Нийслэлийн хэмжээнд 2025 оны есдүгээр сарын 15-наас сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан түлш худалдан авах үйлчилгээг цахимжуулах зорилгоор “Хотула” аппликейшнийг нэвтрүүлж, иргэдийг түлшний карт болон иргэний үнэмлэхийн QR кодоос гадна ухаалаг гар утсаар түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлээд байна.
“Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан түлшний борлуулалтын цахим систем бөгөөд түлшний худалдан авалт, төлбөр тооцоо, түгээлтийн хяналтыг нэгтгэсэн ухаалаг шийдэл юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр түлш худалдах уламжлалт үйл явцыг дижитал хэлбэрт шилжүүлж, иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Аппликейшнийг TechFin, GovTech, CivicTech чиглэлээр хөгжүүлж байгаа юм. “Хотула түлш” модуль нь хөгжүүлэлтийн хоёрдугаар үе шатандаа амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал иргэд “Хотула” аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
- Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх,
- QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх,
- Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах,
- Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянах,
- Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлнө.
Аппликейшнийг ашигласнаар виртуал карт автоматаар үүсэж, уг картыг өрхийн гишүүд хамтран ашиглах боломжтой. Харин аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авна. Түүнчлэн “Хотула” аппликейшн нэвтэрснээр нийслэлийн хэмжээнд түлшний цахим борлуулалт амжилттай эхэлсэн боловч хэрэгжилтийн явцад тодорхой зохицуулалт шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал, нэг өрхөд зориулсан аппликейшнийг нэгэн зэрэг олон хүн ашигласнаар түлшний хуваарилалт, нөөцийн тооцоонд зөрүү гарах эрсдэл үүсэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Иймд системийн нэгдсэн хяналт, хэрэглэгчийн эрхийн баталгааг сайжруулах чиглэлд нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид энэхүү системийг өргөжүүлж, хэрэглэгчийн туршлага болон техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нөөцийн хуваарилалт, төлбөрийн уялдааг нарийвчлах замаар нийслэлийн түлшний хангамж, түгээлтийн ил тод, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх аж.



| Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.