
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Энэ удаагийн уулзалт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд боллоо.
Хотын даргатай уулзахаар ирсэн эхний иргэн бол 5 настай З.Мөнх-Эрдэнэ хүү байлаа. Хүүгийн ээж Баянгол дүүргийн иргэн, англи хэлний багш Н.Жаргал хэлэхдээ “Миний хүү хоёр настайдаа бичиж, тоо бодож сурсан. Одоо ерөнхий боловсролын сургуульд хоёрдугаар ангид суралцдаг. Англиар уншиж, бичиж чадна. Үеийнхнээсээ давамгай, гоц авьяастай учраас хүүгээ цаашид улам нээн хөгжүүлэх хүсэлтэй байна.
Хүүгийн минь авьяас чадварыг улам хөгжүүлэхэд хотын удирдлагуудаас дэмжиж, тодорхой сургалт, төсөл хөтөлбөрт хамруулж өгөхийг хүсч байна. Ялангуяа IQ болон бусад оюун ухаан хөгжүүлэх сургалт, хөтөлбөр байвал зүгээр юм гэж ээжийн зүгээс бодож хотын даргатай уулзах өргөдөл өгсөн. Мөн хүүгээ Нийслэл хотын даргатай танилцуулах бодолтой байгаагаа ч онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн ирээдүй болсон авьяас, чадвартай хүүхэд залуучуудаа хотын зүгээс дэмжин ажиллахаа хэлээд “Хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөө бидэнтэй уулзаж байгаа таньд талархаж байна. Сэтгэн бодох чадвар, ой тогтоолт сайтай учраас тэр чиглэлийн сургуульд сурахад нь дэмжинэ. Улсын маань ирээдүй хойч болсон хүүхдүүдээ хотын удирдлагын баг бүхий л талаар дэмжих бодлого барьж байна. Мөн хүүхдээ ийм сайхан хүмүүжүүлж байгаа эцэг, эхээр нь бахархаж байна гэдгээ ч хэллээ. З.Мөнх-Эрдэнэ хүү ном уншиж, сайхан бичиж, дуу дуулж, англиар ч чөлөөтэй уншдагаа хотын даргад хэлсэн. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 26 нд болох нийслэлийн шилдэг сурагчдын “Харшийн сүлд модны наадам”-д албан ёсоор оролцох урилгыг З.Мөнх-Эрдэнэ өглөө. Анх удаа таван настай хүү хотын даргын урилгаар “Харшийн сүлд модны наадам”д оролцож, өвлийн өвгөнөөс бэлэг авах юм.
Хотын дарга гоц авьяастай таван настай хүүг “Харшийн сүлд модны наадам”-д урилаа | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.