Шууд Chart

Цас их орсноос үүдэн Бээжин, Торонто, Бишкект багагүй хүндрэл учирчээ

2016-11-22 09:36:23

Манай хөрш Хятадын нийслэл  хотоос авахуулаад Канадын Торонто  хот гээд олон  хот,  бүс нутагт цаг агаар хүйтэрч, цас ихээр орсноос  болж  багагүй  асуудал  дагуулж  байна. Өчигдөр орой 20:00 цагаас Хятадын  нийслэл Бээжин  хотод  цас орж  эхэлсэн  бөгөөд 40 цагийн туршид  үргэлжлэхээр байна гэж цаг уурчид нь мэдээлж  байна. Тиймээс хотын тээвэр,  эрчим хүчнийхэн, тохижилт  үйлчилгээний  албаныхан  анхны  цаснаас болж  гарч болзошгүй  үр дагаврыг арилгах  онцгой  төлөвлөгөөнүүдийг  санаачлаад  буй юм байна.

Бээжин

Хятадын хэвлэлүүдийн дамжуулж  байгаагаар өнөөдөр  Бээжингийн баруун болон  хойд дагуул хотуудад  цасан  шуурга болж  хунгар  ихээр  тогтохыг  анхааруулж  байна.  Бээжингийн удирдлагуудын мэдээлж  байгаагаар их цасыг  цэвэрлэх  ажилд  л гэхэд  цэвэрлэгээний 500 гаруй тусгай машин, гурван мянга гаруй  хүн оролцож буй аж. Авто машин эзэмшигчид өнөөдөр л гэхэд  хотын удирдлагуудын уриалгаар  хувийн  машинаа  орхин  автобус,  метрогоор  зорчицгоож байна. Тиймээс  Бээжинд  тээврийн системийн ачааллыг  багасгах зорилгоор нэмэлт автобусууд үйлчилгээнд гаргаж байна.  

АДАМОВСК      

Харин ОХУ-ын бүгд найрамдах Буриад улсын  Баргузин,  өвөр  байгалийн  бүс  нутагт  бас  их хэмжээний цас орсонтой холбоотойгоор хоёр тосгонд  онц байдал зарласан  байна. Эдгээр нь  Байгаль нууртай  ойр  оршдог Усть Баргузин,  Адамовск  тосгонууд  юм байна.  Орон нутгийн удирдлагууд   их  цасанд  боогдсон хүмүүсийг аврах, зам, давааг цэвэрлэх ажилд  бүх  хүн хүчээ дайчилж  байгаа ч  бас хүчрэхгүй байгаа юм байна.

ТОРОНТО

Канадын  зүүн  хойд  нутаг болоод Торонто хотод  их хэмжээний цас орсноос болоод  12 мянган  хүн гэрэл цахилгаангүй  болжээ. Хүчтэй  цасан шуурганаас болж  энд   олон  зуун модод  үндсээрээ  булгарч унасан байна. Модод булгарч унахдаа цахилгаан  дамжуулах шугамуудыг  тасалсан  байна. Шуурхай албаныхан газар  дээр  нь  ажиллаж  байна.

БИШКЕК

Харин  Киргизийн нийслэл хот дахь Манас  олон  улсын нисэх онгоцны  буудал  онцгой  нөхцөлд  ажилласан. Цаг агаар муудаж,  их  цас  орсноос болоод өчигдөр тус  буудлын бүх нислэгийг  хойшлуулсан байна. Мөн  нэг  ч  нислэгийг хүлээн аваагүй аж. Өнөөдрөөс  тус нисэх онгоцны  буудлын  хөөрөх, буух талбайн  нэг зурвасын цасыг цэвэрлэж  саатаад  байсан онгоцуудыг нисгэжээ.

 

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Цас их орсноос үүдэн Бээжин, Торонто, Бишкект багагүй хүндрэл учирчээ   
Үзсэн: 2591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй