Шууд Chart

Мөсөн дээрх харвалдаан...

2016-12-19 07:21:07

Нар хөөрч байх үед Хабал, Хорухан хоёр Хөмөлт, Балжийн бэлчирт хүрэв. Энэ өвөлжин нар дөнгөж цухуймагц өглөөний жавар даган хялмаалж эхэлдэг байсансан. Харин энэ өглөөн нар мэлтийгээд, өчүүхэн ч хялмаа, маар, манангүй тунгалаг сайхан өдөр эхлэв. Догшин жавар гэнэтхэн үргэж одсон мэт болж, ээвэр энгэр газрын цас хөлөрч байв.

Зунжин, намаржин хичээн зүтгэж, өвлийн урт шөнүүдэд байдаг хүч чадал, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, зориг тэвчээрээ шавхан байж хийсэн бүхэн нь ганцхан үүрээр алга урвуулах төдийд замхран алга болов. Нөмрөн авсан уй гунигийн хар сүүдэр нь аав, хүү хоёрыг урт хол зам, сүүлийн хэдэн шөнийн нойр хугаслан зүтгэснээс ч илүүгээр тамирдуулан сулдаажээ. Тэр хоёр юуг ч үл ярилцав. Үг хэлэх ахул нулимс нь мэлтэрчихгээд байсан тул Хабал гашуун нулимсаа үгтэйгээ хамт дотогшоо залгиад, хүүгээ өөртөө ойртуулан, тамир тэнхээ сууж, хөрсжиж буй гарыг нь атган явав. Урьд өмнө Хабал хэзээ ч хүүгээ энхрийлж, өхөөрдөж байсан нь үгүй. Ийн хөтлөн алхаж явснаа үл санана. Хүү ч аавынхаа гараас халуу дүүгүүлэн бариад толгой унжуулан зэрэгцэн сажилж явлаа. Ард нь үхэр тэрэгний мөөр зугуухан чихарч, хааяа алаг бөөрт уухичих нь дуулдана. Урд нь урт холын мөсөн зам буйн адил тэдний хувь заяаны замд ч тодорхой бус хүйтэн, хэцүү амьдрал угтан буй мэт байв.

Балж голын савд орон хэсэг уруудаж явтал гэнэт мөс доргих мэт чимээ сонсогджээ. Хабал голын мөсөн цавд уначихаас болгоомжилж, өмнөх замаа сэрэмжлэн харав. Гэтэл тэр дуу чимээ араас нь сонсогдож байсанд эргэж харваас тэдний түрүүн тойрсон хадан хошуугаар жад, зэвээ сэрийлгэсэн морьтнууд цувралдан гарч ирж байв. Тэдний хэв байдал, өмссөн зүүсэн нь огтоос танил бусын дээр аав хүү хоёрыг хармагц морьдоо давиран улам хурдалж буйгаас үзвэл тэд лавтай аврах анд нөхөр бус нь тодорхой. Хабалын дотор харанхуйлан, айдас түгшүүрт автав. Гэвч алмайрч зогссонгүй, хөтөлж явсан тэргэн дээрх ачаагаа зад татаж, гулгаа дэвс нэгийг сугалаад хүүгийнхээ хөлд яаралтай бэхлэн, бүсэнд нь жижиг чичлүүр хутга зүүж, нуруунд нь таван сумтай нум үүрүүлэв.

- За Хорухан, сонс. Голын толион дээгүүр шонхорын шунгалт мэт дүүлэн нис. Эргэж бүү хар. Онон, Балжийн бэлчир хүртэл бүү зогс. Мөсөн цав харж, түүнийг тойрч яв. Онон, Балжийн бэлчир эзгүй байх аваас Хүрэлхийг давж, Улз руу ороорой. Тэндээс отог омгийнхноо олно. Жарчуйдай ахад очигтун. Юу болсныг хэлээрэй гэв.

- Та яах юм?
- Бид хоёул зугтвал эдэнд тун хурдан гүйцэгдэнэ. Эд алах дайсан уу, аврах нөхөд үү гэдгийг тааж хэлэх аргагүй байна. Юутай ч учрыг лавлаж мэдэе. Аврах анд нөхөд бол аав нь чиний араас дуудамз. Алах дайсан бол тэр цагт бид хэдийнэ оройтсон байх болно. Тэгэхээр одоо амжиж зай ав. Аав нь эднийг тогтоож байя, юуны тулд эрхийд минь эрч, хумсанд минь хуй байгаа билээ. Аз байваас ... гээд үгээ гүйцээлгүй, хутгаа суга татан авч хоёр шарынхаа хөллөө, чөрхлөөг тас огтлон суллаад тэргэн дээрээ үсрэн гарав. Ачааны дороос нумаа аваад толгой дээрээ даллан довтолгон ирж яваа морьтнуудыг зүг уухайлан хашгичив. Морьтнууд шийдэмгийгээр нум даллан уухай хадаан зогсоо эрийг хараад жолоогоо татан зог туслаа.

Төдийд Хоруханыг яваагүй ард нь байсаар байгааг харж,
- Яваач... хэмээн бачимдан хашгирав.
Аавынхаа юунаас ч үл буцах шийдчихсэн царайг харсан Хорухан огло үсрэн ухарснаа эргэж, голын мөсөн даган үл ялиг бөгтийгөөд хурд аван тэшиж гарлаа. Төдий хүртэл бөглөрч байсан нулимс энэ зуур сад тавин урсаж, нүүрсэнд халтартсан хацрыг нь даган зам татуулан урсав. “Би би, ааваа, би би. Таны өшөөг заавал авна” хэмээн хүү тас зуусан шүднийхээ завсраар енгэнүүлэн уйлах завсраа сийгүүлэн өгүүлэх аж.

Хошуу тойрон морьтнууд цувралдан гарч ирсээр байв. Лавтай хорь гарах аж. Тэд зуурханд зөвлөлдөв бололтой бөөгнөн байснаа тав нь салж, голын тохойрсон хэсгийн дунд хамрыг даван Хоруханыг тосохоор ухасхийлдэхэд Хабалын дотор харанхуйлав. Тиймээ, эд бол алдаг хортнууд байна. Чухам энэ өвлийн цагаар умраас ирдэг нь хэн билээ? Эргэж харвал хүү нь голын тохойг бага талдаа туулж явна. Цас, хунгаргүй цагт бол морьтнууд хүүг лавтай амдаж чадахаар байв. Дунд хамрын өвөр талд цас хунгарлан дүүрсэн харагдана. Морьтнуудын түрүүч голын хэрүүгээс гарч хунгар багатай хэсгийг хайн голын тохой даган уруудлаа. Дахиад жаахан ойртвол тэднийг харваж болохоор байсан ч морьтнууд үүнийг анзаарав бололтой эргэж хунгарыг зүсэн оров. Санасныг бодоход хунгар зузаан байжээ. Морьдын цээжээр татахад морь нь огло огло үсрэн зүтгэлэвч газар хороох нь бага. Энэ зуур Хорухан голын тохойн эргүүлгээр тойрч, бараглаж тэднээс мултарч чадахаар болов.

Голын мөсөн дээр үлдсэн бусад арав гаруй морьтнууд таран тал саран хэлбэрээр дугуйран тэлж Хабалын зүг алгуурхан ойртов. Хабал сумаа тоолж үзвэл арван гурав байна. Ийм зүйлд бэлтгэлгүй байсандаа өөрийгөө зүхэв. Үгүй ядаж цээжин хуяг ч үгүй. Гэвч түүний цээжинд одоо хүүгийнх нь амь наснаас өөр айх, эргэлзэх, хорогдох зүйл үгүй болжээ. Их гарын дам илдээ ачаан дороос сугалж, сумаа дуусахаар шүүрч авахад хялбар болгон үхэр тэрэгний хөндлөвчинд зоов. Хэдэн сумаа дэргэдээ сэрийлгэн хэлтгийд босгоод, нэгийг нумлан дэлж тэднийг ойртохыг хүлээлээ.

Тэдгээр морьтнууд бүгдээр чонон дах хөдрөх нь хөдөрцгөөж, зарим нь эмээлийнхээ урд, хойгуур бөгтөрчээ. Тав, зургаан хөнгөн ачааны морьд, мөн төдий тооны сэлгээ морьд хөтөлцгөөснийг үзвээс алсаас явцгааж буй нь илт. Дуулганы оронд ангийн үсэн малгайтай, ганц нэгхэн нь ширэн хуягтайг эс тооцвол олонхи нь хуяггүй, босоо захтай хэлхэгэр хүрэм өмсөцгөөжээ. Тэд бол Мэргид, Хиргис, Тэлэнгид, Баргуд, Баатад, Хэмжүд гээд умардынхны хэнтэй ч адилгүй, хавчигдуу нүүртэй, хянган хамартай, сахал үс багатай, хар хөх зүстэй хүмүүс байв. Морьд нь алс замд сульдсан байдалтай, мөн их хүйтэнд бэлдсэний илрэл бүгд нэмнээтэй, сагаг, турууг нь далд ортол шилбийг нь ямар нэгэн хар ноосон зүйлээр ороосон харагдана. Богино нум үүрцгээж, хоёр ирт дам илд голдуу агсацгаасан байв.

Хабал нумаа дэлсэн хэвээр
- Алс холын аянчид аа, Би бол энэ их тайгын эзэн Урианханы хүмүүн байна. Надад та бүхэнд дайсагнах санаа үгүй, гэвч бас өөрийгөө хамгаалж чадах билээ. Та бүхэн юуны учирт ирэв? Хэн болохоо өгүүлж, хэрэг зоригоо хэлнэ үү? хэмээн хашгирав.

Ганц нэг нь доогтой зэвүүнээр тохуурхан инээснээс өөр хариу өгсөнгүй, олзондоо гэтэж буй шилүүс мэт алгуур ойртон, түүний дугуйран бүсэлж эхлэв. Тийн ойртож байгаад аль болох олон сум тавих боломж өгөхгүйгээр тал талаас нь гэнэтхэн зэрэг дайрах аж. Энэ үед ард нь чимээ гарсанд харвал хүү нь буцаад ирчихсэн, хөлнөөсөө гулгуур дэвсээ салгаж шидээд нуруунаасаа нумаа авч байх нь тэр.
- Хорухан ... Хорухан... Хүү минь...
Хабалын гол зурахад, гаслан орилов. Хорухан харин юу ч хэлсэнгүй, түүний царайд түрүүхэн байсан айдас түгшүүр бүхэн байхгүй болоод, хэзээний туршлагатай дайчин эр мэт саадагтай сумаа аваад, тэрэгний хөндлөвч дамнан гишгэж, ганцхан үсрээд аавынхаа дэргэд ирж зогслоо.


- Хорухан, Хорухан, чи... Хүү минь...
- Эцэг минь, үхвэл хамт үхье, амьдарвал хамтдаа амьдаряа. Би таныг ийм байдалд орхиж яваад цаашид хэрхэн яаж амьд явах билээ. Хүмүүст би юу гэж хэлэх билээ? Хөхрөгч их тэнгэрийг би хэрхэн харж чадах билээ?
Арван гурван нас шүргэж яваа хүүгийнх нь дуу хоолойд айж сандарсан, мэгдсэн шинж огт үгүйн дээр яагаад ч няцааж боломгүй шийдчихсэн байдал тодорхой байв. Хабалын дотор тэрсэлдэн тэмцэлдэх их хүслэн бадарч, нумаа дэлсэн гар нь чичигнэж, шүд нь чихарлаа. Хорухан аавтайгаа нуруу нийлүүлэн нумаа дэлэн зогссонд морьтнууд түр зогсов. Одоо бол тэдний талаас эрсдэл гарах магадлал нэмэгдсэн нь тодорхой. Хөллөөнөөс сулласан хоёр шарын мугалзар эвэрт нь тэрэгний оёор хэдийнэ хэвтээд өгсөн байх бөгөөд нөгөөх цагаан бөөрт бүдүүн шар нь мөс даган хэдэн гишгэдэл холдоод нөгөөхөө хүлээсэн байдалтай зогсжээ.
Хүүдээ дархны лантуу л бариулж сургаснаас биш илд бариулж сургаагүйдээ энэ үед харуусан байлаа. Харин Хорухан нумыг бол хэнээс ч доргүй татаж, сумаа хүссэн байндаа зоож чадна. Ер төдий насны хөвүүд хэнээр ч заалгалгүй хавчаахай харваж сурцгаасан байдаг. Хабалын хувьд тэр Сохтай баатрыг даган Хиргисийн хонхорт болсон олон тулаанд оролцож, өмнөшөө Хөлөнбуйрын хязгаарт Нэгүн тайжтай хамт Татаруудтай ч хэдэнтээ цавчилдаж, Хянганыг даван Алтаны эгнээ нягт цэргүүдтэй ч харвалцаж явсан билээ.

- Чиний нумны тусгал ойр, тэгэхээр аавыгаа дагаж бүү харва, тэднийг ойртуулж харвааныхаа газарт ирэхээр харва, морьдоо тахлаагүй бол тэд тийм хурдан дайрч чадахгүй. Сандралгүй тайван, онож харваарай хэмээн хүүдээ шивэгнэж амжив.
Хоруханыг амдахаар голын хажуугийн дэл хошуу өөд зүтгэж байсан тав мөс рүү эргэн бууж, тэр хоёрын ар талд гарахаар тойрч харагдав. Бүгд илдээ сугалцгаасныг үзвэл тэд нумаа хэрэглэхгүй бололтой, энэ нь Хабалд бага ч болов боломжийг нэмж болмоор санагдлаа. Тэгсээр аав хүү хоёрыг бүрэн тойрч гүйцсэний дараа тойргоо хумин алгуурхан ойртоцгоов. Их нумны газарт орж ирмэгц Хабал толгойлогч нь байж магад, улаан эмжээртэй хүрэм өмссөн хууз сахалтай толгой нүцгэн эр лүү огцом эргэн сумаа тавилаа. Хабал өөр зүгт нумаа дэлчихсэн байсан, бас тийм зайнд харвана чинээ санаагүй гэнэ сэрэггүй явсан өнөөх эр шүнгэнэн ирэх гэнэтийн сумаас зайлахаар хажуу тийш налсан ч амжсангүй, сум түүний зүүн мөрийг нэвт шаахад “Хэг” хэмээн дуугараад мориныхоо хажуу руу хүчтэй саван гулдайв. Морь нь ялимгүй үргэж урагшилсан боловч баруун гараараа эмээлээсээ зууран уналгүй тогтлоо. Тэгээд эмээл дээрээ тэгширч, эрүүл гараараа сум ёрдойн буй зүүн мөрөө даран мориныхоо дэлэн дээр бөгтийхөд, жолоо нь суларсан морь урагш шогшуулав. Морьтнууд энэ гэнэтийн оновчтой харваанд самгардан зог тусан зогсоцгоосноо баруун талаас нэг нь “Хо Хо, Хо” хэмээн орилсонд бүгд түрхэрэн хашгичсаар морьдоо шамдуулан зэрэг ухасхийн дайрцгаав. Тэд морьдоо тахалсан аж, бага зэрэг хярууцагтай мөсний толион дээр өчүүхэн ч хальтирахгүйгээр цас, мөс хяхнуулан үсчүүлэн давхилдана.

Энэ зуур Хабал хоёр дахь сумаа тавьлаа. Энэ сум харин байндаа шулуухан тусаж хоолойны угт урт сум зоолгосон эр гараа алдалсаар хойш саван унав. Аавынхаа гуравдахь сумтай хамт Хорухан ч бас сумаа тавилаа. Хабалын гурав дахь сум мориныхоо дэлэнд наалдсан нэг эрийн хацрыг зүсэн үстэй малгайг нь түүдэг шиг аван хойш чулуудан унагасан бол Хоруханы сум яг сумаа тавих агшинд анзаарч мориныхоо амыг дугтарч амжсан эрийн морины омруунд зоогдов. Эрчээ аван урагшилж байсан морь нь дээш цоройн үсэрхийлээд урагш буухдаа хөл алдан сум зоолгосон хошуугаа мөсний толионд шаан шургачин уналаа.
Гэнэт уухайлан дайрч ирэх олон морьтноос үргэж цочсон алаг бөөрт шар тэдний зүг шуугин ирэхдээ газарт буусан тэрэгний гарыг түрж орхисонд тэргэн дээр зогсож байсан Хорухан тэнцвэр алдан сүрхий дэнжигнэж, харин дараах сумаа тавьж амжаагүй байсан Хабал зогсож тэссэнгүй үсрэн буув. Энэ үед морьтнуудын түрүүч нь тун ойртсон байлаа. Гэнэтхэн тас нясхийснээ дүнгэнэсэн дуун гарч, эхлээд бөөр алаг шарын дороос том мөсний хурц үзүүртэй булан гозойн босож ирснээ үхрийн хамт гэнэтхэн доош орчихов. Дараад нь мугалзар эвэртийн хойт хоёр хөл доорх мөс цөмрөхөд үхэр орилон ухасхийсэн боловч нэгэнт хожимджээ. Дараа дараалан тар няр, тас нясхийсэн дуун гарч, ачаатай тэрэг, хоёр үхрийн хамт цөмрөн доош уналаа. Лавтай арван тохой дор хуйлран хүрхэрч буй хар хөх усны мандал руу орилсоор орж буй бөөр алагийн араас мугалзар эвэрт, ачаагаа савируулсан үхэр тэрэгний гуянаас амжиж шүүрсэн Хорухан тэрэгнээс зуурсан хэвээр хийсэв. Тэдний араас хамгийн түрүүнд тулан ирж байсан нэгэн хөх эр морьтойгоо годройтон эргэлдэн унав. Хабал харин яг мөсний ирмэг дээр зогсож үлджээ.

Мөсний цоорхойгоос уур цан савсан гарч ирэв. Морьтнууд шуугилдан, амжин жолоогоо татацгаалаа. Тэдний морьд цоройлдон, зарим нь урд хөлөө цас мөс бутартал цахдан зогсоцгоов. Голын мөсөн доогуур хөндий урт хонгил байжээ. Зарим жил голын ус мөсөн доогуур голдрилоо өөрчилснөөс ийм хөндий хонгил гарах нь бий. Ийм хөндий мөсөн доогуур санаанд оромгүй хол үргэлжилдэг.
Хоёр үхэр орилолдсоор ар араасаа ус руу цүл цүлхийн унаж, түүний араас өнөөх морьтон арвалзсаар оров. Харин хус модоор холбож хийсэн үхэр тэрэгний нэг гуяны буулга мөсний ирмэгт тээглэснээс ялимгүй саван усны хуйларсан мандалд буухад тэрэгний хөндлөвчөөс зуурсан хэвээр усанд унаж буй хүүгийнх нь агдаж мэгдсэн царай Хабалд хальт харагдаад усанд далд оров. Тэр өчүүхэн ч эргэлзэлгүй нумаа барьсан чигтээ өөрт нь одоо үлдээд буй орь ганц хүүгийнхээ араас үсэрлээ.
/Хэсэглэн авав/

Б.Наминчимэд

Нийтэлсэн: Б.Наминчимэд

Мөсөн дээрх харвалдаан...  
Үзсэн: 3265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [65.49.68.xxx] 2016-12-19 14:51
ene yamar zohioliin heseg ve

Бидэнтэй нэгдээрэй