
ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг энэ онд “Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе хэлэхдээ “...Яг одоо бол ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгдэх цаг мөн. Энэ боломжийг ашиглан 2030 он гэхэд нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн ДОХ-ын аюулыг устгахын төлөө яаравчилъя” гэж гишүүн орнуудад уриалсан байна.
Манай улсын хувьд ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар халдварын тархалт багатай орон гэж үнэлэгддэг. ХДХВ-ийн халдварын байдлыг авч үзвэл, 2016 оны 12-р сарын 1-ний байдлаар нийт 221 тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуус, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99 хувь нь бэлгийн замаар дамжжээ. Нас баралтын тохиолдол нийт 35 байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 2011 онд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн ДОХ-ын асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт дээр амлалт авч байсан. Энэ нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ХДХВ-ийн халдварыг цусаар дамжуулахгүй байх, эхээс урагт дамжуулахгүй байх асуудал байсан.
Монгол Улс энэ амлалтаа сайтар биелүүлж, одоогоор ийм тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ бид тайвширч болохгүй гэдгийг зориуд анхааруулъя. Монгол Улсын Засгийн газраас ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаагийн нэг илрэл бол ДЭМБ-аас зөвлөмж болгож буй вирусын эсрэг эмчилгээнд халдвартай иргэдийг хамруулах явдал юм. Халдвар авсан хүмүүс эмчилгээнд хугацаа алдалгүй орох нь чухал гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Иймээс 15-49 насныхан буюу нөхөн үржихүйн насны хүмүүс жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй юм гэдгийг зөвлөж байна.
2014 оноос эхлэн ХДХВ-ийн эсрэг эмчилгээг бүх халдвартай иргэдэд эмчилгээг улсын зардлаар бүрэн санхүүжүүлж, одоогийн байдлаар ХДХВ-ын халдвартай амьдарч буй нийт хүмүүсийн 85 хувийг вирусын эсрэг эмчилгээнд хамруулаад байна. Энэ нь олон улсын түвшинд үнэлэгдэхүйц үзүүлэлт юм.
Дэлхий нийтээрээ жил бүрийн ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах энэ өдрийг угтаж, Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудын эрүүл мэндийн ажилтнуудаар дамжуулан, өсвөр үеийнхэн, оюутан залуучуудад мэдээлэл түгээх, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын оролцоог дэмжих, дуу хоолойг нийтэд хүргэх ажлуудыг хийж байна.
Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв дэх “Улаан тууз” эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээрх БЗДХ-ын кабинетууд 12 дугаар сарын 1, 2-ны өдрүүд уртасгасан цагаар ажиллаж, шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө.
Халдвар дамжих зам:
Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр
Урьдчилан сэргийлэх арга замууд:
Хосууд бие биендээ үнэнч байх
Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
Зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх
ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Монгол Улс ДЭМБ-ын ангиллаар халдварын тархалт багатай орон гэж үнэлэгддэг | ||
Үзсэн: 2331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.