Шууд Chart

АНУ-ын сонгууль үргэлжилж байна

2016-11-09 07:57:59

АНУ-д   Ерөнхийлөгчийн болон  Конгрессын   сонгуулийн санал хураалт өчигдөр  13 цагаас /Улаанбаатарын  цагаар/  эхэллээ. Америкийн  сонгогчид  энэ удаагийн сонгуулиар Төрийн  тэргүүнээсээ гадна,  Конгрессын  дээд  танхимын  34 гишүүн,  төлөөлөгчдийн  буюу  доод  танхимын 435 гишүүнийг  сонгох  юм.  АНУ-ын  Ерөнхийлөгчийн  сонгуульд БНН-аас тэрбумтан Дональд  Трамп,  Ардчилсан  намаас  АНУ-ын тэргүүн хатагтай, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар нэр дэвшиж байгаа.  Мөн  Либератариан, Ногоон,  Үндсэн хуулийн гээд хэд хэдэн намын  нэр  дэвшигч өрсөлдөж  байгаа юм.  

Хамгийн  түрүүнд  Америкийн хойд нутгийн Нью Хэмпшир  мужийн Диксвилл Нотч  тосгонд  санал хураалт эхэлсэн  бөгөөд энэ нь уламжлал болсон гэхэд болно. Тус тосгон дахь санал хураалтын дүнгээр  8 сонгогчын  4 нь Хиллари Клинтоны, 2 нь Трампын, 1  нь Либертарианы  намын Гэри Жонсоны төлөө саналаа өгсөн байна. Харин нэг сонгогч  дурын  нэр дэвшигчийг  сонгох  эрхээ   ашиглан  өнгөрсөн удаад  Барак Обаматай өрсөлдөж байсан Митт Ромнигийн  төлөө  саналаа  өгсөн байна.   

Сонгуулийн санал хураалт  дунджаар  13  цаг үргэлжилдэг. АНУ-д  манайх шиг сонгуулийн төв хороо гэж байдаггүй.  Өөрөөр хэлбэл  санал хураалтыг зарлаж, зохион байгуулж, тоолох  нэгдсэн  хороо гэж байхгүй. Гэхдээ сонгуулийн зохион байгуулалтыг  хариуцсан  2 алба бий.  Нэг нь  Федерал Элекшн Комишн  буюу  Холбооны  сонгуулийн  хороо.  Энэ хороо зөвхөн  сонгуулийн компанийн санхүүжилтнд л хяналт тавих үүрэгтэй.  

Нөгөөх нь  Элекшн ассистент  комишн буюу  сонгуулийг дэмжих хороо.  Энэ  хороо нь  захиргааны  жишээ нь  санал  авах  машин  ашиглалттай холбоотой  асуудлуудыг л хариуцдаг. Харин  сонгуулийн  явцыг  тухайн орон нутгийн  хууль  тогтоомжийн дагуу  эмхлэн байгуулсан  тусгай хороо  хянадаг.  Сонгогчдын саналыг  автомат  машинаар авдаг. АНУ д  бүр 18 р  зууны үеэс л янз бүрийн түвшний сонгуулийн санал хураалтыг машинаар авч ирсэн байна.  1996 оны  Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн автомат машин ашигладаг болсон түүхтэй. Харин  2002 онд 4 тэрбум доллароор санал авах  машинуудыг шинэчилсэн байдаг.  

Орон нутгийн эрх баригчид  ямар  төрлийн  машинаар сонгогчдынхоо саналыг авахаа  шийддэг.  Саналын хуудасны хувьд  ч  өөр  өөр. Зарим мужуудад  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг  бичсэн байдаг бол нөгөө хэсэгт нь сонгогчдын  төлөөллийн нэрс  байх жишээтэй.  Түүнчлэн  Хэн дуртай хүнийхээ  төлөө санал өгөх боломжийг  зарим  мужуудад  олгосон байдгаараа   ч онцлогтой.  Өөрөөр хэлбэл АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд  оролцож  саналаа өгч буй сонгогчид  найзынхаа,  эсвэл  ах  дүү,  бүр үлгэрийн баатруудын төлөө  ч  саналаа  өгч болдог. Гэхдээ зарим мужид  ийм боломж олгодоггүй.  

Ийм  санал нь   автоматаар тоологддог 7 муж байдаг. Харин өөрийн дуртай нэр дэвшигчээ бичих боломж  угаасаа байдаггүй  8 муж бий. Эдгээрээс  бусад  мужид  өөрийн нэр дэвшигчээ бичих  боломжтой ч тэрхүү нэр дэвшигч нь урьдчилан  бүртгүүлэн байх ёстой. Үүний тулд  муж бүрт өөр  өөр  бичиг баримт бүрдүүлэх шаардлагыг  биелүүлэх ёстой.  Сонголт муутай гээд  байгаа энэ удаагийн  сонгуулиар олон  сонгогч  ийм сонголт хийж  магадгүй гэж бас мэргэжилтнүүд харж байна.

Америкийн  сонгуулийн  систем ихээхэн онцлогтой. Америкчууд  өөрсдөө  төдийгүй  шинжээч мэргэжилтнүүд  амаргүй төвөгтэй гэх боловч  хамгийн шударга  систем гэж үнэлдэг.  

График 1: Юуны түрүүнд АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн, хэрхэн сонгогдох вэ гэдгээс эхлэе.

1.    АНУ-ын иргэн байх
2.    35 –аас дээш настай байх
3.    АНУ-ын нутаг дэвсгэрт  14 жил амьдарсан байх

АНУ-ын  сонгууль 4  үе шаттай.

1.    Анхан шатны  сонгууль
2.    Намуудын их  хурал
3.    Холбооны  санал хураалт
4.    Сонгогчдын төлөөллийн санал хураалт

АНУ-ын  Ерөнхийлөгчийг  Сонгогчдын  төлөөлөл заримдаа  төлөөлөн  сонгогч ,  сонгогчдын төлөөлөгч  ч  гэж  орчуулдаг Электоорал Коллежээр дамжуулан   сонгодог. Сонгогчдын нийт төлөөллийн  тоо нь  538.

График 2:  Харин  АНУ ын Үндсэн хуулийн 2-ийн нэгд  заасны дагуу  мужуудад  Конгрессын  дээд  доод  танхимд  илгээдэг сенатын  болон  төлөөлөгчдийн танхимын  гишүүдийнх нь  тоотой  тэнцэх  төлөөлөлтэй байхаар  тусгасан байна.

Муж  бүрийн сонгогчдын төлөөллийн  тоог  хүн амын тооны  өөрчлөлттэй холбоотойгоор  10 жилд  нэг  удаа  өөрчилдөг  байна.  Одоо бол АНУ-ын  нийт 50 муж,  Холбооны  нэг  тойргийн  сонгогчдын төлөөллийн  тоог  эндээс харж болно.  сонгогчдын хамгийн олон  төлөөлөлтэй  нь  Калифорни юм. Тус мужаас Конгрессийн дээд  танхимд  2, төлөөлөгчдийн танхимд 53 гишүүн сонгогддог юм.  Харин  дараагийнх нь  Техас  муж болж байна.  Энэ мужаас Сенатын танхимд 2, төлөөлөгчдийн танхимд  36  гишүүн  сонгогддог.  Мөн Нью-Йорк муж. Конгресст  2, 27  гэсэн харьцаатайгаар  гишүүд сонгогддог. Нийслэл Вашингтон хотын оршин суугчдын  тухайд  олон  жилийн  туршид  сонгуульд  оролцох боломжгүй  явж ирсэн.

Харин 1961 оноос  л  сонгогчдын 3 төлөөлөлтэй Холбооны  Колумб  тойрог    болгосон. Сонгогчдын төлөөлөлтэй болсноор хүн ам багатай мужууд,  хүн амтай ихтэй мужуудаас  ч  давуу эрхтэй  гэж хэлэхэд  болохоор  сонгуулийн  системтэй гэхэд  буруудахгүй.  Тухайлбал  Калифорн 37,5 сая хүн амтай 55 төлөөлөлтэй. Харин Род айленд  сая гаруй хүн амтай ч 4 төлөөлөлтэй. Өөрөөр тайлбарлавал  Калифорнид сонгогчдын нэг төлөөлөл 682 мянган хүний ашиг  сонирхлыг  төлөөлж байгаа бол Род Айлендад  энэ  тоо 250 мянга, цөлийн Вайомингид  165 мянга байх жишээтэй.

Тиймээс  АНУ ын Ерөнхийлөгчийн  сонгуулийн өрсөлдөөн сонгогчдын олонхийн саналын төлөө  биш харин  тодорхой мужуудад ялалт байгуулахын төлөө  болдог.  Ийм системтэй учир нэр дэвшигчид  голцуу  эргэлзээтэй гэгддэг  мужуудад  сонгуулийн өмнөх  компаниа төвлөрүүлдэг гэхэд болно.   Өрсөлдөгч хүчнийхэн нь хүчтэй байдаг мужуудад  сурталчилгаагаа бага хүчээр хйидэг  ч гэхэд  болно.

График 3:  АНУ-ын  50 муж  Холбооны нэг тойргийг  Бүгд найрамдах намын болон ардчилсан намынх,  бас эргэлзээтэй гэж  3 ангилах нь бий.

Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн төлөө  байнга саналаа өгсөөр  ирсэн мужуудыг улаан өнгөөр  харин ардчилсан намынхны төлөө саналаа өгдөгийг нь  хөх өнгөөр  тэмдэглэдэг.

Сонгуулийн дүнд  бүгд найрамдах болон ардчилсан намынхны аль аль нь  илт давуу  байдаггүй  мужууд онцгой нөлөөтэй.  Ийм эргэлзээтэй гэж тодорхойлж байгаа  мужуудад Нью-Йорк,  Техас гэх мэт  10 гаруй муж багтаж байгаа.  Өмнөх  сонгуулиудын харьцууулсан болон иргэд  сонгогчдын   дунд  явуулсан  санал асуулгын  дүнгээр эдгээр мужуудыг  эргэлзээтэй гэж тодорхойлоод  байгаа юм.

Жишээ  нь,  Флорида муж эргэлзээтэй мужын нэг.   29 сонгогчдын  төлөөлөлтэй энэ муж 2000, 2004 Жорж Буш 2008, 2012 онуудад Барак Обамагийн төлөө саналаа өгч байсан.  18 сонгогчдын төлөөлөлтэй  Охайо мужид  ч өнгөрсөн  4 сонгуулийн дүн  ийм  гарч байсан.  Эксит  пол  буюу  саналаа  өгсөн сонгогчдоос  авсан санал асуулгын дүн харин  сонгуулийн хэсэг хороод  тухайн орон нутгийн цагаар 18  цагт хаасны дараахнаас  гарч эхэлдэг. Олон  сонгогчид  саналаа  урьдчилж  өгдөг.  Сүүлийн мэдээгээр  нийт   43 сая хүн урьдчилж саналаа өгсөн дүн гарч байна.  АНУ-ын  нийт сонгогчдын тоо  218.9 сая. Үүнээс харахад тэдгээрийн 40  орчим хувь нь саналаа  урьдчилаад өгчихсөн гэсэн үг.

АНУ  Атлантын далайгаас Номхон далай хүртэл  асар  өргөн уудам  нутаг дэвсгэртэйгээс гадна  эх  газраас тусдаа  орших  газар нутагтай.  Тийм болохоор цагийн зөрүү ихтэй.   Эх газрын  Америк  гэхдээ   цагийн 4 бүсэд  хуваагддаг. "Eastern Standard Time — EST" буюу Зүүн стандарт цагийн бүс. Энэ бүсэд  зүүн  эргийн  муж, хотууд  багтдаг. Санал хураалт ч  урьдчилсан дүн ч тэр  зүүн  эргийн  муж, хотуудаас  эхлээд  гарна  гэсэн үг.  

Энэ удаагийн  сонгуулийн  тухайд ихээхэн онцлогтой  байна.  Сүүлийн санал асуулгаар хоёр гол нэр дэвшигчийн  рейтинг тун ойрхон байсан.  Рейтингийн зөрүү  6-8 бүр заримдаа  1  хувьд  хүртэл  хүрч байсан.  Аль аль нь  рейтингээрээ тэргүүлэгчийн байранд  орсон байдаг. Тиймээс  өрсөлдөөн  маш  ширүүн болсон гэж үзэж болно.  Дээрээс нь Сирийн  асуудлаас  үүдэлтэйгээр олон улсын  нөхцөл  байдал амаргүй болсон өнөө үед АНУ-ы Ерөнхийлөгчийн сонгууль болж байна.

Үүнтэй холбоотойгоор хурц  хурц  мэдэгдлүүд   их гарч байсан.   Мөн энэ удаад  2 намын  нэр  дэвшигчтэй холбоотойгоор "сонголтгүй сонгууль" болж байна гэдэг асуудал ихээр  хөндөгдөж байсан. Ардчилсан  нам төдийгүй  БНН ынхан  дотор ч   нэр дэвшигчдээ  дэмжих  эсэх  асуудлаар санал зөрөлдөөн гарч байв.   Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  хэт  нэг талд  ажилласан  хандлага  ажиглагдаж  байгааг  нэр дэвшигчдийн штабаас гадна ажиглагчид  ч тэмдэглэж  байна. Өрсөлдөөн  ийнхүү хурц,  хэнд нь ч  ялах магадлал  байгаа учир  Трампын штаб  л гэхэд   санал  луйвардах магадлалтай гэдэг асуудал  гарган  тавьж байсан.


Та бүхэнд  энэ удаагийн сонгуулийн онцлогуудыг  товчхон хүргэлээ.  Бид  өнөөдөр цаг  тутмын мэдээ  мэдээллийн хөтөлбөрүүд, 19.10 минутаас эхлэх  Дэлхий дахинд нэвтрүүлэг, болоод  "Цагийн хүрд" хөтөлбөрөөр   АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой  бүхий л  мэдээллийг,  ажиглагч, судлаачдын тайлбаруудыг ч хүргэх  болно.  

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

АНУ-ын сонгууль үргэлжилж байна  
Үзсэн: 3904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй