СЗХ-ны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрээр ажил аваад төдийлөн удаагүй байгаа ч банкнаас бусад санхүүгийн салбаруудын нийт санхүүгийн зах зээлд эзлэх хувийг 10-15-д хүргэхээр амлаад байгаа. Одоо уг үзүүлэлт ердөө 4-5хувь байгааг тооцвол энэ зорилт нь асар зоримог үйлдэл гэж болно.
- Санхүүгийн зах зээлийн дөрөвхөн хувийг л банкнаас бусад санхүүгийн зах зээл эзэлж байна. Яаж 10-15 хувьд хүргэх вэ? Зах зээлийг тэлэх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлж ажиллах вэ?
- Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 95 гаруй хувийг банкны салбар эзэлж, үлдсэн 5.0 хүрэхгүй хувийг л үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбар эзэлж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд банкны салбар үсрэнгүй хөгжиж, олон төрлийн шинэ шинэ бүтээгдэхүүн бий болсон бол хөрөнгийн зах зээл дээр хувьцаа, үнэт цаас, Засгийн газрын бонд гэсэн ердөө гуравхан бүтээгдэхүүн л байна. Энэ бол банкнаас бусад санхүүгийн салбарын хөгжил ямар байгааг харуулах нэг үзүүлэлт юм.СЗХ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, зах зээлд эзлэх хувийг 15 хувь болгох зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдыг хамгаалах сангхөгжүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох зэрэг арга хэмжээг харилцан уялдаатайгаардунд болон урт хугацааны бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ. Энэ бүхнийг үе шаттай, зөв дэс дараалалтай хэрэгжүүлснээр 2020 он гэхэд санхүүгийн зах зээлд хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь 15-д хүрэх боломж бүрдэх юм.
- Арилжааны банкны хүүнээс татвар авахгүй байгаа нь банкны салбарыг дэмжиж, харин эсрэгээр хувьцааны ханшийн зөрүү болон ногдол ашгийн орлогоос татвар авч байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хязгаарлаж байна. Энэ нөхцөл байдалд төрийн зохицуулагч байгууллагаас ямар татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогоос албан татвар суутган авч байгаа. Эмзэг, сул эдийн засагтай, санхүүгийн зах зээлд эзлэх хөрөнгийн зах зээлийн хувь бага, үр ашигтай санхүүгийн зуучлалын тогтолцоо бүрдээгүй манай орны хувьд ингэж ногдол ашиг, хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогоос татвар авах нь хувьцаат компаниудын ногдол ашиг тараах, хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох сонирхлыг бууруулах сөрөг нөлөөтэй.Тиймээс бид гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх хүрээнд татварын зөв зүйтэй бодлого, хөшүүрэг хэрэглэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн тавихаар бэлтгэж байгаа. Бид саяхан УИХ-ын ЭЗБХ-ны хуралдаанд мэдээлэл хийж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа. Ялангуяа дунд, урт хугацааны бодлого стратеги, үүний дотор хууль, эрх зүйн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлуудыг танилцуулсны дотор татварын бодлогуудаа багтаасан.
- ББСБ-ын дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх шийдвэрийг СЗХ гаргасан. Зарим аж ахуйн нэгж үүнийг эсэргүүцэж байна. Ямар бодлогоор босгыг нь өндөрлөсөн бэ? 2.5 тэрбум гэдэг нь ямар үндэслэлтэй вэ?
- Эдийн засаг хүндрэлтэй байна. Иргэдийн санхүүгийн чадавх эрс муудаж байна. Энэ л гол үндэслэл шүү дээ. Зах зээлдээр эрсдэлтэй нөхцөл байдлууд бодитойгоор бий болчихлоо. Улам гүнзгийрүүлэхгүй байх, эрсдэлийг багасгах, цаашлаад санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулдэнэ салбарт тодорхой хэмжээний эрсдэлийг даван туулах чадавх бүхий мэргэжлийн компаниудыг бий болгох шаардлага тулгараад байна. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөр бид ийм шийдвэр гаргачихсан юм биш. Ингэж шийдэхийн тулд тоон болон чанарын харьцуулсан судалгаа, зохистой харьцаа болон санхүүгийн үйл ажиллагааны тайлан мэдээ, зээлийн болон төлбөрийн чадварын эрсдэлийн шинжилгээ, Санхүүгийн салбарын харьцуулсан индексийн тооцоо, газар дээрх болон зайны хяналт, шалгалт гэх мэт олон талын тооцоо судалгааг хийсэн. Энэ бүхний үр дүндшинээр тусгай зөвшөөрөл авах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой доод хязгаар 2,5 тэрбум төгрөг байна гэсэн хариу гарч ирсэн.
