
/Малын мах сүүнд агуулагдах химийн гаралтай эм тарианы үлдэгдлийн талаар "Монголын Мэдээ" суваг “Эх сурвалж” нэвтрүүлгээрээ хөндлөө. Сэтгүүлчийн тэмдэглэлийг сийрүүлье.../
Өнгөрсөн жил билүү дээ... Төв аймгийн сайн малчин айлаас сурвалжилга бэлтгэж байсан юм. Ахимаг насны гэр бүлийн хоёр нутаг усандаа алдартай малчид. Мал маллах арга туршлага ч гэж янзын. Чухамдаа өвлийн хатууг өнчин ишигний гарзгүй давдаг гэж сонсоод их л олзуурхаж туршлага юуг нь хальсанд буулгасан юм. Хонь ямааныхаа хөлд нь оймс оёж өгнө, хотоо бүтээж дулаан байдлыг нь сахиулдаг гээд тэр хоёрын туршлага залуу малчдад үнэгүй хичээл болохоор байлаа. Гэхдээ гэрийн эзний яриан дунд орсон нэг л өгүүлбэр намайг гайхаж цочирдуулахад хүргэсэн юм.
- За одоо ингээд хотоо дулаалчихна, хонь ямаандаа оймс хийгээд өгчихнө, бас ивомекээ тарина.
- Ивомек гэж юу юм?
- Өө, малын тарга тэвээрэг авахуулдаг их сайн тариа байдаг юм...
Малчин бид хоёрын дунд ийм л яриа болж өнгөрсөн. Энэ үеэс эхлээд л малчид малдаа тариа тарьдаг юм байна гэх бодол ердөө толгойноос минь гарч өгсөнгүй. Хотод өсөж өндийсөн мань мэт яаж мэдэхэв дээ... энэ малын эм тарианы тухай. Угаасаа сэтгүүлч бид чинь нэг сонссон юмныхаа зөв бурууг заавал мэргэжлийн хүмүүсээс асууж лавлаж байж санаа амардаг шүү дээ. Тэр ч ёсоороо нууц тандалт судалгаа маань үргэлжилж эхэлсэн. Эхлээд би хөдөө явах тоолондоо малчдаас сэм асуудаг боллоо. Ер нь ивомек, цагаан тариа гэх зэрэг химийн гаралтай тариаг үр дүн сайтай гээд өөрсдөө ихэвчлэн тарьдаг гэж байна шүү. Малын эмч, эм зүйчдээс ч бас тодрууллаа.
-Харин тиймээ, малчид одоо бүр дураараа тарьдаг болсон гэж байна. Малчдын дунд түгээмэл хэрэглэдэг ганцхан тарианы учруулж болох эрсдлийг уншигч танд хүргэе.
1. Ивомек гэж тариа ямар учиртай вэ?
Зундаа хачиг хувалз, гэдэсний шимэгчдээр дарлуулсан малаа аврахын тулд ивомек гэдэг тариа тарьдаг юм байна. Уг нь бол заавар зөвлөгөөнийх нь дагуу таривал Ивомек маш сайн тариа. Арьс махны завсар дахь шимэгчдээс авахуулаад гэдэс гүзээний бүх бичил шимэгч амьтдыг устгана. Энэ устгал хийгдсэнээс хойш 24-30 хоногийн дараа мах сүүг нь хүнсэндээ хэрэглэж болдог тухай Академич Яндагийн Ганболд хэлж байна. Гэтэл манай малчид ердөө 3 хоноод л сүүг нь ууж 7 хоноод л махыг нь идэш болгодог. Хор нь юу юм бэ... Тарьсан тариа малын биеэс бүрэн гадагшлаагүй тохиолдолд хүний биед дараах өвчлөлийг үүсгэнэ гэдгийг уг эмийг анх зохион бүтээсэн эрдэмтэд, бас олон улсын түвшинд судалгаагаар тогтоосон байна.
2. Ивомекийн бүлгийн бэлдмэлүүд:А. Хурц хордлогын үед төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн, элэг, бөөр гэмтэж, уушиг болон тархинд цусны тогтонгит нэвчрэлт болно.
Уушгинд цус тогтонгишох
Б. Архаг хордлогын үед цуллаг эрхтнүүдэд судасны гэмтлээс үүдсэн үхжлийн болон томрох явц ажиглагдана. Эм амьтанд үржлийн эрхтний эмгэг өөрчлөлт үүснэ/савны утаслаг үрэвсэл, хуурай болон идээт савны үрэвсэл, өндгөвчний ургал гэх мэт/
Савны үрэвсэл
Цаашилбал хорт хавдар үүсэх шалтгаан нөхцлүүд, онош нь үл тодрох харшлуудыг мэргэжилтнүүд дурдаж байлаа. Ерөөсөө, миний өөрөөсөө болон өрөөл бусдаас хамгийн их асуудаг асуултын хариулт л энд явж байсан юм. Яагаад усны тунгалаг, өвсний соргогт идээшилдэг малынхаа махыг идэж өссөн малчид хот суурин газрын есөн шидийн зүйл идэж уудаг, хорт утаагаар амьсгалдаг бидэнтэй адил өвдөж зовоод явдаг юм бол?
2015 онд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүнсний захуудад зарагдаж байсан махнаас дээж аван эмийн үлдэгдлийн шинжилгээ хийсэн байх юм. Энэ шинжилгээгээр хлорамфеникол, тетрациклиний /1977 оноос мал аж ахуйд хэрэглэхийг хориглосон/ болон сульфонамидын бүлгийн эм, ивермектиний үлдэгдэл 101-110 мкг/кг хэмжээтэй илэрсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 15 дахин их байсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл эдгээр төрлийн эм антибиотик малын биеэс гүйцэд гадагшилж амжаагүй байхад нь хүнсний хэрэгцээнд зориулан нядалсан гэсэн үг.
2006-2008 онд хийсэн “Малын гаралтай бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдлийн шалтгааныг тогтоосон дүн”, 2011 онд хийсэн “Баруун бүс нутгийн малын махан дахь үлдэгдэл бодисын тандалт шинжилгээ” зэрэг судалгаануудад практикт хэрэглэдэг эмийн үлдэгдэл илрээгүй байна. Харин 2012 оноос хойш хийсэн судалгаануудаар малын маханд эмийн үлдэгдэл илрэх болсон нь эмийн замбараагүй хэрэглээ газар авч байгааг нотолж байна.
Бас нэг сонирхолтой баримт: Малын эмийн бүртгэлд байгаа өөр өөр гарал үүсэл бүхий 45 ивомекийн зааврыг үзэхэд эмийн малын биеэс гадагшлах хугацааг харилцан адилгүй бичсэн байна. 3 нь 7-10 хоног, 11 нь 21-28 хоног, 8 нь 28-35 хоног, 1 нь 55 хоногийн дараа тухайн малын мах сүүг хүнсэнд хэрэглэж болох заавартай байжээ. Малчид алинд нь итгэх вэ?
Дэлхий ертөнц антибиотик, химийн гаралтай эм тариан бүтээгдэхүүндээ хатуу хяналт тогтоогоод эхэлсэн. Энэ их өвчин зовлон, хүн амьтны биед илэрч байгаа үй олон мутаци өөрчлөлтүүдийг өөрсдийн гараар буй болгоод байгаагаа ухаараад эхэлчихэж.
Моод монголоор дуусах ёсгүй! Бид ч бас өнөөдрөөс эхэлж ийм эмх замбараагүй байдалдаа цэг тавих хэрэгтэй. Өчнөөн олон зууны турш тэр эм тариаг чинь хэрэглэлгүй малаа малласаар өдийг хүрсэн. Нүүдлийн соёл иргэншил маань ч эм тарилга гэлгүйгээр малаа маллахад нэн тохиромжтой байж. Гэхдээ орчин үед зайлшгүй хэрэглэх ёстой байдаг юм бол өөрийгөө ч өрөөлийг ч хорлолгүйгээр заавар зөвлөгөөг нь ягштал биелүүлж болохгүй юм гэж үү? Яагаад ирээдүйдээ ийм хайнга хандах ёстой гэж?
Далд аюул | ||
Үзсэн: 4289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.