбогдох байгууллагууд

Гомдол хянах үүрэг бүхий Омбудсмен

Үндэсний Радио Телевиз-ийн Зөвлөл

 ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуулиар олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн техникийн болон мэргэжлийн чанартай холбогдуулан иргэд байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал, харин нэвтрүүлгийн агуулгатай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг Өргөдлийг шалгах хороо шийдвэрлэж байхаар заажээ. ОНРТ-ийн Үндэсний Зөвлөл нь байгуулагдсан даруйдаа Өргөдлийг шалгах хороог байгуулж, иргэд байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмыг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын тухай хуулийг" удирдлага болгон батлах ёстой.

Энэхүү журамд өргөдөл гомдол гаргах эрх, өргөдөл, гомдлын талаар албан тушаалтны хүлээх үүрэг, өргөдөл, гомдол гаргах зарчим, хэлбэр, тавих шаардлага, хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх, хянан үзэх, хянан үзэхгүй байх, буцаах, хариу өгөх хугацаа, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгаж өгөхөөс гадна нэвтрүүлгийн байр суурь буюу улс төрийн үзэл бодлын талаарх маргааны шинжтэй санал гомдлыг авч хэлэлцэхгүй байх үүднээс хүлээж авах санал гомдлын хүрээг маш нарийн тодорхойлох нь зүйтэй юм. Жишээ нь, Австрали улсад зөвхөн телевиз, радио нь өөрийн зорилго, үүргийг биелүүлж чадаагүйтэй холбоотой санал гомдлыг л хүлээн авч хэлэлцдэг байна.

Одоогийн байдлаар Монголын Үндэсний Радиогийн Судалгаа, захидал харилцааны албанд тус радиогийн нэр дээр ирж байгаа бүх захидал төвлөрдөг бөгөөд сонсогчдоос ирж буй захидлыг сэдэв чиглэлээр нь ангилан бүртгэж хэлтэс албадуудад хуваарилах, шийдвэрлүүлэх, хэрхэн шийдвэрлэснийг эргэж мэдээлэх, сар улирлаар тайлан гаргах зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

Захидал тус бүрийн агуулгыг нягталж, Монголын Үндэсний Радиогийн үйл ажиллагаа, нэвтрүүлэгтэй холбоотой асуудлуудыг түүвэрлэн удирдлага, уран бүтээлчдэд ил тодоор тогтмол танилцуулдаг юм. Тус алба нь хоёр хүний орон тоотой бөгөөд 2003 онд 732, 2004 онд 1200, 2005 оны эхний хагас жилийн байдлаар 636 захидал, санал хүсэлт хүлээн аваад байна.

Сонсогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг тоймлон тус радиогийн захиргааны хурал дээр дэлгэрэнгүй танилцуулахаас гадна, нийт сэтгүүлч, уран бүтээлчидэд хэвлэмэл байдлаар танилцуулдаг юм. Мөн түүнчлэн тус алба Монголын Үндэсний Радиогийн үйл ажиллагаа, нэвтрүүлэгтэй холбоотой санал, хүсэлт, гомдол, асуултанд долоо хоногт нэг удаа 10 минутаар нэвтэрдэг “Захидал дуудья” нэвтрүүлгээр дамжуулан хариу өгдөг юм. Ер нь Монголын Үндэсний Радио сонсогчдынхоо захидалд анхааралтай ханддаг олон жилийн туршлагатай байгууллага гэж хэлж болно. 

Иймд цаашид энэ албаны суурин дээр ОНРТ-ийн Өргөдлийг шалгах хороог өргөтгөн зохион байгуулах боломжтой гэж үзэж байна. Монголын Үндэсний Радиогийн Судалгаа, захидал харилцааны алба нь одоогоор дээр дурдсан үүргүүдээс гадна сонсогчдын санал бодлыг тогтмол судлах үүргийг давхар гүйцэтгэж байгаа. Судалгааны шинжлэх ухаанч чанар, итгэл үнэмшлийг хадгалж, судалгааны үр дүнг илүү үр бүтээлтэйгээр нэвтрүүлгийн бодлоготой уялдуулах үүднээс ирээдүйд Өргөдөл шалгах хороо болон судалгааны албыг салангад бие даасан албан нэгжүүд болгон зохион байгуулах нь илүү оновчтой байх мэт санагдаж байна.

Цаашилбал, ОНРТ-ийн ерөнхий бүтэц зохион байгуулалт ямар байхаас шалтгаалаад, өргөдөл шалгах Хороо нь Радио Телевизийн дундын нэгж байх уу, эсхүл тус тусдаа өөрийн гэсэн Өргөдөл шалгах хороотой байх уу гэдгийг шийдэх хэрэгтэй болов уу. Одоогийн Судалгаа, захидал харилцааны албаны ажлын туршлагаас харахад Өргөдөл шалгах хороо нь радио, телевизийг хариуцсан тус тус 2 орон тооны ажилтантай, харъяаллын хувьд захиргааны хэлтэст харъяалагдан ажилладаг байвал зохих болов уу.

Хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчдийг хариуцлагатай байлгахын тулд олон талын цогц арга хэрэгслийг ашиглавал үр дүнтэй байна гэдэг саналыг дээр дурдсан. ОНРТ-д Өргөдөл шалгах хороо байгуулан ажиллуулах, мөн нэвтрүүлэгт иргэдийн хүсэлтээр тайлбар залруулга хийх зэрэг нь ОНРТ-ийн үйлчилгээг чанартай, сэтгүүлчдийг хариуцлагатай байлгах үүднээс хуулиар баталгаажуулсан арга хэрэгсэл юм. Зөвхөн дээрх хоёр арга механизмыг хэрэглэснээр ОНРТ-ийн нэвтрүүлгийн чанар, мэргэжлийн түвшин эрс дээшилнэ гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс төрөөс батлан гаргасан хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс гадна, радио телевизийнхэн өөрсдийн санаачилгаар хариуцлагын дотоод зохицуулалт, арга механизмыг бий болгож ашиглавал ОНРТ илүү хариуцлагатай, нэр хүндтэй, итгэл үнэмшилтэй, иргэд олон нийттэй амьд холбоотой ажилладаг байгууллага болох болов уу хэмээн найдаж байна.

Хариуцлагын дотоод арга хэрэгсэл буюу өөрийн зохицуулалтын хамгийн түгээмэл арга хэрэгсэл нь сэтгүүлчийн ёс зүйн зарчим, түүний хэрэгжилтийг хянадаг байгууллага буюу бидний нэрлэж заншсанаар ёс зүйн \хэвлэлийн\ консул юм. 

Энэхүү илтгэлийг бэлтгэх явцад миний бие Монголын Үндэсний Радио, Телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар бичил санал асуулга явуулсан юм. Санал асуулгын дүнгээс харахад ёс зүйгүй, хариуцлагагүй байдал нь эргээд бидний /сэтгүүлч, уран бүтээлчид/ ажил, нэр хүнд, итгэл үнэмшилд муугаар нөлөөлнө гэдэг дээр нийт уран бүтээлчид нэгдмэл саналтай байлаа. Гэвч нэгэн түгшүүртэй зүйл бол, санал асуулгад оролцсон сэтгүүлчдийн 62.3 хувь нь ОНРТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчид цаашид ёс зүйтэй байж чадна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. ОНРТ-ийн сэтгүүлчдийг ажил үүргээ мэргэжлийн ёс зүйн үүднээс хариуцлагатай гүйцэтгэдэг болгохын тулд цалин хангамжийг нэмэх /86.2 хувь/, сэтгүүлч, уран бүтээлчдийн боловсролыг ахиулах /76.9 хувь/, мэргэжлийн ёс зүйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх /38.5 хувь/ нь нэн тэргүүнд шаардлагатай гэж үзэж байна.

Санал асуулгад оролцсон Монголын Үндэсний Радио, Телевизийн уран бүтээлчидийн 43.8 хувь нь Монголын нийт сэтгүүлчдэд хамаатай нийтлэг ёс зүйн дүрэмтэй байх нь зохимжтой гэж үзэж байгаа ч бас төдий хэмжээний сэтгүүлчид радио, телевиз өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй байх шаардлагатай гэж үзэж байна. Ёс зүйн дүрэм байгаад нэмэргүй, ажил хийхэд бас нэг саад тотгор нэмэгдэнэ гэж бодож байгаа сэтгүүлчид ч бас цөөнгүй байсныг дурдах хэрэгтэй болов уу. Хэрэв ёс зүйн дүрэмтэй болчихвол хөдөлмөрийн гэрээний нэг хэсэг болгож хэрэгжүүлбэл зохимжтой хэмээн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь үзжээ. Радио телевизийн сэтгүүлчдийн 33.1 хувь нь өөрийн гэсэн Ёс зүйн хороо байгуулах нь зохимжтой гэж үзэж байна. Гэвч Монголын Үндэсний Радио, Телевизийн сэтгүүлчдийн дөнгөж 6.2 хувь нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар маш сайн ойлголттой байгаа бөгөөд 55.4 хувь нь ерөнхийд нь мэддэг, харин 38.5 хувь нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар сонсож л байсан болохоос сайн ойлголтгүй байна гэжээ.

Сүүлийн үед Монголд олон байгууллага өөрийн ёс зүйн дүрэмтэй болж, МСНЭ “Сэтгүүлчийн ёс зүйн зарчим”-ийг батлан гаргасан. МСНЭ-ээс батлан гаргасан “Сэтгүүлчийн ёс зүйн зарчим” ОНРТ-ийн сэтгүүлчид ч хамаатай. Гагцхүү эдгээр ёс зүйн зарчмын хэрэгжилтийг хянаж, хариуцлага тооцдог ямар нэгэн хараат бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн байгууллага /Ёс зүйн хороо/ одоог хүртэл байгуулагдаагүй байгаа тул дээрх зарчмууд нь тунхаглалын шинжтэй байсаар байна.

Нэгэнт ОНРТ-ийн хууль хэрэгжиж, сэтгүүлчид нь хуулийн өмнө хүлээсэн тусгай үүрэг хариуцлагаа биелүүлэх шаардлагатай болоод байгаа учир Монголын нийт сэтгүүлчдийн хүлээн зөвшөөрсөн хараат бус ёс зүйн хороо байгуулагдахыг хүлээн суух бас боломгүй байна. ОНРТ Монголын хэвлэл мэдээллийн ертөнцөд үлгэр жишээ болж, хуулийн өмнө хүлээсэн тусгай үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлье гэвэл өөрийн үйл ажиллагааны онцлогтоо тохируулсан мэргэжлийн ёс зүйн зарчим баталж, түүнийгээ хэрэгжүүлэх байнгын ажиллагаатай ёс зүйн хороог дэргэдээ байгуулах нь зүйтэй болов уу.

Бусад орны жишгээс харахад, мэргэжлийн ёс зүйн зарчмыг нэлээд олон оронд сэтгүүлчид нь өөрсдөө боловсруулж баталдаг боловч энэ нь тийм ч оновчтой хувилбар биш аж. Учир нь мэрэгжлийн ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн эзэмшигч, удирдлага, уран бүтээлч сэтгүүлчид нийтээрээ харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрөлцсөн байх тохиолдолд тэдгээр зарчмууд нь амьдралд хэрэгжих бодит боломжтой болдог байна. Энэ жишгээр тухайлбал Белги, Грек, Норвег, Польш, Швед зэрэг орнуудад хэвлэл мэдээллийн эзэд болон сэтгүүлчид нь хамтран хүлээн зөвшөөрсөн ёс зүйн кодтой байдаг аж.

ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуулийн дагуу Үндэсний Зөвлөл нь олон нийтийн радио телевизийн дүрэм болон тэнд ажиллагсадын ёс зүйн дүрмийг баталж, нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Ёс зүйн дүрэм нь хэл найруулга, томъёоллын хувьд ерөнхий тунхаг чанартай бус, харин сэтгүүлч, уран бүтээлчдийн өдөр тутмын ажилд удирдамж болж чадахуйц тодорхой, бодит амьдралд хэрэгжих боломжтой байх нь түүний хэрэгжилтэд шууд нөлөөлнө гэж үзэж байна. Тухайлбал “Сэтгүүлч хүн зөвхөн үнэнийг эрхэмлэнэ“ гэдэг нийтлэг зарчмыг өдөр тутмын ажилд хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх вэ? ХБНГУ-ын хэвлэлийн ёс зүйн кодонд “Үнэнийг эрхэмлэх” зарчмыг нэмэлт заалтуудаар тодруулж өгсөн байдаг. Тухайлбал үнэн бодит мэдээллийг нийтэд түгээхийн тулд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэдээллийг монопольчилж, аливаа үйл явдал, мэдээллийн эх сурвалжийг гэрээний үндсэн дээр дангаар эзэмшихийг цээрлэнэ, албан байгууллагаас ирсэн хэвлэлийн мэдээг түгээхдээ эх сурвалжийг нь тодорхой заана, бэлэгдлийн чанартай эсхүл архивын зураг дүрс ашиглавал түүнийгээ “архивын” эсхүл “бэлэгдлийн” зураг хэмээн нийтэд таниулна гэх мэт.  Ёс зүйн зарчмыг ийнхүү сэтгүүлчийн өдөр тутмын ажилтай уялдуулж, нарийвчлан тодорхойлох нь нэг талаар тухайн зарчмыг аливаа дээд удирдлагаас мушгин гуйвуулж буруугаар ашиглахгүй байх, нөгөөтэйгээр сэтгүүлч хүнд ёс зүйтэй байхын тулд чухам яг ямар үйлдлийг цээрлэж юуг эрхэмлэх вэ гэдгийн талаар тодорхой ойлголт өгөх ач холбогдолтой. Цаашилбал сэтгүүлчийн өдөр тутмын ажилтай уялдаа бүхий тодорхой дүрэм нь алдаа гаргасан эсэхийг хянаж, хариуцлага тооцоход ч дөхөмтэй байх мэт санагдаж байна.

ОНРТ-ийн Удирдах Зөвлөл нь тус радио телевизийн ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн дүрмийн төслийг мэргэжлийн судлаачдын зөвлөмж дэмжлэгт үндэслэн боловсруулж, нийт уран бүтээлчид болон удирдах ажилтнуудын дунд хэлэлцүүлж байж батлах нь зүйтэй болов уу.

Ёс зүйн дүрэм, зарчим батлагдсан өдрөөс л эхлэн сэтгүүлчид маань ёс зүйтэй сэтгүүлчид болчихгүй нь тодорхой! Судлаачид ч сэтгүүлчийн ёс зүйн зарчмууд амьдралд тэр бүр биелэлээ олж мөрдөгдөж чаддаггүй бөгөөд голдуу эрхэм дээд тунхаглалын чанартай үлддэг талаар олонтаа тэмдэглэсэн байдаг.[8]  Дээр дурдсанчлан, мэргэжлийн ёс зүйн дүрмийг оновчтой боловсруулж томъёолохын зэрэгцээ тэрхүү дүрмийн хэрэгжилтийг нэг талаар идэвхтэй хянаж, нөгөө талаар хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл, орчныг бий болгохын төлөө үйл ажиллагаа явуулдаг ёс зүйн Хороо байгуулах нь чухал. /Энэхүү ёс зүйн хороог Монголд Хэвлэлийн консул, Мэргэжлийн ёс зүйн зөвлөл, Хэвлэлийн цэц гэх мэт янз бүрээр нэрлэж ирсэн бөгөөд илтгэлд цаашид Ёс зүйн хороо гэдгээр явья/.

Илтгэлийг бэлтгэх явцад Монголын Үндэсний Радио, Телевизийн сэтгүүлч, уран бүтээлчидийн дунд санал асуулга явуулсныг дээр дурдсан билээ. Санал асуулгад оролцогчид, орон тооны бус /44.2 хувь/ мөртлөө өөрийн санаачилга дээр тулгуурлан, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг /52.7 хувь/ Ёс зүйн хороотой байх хэрэгтэй хэмээн үзэж байна. Гэвч бас Ёс зүйн хороо шаардлагагүй /8.5 хувь/, сэтгүүлчдийг шүүх, дарамт үзүүлэх байгууллага байх хэрэггүй хэмээн үзэж байгаа сэтгүүлчид ч бас байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.

Ёс зүйн хорооноос ийн болгоомжлох нь зөвхөн Монголд ч тохиолдож байгаа бус, ялангуяа хуучин социалист орнуудад ёс зүйн хороонд үл итгэх, болгоомжлох байдал ажиглагдаж байжээ.[9]

Ер нь бол Ёс зүйн хороо нь хэвлэл мэдээллийн хариуцлага, нийтлэл нэвтрүүлгийн чанарыг баталгаажуулах олон арга хэрэгслээс хамгийн үр дүнтэй нь байж болно гэж судлаачид үздэг аж.[10]  

Учир нь мэдээллийн харилцаанд оролцож байгаа гол субьектуудыг, тухайлбал мэдээллийн хэрэгслийн эзэмшигч/удирдлага, уран бүтээлчид болон хэрэглэгчдийг ёс зүйн Хороо хамруулж чаддаг. Францын Хэвлэлийн Хүрээлэнгийн профессор, судлаач Клод-Жан Бертрандын “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба хариуцлагын систем” бүтээлээс үзэхэд, ёс зүйн Хороо нь үр бүтээлтэй ажиллаж, нэвтрүүлгийн чанарт мэдэгдэхүйц нөлөөлөхийн тулд дараах зүйлсийг анхаарвал зохих аж:

Нэгдүгээрт, өргөн цар хүрээтэй ажлыг түргэн шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээний санхүүжилттэй байх, санхүүжилтийг аль нэг дан ганц эх үүсвэрээс биш, бололцооны хэрээр олон эх сурвалжаас авах.

Хоёрдугаарт, үйл ажиллагаагаа зөвхөн иргэдийн санал гомдлыг шийдвэрлэх ажлаар хязгаарлахгүй байх, идэвхтэй ажиглалт хийх, сургалт явуулах, судалгаа ашиглах, ёс зүйн алдаа дутагдлыг уран бүтээлчдэд ойлгуулж мэдрүүлэх гэх мэтээр өргөн цар хүрээтэй ажил явуулах

Гуравдугаарт, олон нийтэд өөрийнхөө үйл ажиллагаа, үүрэг функцийг маш сайн таниулан сурталчилах, олон нийтийн итгэл үнэмшил, дэмжлэгийг олж авах.

Дөрөвдүгээрт, орон нутгийн болон бүсийн хэмжээнд ажиллах салбар сүлжээ байгуулж, хамтран ажиллах.

Бусад улс орны жишээнээс харахад, Ёс зүйн Хороо үр бүтээлтэй ажиллахын нэг чухал нөхцөл нь алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцох арга механизм нь боловсронгуй бөгөөд үр дүнтэй байх явдал аж. ХБНГУ-ын Хэвлэлийн Консулыг салбар дотроо “Шүдгүй бар” хэмээн нэрлэх нь түгээмэл.  Үүний шалтгаан нь хариуцлага тооцох арга хэрэгсэл нь сануулга өгөх, сайн дурын үндсэн дээр залруулга хийхээс хэтэрдэггүй учир төдийлөн үр дүнтэй байж чаддагүйтэй холбоотой аж.

ОНРТ-ийн дэргэд ёс зүйн хороо байгуулахад дээрх санал, дүгнэлтийг харгалзан үзвэл үйл ажиллагаанд нь нэмэртэй байх болов уу. Үүний тулд Ёс зүйн хороо нь бүтцийн хувьд орон тооны 1-2 туслах ажилтантай бусад гишүүд орон тооны бус байж болох бөгөөд байнгын үйл ажиллагаа явуулдаг, судалгааны албан нэгж болон өргөдөл шалгах хороотой нягт хамтран ажилладаг байх хэрэгтэй болно. Монголын Үндэсний Радио, Телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчид, хэрвээ Ёс зүйн хороо байгуулвал бидний ажлын нарийн технологи, сэтгүүлч, уран бүтээлчдийн ажлын онцлогийг мэддэг хүмүүс, болон өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд сэтгүүлчдийг энэхүү хорооны бүрэлдэхүүнд түлхүү оруулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан юм. Харин энэ хувилбарт хуулийн сайн зөвлөгч байх хэрэгтэй юм.

Цаашилбал, ёс зүйн хороог байгуулахад өөр хэд хэдэн зүйлийг анхаарч үзэх нь зүйтэй. Үүнд: Ёс зүйн хорооны гишүүн хэн байх нь тодорхой байх ёстой, ёс зүйн хорооны шийдвэр улс төр, эдийн засгийн сонирхлоос ангид байх механизм, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг эн тэргүүнд тавих гэх мэт.

Ёс зүйн алдаа гаргасан, хариуцлага алдсан сэтгүүлчид Ёс зүйн хороо шат дараалсан хариуцлага тооцож байх болно. Шат дараалсан хариуцлагад: зөвлөх, залруулах, анхааруулж сануулга өгөх, торгох, эрх хасах гэх мэт хариуцлага хүлээлгэж болно. Нөгөө талаар “шүдгүй бар”-ын туршлагыг дахин давтахгүйн үүднээс ОНРТ-ийн сэтгүүлчдийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг /зарчим, код/ -ыг Хөдөлмөрийн гэрээний нэг хэсэг болгон мөрдөж ч болох юм.  Ёс зүйн зарчмаа хэд хэдэн удаа зөрчвөл Ёс зүйн Хорооны зөвлөмжийг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байвал Ёс зүйн хорооны үйл ажиллагаа харьцангүй үр дүнтэй байж болно.

Ёс зүйн хороо нь дээрх зарчим, бусад орны туршлага сургамжийг үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэхийн тулд өөрийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулж, дагаж мөрдөнө. Энэхүү баримт бичгийг Ёс зүйн дүрмийн нэгэн адил телевизийн нийт сэтгүүлч, уран бүтээлчид болон удирдлагуудын дунд хэлэлцүүлж батлах нь зохимжтой юм.

Урьд өмнө нь Ёс зүйн хороог байгуулан ажиллаж байсан туршлага Монголын Үндэсний Радио, Телевизэд байхгүй тул эхний ээлжинд сэтгүүлч, уран бүтээлчид, удирдалгыг хамруулсан сургалт хийх зайлшгүй шаардлагатай. Мөн нөгөө талаас Хэвлэлийн консул, Ёс зүйн хороо байгуулан амжилттай ажиллаж байгаа гадаад орны ижил төрлийн байгууллагаас мэргэжилтэн урьж ажилуулах, туршлага солилцуулах нь зүйтэй юм.

ДҮГНЭЛТ

Цаашид авах арга хэмжээ

ОНРТ нэвтрүүлгийн чанар, сэтгүүлчдийн хариуцлагатай холбоо бүхий үүргээ биелүүлж, хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах дүрэм журмыг боловсруулж, бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүнд:

Бүтэц зохион байгуулалтын хувьд

  • Өргөдөл шалгах хороо: Монголын Үндэсний Радиогийн бүтцэд байгаа Судалгаа, захидал харилцааны албаны суурин дээр Өргөдлийг шалгах хороог байгуулах боломжтой. Өргөдөл шалгах хороо нь ОНРТ-ийн ерөнхий бүтэц зохион байгуулалтаас шалтгаалан радио телевизийн аль алиныг нь хариуцан хамардаг байх боломжтой боловч орон тооны ажилтнууд нь радио болон телевизийн аль нэгээр нь дагнан ажилладаг байвал зохино.
  • Ёс зүйн хороо: ОНРТ-ийн дэргэд өөрийн гэсэн бие даасан байнгын ажиллагаатай Ёс зүйн хороо байгуулах. Энэхүү хороог ОНРТ-н дэргэд Монголын Үндэсний Радио, Телевизийн нийт сэтгүүлч, уран бүтээлчид болон удирдлагын төлөөлөлөөс бүрдсэн, орон тооны туслах ажилтнуудтай, зөвхөн санал гомдол дээр тулгуурлан ажиллах бус илүү идэвхтэй, өргөн цар хүрээний үйл ажиллагаа явуулдаг байх нь зохимжтой гэж үзэж байна.
  • Сургалт: Урьд өмнө нь Ёс зүйн хороог байгуулан ажиллаж байсан туршлага Монголын Үндэсний Радио, Телевизэд байхгүй тул эхний ээлжинд сэтгүүлч, уран бүтээлчид, удирдлагыг хамруулсан сургалт хийх зайлшгүй шаардлагатай. Мөн нөгөө талаас Хэвлэлийн консул, Ёс зүйн хороо байгуулан амжилттай ажиллаж байгаа гадаад орны ижил төрлийн байгууллагаас мэргэжилтэн урьж ажилуулах, туршлага солилцуулах нь зүйтэй юм. Ер нь ОНРТ нийт уран бүтээлчдийнхээ мэдлэг мэргэжлийг тогтмол, системтэйгээр дээшлүүлж байх үүднээс өөрийн гэсэн сургалтын албатай байхыг ч үгүйсгэхгүй.

Шинээр боловсруулах баримт бичгийн хувьд:

Санал гомдол шийдвэрлэх журам: Олон нийтийн радио, телевизэд иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын тухай хуулийг удирдлага болгон батлах ёстой. Энэхүү журамд өргөдөл гомдол гаргах эрх, өргөдөл, гомдлын талаар албан тушаалтны хүлээх үүрэг, өргөдөл, гомдол гаргах зарчим, хэлбэр, тавих шаардлага, хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх, хянан үзэх, хянан үзэхгүй байх, буцаах, хариу өгөх хугацаа, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, журам зөрчигдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгаж өгөхөөс гадна нэвтрүүлгийн байр суурь буюу улс төрийн үзэл бодлын талаархи маргааны шинжтэй санал гомдлыг авч хэлэлцэхгүй байх үүднээс хүлээж авах санал гомдлын хүрээг маш нарийн тодорхойлох нь зүйтэй юм.

Түүнчлэн энэхүү журманд иргэдийн хариу өгөх эрхийг хэрхэн хэрэгжүүлэх заалтуудыг тусгаж өгч болох вм. Тухайлбал, залруулгыг эхний хүсэлтээр мэдээлэхгүй, эсхүл мэдээлэхээс татгалзсан тохиолдол, мөн залруулгатай холбоотой санал гомдолд ахин залруулга хийх эсэх, хийвэл хэрхэн хийх, үзэл бодлын шинжтэй мэдээлэлд залруулга хийх эсэх, залруулгын хэмжээ, хуульд заасан залруулга өгөх хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хэрхэн зохицуулах гэх мэт.

Мэргэжлийн ёс зүйн дүрэм: Сэтгүүлч уран бүтээлч, удирдах ажилтнуудын нийтээр хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн ёс зүйн дүрэм боловсруулж батлах шаардлагатай. Энэхүү дүрмийг сэтгүүлчдийн өдөр тутмын ажилтай уялдуулан, тэдэнд удирдамж болж чадахуйц тодорхой боловсруулах нь зүйтэй болов уу. Ингэхийн тулд дүрмийн төслийг мэргэжилтэн, судлаачдын тусламжтайгаар боловсруулж, нийт уран бүтээлч, удирдах ажилтнуудаар хэлэлцүүлэх нь зөв гэж үзэж байна.

Ёс зүйн хорооны дүрэм: Ёс зүйн хорооны гишүүд нь эрх мэдлээ гуйвуулах, хэтрүүлэн ашиглахаас сэргийлэх, нөгөө талаар  ёс зүйн хорооны үйл ажиллагааг илүү үр дүнтэйгээр зохион байгуулахын тулд бусад орны туршлага, сургамжийг харгалзан Ёс зүйн хорооны дүрэм боловсруулах шаардлагатай.

Бусад арга хэрэгсэл

  • Хэвлэл мэдээллийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд өргөн цар хүрээний арга хэрэгслийг цогцоор нь ашиглавал илүү үр дүнтэй байх болно. Үүний тулд:

- Үзэгч, сонсогчид нь программын дарга, хариуцлагатай редакторуудад шууд хандаж санал хүсэлтээ тавих боломж олгодог тогтмол, шууд нэвтрүүлэгтэй байх

- Байгууллагын уран бүтээлч, сэтгүүлчид болон удирдлагууд иргэдтэй шууд харьцах боломж гаргах үзэгч сонсогчидтой хийх уулзалтууд

- Үзэгч сонсогчдын дунд тогтмол судалгаа явуулж нэвтрүүлгээ үнэлүүлж байх

- Нэвтрүүлэгт гаргасан алдааг дахин давтахгүйн тулд бүртгэж, уран бүтээлчдэд түгээж байх,

- Үзэгч сонсогчдын санал хүсэлтийг нээлттэй хүлээн авах боломжийг өргөтгөхийн тулд онлайн шугам нээх /Интернет, эсвэл утас/

- Сэтгүүл зүйн чанартай бүтээл болон хариуцлагатай сэтгүүлчийг шалгаруулж шагнал урамшуулал өгч байх

- Хэвлэл мэдээллийн судалгааг хөгжүүлэх зэргийг цаашдынхаа бодлогод тусгаж ажиллахыг санал болгож байна.

УЛААНБААТАР ХОТ

2005-10-05

 

Т.Батзориг


[1]   Төрийн мэдээлэл сэтгүүл.“Олон нийтийн радио, телевизийн тухай” Монгол Улсын хууль. 2005 он ¹8 /389/ Улаанбаатар хот

[2] Media Accountability Systems

[3] Монгол Улсын Иргэний хуулийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ гутаагдсан гэж үзвэл уг мэдээг няцаалгах, ийнхүү гутаагдсанаас учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”

[4]   Д.Гантуг, Ч. Энхтуяа “Хэвлэл яагаад шарладаг вэ?” судалгааны тайлан. 1999 он. Улаанбаатар хот

[5]   Ц.Онон. “Сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт”. 2004 он. Улаанбаатар хот

[6]   АНУ-ын элчин сайдын яам, Пакт Монгол, Хэвлэлийн Хүрээлэн. Монгол дахь мэдээллийн эрх чөлөө. Судалгааны тайлан товхимол. Улаанбаатар хот. 2004 он

[7] 19-р зүйл байгууллага. Олон нийтийн өргөн нэвтрүүлэг. /Харьцуулсан судалгаа/ Улаанбаатар 2004

[8] Ц. Онон. Сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт. Судалгааны тайлан хуудас17

М.Мөнхмандах. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба хариуцлага. /илтгэл/ 2005 оны Y сар.

[9] Claude-Jean Bertrand, Media Ethics and Accountability Systems, New Brunswick (NJ), 2000

[10] Claude-Jean Bertrand, Media Ethics and Accountability Systems, New Brunswick (NJ), 2000

Нийтэлсэн: Т.Батзориг

Иргэдийн хариу өгөх эрх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт  
Үзсэн: 1825 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй