XIII жарны эхэн үе, одоогоос 295 гаруй жилийн өмнө Монголд цагийн хүрдний номлол сургаалыг дэлгэрүүлж дацан, зан үйлийг байгуулахад голлон зүтгэсэн хүн бол Монголын IV Богд Жавзандамба Лувсантундэвванчугжигмэджамц юм.
IV Богд Бурханы шашин ялангуяа Цагийн хүрдний номлолыг нийт Монголчуудад дэлгэрүүлэх зорилгоор Цаст Төвөдийн орныг зорьж Лхаст Далай лам, Банчэн богд нарт айлтгал соёрхлыг олсон байдаг. Ийнхүү 1805 онд IV Богд буцаж ирээд Их хүрээнд Дуйнхорын уншлага, Сагар Чогарыг дэглэж, 1806 онд гурван давхар Дүйнхор дацанг шинээр байгуулж Дэчингалавгундчээвийловрон хэмээх нэр хайрлажээ.
Мөн энэ онд Дүйнхорын аймгийн лам хувраг шавь нараар Сагар, Чогар эхлэн байгуулж Дүйнхорын бүрэн ном уншлагыг гуч гаруй лам нараар цээжлүүлэн, Төвөдийн Гачэн Лувсаншарав, гавж Ишдондов хоёрыг цагийн хүрдний номлолын цогломд босгож байжээ. Дүйнхорын дүлцон жинхорыг бүрэн гүйцэд бүтээгээд дүлцонгийнхоо шороог Туулын Хар усан тохой хэмээх гүн усанд залсан байна. Дүйнхор дацангийн дуган барих ажлыг Эрдэнэ шанзав Дамчойравжай биечлэн удирдан дуган барих газар Дашсожин номыг хуруулж байжээ. Сайн ноён хан тэргүүтэн зарим ноёд Дүйнхор дацан барих ажилд өглөгийн эзэд болж байв.
Дүйнхор дацангийн нээлтэд IV Богд, Ёнзон хамба Лувсангэндэн, Хан номун хан Жанчивдорж, Ялгуусан номун хан Рэнчиндорж, Эрдэнэ шанзав Дамчойравжай, Да лам Лувсанжамба, Да лам Цэцэн тойн Гомбожав, цогчэн дөрвөн гэсгүй зэрэг эрхэм тушаалтан лам нарын зэрэгцээ 100 гаруй лам нар оролцож Богдын сангаас хэрэглэл зүйлсийг гарган зарим урчуудыг шагнасан байна.
Ингэж Дүйнхорын номлол өргөжин дэлгэрэхийн сацуу тухайн чиглэлийн эрдэм ухааныг төгс эзэмшсэн олон эрдэмтэн лам нар олноор гарч Дүйнхорын авшгийг сүсэгтэн олонд тавьдаг уламжлал тогтжээ.
XX зууны эхээр Бизьяагийн их ламтан Дамдинсүрэн гавж, Бэйсийн хошууны Лагшин хувилгаан Агваанпрэнлэйжамц, Зава Дамдин гавж, Угалзын лам Лувсанжамц аграмба, Боржигоны Зуун чойрын дэмч лам Хайнзанхошуу зэрэг эрдэмтэн лам нар олон шавь нарт Дүйнхорын авшиг хүртээж байжээ.
1938 оноос хойш Монголд Дүйнхорын хурал, авшиг тавих уламжлалт ёс хоригдож үгүй болсон хэдий ч 1944 онд дахин сэргэсэн Гандан хийд 1966 оноос Дүйнхорын хурлыг сэргээн хурж эхэлсэн байна. Түүнээс хойш 1992 онд Дүйнхорын уламжлалыг хадгалж байсан Д.Данзан, Н.Сэрээтэр гуай нар Далай багш болон Гандан хийдийн шууд дэмжлэгээр шинээр дацан байгуулж лам нараа бэлтгэн хурал номоо бүрэн хурж эхэлсэн түүхтэй. Түүнчлэн 1995 оны 8 дугаар сард Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Монголд заларч олон нийтэд Дүйнхорын авшгийг түгээн хайрласан нь Монголын шашин номын түүхэнд гарсан онцгой үйл явдал болсон байна.
Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг
Монголд "Цагийн хүрдний номлол" дэлгэрсэн нь | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: