Stop TB Partnership болон The Global Fund хамтран "Global Implementation Workshop on Near Point of Care (NPOC) TB Diagnostics" олон улсын семинарыг 2026 оны 7 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотод зохион байгуулж, 30 гаруй орны 140 орчим Үндэсний сүрьеэгийн хөтөлбөрийн удирдлага, сүрьеэгийн лабораторийн мэргэжилтнүүд, судлаачид, олон улсын байгууллагууд болон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Семинараар төвлөрлийг сааруулсан оношилгооны шийдлүүдийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатайг улс орнуудад уриалж, сүрьеэгийн хурдавчилсан оношилгоог иргэнд хамгийн ойр эрүүл мэндийн цэгт (NPOC) хийхийг тогтолцоонд нэвтрүүлж, хэрэгцээтэй хүн бүрд хүртээмжтэй хүргэхэд шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцүүлгүүд хийж олон улсын туршлага, хэрэгжилтийн үр дүн, цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ.
Арга хэмжээний үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын (ДЭМБ) NPOC оношилгооны шинэ удирдамж, хэлний арчдас, сорьцыг багцлан шинжлэх зэрэг шинэ аргачлалын хэрэглээ, чанарын баталгаажуулалт, сорьцын менежмент, мэдээллийн урсгал, сургалт болон хэрэгжилтийн туршлагыг танилцуулж, оролцогч орнууд харилцан туршлага солилцохын зэрэгцээ тус уулзалтад манай байгууллагаас СТСА-ны албаны дарга Г.Гантунгалаг, Сүрьеэгийн лабораторийн эрхлэгч Т.Оюунтуяа, Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны гүйцэтгэх захирал М.Ганзориг нар оролцож Монгол Улсад “NPOC” оношилгоог үе шаттайгаар нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төлөвлөгөөг танилцуулж, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудтай туршлага, санал солилцлоо.
Энэхүү семинар нь манай улсад сүрьеэгийн молекул (хурдавчилсан) оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад “NPOC” технологийг үндэсний хэмжээнд үе шаттай нэвтрүүлэх, лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.


| Олон улсын семинар зохион байгуулагдаж, ХӨСҮТ болон Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны төлөөлөл оролцлоо | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.