- Бичил санхүүгийн мөнгөний урсгалаа нэмэгдүүлье гэвэл босгыг нь өндөрлөх бус багасах хэрэгтэй юм биш үү гэж зарим хүн ярьж байна?
- Өнөөдрийн байдлаар 509 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны 2, 3 дугаар улирлуудын тайлангийн нэгтгэлүүдийг харахад банк бус санхүүгийн салбарын нийт активын 30 хувь нь мөнгөн хэлбэрээр дансандаа байршиж байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр, нэгд, хангалттай олон тооны ББСБ-ууд зах зээл дээр байгааг, хоёрт, иргэдийн орлого буурч, төлбөрийн чадвар муудсанаас эрсдэл өссөнийг харуулж байна. Зээлийн чанар улам муудаж байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 20 хувьд хүрсэн байна. Эдийн засгийн идэвхжил сайжрахгүй бол зээлүүд улам л чанаргүйднэ. ББСБ-уудын тоо хангалттай олширсон ч гэлээ зээлийн хүү буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Уул нь өрсөлдөөн нэмэгдэх тусам хүү буурах ёстой шүү дээ.
Нэмж хэлэхэд, шинээр байгуулагдах ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон СЗХ-ны шийдвэрийн талаар энэ зах зээл дээр ажиллаж, бизнес эрхэлж байгаа хүмүүсээс ямар нэгэн эсэргүүцэл, гомдол санал ирээгүй. Таны асууж байгаа зарим хүн гэдэг нь энэ зах зээлийн бус хүмүүс байх л даа. Ганц нэг тийм хөндлөнгийн хүмүүс л амьдралгүй, судалгаагүй шүүмжлэл хэлж байгаа нь сонсогдох юм.
- Валют арилжааны хар захад ханшийг сүүлийн үед хүчтэй хөөрөгдлөө. Ханш хүчтэй савлаж, өсөөд буурсаныг зарим эдийн засагч ББСБ-ууд (Найман шаргын ченжүүд) бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, иргэдэд худалдах, худалдан авахыг хязгаарласан хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж байна. Үүнийг шалгасан уу?
- Ханшийн хэлбэлзлийг бид тогтмол ажиглаж, хянаж, албан ёсны сайтаараа өдөрт хоёр удаа мэдээлж ажилладаг. Яг тухайн үед, тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 11, 12-нд бид ханшийн хэлбэлзэлд судалгаа, тандалт хийсэн. Валютын нийлүүлэлт багассан, банкууд доллар зарахгүй байна гэсэн мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдсанаас болоод ханш огцом хөөрөгдсөн. Ченжүүд үгссэн, тохиролцсон гэх мэт хардлагын тухайд манай Хорооны шалгах, шийдэх асуудал биш. Өрсөлдөөний тухай хууль болон шударга өрсөлдөөний хяналтыг хэрэгжүүлдэг байгууллагын эрхлэх асуудал шүү дээ.
- Даатгалаар ихэнх мөнгө гадагшаа урссан. Давхар даатгалын корпораци байгуулна гэж байсан. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа бол?
- Гадаадын давхар даатгагчид эрсдэлээ шилжүүлэх явдал харьцангуй их байгааг бид манай даатгалын компаниудын эрсдэл даах чадвар сул байгаатай холбон дүгнэж байгаа. Энэ оны эхний хагаст л гэхэд 60 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамж гадагш төлсөн байна. Гэтэл сүүлийн таван жилд 11.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг л буцаан төлүүлсэн байгаа юм. Тэгэхээр давхар даатгалын тогтолцоо, зохицуулалтыг сайжруулан, дотоодын давхар даатгагчийн хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдыг даатгалын зах зээлд оруулж ирэх, гадаадын давхар даатгагчид төлөгдөж байгаа хураамжийн тодорхой хувийг дотооддоо авч үлдэх шаардлага үүсээд байна. Энэ хүрээнд Үндэсний давхар даатгалын компани байгуулах асуудлыг Засгийн газартай хамтран судалж байна.
- Амьдралын даатгал гэх мэт шинэ үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
- Тодорхой ярья. Өнөөдөр орон сууцны ипотекийн зээлдэгчдийг гэнэтийн ослын болон хөрөнгийн гэсэн хоёр төрлийн даатгалд арилжааны банкууд нэг жилийн хугацаатайгаар албадан даатгуулчихаж байгаа. Тухайн зээлдэгч даатгалын гэрээгээ жил бүр шинэчлэх шаардлагатай болж байгаа билээ. Гэтэл үнэндээ энэ даатгалын зорилго нь юу юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрвэл эрсдэл нь банкных байж таарна аа даа? Гэтэл банк өөрийнхөө тэр эрсдэлийг даатгуулахын оронд, зээлдэгчдээ амь насны даатгалд заавал даатгуулж, түүнийхээ зуучлалын орлогыг хураагаад сууж байгаа нь хэр зохимжтой вэ? Ер нь ипотекийн зээлийн даатгалыг тухайн зээлийн хугацаатай уялдуулах шаардлага бий. Зээлдэгч нар өөрсдөө ч энэ зээлийн даатгалын талаар ойлголт, мэдээлэл хомс байна. Бид ипотекийн зээлийн даатгалыг олон улсын хандлага, даатгалын суурь зарчимд нийцүүлэх, зорилго болон зээлийн хугацаатай нь уялдуулж зохицуулахаар ажиллаж байгаа.
- Эмч зэрэг бусад мэргэжлийн хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх үү?
- Өндөр хөгжилтэй орнуудад бусдын өмнө хүлээх хариуцлагаа заавал даатгуулсан байхыг шаарддаг. Өнөөдөр манай улсад албан журмын даатгалын нэг л хэлбэр байгаа нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн Жолоочийн хариуцлагын даатгал. Ажил мэргэжлийн алдаа, санамсаргүй байдлаар үйлчлүүлэгчид учруулсан аливаа хохирлыг нөхөн олгох мэргэжлийн хариуцлагын даатгал буюу нотариатч, өмгөөлөгч, эмч, багш, технологич гэх мэт мэргэжилтнүүдэд зориулагдсан даатгалын хэлбэр манайд төдийлөн хөгжөөгүй. Албан журмын даатгалын хэлбэрээр зах зээлд нэвтрүүлэх боломжийг бид эрэлхийлж байна.
- Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж байгаа. Үүнд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн бэ?
- Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Арав гаруй жил жил өнгөрч байна гэсэн үг шүү дээ. Гэтэл манай улсын эдийн засгийн хүрээ хэмжээ энэ хугацаанд хэд дахин тэлж томорсон билээ, санхүүгийн зах зээл ямар хурдацтай өөрчлөгдөж байна вэ. Салбарын зохицуулалтыг олонулсынжишигтнийцүүлэх, зах зээлийн хөгжлийг хурдасгах зайлшгүй шаардлагын үүднээс хуулийг шинэчлэн сайжруулах бол болохгүй байгаа юм. Хуулийн шинэчлэлд, санхүүгийн салбарт хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлд гарч болзошгүй сөрөг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, банкнаас бусад санхүүгийн салбарыг сонирхсон болгоны тоглодог газар биш илүү мэргэжлийн болгох, тогтвортой байдлыг хангах гэх мэт олон агуулгыг шинээр тусгаж байгаа. СЗХ бол энэ салбарын бодлогыг тодорхойлох түвшний байгууллага, түүнээс биш Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа, эрх хэмжээтэй адилтгаж ойлгох нь туйлын учир дутагдалтай юм. Энэ ч үүднээсээ төсөв, хүний нөөц зэрэг асуудал хараат бус, бие даасан байдалтай байх явдал чухал ач холбогдолтой.
- Санхүүгийн зохицуулах хороо зах зээл хөгжүүлэхээс илүү шахаж хавчдаг гэж зах зээлийн зарим оролцогч хэлдэг. Цаашид энэ зах зээлийн зохицуулалтыг ямар бодлого чиглэлээр авч явах ёстой гэж харж байгаа вэ?
- Өмнөх жилүүдэд СЗХ үйл ажиллагаагаа бүртгэл зөвшөөрөл олгох, хянан шалгах чиг үүрэг рүүгээ илүүтэй чиглүүлж ирсэн нь үнэн. Одооноос эхлээд бид эдгээр зөвшөөрөл олгох, хянан шалгах чиг үүргээсээ бодлогын чиг үүргээ түлхүү болгож, банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдийг бодлогоор зохицуулах, хөгжүүлэх, нийт санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээ, нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллана. Энэ бол ерөөсөө л СЗХ-ны байх ёстой байр, хийх ёстой ажил л даа. Гэхдээ харьцангуй орхигдож ирсэн гэж болно. Одоо энэ байр сууриа эзэлж, даатгалын, хөрөнгийн, банк бус санхүүгийн зах зээлийн оролцогчид, хадгаламж зээлийн хоршоодыг улам чадавхжуулах, эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлүүдээр бодлогын шийдвэрүүд гарган, зохицуулалтыг уян хатан, урт хугацаанд тогтвортой байлгах зарчмыг баримталж байна.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.