Шууд Chart

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа

2025-12-30 14:02:46

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан үр дүнгээ дүгнэж, 2026 оны шинэ төлөвлөгөө, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргалаа. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 8575 айлын орон сууц барихаар бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг хийж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай. Тойрог замын тендерийг зарлахаар бэлтгэж байна. Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийг зарласан. Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулж, төслийн нийт ажил 54 хувьтай үргэлжилж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц, Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих түншлэгчтэй гэрээ байгуулж, бичиг цаасны ажлууд цэгцэрлээ. 2026 оныг Улаанбаатар хот “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулагчдаа дэмжиж байж хамтдаа хөгжинө. Үүний тулд хамгийн түрүүнд зөвшөөрөл, бичиг баримт өгдөг газрууд, эрчим хүч, ус, дулаан хангамжаар хангадаг байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлнө. Нэг хорооны хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ” гэдгийг онцоллоо. 


Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй