Шууд Chart

С.Нэргүй: Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн

2026-03-08 10:47:41

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа С.Нэргүйг  Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Зэвсэгт хүчний салбарт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Миний бие 2003 онд АШУҮИС-ийг төгсөж, Цэргийн төв эмнэлэгт Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийн эмч, тасгийн эрхлэгчээр ажилласан. 2021 оноос эхлэн Батлан хамгаалах яаманд Эмнэлгийн ахлах мэргэжилтэн, эмчилгээний чанарын улсын байцаагчаар томилогдон, өдгөө Батлан хамгаалах салбарт 23 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

-Энхийг сахиулах ажиллагаанд хэзээнээс оролцсон бэ?

-Энхийг сахиулах ажиллагаанд анх 2017-2018 онд оролцож, Судан болон Өмнөд Суданы хилийн маргаантай бүс болох Абей мужид НҮБ-ын UNISFA ажиллагаанд Цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн.

Улмаар 2024-2026 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагааны Хүчний штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, Хүчний командлагчын эрүүл мэндийн зөвлөхөөр ажиллалаа. Энэхүү албан тушаалд НҮБ-ын Төв штабаас олон улсын эмч нарын дунд зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцэж, Монгол Улсаас анх удаа томилогдсон удирдах албан тушаал юм. Уг шалгаруулалт нь англи хэлний өндөр мэдлэгээс гадна мэргэжлийн ур чадвар, хандлага, хариуцлагатай байдлыг цогцоор нь үнэлдэг шалгалт байсан.

-Эмэгтэй хүний хувьд энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хүндрэл бэрхшээл байсан уу?

-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүнийг эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр хүн бүр ижил түвшний хариуцлага хүлээж, үүргээ тэгш гүйцэтгэдэг. Эргүүл, харуул хамгаалалт, жолоодлого, хоногийн манаа гээд цэргийн бүхий л үйл ажиллагаанд эмэгтэй алба хаагчид мөр зэрэгцэн оролцдог юм.

Миний хувьд мэргэжлийн үүрэг гүйцэтгэхэд харьцангуй дөхөм байлаа. Би яаралтай тусламжийн эмч мэргэжилтэйгээс гадна Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавьж, зөвлөгөө дүгнэлт өгдөг байсан туршлагатай. Энэхүү туршлага маань ажиллагааны газар оронд маш их хэрэг болсон. Би цэргийн багуудаар явж, эмнэлгийн бэлэн байдалд хяналт тавин, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ яаралтай тусламжийн эмчийн ажлаа ч давхар гүйцэтгэж байлаа.

Мэдээж эмэгтэй хүний хувьд гэр бүл, үр хүүхдээсээ хол байх нь сэтгэл зүйн хувьд амаргүй даваа байсан. Хүүхдэдээ санаа зовох үе цөөнгүй байсан ч эх орныхоо өгсөн даалгавар, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг юун түрүүнд хичээсэн юм.

-Үүрэг гүйцэтгэсэн хугацааны хувьд?

-Энхийг сахиулах ажиллагаа ерөнхийдөө нэг жилийн хугацаатай байдаг. Миний хувьд үүрэг гүйцэтгэх хугацаа маань хоёр сараар сунгагдаж, нийт 14 сар ажиллаад Цагаан сарын өмнө буюу битүүний өдөр эх орондоо ирсэн.

-Та энхийг сахиулах ажиллагаанд хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн юм байна. Ихэвчлэн ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ?

-Тийм ээ, миний бие энхийг сахиулах ажиллагаанд хоёр өөр чиглэлээр хүчин зүтгэсэн. Анх 2017-2018 онд Цэргийн ажиглагч офицероор томилогдон, агаарын болон газрын эргүүлд гарч, зэвсэгт мөргөлдөөн, эрсдэлтэй бүсүүдийг илрүүлэх, нөхцөл байдалд үнэлэлт өгөх ажиллагаанд биечлэн оролцож байлаа. Ажиллагааны талбарт гурван сар орчим үүрэг гүйцэтгэсний дараа шалгалт өгч, штабын офицер, Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан юм. Энэ нь миний үндсэн мэргэжил болох эмчээс өөр салбар байсан ч бичиг баримт боловсруулах, хүний нөөцийн удирдлагыг цэгцлэх зэрэг олон шинэ зүйлд суралцах боломж олгосон. Нэгэнт цэргийн тангараг өргөсөн офицер хүн учраас удирдлагаас өгсөн ямар ч даалгавар, үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх ёстой гэсэн зарчмыг баримталж ажилласан.

Харин хоёр дахь удаагаа буюу 2024-2026 онд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын хамгийн том мандаттай UNMISS ажиллагаанд Хүчний штабын Эрүүл мэндийн хэлтсийн даргаар ажиллалаа. Энэхүү ажиллагаанд 70 гаруй орны 17 мянга орчим цэргийн алба хаагч, 2100 гаруй цагдаагийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэдэг. Миний бие эдгээр бүх бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн асуудлыг хариуцан, үйл ажиллагаа явуулж буй олон улсын 31 цэргийн эмнэлгүүдийг мэргэжлийн удирдлагаар чиглүүлэн ажилласан нь нэр төрийн бөгөөд асар өндөр хариуцлагатай алба байлаа. Ажиллагааны бүсэд цагийн байдал тогтворгүй, зэвсэгт халдлага болон шархдалт их байхаас гадна халуун орны өвчлөл өндөр байдаг. Тиймээс бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах нь миний үндсэн үүрэг байсан юм.

-Ажиллагааны талбарт олон орны цэргүүд мөр зэрэгцэн зүтгэдэг. Таны хувьд хэдэн орны энхийг сахиулагчидтай хамтарч ажилласан бэ? Мөн манай орны алба хаагчид бусдаас юугаараа онцлог санагдсан бэ?

-Энхийг сахиулах ажиллагаа бол олон үндэстний хамтын ажиллагаа юм. UNMISS ажиллагааны үеэр би олон орны энхийг сахиулагчидтай хамтран ажиллалаа. Үүнд цэргийн багууд, ажиглагч офицер, штабын офицерууд, цэргийн цагдаа болон энгийн алба хаагчид гээд олон талт мэргэжил, өөр орны соёлтой хүмүүстэй нэгэн зорилгын дор хүчин зүтгэлээ.  Миний шууд удирдлага дор БНХАУ, Энэтхэг, Шри Ланка, Вьетнам, Өмнөд Солонгос, Монгол, Бангладеш, Этиоп, Непал, Руанда, Гана зэрэг орнуудын цэргийн эмнэлгүүд үүрэг гүйцэтгэсэн.

Эдгээр эмнэлгүүд нь бүс нутгийн хэмжээнд тархан байрлаж, энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх, мэс засал болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг. Олон улсын ийм өргөн бүрэлдэхүүнтэй багийг чиглүүлж, улс орон бүрийн эмнэлгийн систем, стандартын ялгааг НҮБ-ын нэгдсэн удирдамжийн дагуу зангидаж ажиллана гэдэг эмч хүний төдийгүй удирдагч хүний хувьд асар том туршлага, өндөр хариуцлага байсан.

Манай орны энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэх чадвар, тэсвэр хатуужлаараа олон улсад өндөр нэр хүндтэй. Хүчний командлагч (Энэтхэг улсын генерал) маань "Монгол цэргүүд ямар ч үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг" гэж байнга бахархан үнэлдэг байсан. Монгол хүн төрөлхийн дайчин, хариуцлагатай, хөрвөх чадвартай байдаг нь ажиллагааны талбарт хамгийн том давуу тал болдог юм.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчдад ямар шалгуур тавигддаг вэ?

-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Зэвсэгт хүчний Жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсээс маш өндөр түвшинд зохион байгуулдаг. Офицер, ахлагч нарт англи хэлний түвшин тогтоох шалгалт, жолооны дүрэм болон дадлага, цэргийн эрдмийн мэдлэг, биеийн тамрын ерөнхий шалгалтуудыг тавьдаг.

Мөн мэдээж эрүүл мэндийн хувьд бүрэн тэнцсэн байх ёстой. Эдгээр шалгуурын аль нэг дээр нь бүдрэхэд л ажиллагаанд оролцох боломжгүй болдог тул алба хаагчид бүх талын бэлтгэлээ маш сайн хангасан байх шаардлагатай. Мөн сонгогдсон алба хаагчид ажиллагааны газар оронд очоод НҮБ-ын мандатын дагуу дахин шалгалт өгдөг. Хэрэв энэ шалгалтад тэнцэхгүй бол нутаг буцах хүртэл хариуцлага яригддаг тул энхийг сахиулагч хүнээс мэргэжлийн өндөр ур чадвар, хувийн сахилга бат, хариуцлагыг цаг ямагт шаардаж байдаг юм.

-Та багаасаа л эмч, эсвэл цэргийн хүн болно гэж мөрөөддөг байв уу? Энэ салбарт хөл тавьсан түүхээсээ хуваалцаач?

- Би бүр хүүхэд байхын л эмч болох мөрөөдөлтэй байлаа. Манай аав, ээжийн найз нь мэс заслын эмч хүн байсан юм. Тэр хүн манайд ирэх бүрдээ хүний амь аварсан болон хагалгааны үеийн сонирхолтой үйл явдлуудыг их ярьж өгдөг байв. Тэр хүний яриаг сонсох тусам эмч болох хүсэлтэй болсон. Мөрөөдлийнхөө дагуу АШУҮИС-ийг төгсөж, эмч болсныхоо дараа Цэргийн эмч болох замыг сонгосон юм. Цэргийн эмчийн алба гэдэг эмнэлгийн мэргэжлийн ур чадвараас гадна хатуужил, сахилга бат, эх оронч сэтгэлгээг шаарддаг онцлогтой. Ийнхүү хүүхэд насны мөрөөдөл маань биелж, өнөөдөр Батлан хамгаалах салбартаа тууштай хүчин зүтгэж байна.

-Та үүрэг гүйцэтгэж байхдаа Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амь насыг аварсан талаар нилээд цахим хуудаснаа давалгаалсан, энэ талаар хуваалцаач?

Тиймээ БНӨСУ-д Хумхаа, Холер өвчин борооны улиралын үед ихэсдэг тул үүнийг дагаад эмнэлэгийн ачаалал мөн ихсдэг. Тухайн үед Энэтхэгийн энхийг сахиулагч хумхааны хүнд хэлбэрээр халдварлагдсан байсан. Улмаар биеийн байдал нь огцом хүндэрч дотуур цус алдан шоконд орж, амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүссэн тул Уганда Улсын III шатны эмнэлэг рүү  яаралтай шилжүүлэх шаардлагатай байсан ч тээвэрлэлт хийх цаг хугацааны боломжгүй, өвчтөний амь насанд эрсдэлтэй байсан учир газар дээр нь мэс засал хийхээр шийдвэр гаргаж, мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллан, баг хамт олныхоо хамтаар эмчлүүлэгчийнхээ амь насыг нь аварсан. Дараа нь Цэргийн хүчний командлагч  баяр хүргээд “Чи ямар зоригтой юм бэ. Хэрэв харамсалтай явдал болж хүн амь насаа алдсан бол чи асуудалд орох байсан” гэсэн. Тухайн үед дараа нь асуудалд орох, асуугдах нь огт чухал биш, гагцхүү өвчтөнийхөө амь насыг аврах нь л чухал байлаа. Олон жил амь тэнссэн албанд эмчээр ажилласан туршлага, өөртөө итгэх итгэл байсан. Мөн эмнэлэгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд хүнд өвчтөнийг татан гаргалт хийх, хагалгаанд оруулах, эх оронд нь буцаах асуудал зэрэг бүхий л шийдвэрийг гаргадаг байсан.

-Сүүлийн жилүүдэд энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал эрчимтэй яригдах болсон. Энэ талаар таны ажиглалт ямар байна вэ?

-Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо өмнө нь харьцангуй бага байсан бол өдгөө НҮБ-с бодлогын түвшинд энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Намайг анх 2017 онд ажиллагаанд явж байхад ердөө хоёр эмэгтэй алба хаагч штабын офицероор үүрэг гүйцэтгэж байлаа. Харин сая ажиллах явцад эмэгтэйчүүдийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэн нь анзаарагдсан.

НҮБ-ын зүгээс "Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал" хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдын тоо болон үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримталж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс энэхүү бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү амлалт болон төрийн бодлогын хүрээнд манай улсын эмэгтэй энхийг сахиулагчдын тоо, тэдний эзлэх хувь тасралтгүй өсөж байна. Мөн эмэгтэйчүүд зөвхөн арын албанд биш, удирдлага, штабын үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр хүчин зүтгэж байгаа нь маш чухал дэвшил юм.

Эрүүл мэндийн салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний бүтцэд ажиллахын онцлог нь юу вэ? Цэргийн болон энгийн эмчийн ялгаатай онцлог тал юу вэ?

- Энгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч нар зөвхөн Эмчийн тангараг өргөдөг бол цэргийн эмч нар Эмчийн тангараг болон Цэргийн тангараг гэсэн хоёр том хариуцлагыг хүлээдэг онцлогтой. Цэргийн тангараг өргөнө гэдэг нь тухайн хүний зүрх сэтгэлд эх оронч үзэл, улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөөх чин эрмэлзэл үргэлж бат оршино гэсэн үг юм. Миний хувьд эх оронч үзлийг дээдэлдэг бөгөөд улс орныхоо хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд өөрийн мэргэжил, мэдлэгээрээ бодит хувь нэмэр оруулахыг зорилгоо болгон ажилладаг.

Mиний бие Цэргийн эмч хүн хаана хэрэгтэй байна, тэнд үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн зарчмыг  баримталдаг. Тэр ч утгаараа цар тахлын үед 'Ковид-19'-ийн улаан бүсэд, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын дутагдалтай хүнд өвчтөнүүдийнхээ төлөө цаг наргүй ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалах салбарынхаа бодлогыг дэмжиж, энхийг сахиулах ажиллагаанд хоёр ч удаа удирдлагын түвшинд үүрэг гүйцэтгэж, эх орныхоо нэрийг олон улсад гаргах хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүллээ.

-Цэргийн алба хаагчдын нэгэн бахархал нь цол, мөрдөс байдаг шүү дээ. Анхны цолоо хэзээ хүртэж байсан бэ?

-Тийм ээ, цэргийн хүн бүр мөрдөс, цолондоо хайртай, түүгээрээ бахархдаг. Миний хувьд 2003 онд АШУҮИС-ийг төгсөөд Цэргийн төв эмнэлэгт Яаралтай тусламжийн эмчээр ажиллаж эхэлсэн. Эхний гурван жил энгийн эмчээр ажиллаж байгаад, 2006 онд анхны цэргийн цол болох "Дэслэгч" цолоо хүртэж байлаа. Түүнээс хойш албандаа тууштай зүтгэж, 2021 онд "Дэд хурандаа" цол хүртсэн нь миний хувьд маш том хариуцлага, бахархал байсан юм.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

–Би Хэнтий аймгийн Баянхутагт суманд төрж өссөн. Дунд сургуулиа Хэнтий аймгийн Өндөрхаан хотын "Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургууль”-д суралцаж төгссөн. Тухайн үедээ хичээл номдоо идэвхтэй, сайн суралцдаг хүүхдүүдийг сонгон авдаг байсан, одоо бодоход үнэхээр чанартай боловсрол олгодог сайн сургууль байж. Сурч боловсрох суурийг маань зөв тавьж өгсөн чадварлаг багш нараараа би үргэлж бахархаж, тэдэндээ маш их талархаж явдаг юм.

Миний аав жолооч, ээж маань багш мэргэжилтэй, эгэл жирийн сайхан хүмүүс бий. Тэд маань намайг "Хүн зөвхөн өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр л амжилтад хүрэх ёстой" гэсэн зарчмаар хүмүүжүүлсэн. Энэхүү хүмүүжил маань өнөөдрийн намайг бүтээж, ажилдаа хариуцлагатай, тууштай хандах гол хөшүүрэг болсон доо. Өдий зэрэгт хүрч, эх орныхоо төлөө зүтгэж яваа маань тэр л хөдөлмөрч хүмүүжлийн үр шим гэж боддог.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ? Гэр бүлд нь танаас өөр цэргийн болон эмч хүн байдаг уу?

-Бид эцэг эхээсээ дөрвүүлээ, бүгдээрээ охид. Би айлын хоёр дахь охин. Хэдийгээр манай гэр бүлд яг одоо цэргийн алба хааж буй хүн байхгүй ч, миний өвөө эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цэгт нь байлдаж явсан баатарлаг түүхтэй хүн байлаа. Мөн манай удамд эмч, домч хийдэг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ач тустай хүмүүс олон байсан гэдэг. Тийм болохоор өвөөгийн минь эх оронч зан чанар, удмын маань бусдыг анагаах ухаан хоёр миний биед цогцолж, намайг цэргийн эмч болох зам руу хөтөлсөн болов уу.

Би багаасаа л эмч болох мөрөөдөлтэй байсан. Энэхүү мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, алхам алхмаар урагшилсаар ирсэн маань намайг өдий зэрэгт хүргэсэн гэж боддог. Мэдээж ажиллах, суралцах хугацаанд саад бэрхшээл зөндөө тулгарсан. Гэхдээ өвөг дээдсээс өвлөгдсөн тэрхүү хатуужил уу, эсвэл миний өөрийн зан чанар уу, би ямар ч бэрхшээлийн өмнө бууж өгч байгаагүй. /Инээв/ Энэхүү тууштай зан маань л өнөөдрийн намайг бүтээсэн гэж хэлж болно.

-Та ямар хоббитой вэ?

- Чөлөөт цагаараа би байгальд ойр байх, ууланд алхах дуртай. Амралтын өдрүүдэд хүүтэйгээ хамт Богд ууландаа алхаж, цэвэр агаарт гарахыг хичээдэг. Мөн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай.

-Та хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарч байна вэ?

– Би нэг хүүтэй. Хүү маань одоо өсвөр насанд ирсэн учраас ээж хүний хувьд хүүхэддээ илүү их цаг гаргаж, сайн сонсогч нь байж, анхаарал халамж тавихыг хичээдэг. Өсвөр нас бол хүүхдийн төлөвшил, ирээдүйн чиг хандлага тогтдог маш хариуцлагатай үе. Тийм болохоор хэдийгээр ажил ихтэй байдаг ч хүүдээ цаг гаргахыг хичээдэг.

-Та анх ээж болж байсан тэрхүү мартагдашгүй мэдрэмжээсээ хуваалцаач.Эмч хүн учраас бусад ээжүүдээс арай өөр мэдлэгтэй, өөр мэдрэмжтэй байсан болов уу?

–Ээж болох бол хүний амьдралын хамгийн нандин, хэзээ ч мартагдашгүй гайхамшигт мөч байдаг. Мэдээж эмч хүн учраас онолын мэдлэг өөр байсан ч яг тэр агшинд би зөвхөн "ээж" л байсан. Хүүгээ анх хараад "миний л жижигхэн хувилбар байна шүү дээ" гэж бодоход үгээр тайлбарлашгүй тийм их хайр төрсөн. Би ер нь тийм ч амархан баярлаж, сэтгэл хөдлөлөө гаргаад байдаг хүн биш. Амьдралдаа чин сэтгэлээсээ маш их баярлаж байсан ховорхон мөчүүдийн минь нэг бол хүүгээ төрүүлсэн тэр л агшин юм. Үүнтэй дүйцэхүйц өөр нэг баяр баясгалан бол эмч хүний хувьд хүнд өвчтөнүүдийнхээ амийг аварч, эрүүл саруул болохыг нь харах мөч байдаг. Хүний амь аврах, шинэ амь төрөх хоёр бол миний хувьд хамгийн утга учиртай, хамгийн том баяр баясгалан юм даа.

-Манай улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн түвшин болон тулгамдаж буй асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-Манай эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ур чадварын хувьд олон улсын түвшинд бүрэн хүлээн зөвшөөрөгдөхүйц, өндөр ур чадвартай байдаг. Тогтолцооны хувьд шинэчлэх, бодлогын түвшинд анхаарах хэд хэдэн чухал асуудал харагддаг.

Юун түрүүнд, сайн эмч болоход мэргэжлийн онолын мэдлэгээс гадна зөв хандлага хамгийн чухал. Тиймээс анагаахын боловсрол олгож буй сургуулиудын стандартад ирээдүйн эмч нарын мэргэжлийн ёс зүй, хандлагыг зөв төлөвшүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай гэж боддог.

Түүнчлэн манай улсад халдварт бус өвчний тохиолдол өндөр байгаа энэ үед ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах нь чухал юм. Бид зөвхөн өвдсөн хойно нь эмчлэх биш, ирээдүй хойч үе болох хүүхэд, багачуудад багаас нь эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг нэн тэргүүнд тавьж, сургалтын тогтолцоог маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн зөв боловсролтой, амьдралын зөв хэвшилтэй иргэн өөрийгөө өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн чадвартай болно. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбарын ачааллыг сууриар нь бууруулах шийдэл болно. Хэдийгээр энэ чиглэлд тодорхой ажлууд хийгдэж байгаа ч хэрэгжилт нь дэндүү удаан санагддаг. Бид ирээдүйнхээ төлөө энэ шинэчлэлийг илүү хурдтай, илүү далайцтай хэрэгжүүлэх цаг нь хэдийнэ болсон гэж боддог.

-Эмч хүнд айдас хэр төрдөг вэ6 Хүний алтан амьтай холбоотой шийдвэр гаргах тэрхүү эгзэгтэй мөчид айдсаа хэрхэн даван туулдаг вэ?

-Би эрүүл мэндийн салбарын амь тэнссэн албанд олон жил ажилласан. Энэ хугацаанд олж авсан хамгийн том туршлага бол эмч хүн айдсаа өөрөө бүрэн удирдаж сурах ёстой гэдэг зарчим юм. Мэдээж эмч ч гэсэн хүн учраас айж сандрах, догдлох үе зөндөө гарна. Гэхдээ хэрэв эмч хүн айдстаа автаад байвал тухайн хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлж чадахгүйд хүрдэг. Эмч хүний үндсэн үүрэг бол хүний амь насыг авран хамгаалах явдал. Тиймээс тэрхүү эгзэгтэй мөчид өөрийн бүхий л мэдлэг, ур чадвараа дайчилж, сандралыг бус мэргэжлийн ур чадварыг урьтал болгох ёстой. Айдсыг даван туулах хамгийн том хүч бол тухайн эмчийн мэдлэг болон "би энэ хүнийг аврах ёстой" гэсэн чин эрмэлзэл байдаг юм.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг бид баяр гэхээсээ илүү утга учрыг нь хэрхэн харж, юунд анхаарах ёстой гэж та боддог вэ?

-Манайхан энэ өдрийг зөвхөн "баяр" гэж хараад, бэлэг сэлт өгөөд өнгөрдөг талтай. Миний хувийн бодлоор, энэ өдөр бол баярлахаас илүүтэй эрх нь зөрчигдөж буй эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг, тэдний асуудлыг хэлэлцдэг өдөр байгаасай гэж хүсдэг. Эмэгтэйчүүд маань зүгээр нэг цэцэг аваад өнгөрөх биш, өөрийн болон бусдын эрх ашгийн төлөө, тулгарч буй асуудлуудынхаа талаар зөв дуу хоолой болж чаддаг байх нь чухал юм.

-Таны хувьд "Март"-ын баяраас илүү Цэргийн баярыг илүүтэй тэмдэглэдэг байх?

-Миний хувьд гуравдугаар сар тэмдэглэлт баяруудаар их шүү дээ. "Март", "Цэргийн баяр", "Эмч нарын баяр" гээд бүгд энэ сард тохиодог. Хувь хүнийхээ хувьд би баяр ёслолд тэгтлээ их ач холбогдол өгөөд байдаггүй. Энэ гурван өдрөө нэгтгээд ерөнхийдөө Цэргийн баяраараа л түлхүү баярладаг даа. /Инээв/ Ер нь баяр гэж хэлбэрдэхээс илүүтэй тухайн өдөрт зориулсан бодит, ажил хэрэгч арга хэмжээнүүд зохион байгуулагддаг, үр дүнтэй өдрүүд байгаасай гэж боддог.

-Энхийг сахиулагч хүний хувьд 'Эх орон' гэдэг үгийн үнэ цэнийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Энхийг сахиулах ажиллагааны халуун цэгт, газар дээр нь үүрэг гүйцэтгэж байхдаа би эх орныхоо үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрсэн. Тэнд цаг агаар асар халуун, зэвсэгт мөргөлдөөнтэй, улс төр, нийгмийн байдал нь туйлын тогтворгүй байдаг. Ард иргэд нь өлсгөлөн, зовлон зүдгүүрт нэрвэгдсэн тэрхүү дүр зургийг нүдээр харахад тусгаар тогтнол, эх орны үнэт зүйл гэдэг ямар чухал болохыг ойлгодог юм билээ. 

Дотоодын тэмцэл, авлига, шударга бус тогтолцооноос болж нэгэн улс орон хэрхэн мөхөж, ард түмэн нь яаж доройтож байгааг харахдаа хүний эх оронч сэтгэл улам бүр бэхэждэг юм байна лээ. Монголдоо ирээд эх орны минь салхи хүртэл ямар сайхан, анхилуун байдгийг, эх орон минь ямар үнэ цэнэтэй билээ гэдгийг хамгийн ихээр мэдэрсэн дээ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

С.Нэргүй: Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй