Шууд Chart

Би аавтайгаа гэрлэсэн

2016-12-01 14:18:08

“Монголын мэдээ” сувгийн Япон дахь сурвалжлагч Н.Базарсүрэн ээлжит орчуулгаа ирүүллээ. Түүний орчуулгад Япон хүмүүсийн өвөрмөц сэтгэлгээ, хандлага, эгэл жирийн хүний хүсэл, мөрөөдөл, энгийн амьдралын дүр зураг буусан байдаг.

Би хүүхэд байхдаа аавынхаа эхнэр нь болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Хачин сонин мөрөөдөл шүү . Гэхдээ энэ бол эргэн тойрны хэнээс ч илүү ойр дотно аавын охин байсан гэсэн үг л дээ. Ахлах сургууль төгссөн жил. Их сургуульдаа төрсөн нутгаасаа хол өөр шинэ орчинд бие дааж амьдрах сонголт хийв. "... Өөрөө дараа нь хийсэн сонголтондоо харамсахгүй бол болноо охин минь . Ээж нь дэмжиж байгаа болохоор миний охин хичээгээрэй / гамбарэ/..." гэж ээж маань хэллээ.

Гэтэл аав минь эсэргүүцэж .... Тэр сургуультай чинь ижилхэн сургууль төрсөн нутагт чинь олон бий охин минь. Эндээ сурсан дээр биз дээ ... хэмээн уурлаж гарав. Анх удаа аав минь надад хатуу үг хэлж байгаа нь энэ юм. Би дуугарсангүй, ээжтэйгээ хоёулаа нийлэн шалгалтандаа бэлтгэж бас нүүх суух ачаа бараагаа цэгцэллээ. Ингээд явахынхаа урьд орой нь аавдаа маргааш шинэ сургууль руугаа явах тухайгаа хэлэв. ... Ааваа маргааш өглөө би явлаа ... гэхэд . .... Өөрийнхөө дураараа бол ... хэмээн дургүйцсэн хэвээрээ хариуллаа. Өглөө эрт 7 цагийн хөхөө дуугарахад / орон даяар цаг болгонд дуугардаг / сая сэрж цайгаа уун гэрээсээ гарлаа. Ээж дэншяны /цахилгаан тэргэний / буудал хүртэл намайг гаргаж өгөв. Аав минь ирсэнгүй. Сургууль, номын сан, дээрээс нь дадлага, бэлтгэл гээд завгүй өдрүүд  үргэлжилсээр 6 сар нүд ирмэхийн зуур өнгөрлөө.  Хааяахан ээж маань утсаар ярина. Завгүй үед битгий залгаад бай гэх нь холгүй яриагаа хурдан дуусгана. Залуу байхад юм юмыг анзаардаггүй байж дээ. Аавын тухай асуухаар ээж ганц хоёр үгээр хариулна.

Нэг удаа үдийн завсарлагаар утас дуугарлаа. Ээж минь их намуухнаар " ... Миний охин хичээл нь сайн уу? Хичээгээрэй охин минь. Үнэндээ ээж нь чамтай тухтай ярих хэрэг болчихоод ...." гэлээ. “.... Юун тухай? Би хичээл ихтэй завгүй байна ээжээ” гэхэд “Аавын чинь тухай юм аа” гэв. “Үнэндээ аав чинь чамайг ахлах сурууль төгсөх үеэс эхлэн улаан хоолойн хавдар гэсэн оноштой байнга эмнэлэгт үзүүлж байсан юм аа. Энэ удаа хагалгаанд орох болохоор чамд хэлэхгүй бол болохгүй гэж бодсон ч аав чинь битгий хэлээрэй гэсэн юм. Хичээл номонд нь саад хиймээргүй байна гэж аав чинь хэлсэн ч нууж чадсангүй. Чамайг хол сургуульд гаргаж өгөх өдөр аав чинь дэншяны буудал дээр нууцхан хараад зогсож байсан билээ. Ийм болохоор миний охин гэртээ ирж аавтайгаа уулзсан нь дээр гэж бодоод ээж нь залгаж байгаа юм” гэлээ. Би нулимсаа барьж дийлэлгүй утсаа тавьлаа. Зөвхөн өөрийнхөө төлөө шийдсэн энэ сонголтондоо анх удаа гэмшин, сэтгэлээр унаж, яагаад би аавтайгаа ярилцаагүй юм бол гэж удаан бодлоо. Удалгүй сургуулийн өвлийн амралт эхлэж нутаг буцах гэтэл ааваас маань захидал ирлээ. "...Өөрийнхөө шийдсэн зүйлээ битгий хаяарай. Аав нь эсргүүцэж байсан ч миний охин өөрөө шийдсэн болохоор чамд би итгэж байна. Аав нь охиноо үргэлж дэмжиж байгаа шүү. Хичээгээрэй миний охин" гэсэн захидал. "... Аавдаа баярлалаа. Намайг ойлгож дэмжиж байгаад дахин талархаж байна. Би хичээж их сургуульд орох болноо. Үнэхээр сэтгэл зүрх минь дулаан сайхан боллоо. Аавдаа хайртай шүү. Би хичээх болохоор аав та ч гэсэн хичээгээрэй. Би зуныхаа амралтаар очиноо ааваа. Миюүки " гэж хариу захидал бичлээ. Аав минь тэр зун 2 дахь удаа хагалгаанд орж амжилттай гарч ирсэн ч хорт хавдар нь биеийнхээ бүх эрхтэнд тархсан гэдгийг эмч нар анхааруулж бидэнд хэллээ. Амьдрал сонголт байдаг хэдий ч хайртай гэр бүлийнхэнтэйгээ, аавтайгаа хамт байх хугацаа багасаж байгаа гэж бодохоор сэтгэл шимширч байлаа. Зуны амралт, хичээл ном гээд 4 хавар өнгөрч их сургуулийн амьдрал дуусч төрийн ажилтан болох шалгалтаа өглөө. Энэ хугацаанд аав маань эмнэлэг, гэр, эмнэлэг гэсэн тойргоор эмчлүүлэн хичээсээр... Хагас жилийн настай оноштой аав маань 4 жил гаран хичээсэн ч хорт хавдар хэмээх аймшигт өвчинд өөрийн эрхгүй дийлдсэн юм. Эмнэлэгт хэвтэж байхдаа аав минь "...Миюүки хурдан хүнтэй суу, аавтайгаа адилхан хүн сонгоорой" гэж байнга хэлдэг байв. Нэг удаа бүүр Оошима нутгийн танил хүн дуудаж уулзуулж билээ. Мэдээж аав минь өөр шигээ сайн хүн сонгосон учраас танилцуулсан байх л даа. Хэдийгээрг хуучинсаг ёс байж болох ч би энэ удаа өөрийнхөө бус аавынхаа сонголтоор амьдралаа шийдсэн юм.

Одоо би 3 охинтой аав шигээ сайн ханьтай, мөр цэгц төрийн ажилтан болж, сайхан амьдралаар урагшилж явна. Аавтай минь адилхан нөмөр нөөлөгтэй ханьтай, бас энэ нь аавын сонголт учраас миний мөрөөдөл биелсэн гэж бодож сууна. Аавтай байх сайхан байсан.

“Монголын мэдээ”-гийн Япон дахь сурвалжлагч  Н.Базарсүрэн

Нийтэлсэн: Н.Базарсүрэн

Би аавтайгаа гэрлэсэн  
Үзсэн: 2783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй