Шууд Chart

Э.Мөнгөнчимэг: Миний хувьд мэргэжлийн дуугаа дуулж байж, суурь сайн байна гэж боддог

2025-11-04 12:09:54

Удахгүй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа дуучин Э.Мөнгөнчимэгийг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Тун удахгүй  бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолт ямар онцлогтой болох  талаар яриагаа эхэлье?

-11 дүгээр сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд “Хулан хонгор” нэртэй тоглолтоо хийнэ. Тоглолтод хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг мэргэжлийн дуунууд дуулагдана. Төгсгөлийн хэсэгт морины тухай дуунууд дуулагдана. Мэргэжлийн дуу дуулах, морины дуу дуулах асар их ялгаатай байдаг учраас тоглолтоо хоёр хэсэгтэй болгосон. Тоглолтын 80 хувь нь морины тухай дуунууд дуулагдана.

“Зүрхэнд мөнхөрсөн аялгуу”-д оролцож “Хулан хонгор” дуулсан. Энэ маань үзэгч сонсогчид маш сайн хүрсэн

-Тоглолтоо яагаад “Хулан хонгор “дуугаар нэрлэсэн бэ?

-Мэргэжлийн дуучин болоод 18 жил болсон байна.  Н.Жанцанноров багшийн “Тогосоо цагаан овоо” дууг 2019 онд дуулсан. Энэ дууг дуулаад урлагийн дунд танигдсан. Үүний дараа  “Хулан хонгор” дууг дуулаад олон танигдсан учраас энэ дуугаар нэрлэсэн. Одоо Мөнгөнчимэг нэр байхгүй “Хулан хонгор” дуугаар нэрлэгдээд явж байна.  /Инээв/

Ер нь ямар ч төрлийн дуу дуулах хэцүү. Эцэг эхээс заяасан хоолойгоо ашиглаад багшаасаа сурсан зүйлээ хослуулаад зохицуулж дуулах гээд хичээгээд явж байна. Аливаа зүйл шат дараатай байдаг. Нэг өдөр гэнэт гарч ирээгүй. Н.Жанцанноров багшийнхаа хэд хэдэн дууг дуулсан. Бага багаар ахисаар байж олон түмэнд танигдсан даа. “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу”-д оролцож “Хулан хонгор” дуулсан. Энэ маань үзэгч сонсогчид маш сайн хүрсэн. 2023 оны цагаан сараар МҮОНРТ-ээр найман дуутай контент хийсэн байгаа.

Энэ удаан уран бүтээлийн тоглолтод өөрөө уран бүтээлчид оролцож байгаа юу?

-Хоёр дахь бие даасан уран бүтээлийн тоглолтод урилгаар дуучид оролцоно. Ардын жүжигчин Г.Батбаяр, УГЗ Пүрэвсүрэн МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Л. Банзрагч нар оролцож байгаа. Мөн “Бэсэргэнэ бүжгийн нэгтгэл” болон бүжгийн хамтлагууд оролцоно.

-Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Бүрэн хангагдсан. Энэ тоглолтоо жилийн өмнөөс төлөвлөсөн. Бага багаар бэлдэж эхэлсэн. Тоглолтыг нэг өдөр хийдэг зүйл биш. Тоглолтынхоо бүх зүйлийг би өөрөө гардаж хийж байгаа. Хамгийн анхны уран бүтээлийн тоглолтоо хаврын улиралд хийж байсан. Энэ жилийн хувьд улирлаа өөрчилж, намрын улирлыг сонгосон. Намрын улирал гоё. Тариа будаа ургаж, бүх зүйл сайхан дүүрэн байдаг.

-Та ямар улиралд дуртай вэ?

-Зун, намрын улиралд дуртай. Зуны улирал үнэхээр гоё шүү.

-Таны уран бүтээлд ихэвчлэн ямар төрлийн дуунууд зонхилдог вэ?

-Морины тухай аав ээж, нутаг усны тухай дуунууд зонхилдог. Мөн мэргэжлийн дуунууд бий.

Сайн багшийн удирдлага дор сурч төгссөн учраас урлагийн тогоонд чанагдаад явж байна

“Хулан хонгор” дууны хувьд нэлээд маргаан бий болоод байсан. Ер нь дууг дуулахдаа дуучнаас зөвшөөрөл авах ёстой байдаг уу?

 -Аливаа дууг дуучнаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин зохиогчоос нь зөвшөөрөл авч дуулдаг. Миний хувьд хөгжмийн зохиолчоос асууж байж дуулдаг.

-СУИС-ийг хэдэн онд төгссөн бэ?

СУИС-ийг 2011 онд МУГЖ, ардын багш О.Ичинхорлоо багшийн удирдлага дор Дуурийн гоцлон дуучин мэргэжлээр төгссөн. Сайн багшийн удирдлага дор сурч төгссөн учраас урлагийн тогоонд чанагдаад явж байна. Манай багш үнэхээр мундаг дуучин.

-Дуурийн дуучин мэргэжлээр төгсөж байгаа дуучид ихэвчлэн зохиолын дуу дуулдаг. Таны хувьд морины дууг түлхүү дуулах төвлөөгөөтэй байна уу?

-Мэргэжлийн дуучин хүн үндсэн зорилгоо орхиж болохгүй. Миний хувьд аль алийг нь хослуулж явдаг. Дан мэргэжлийн дуугаар явахаар олон нийтийн хүртээл болох хэр их билээ. Нийтийн дуу ардын дуу олон нийтэд хүрэх ямар билээ гэдгээ тааруулж явах хэрэгтэй.

Хүүхэд байхдаа телевизийн нэвтрүүлэгч болох мөрөөдөлтэй байсан

-Мэргэжлийн дуугаа дуулахгүй байх тохиолдолд хоолойд ямар нэгэн өөрчлөлт гарах уу?

-Бусад хүмүүст ямар байдаг гэдгийг би мэдэхгүй. Миний хувьд мэргэжлийн дуугаа дуулахгүй морины дуу, нийтийн дуу дуулаад байхаар хоолой формгүй болно. Үндсэндээ бүх биеэ ажиллуулж, амьсгаа хавиарлалт гэх мэт зүйлүүд байхгүй болно. Ер нь мэргэжлийн дуугаа дуулж байж, суурь сайн байна гэж боддог. Суурь сайн бол ямар дууг дуулж болно. Дуурийн дууг дуулахад амар биш. Миний уран бүтээлд нийтийн дуу, морины дуунууд  байгаа. Цаашид дуурийн дуу болон бусад төрөл жанраар  дуулна гэж боддог.

-Таны хувьд хүүхэд наснаас дуучин болох хүсэл тэмүүлэлтэй байсан уу?

-Хүүхэд байхдаа телевизийн нэвтрүүлэгч болох мөрөөдөлтэй байсан. Хүүхэд байхдаа хонь их хариулдаг байсан. Хонио хариулж байхдаа Монголын радиог сонсоод их дуурайдаг байлаа. Тухайн үед Монголын радиогоор “Хүсэлтийн хариу” гэдэг нэвтрүүлэг явдаг байсан. Мөн дуу заадаг байсан. Тэр нэвтрүүлэг их сонсож, заасан дууг нэг бүрчлэн бичиж аваад дуулдаг байлаа. Тухайн үеийн дуунуудын бичиж авч байсан зузаан дэвтэр одоо хүртэл байгаа.

Хээр хөдөө ганцаараа их дуулдаг байсан. Гэрийнхээ халбага сэрээний ишийг зууханд халааж байгаад үсээ ороочхоод дуулдаг байсан. Манай халбага сэрээний иш нь бүгд түлэнхий болчихсон. Яаж өөрийгөө гоёж, өндөр өсгийт өмсөх вэ гэдэг мөрөөдөлтэй байсан. Арван жилийн сургуулиа төгсөөд Дундговь аймгийн театрт дагалдан дуучнаар орж, дуучин болох гараагаа нээсэн дээ. Одоо дуулаад бараг 18 жил болсон байна. Гоцлол дуучин 20 жилийн дараа тэтгэвэртээ гардаг. Хуулиар хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарахаар байна. /Инээв/

Дундговь аймгийнхаа театр 8 жил ажилласан
 

 

-Аймгийн театрт хэр удаан ажилласан бэ?

 -Дундговь аймгийнхаа театр 8 жил ажилласан. Төв аймгийн театр гурван жил ажилласан. Улсад 10 гаруй жил ажилласан байна.

-Театр ажиллах, хувийн уран бүтээл хийх асар их ялгаатай байх?

-Маш их ялгаатай. Хүн өөрөө бүтээлч хөдөлмөрч байвал хувийн уран бүтээл хийгээд явахаар өсөж дэвших боломжтой.

-Таны хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач?

 -Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрж өссөн. Малчин айлын хүүхэд. Одоо манай аав хөдөө малчин. Хүүхэд нас мал хариулж өссөн дөө. Оюутан болоод хот ирж суурьшаад малаас хөндийрсөн.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Таны гэр бүлийн хүмүүс хэр их дэмждэг вэ?

 -Эцэг эхээс 5-лаа. Манайх дөрвөн охин нэг хүү. Би айлын дөрөв дэх хүүхэд. Нэг эрэгтэй дүүтэй. Олуулаа бужигнаж өссөн. Ээж маань байхдаа их дэмждэг байсан. Одоо манай хэд дэмжиж л байгаа. Манай том эгч Солонгос улсад ажиллаж амьдардаг. Одоо миний тоглолт дээр ирнэ. Аав маань хөдөөнөөс ирнэ. Дуучин мэргэжлийг сонгоход ээж маань маш их дэмжиж байсан.

 -Танайд өөр дуулдаг урлагийн хүн байгаа юу?

-Ер нь байхгүй гэж боддог байсан. Гэтэл аавын талд дуучин хүн байсан байна лээ. Түүнийг хожуу олж мэдсэн.

-Эмэгтэй хүнийхээ хувьд гоо сайхандаа хэрхэн анхаардаг бэ?

 -Гоо сайханд нойр хамгийн чухал. Нойроо сайн авах бол арьс гоё байна. Хоолой гоё гарна, хөгшрөхгүй. /Инээв/

-Дуучид хамгийн чухал зүйл бол хоолой. Хоолойгоо өвдөхөөс хэрхэн сэргийлдэг бэ. Хүйтэн зүйл идэж уухыг хориглодог уу?

-Миний хувьд нойроо сайн авч байхад хоолой тэгээд болчихдог. Хөдөө өссөн болохоор их чийрэг. Хүүхэд байхдаа худгийн хүйтэн ус уудаг байсан болохоор хоолой хэр барагтаа өвддөггүй. Хүүхэд байхдаа хөл нүцгэн үхрийн нойтон баасан дээр хөлөө дулаацуулж байна гэж гишгэж тоглодог байсан.  Энэ нь хоолой өвдөхөөс их сэргийлдэг байсан арга юм байна лээ. Хүүхэд насаа бодохоор үнэхээр гоё шүү.

Монгол үндэсний дээл хувцсаар гоёх дуртай

-Ер нь дуучин болоогүй ямар мэргэжилтэй байсан бол. Та бодож үзсэн үү?

-Дуучин болоогүй байсан бол эмч, үзмэрч, нэвтрүүлэгч болгох байсан болов уу гэж боддог байсан /Инээв/.

-Үндэсний хувцсаар хэр их гоёдог вэ?

-Монгол үндэсний дээл хувцсаар гоёх дуртай. Ер нь  байнга өмсдөг. Одоо тоглолт дээр даашинз өмсөх гэж байна.

 -Сошиалд хэр идэвхтэй вэ?

-Алтан дундаж байдаг. Их идэвхтэй хүмүүс хажууд идэвх багатай. Лайв хийж үзээгүй /Инээв/

-Реклам зар сурталчилгаанд тоглох санал хэр их ирдэг вэ?

 -Тодорхой хэмжээнд ирдэг. Би ирсэн санал болгоныг хүлээж авдаггүй. Ер нь жаахан цензуртай ханддаг. 

 -Таны ойрын зорилго?

-Тоглолтоо хийчхээд 21 аймаг 330 сумаар тойрч аялан тоглолт хийх зорилготой байгаа. Ер нь 21 аймгаа тойрч аялал тоглолт хийж байгаагүй. Энэ удаад хийх санаатай байна.

-Чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?

Чөлөөт цагаар хувийн ажлаа амжуулдаг. Сайхан унтдаг. Адал явдалтай кино үзэх дуртай. /Инээв/ Ярилцсан танд баярлалаа.

-Ярилцсан танд баярлалаа

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Э.Мөнгөнчимэг: Миний хувьд мэргэжлийн дуугаа дуулж байж, суурь сайн байна гэж боддог  
Үзсэн: 279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй