Шууд Chart

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

2025-09-25 17:21:31

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж буй.

Эдгээрийн нэг нь “Шинэ тойрог авто зам” төсөл юм. Уг төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй тендерийг зарласан. Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг БНХАУ-ын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байна. Тус ажлын үйл явц 80 хувьтай байна.

ТЭЗҮ-ийн хүрээнд инженер геологи, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, ус зүйн урьдчилсан судалгаа, трассын дагууд 1:500 масштабтай байр зүйн зураглал зэрэг зураг төслийн суурь ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн авто замын трасс төлөвлөлт, хучилт, гүүр хоолой, уулзвар огтлолцол, инженерийн шугам сүлжээ зэрэг ТЭЗҮ-ийн дунд шатны ажлууд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 

“Хоёрдугаар тойрог зам” төсөл бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар бууруулна гэж тооцоолж буй.

Энэхүү замын трасс нь хотын захын бүсийг хамрах бөгөөд дэд төвүүдийг холбох хоёр чиглэлтэй маршрутаар хэрэгжихээр төлөвлөгдсөн.

  • Баруун чиглэлийн маршрут нь 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч, Баянхошууны уулзварт хүрч нэгдүгээр тойрог замтай холбогдоно.
  • Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэст нь Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн. Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын бүсүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх ач холбогдолтой.

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй