Шууд Chart

“Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн хуралдаан боллоо

2016-11-30 14:44:51

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил идэвхтэй болж ирсэн байна. Сүүлийн 3 жилд гэхэд жилдээ 2500 орчим газар хөдлөлт зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн эрсдлээс ард иргэдийг хамгаалах, хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд авах арга хэмжээг зохион байгуулах байнгын ажиллагаатай зөвлөл байгуулагдсан юм.

Хуралдааны үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч, доктор М.Өлзийбат хэлэхдээ “Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхжил, хүнд мэдрэгдэх хэмжээний хүчтэй газар хөдлөлтийн тоо ч бас нэмэгдэж байна. Нэг хоногт 200-300 удаа газар хөдөлж байсан тохиолдол ч бий. Өмнө нь хүчтэй газар хөдөлж байсан хагарлуудыг дагаад дахин идэвхжиж байна гэсэн үг. Үүнээс үзэхэд газар хөдлөлтийн аюул Улаанбаатарт ойрхон байна. Тиймээс үүнд бэлэн байх хэрэгтэй. Байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагаа ч үүнд чиглэгдэнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар хөдлөлийг хэмжих, идэвхжилийг өндөр нарийвчлалтайгаар тасралтгүй хянах орчин үеийн 36 багаж хэрэгсэл байрлуулсан” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү “Байнгын ажиллагаатай зөвлөлийн гол үүрэг нь Улаанбаатар хотод газар хөдөллөө гэхэд ямар зохион байгуулалттайгаар, ямар хүн хүчээр ажиллаж, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэсэн зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх юм” гэв. Хуралдаанд оролцогсод Одон орон, геофизикийн хүрээлэн дэх газар хөдлөлтийн идэвхжилийг станцуудаар дамжуулан хянадаг лабораторитой танилцлаа.


“Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн хуралдаан боллоо  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй