Шууд Chart

Монгол шагайн харвааны “Шведийн цом-2025” тэмцээн боллоо

2025-12-30 13:57:14

Умард Европын Скандинавын хойгт орших Нордикийн нийслэл хэмээгддэг Шведийн Хаант Улсын Стокхольм хотноо Монгол түмний эртнээс өвлөж ирсэн соёлын хосгүй өв шагайн харваа, шагайн нумт харвааны уянгалаг эгшиг, эв нэгдлийн дуулал хоёр өдрийн турш цуурайтлаа.

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа ЭСЯ-ны нэрэмжит Монгол Үндэсний Шагайн харваан болон Нумт харвааны Шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээн Стокгольм хотноо амжилттай явагдаж шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээнд Шагайн харваан төрлөөр Европын 10 улсын 12 багийн 100 гаруй харваач, Нумт харваан төрөлд гурван улсын долоон багийн 50 гаруй харваач онч мэргэнээ сорин өрсөлдлөө.

Шагайн харвааны багийн төрөлд тэргүүн байр, цомын эзнээр Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ю.Мөнхтөр ахлагчтай Франц улсын “Чандмань” бол баг шалгарсан бол дэд байрт Аймгийн гоц мэргэн Д.Отгонбаатар ахлагчтай Швед улсын “Мэргэчүүд” баг, гуравдугаар байрт Монгол Улсын Дархан мэргэн Б.Баатарбат ахлагчтай Франц улсын “Маршалын Мэргэчүүд” баг тодорлоо.

Хувийн цуваа харваанд Аймгийн гоц мэргэн Д.Чинзүрх /Франц/ түрүүлж, Монгол Улсын Мэргэн Б.Батзориг /Швейцарь/ болон залуу харваач Б. Мөнхбат /Унгар/ нар удааллаа.

Тэгвэл Шведийн Хаант Улс дахь Элчин Сайдын Яамны нэрэмжит Цомын төлөөх тэмцээний Шагайн Нумт харвааны тэмцээнд 50 гаруй харваач оролцож тойргийн журмаар тоглож өндөрлөсөн.

Ингээд Алтан медаль, цомын эзнээр Бeльги улсын Д.Мягмарсүрэн ахлагчтай "Онч" баг шалгарч Швед улсын С.Энхмандал ахлагчтай "Хийморь" баг, Швед улсын Д.Амаржаргал ахлагчтай "Дөл" баг тус тус удааллаа.

Цуваа харваанд тэргүүн байрыг Швед улсын “Дөл” багийн харваач Ц.Ариунжаргал эзэлж, дэд байрт Бeльги улсын “Очир” багийн харваач Монгол Улсын Харьшгүй мэргэн Ч.Мөнхбаатар, гуравдугаар байрт мөн Бeльги улсын “Онч” багийн харваач Б.Золзаяа шалгарч медалийн эзэн болжээ.

Бэлтгэсэн: Р. Хишиг-Алдар
Швед. Стокхольм

Нийтэлсэн: Р.Слава

Монгол шагайн харвааны “Шведийн цом-2025” тэмцээн боллоо  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй