
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын гишүүн 15 сэтгүүлч “Оюу Толгой” төслийн талбайд ажиллаж уурхайн ажилтай танилцлаа. Хөтөлбөрийн үеэр “Оюу Толгой” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн алба хариуцсан ахлах менежер Ч.Бүрэнбаяртай ярилцсан юм.
-“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд Лондон явж хэлэлцээр хийгээд ирсэн. Хэлэлцээр нь өдгөө Улаанбаатар хотноо үргэлжилж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Лондонд болсон яриа хэлэлцээр өнөөдөр Улаанбаатар хотноо үргэлжилж байгаа. “Рио Тинто” компаниас албаны хүмүүс ирсэн. Хоёр тал асуудлыг нааштай шийдэхээр ойлголцлын түвшинд ярьж байна. Аль нэг тал буулт хийх биш ажил хэрэгч байр сууринаас асуудалд хандаж байна. Асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх хэрэгтэй ч, зарим нэг цаг хугацаа шаардагдах асуудал байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс нааштай шийдэгдэх бололцоотой хэлэлцээр дээрээ түлхүү анхаарч ажиллаж байна.
-Монголын Улсын Засгийн газраас “Оюу Толгой” төслийг гацаах, царцаах сонирхол байхгүй, цааш нь хэвийн үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Тэр ч утгаараа гэрээний зарим нэг заалтыг сайжруулах талаар саналаа хөрөнгө оруулагч талд хүргүүлэхээр ярьж байгаа гэсэн, энэ талаар та юу хэлэхэв?
-Монголын талаас гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг албан ёсоор хөндөөгүй. Харин ч “Оюу Толгой” төслийн бүтээн байгуулалтын эхний шатны хөрөнгө оруулалт дууссантай холбогдуулан хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг л хөндөж ярилцсан. “Оюу Толгой” төсөлд хөндлөнгийн аудит орсон, мөн Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг томилогдон аудит оруулсан тал бий. Далд уурхайн санхүүжилт зогссонтой холбогдуулан хөрөнгө оруулагч тал Дэлхий банкны салбар санхүүгийн байгууллагаас 5 тэрбум ам.доллар зээлэхээр яриа хэлэлцээр хийсэн.

Ил уурхай
Энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээг Монголын тал хэт их өндөр гэж үзсэн. Тэр ч утгаараа хоёр тал гацаанаас гарахаар, асуудалт гарц хайхаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Ер нь “Оюу Толгой” төслийн ил уурхайн олборлолт нь нийт олборлолт, үйлдвэрлэлтийн 20 хувийг л хангана. Харин далд уурхайн олборлолт 80 хувийг эзлэх учиртай. Далд уурхайн олборлолт өөрөө хэд хэдэн ач холбогдолтой, байгаль экологид үзүүлэх хөнөөл нь бага гэхүү дээ. Эдийн засгийн хувьд ч хаана хаанаа ашигтай тусна. Үүнээс Монголын Улсын Засгийн газар болоод ард түмэн хожно.
-“Оюу Толгой” ХХК-нд ҮЭХ ажиллах болсоор багаггүй хугацаа өнгөрчээ. ҮЭХ-ны ажлыг хэр ойлгож, дэмжиж ажиллаж байна вэ?
-Ажилчдын хүсэл сонирхол, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж ҮЭХ ажиллах болсоор багаггүй хугацаа өнгөрлөө. ҮЭХ өнөөг хүртэл тогтвортой ажиллаж байна гэдэг нь байгууллагын удирдлагын түвшинд дэмжин ажиллаж байгаагийн тод илрэл юм.
-Далд уурхайн бүтээн байгуулалт зогссоноор хичнээн ажилчин ажилгүй болоод байна?
-Ойролцоогоор 1700 хүн түр ажилгүй болсон. Эдний дунд “Оюу Толгой” ХХК-ийн үндсэн 64 ажилчид байсныг халахгүйгээр өөр ажилд шилжүүлсэн. Харин бусад нь манай гэрээт оператор компанийн ажилчид учраас бидний оролцох асуудал биш.
-Баяжуулах үйлдвэр нийт хүчин чадлынхаа 90 хувийг ашиглаж байгаа энэ нөхцөлд Монголын эдийн засагт хэр өгөөжтэй татвар, төсөв бий болохоор байна вэ?
-Татварын талаар би одоохондоо тодорхой юм хэлж мэдэхгүй байна. Харин хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бусад бүх татвараа төлөөд явах нь тодорхой. Өнгөрсөн 2012 оны 11 сарын байдлаар “Оюу Толгой” ХХК Монгол Улсын төсөвд нэг их наяд төгрөгийн татвар төлсөн байдаг. Энэ жил ч мөн хэмжээний татвар төлнө. Одоо баяжмал зохих хэрэглэгчдийнхээ гарт очиж орлого бий болж эхэллээ.
-Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн тохиолдолд
эдийн засгийн төсөөллийг та хэрхэн харж байна вэ?
-Далд уурхай ажиллаж эхлэхэд манай улсын ДНБ-ийн 30 хувийг “Оюу Толгой” дангаараа бүрдүүлэх бололцоотой болно. Үүнээс “Оюу Толгой” ХХК-ийн Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг шууд харж болохоор байгаа юм.

Баяжуулах үйлдвэр
Түүнчлэн “Оюу Толгой” ХХК-д ажиллаж буй ажилчид болон ханган нийлүүлэгч, оператор компанийн ажилчид, тэдгээрийн гэр бүлийн эдийн засагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй тухайн компаниудын улсад төлөх татвар эрс сайжирна. Энэ ч утгаараа Монгол Улсын эдийн засагт дам эерэг нөлөө шууд үзүүлнэ.
-“Оюу Толгой” -н анхны бүтээгдэхүүн худалдан авагч нартаа ямар үнээр хүрснийг хэлэх боломж байна уу?
-Тодорхой хэлэх боломжгүй. Дэлхийн зах зээлд зэсийн үнийн хамгийн өндөр ханшаар бүтээгдэхүүнээ худалдсан.
-“Оюу Толгой” төслийн талбайд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь залуучууд байна. Гэр бүлийг нь Ханбогд суманд суурьшуулах боломжийн тухайд?
-Аливаа үйлдвэрт заавал гэр бүлээрээ байх албагүй. Тэр тусмаа уурхай нарийн техник технологи дээр суурилан үйл ажиллагаагаа хэвийн явуулах учиртай. Хэрэв гэр бүлээрээ Хан Богд суманд ирж амьдарна гэвэл түүнийг хэн ч зогсоож, хорьж чадахгүй. Харин уурхайн бүсэд ажилчдын ажиллах хугацааг 28 хоногоор тогтоосон.

Далд уурхай & Босоо ам

Баяжмал ачигдаж байгаа нь...
Foto by Tsolmon' N, Taivan' B
Ч.БҮРЭНБАЯР: Шийдэгдэх бололцоотой хэлэлцээр дээр түлхүү анхаарч байна... | ||
Үзсэн: 2185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.