Шууд Chart

Эмийн үлдэгдэлтэй мах идээгүй гэх баталгаа байна уу

2016-11-21 14:17:41

“Би малчин хүн. Малаа элдэв төрлийн өвчнөөс яаж хамгаалах, ямар төрлийн эм тариа хэрэглэх, тэгээд хэнд, хэзээ зарж борлуулах нь миний л асуудал.” Хэн нэг малчны ийм бодлоос болж, эмийн үлдэгдэлтэй мах идээгүй гэх баталгаа бидэнд байна уу...

Баримт 1: Өнгөрсөн оны хавар "Нарантуул-2" худалдааны төв болон "Хархорин" хүнсний захад худалдаалж байсан махнаас Авермектиний эмийн үлдэгдэл илэрсэн. Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр эмийн үлдэгдэл байх ёстой хэмжээнээс 7 дахин их гэж тогтоосон байна.

Тухайн үед махны жижиглэн худалдаачид хонины мах гадны үнэр, амттай байна гэсэн шалтгаанаар захын шинжилгээний лабораторид ханджээ. "Нарантуул-2" захын “Алтан үе Буянт” шинжилгээний лабораториос энэ дээжинд тунадас үүссэн, эмийн бодис үнэртэж байна гэсэн анхан шатны дүгнэлт гаргасан байна. Ингээд махыг шинжлүүлэхээр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид ханджээ. Тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан н.Дэлгэр "2015 онд иргэд болон махны жижиглэн худалдаалчид хүнсний захад худалдаалж байсан хонины мах гадны үнэр,  амттай гэсэн шалтгаанаар гомдол гаргаж эмийн үлдэгдлийн шинжилгээнд хамруулсан. Авермектиний үлдэгдэл 101-110 мгр илэрч зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь эм хэрэглэсний дараа биеэс гадагшлах хугацаа дуусаагүй байхад нядалж хүнсэнд хэрэглэснээс болсон байна гэж үзсэн. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 7 дахин их хэмжээтэй гарсан гэсэн үг. Тухайн хонины махны гарал үүслийг судлан үзэхэд, өөр өөр хүнсний захад худалдан борлуулагдсан боловч махны нэг ченжээс худалдан авсан байсан. Махны гарал үүслийн гэрчилгээ нь малын их эмч болон багийн Засаг даргын гарын үсгээр баталгаажсан нэг малчин өрхөөс бэлтгэгдсэн мах болох нь тогтоогдсон. 

Авермектиний бүлгийн эм гэдэг нь малчдын нэрлэдгээр ивомик гэсэн үг. Ивомикийг малд тарьснаас хойш 21 хоногийн дараа тухайн малын мах сүүг хүнсэнд хэрэглэх ёстой. Мөн тунг нь тааруулж тарих нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Тэгвэл малчид ингэж ярилаа.

Малчин 1: Ивомик тариаг арьс махны завсраар тарьдаг. Зуны цагт өт батгантай үед ивомик тариаг шүрших буюу өт рүү шахаж тарьдаг. Өнөө үед бол хамгийн сайн л тариа гэж бодож байна даа. Өт батганд тун хэмжээ барина гэж байдаггүй. Энэ бол байдаг л зүйл.

Малчин 2: Малаа хамуунаас сэргийлэх гэж ивомик тариаг  хийдэг. Зун өтөнд, намар малаа тарга хүч авахуулах, хачиг хорхойноос сэргийлж хийсээр байна. Ач тустай тариа.

Малчин 3: Ивомик тариаг малдаа хийчихээд 7 хоног сүү, махыг нь хэрэглэдэггүй. Байнга өөрөө тарьдаг.

Малчдын хувьд энэ тариаг хэрэглэхдээ савлагаан дээрх монгол зааврыг мөрддөг. Мөн эмийн санчаас яаж хэрэглэх заавар жорыг нь асуудаг гэж хэлсэн. Иймээс бид малчдын эм тариагаа авдаг "Нарантуул" захыг зорьсон юм. Малын эмийн санчид дараах мэдээллийг өгч байна.

Малын эмийн санч 1: Малчид ийм мал байна. Ингээд өвчиллөө гээд малын эмийн санчаас зөвлөгөө авдаг. Харин ивомик тарианы хувьд малчдад сургалт, зөвлөгөө хийхгүй бол замбараагүй хэрэглэдэг. Малчид хор уршгийг нь тэр бүр мэддэггүй бүх юманд л сайн гэж боддог. Малын эмчээс зөвлөгөө ав гэхээр үгэнд ордоггүй. Малын эмийн сангууд зөвлөгөө өгөөд сүү, махыг нь хэд хоногийн дараа хэрэглээрэй гээд л гаргадаг. Ивомикийг уулгана, өт батганд цацна хэрэглэнэ гэдэг. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.

Малын эмийн санч 2: Зарим малчин заавар зөвлөгөө асууна. Зарим нь бид нарыг загнаад л өөрсдийн хийдэг тунгаараа л авдаг. Ивомик, туулга хоёрыг өдийд хэрэглэдэг болохоор энэ хоёрыг л ихэвчлэн авч байна. Ивомик тариаг амьдын жингийн 50 кг-д 1 гр гэж тооцон бог малыг 75 кг гэж бодоход 1.5 гр л хийх ёстой. Ингэж зөвлөхөөр зарим малчин 4 гр-аар хийнэ гээд өөрсдийнхөөрөө зүтгэдэг. Тунг нь хэтрүүлэхээр маханд амтагдана, хор хөнөөлтэй гээд хэлэхээр өөрсдийнхөө идэх бог маланд тэмдэг тавиад бусад малдаа хийдэг гээд өнөө өглөө хүртэл 4 гр-аар тооцоод авсан.

Малтай болгон нь ивомик хэрэглэдэг. Хүссэн үедээ худалдаж аваад, хэн дуртай нь тарьдаг. Тарихдаа өт батганд цацах, тунг нь хэтрүүлэх тохиолдол гарсаар байна. Энэ нь малын эмийн зохистой хэрэглээ алдагдсантай холбоотой гэж МХЕГ-ын байцаагч н.Ганхуяг хэлж байна.

1990 оноос хойш мал эмнэлэг хувьчлагдсантай холбоотойгоор малын эмийн зохистой хэрэглээ алдагдсан. Энэ юу хэлээд байна гэхээр нэгдүгээрт, малын өдөр тутмын эмийн хэрэглээ гэж байдаг. Энэ нь малын хамуу, хачигнаас урьдчилан сэргийлэх тарилга, туулгыг зах зээлээс шууд худалдаж аваад хэрэглэдэг. Эдгээр эм бэлдмэлүүдэд малын биед хадгалагдах зохистой хугацаа гэж байдаг. Жишээлбэл, ивомик тариаг малд тарьснаас хойш 21 хоногийн дотор мах, сүүг хэрэглэхгүй гэх заавартай. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед вакцин, тарилга, туулгыг нэгдсэн журмаар  хийгээд тодорхой хугацаанд нийтийн хүнсний хэрэгцээнд хэрэглэдэггүй. Өнөөдөр бидний идэж байгаа махны гадна өнгө үзэмж нь сайхан өнгөтэй байлаа ч гэсэн шөл гардаггүй, амт чанартай болчихдо. Энэ нь  ивомикийг бүрэн гадагшлаагүй байхад нь хэрэглээд өөрсдийгөө хордуулаад байна  гэсэн үг. 

Үүнээс үүдэн хэн, хэзээ, хаана, ямар эм тариа тарьсан нь тодорхойгүй малын махыг  зах зээлд худалдаалж байна. Уг нь журмаараа бол малчид эм тариа аваад, малын эмчийн  заавар жорын дагуу хэрэглэх ёстой. Гэтэл манай улсад малын эмчийн хүрэлцээ хангалтгүй байна. Мал эмнэлгийн ухааны доктор, профессор Содномдаржаа:

Монголын малын тоо өсөж байна. Жилд бэлтгэдэг малын эмчийн тоо өсөхгүй байна. Яг идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй малын эмч байна. Тарилга, туулгын үед гэрээт ажилтан авч ажиллуулдаг. Ингээд бодохоор 60 сая малд үйлчилгээ хийж байгаа малын эмч гээд тооцохоор 2500 хүрч байна.  1 малын эмчид хэдэн мал оногдож байна гэхээр 25 мянган мал. Тэгээд 1 малын эмч цай уух завгүй ажиллахад өдөрт 1 мянган мал тарьж чадах нь уу үгүй юу. Ингээд бодохоор бүх тарилга, туулгыг дан малын эмч тарина гэж бодож болохгүй. Энэ хэрэгжихгүй. Энэ нөхцөлд малчин хүн бас дураараа тариа туулгалт хийнэ гэж байхгүй. Тийм учраас малчин, малын эмч хоёр гэрээтэй  зөвлөгөө, заавар авч эм тариа хэрэглэдэг байх. Эцэст нь хэлэхэд малчин хүн дур мэдэж өөрийнхөө таамгаар, сонсоноор ингэж их хэрэглэж байгаа нь өөрийнх нь малд ч ашиг тус болохгүй, нийтийн эрүүл мэндэд ч тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй.

Малчдад зөвлөгөө өгөх малын эмчийн хүрэлцээ хангалтгүй. Тэгэхээр малчид ямар тариа аваад, хэдэн удаа яаж тарьсныг хянах тогтоох боломжгүй юм байна. Гэтэл эмийн үлдэгдэлтэй махыг тогтмол хэрэглэвэл урагт гаж нөлөө үүсгэх аюултай гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторын эрдэм шинжилгээний ажилтан Дэлгэр:

Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн дэх эмийн бодис цочмог хордлого үүсгэх магадлал харьцангүй бага боловч хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлын хамгийн том асуудал бол урагт гажих үүсгэж болох бодис юм. Ялангуяа хүнсний зориулалтаар үржүүлж байгаа мал амьтнаас илэрсэн эмийн үлдэгдэл нь асар их эрсдэл учруулдаг. Түүнчлэн ивомик бэлдмэл нь харх, туулай, хулганы урагт гажих үүсгэх нөлөөтэй болох нь тогтоогдсон. Бусад улсад ивомик тариаг хавар хэрэглэдэгээс гадна яг мал нядлахын өмнө хэрэглэдэггүй болохоор эмийн үлдэгдэл байх магадлал харьцангүй бага байдаг.

Эмийн үлдэгдэлтэй махыг нэг удаа хэрэглээд л урагт гаж нөлөө үүсгэнэ гэсэн үг биш. Тогтмол хэрэглэвэл ийм эрсдэлд хүрнэ гэдгийг хэлсэн. Тэгвэл нийтийн хүнсний хэрэгцээнд зах худалдааны төвүүдэд худалдаж байгаа малын махыг ивомикийн үлдэгдэлтэй эсэхийг мэргэжлийн байгууллагууд хянах боломжтой юу?

Баримт 2: Манай улсад ганцхан Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид эмийн үлдэгдлийг хянах боломжтой. Иймээс зах худалдааны төвийн махны эмийн  үлдэгдлийг бүрэн хянах боломжгүй гэж албаныхан мэдээлж байна.

Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори  зөвхөн экспорт, импортын мах махан бүтээгдэхүүнд эмийн үлдэгдлийн шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл, дотоодын зах худалдааны төвийн маханд шинжилгээ хийх чиг үүрэггүй. Харин зах, худалдааны төвүүдийн лабораториос дээж ирүүлбэл, баталгаажуулах шинжилгээ хийдэг гэлээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан н.Дэлгэр:

Одоогоор манайх экспорт, импортын малын гаралтай бүтээгдэхүүнд эмийн үлдэгдлийн шинжилгээ хийж байна. Харин дотоодын хэрэгцээг хянаагүй байна. Бид нар дотоодын хэрэгцээг шинжилж үзээгүй болохоор  эмийн үлдэгдэл байгаа, байхгүйг мэдэхгүй ш дээ. Санамсаргүй тохиолдлоор асуудал гарсан дээж ирсэн. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 7 дахин их эмийн үлдэгдэл илэрсэн нь үнэртэх, амтлагдах хэмжээнд байсан. /Зөвшөөрөгдөх хэмжээ нь 15мгр/.  30 мгр, 50 мгр бол амтлагдаж, үнэртэхгүй. Тэгэхээр ийм хэмжээтэй мах нийлүүлэгдэж байх магадлалтай, эрсдэл байгаа.

Эмийн үлдэгдэл ихтэй мах зах худалдааны төвүүдэд зарагдаж байх магадлалтай гэдгийг хэллээ. Гэвч энэ бүгдийг хянах чиг үүрэгтэй лаборатори байхгүй байна. Аймаг болон зах худалдааны төвийн лабораториуд махны чанар стандартыг хянадаг боловч, эмийн үлдэгдлийг шалгах хэмжээнд нарийн шинжилгээ хийх технологи, төсөв мөнгө байдаггүй гэлээ. Мал эмнэлгийн ухааны доктор, профессор Содномдаржаа:

Яаж хянах вэ гэдэг бол одоогийн тулгамдсан асуудал мөн. Нэгдүгээрт эрсдлийн үнэлгээ хийгээд дотоодын мах, махан бүтээгдэхүүн дэх ивомик дээр анхааръя.  Хоёрдугаарт, импортын бүтээгдэхүүн дэх антибиотик болоод бусад зүйл дээр анхааръя гээд эрсдлийн үнэлгээ хийгээд тогтлоо гэхэд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал цаана нь үлдэнэ. Ер нь бол Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит илрүүлэх, илрүүлсэнээ баталгаажуулах хоёр, гурван шатны нарийн багаж хэрэглэж байгаа. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, арга зүйн сургалт аймгуудын лабораторит явуулж байна. Аймгуудын лаборатори илрүүлэх шинжилгээний “элиза” аргыг хэрэглэх бүрэн боломжтой. Яг хэрэглэе гэхээр элиза оношлуур үнэтэй.  1 мах буюу 1 дээжинд  6-7 мянган төгрөгийг элизагийн шинжилгээнд зарцуулна. Өчнөөн олон дээж байдаг. Тиймээс аймгийн төсвөөс гаргаад хийнэ гэхэд төвөгтэй.

Дотоодын хэрэгцээний маханд эмийн үлдэгдэл байгаа эсэхийг хянах нөхцөл боломж байхгүй гэдгийг хэлж байна. Тэгвэл бид эмийн үлдэгдэлтэй мах хэрэглэхээс яаж сэргийлэх вэ?  Бид эмийн үлдэгдэлтэй мах идээгүй гэх баталгаа байна уу? МХЕГ-ын байцаагч Ганхуяг:

Иргэд, хэрэглэгчид гарал үүслийн гэрчилгээтэй махыг худалдаж авахдаа ар талын хуудсан дах вакцин туулгалтад хэзээ хамрагдсан талаарх мэдээллийг  анхаарч үзэх хэрэгтэй. Өчигдөр тарьчихаад өнөөдөр зах дээр зарж байгаа махыг та авч байгаа бол та өөрөө өөрийгөө хордуулж байна гэж ойлго. Мэргэжлийн хяналт үүн дээр хяналт тавих боломж байдаггүй. Нарантуулын урд талын эмийн сангаас малчид өөрсдөө очиж аваад малдаа хийчихдэг. Мал эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх үйлчилгээ нь хомсдсон. Зөвхөн улсаас үнэгүй олгож байгаа вакцинуудыг хувийн мал эмнэлгийн газраар гүйцэтгүүлж байна. Зохистой хэрэглээн дээр төр засгаас бодлого боловсруулах шаардлагатай. Нэг талдаа нэг хоёр айлын хоолны амт чанар яриад зогсохгүй цаашлаад хүний эрүүл мэнд талаасаа бодож урьдчилан сэргийлэх ёстой. Вакцин, антибиотикны зохисгүй хэрэглээнээс хүнээ хамгаалах хэрэгтэй. Малын эмийн зохисгүй хэрэглээ нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Иргэд болгоомжтой хандаж хэдийд тарьсан байна, аль аймгаас ирсэн байгааг хянаж харж авах. Хэрэв дутуу байвал худалдаж авах эсэх нь иргэн таны сонголт.

Мах худалдаж авахдаа гарал үүслийн бичгийг нь харах хэрэгтэй. Харин ингэхдээ хэзээ тарилга, вакцинд хамрагдсан гэдгийг нь нарийвчлан үзэх нь чухал гэж ХХААЯ-ын Мал эмнэлэг үржлийн газрын дарга Батцэнгэл онцоллоо.

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит улсын хэмжээнд борлогдож байгаа бүх мах сүүг шинжлэх боломжгүй. Харин экспортод чиглэсэн эсвэл иргэдийн гомдолд үндэслэн шинжилж байгаа. Гарал үүслийн гэрчилгээнд цусан халдвараас сэргийлэх вакцин, ивомик зэргийг тэд хоногийн өмнө тарьсан гэсэн  бүх асуулт хариулт байгаа. Гарал үүслийн гэрчилгээгүй мах сүү борлуулж байгаа худалдагч нарт хариуцлага тооцоол ирвэл нийлүүлж байгаа иргэн, байгууллагаас гарал үүслийн гарчилгээ бас нэхнэ ш дээ. Бид тэгээгүйгээс эмийн үлдэгдэлтэй мах сүү хэрэглээд байна. Энэ бол ганцхан мэргэжлийн байгууллага буюу мал эмнэлгийн асуудал биш. Хамтарсан хяналт шалгалт иргэдийн оролцоотой хийх ажил байгаа юм.

Махны гарал үүслийн бичгээс бүх мэдээллийг нь харах боломжтой. Ядаж буух эзэн, буцах хаягтай мах авах нь чухал гэж холбогдох албаныхан тайлбарлалаа. Гэсэн хэдий ч гарал үүслийн бичигтэй мах байлаа ч гэсэн эмийн үлдэгдэлтэй эсэхийг нь хэн баталж чадах вэ? Малчид өөрсдөө малаа тариад, тэр бүхнийгээ гарал үүслийн бичигт нь тэмдэглэж байна уу гэдэг нь ч эргэлзээтэй хэвээр. Иймээс малчид малын эмчээс заавар зөвлөгөө авах, тарианыхаа тунг хэтрүүлэхгүй байх, эмийн гадагшлах хугацааг баримтлах зэрэг шаардлагыг мөрдөх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд сануулж байна.

Манай улс эмийн үлдэгдэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж эхэлсэн ч энэ нь бодит ажил хэрэг болох болоогүй гэж Мал эмнэлэг үржлийн газраас мэдээлсэн. Одоогоор манай улс нэг эмийн үлдэгдэл илрүүлэхийн тулд улсдаа ганцхан Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид ханддаг. Гэтэл гадны оронд ганц тестээр 40-өөд төрлийн эмийн үлдэгдлийг шалгадаг түргэн шалгах аргыг нэвтрүүлсэн байх жишээтэй.

Эмийн үлдэгдэлтэй мах идээгүй гэх баталгаа бидэнд байна уу?

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг.

Нийтэлсэн: Mонголын радио

Эмийн үлдэгдэлтэй мах идээгүй гэх баталгаа байна уу   
Үзсэн: 5351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zzzz [202.131.243.xxx] 2017-07-05 08:24
Хүмүүс мах авахдаа шинэ мах гэж ирээд л авдаг,Хэзээ тарилга туулга хийсэн нь тодорхойгүй шинэ мах эм пестицидийн үлдэгдэлтэйл байна гэсэн үг. Ер нь бол хадгалалтын горим сайн барьсан намар төхөөрч хадгалсан мах шинэ махтай ойролцоо байдаг.
n [202.21.116.xxx] 2017-02-07 21:16
maliin emiin sangaas em avhdaa maliin emchiin bichsen jord undeslej olgodog bol ingehguishdee tegeed maliin garal uusliin gerchilgeed maliin emch olgohdoo hiiged ug gesniih ni zorgoor bish hariutslagatai gereetei malchidad hiij ugch baimaar yum er ni maliin emch nar codetai tamgatai bolood emiin san tsahimaar burtgeed jor bichsen emch ni program deer tulgalt hiij bj ugdg bolkuu yu tiiml ih sanaa zovj bgaa bol

Бидэнтэй нэгдээрэй