Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

О.Чулуунбат: С.В.Паушокийн алт 1.5 биш 2,8 тонн шүү дээ. Ц.Нямдорж ямар ч мэдээлэлгүй байж худлаа ярьж болохгүй

2013-10-31 08:29:51
Error loading player: No playable sources found

Саяхан ETV-ийн  “Ярилцах цаг” нэвтрүүлэгт “Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулагч ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушок онлайнаар ярилцлага өгсөн нь өдгөө багагүй дуулиан дэгдээгээд байна. МАН-ын 27-р их хуралтай зэрэгцэн гарсан тэрхүү дуулианд нэр холбогдсон Эдийн Засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатыг энэ удаад “Редакцийн зочин” буландаа урьж, цаг үеийн болоод нийгэм эдийн засгийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.

-Та “Алтан Дорнод Монгол” компанийн үүсгэн байгуулагч С.В.Паушокийн ярилцлаганы захиалагч, МУ-ын Засгийн газрыг арбитрын шүүхэд дуудуулсан хүн гэх мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хийгээд байна? 


-Юуны өмнө ерөнхий сайд асан С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ц.Нямдорж нар С.В.Паушоктой ямар харилцаатай байсан талаар надад мэдээлэл байхгүй гэдгийг хэлмээр байна. Мэдэхийг ч хүсээгүй. Тэр бизнесмен өөрийгөө улс төр, бизнесийн хүрээнд яаж авч явсан, ямар харилцаатай байсан гэдэг нь ч сонин биш. Ер нь бол Монголд ажиллаж байсан гадны бизнесмен хүн ярилцлага өгсний төлөө энд нэг хүн намайг буруутгаж байна гэдэг асуудалд би ч бас гайхаад л байна. Хамгийн гол нь баримт бүхий баталгаатай зүйл ярих ёстой. Гэтэл улс төрч хүнийхээ хувьд тийм барьцгүй мэдээлэл хийж болж байгаа юм уу, бүү мэд. Ер нь бол Ц.Нямдоржийн авир нь тэр. Байнгын л тийм юм ярьж явдаг хүн.

-Та С.В.Паушоктой хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

- С.В.Паушок гурван жилийн өмнө Монголоос явсан байх. Түүнээс хойш би Москва нэг ч удаа яваагүй. Тэр цагаас хойш ганц ч удаа уулзаагүй. Тэр ярилцлагыг сая л сонин дээрээс уншлаа. Мэдээж би С.В.Паушокийг сайн таньдаг, сайн харьцаатай  байсан. Яагаад гэвэл Монголын бүх том алтны компаниудаас Монгол банк алт авдаг учраас. Түүнээс биш хувийн санхүүгийн ямар ч харьцаа байгаагүй.

-Одоо цагт очиж уулзахаас өөрөөр холбогдож, ажил хэрэг ярих боломж өчнөөн бий шүү дээ?

-Үгүй, тийм юм байхгүй. Би Паушокийг өмөөрч байгаа юм биш. Монголд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, ашиг орлогоо тооцчихсон байтал шинэ хууль гарч, шахалтанд орж  буцсан. Түүний адил замаар буцсан гадны олон бизнесменүүд сэтгүүлчдийн асуултад  яг ийм байдлаар л гомдлоо илэрхийлнэ гэдгийг харин хэлж чадна.

-Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль эдийн засгийн ямар үр ашиг дагуулсан юм бэ?

-Ямар ч үр ашиг гараагүй. 2006 онд буюу Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад гэнэтийн ашгийн 68 хувийн татвар батлагдсан юм. Тухайн үед би “Монголбанк”-ны захирал байхдаа УИХ дээр очиж “Энэ хууль манайд ашиггүй. Монголд хар зах бий болно. Алтны үйлдвэрлэл унаж, хөрөнгө оруулагчид гарах аюултай” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Тэр асуудлаар бид хоёр ширүүхэн маргалдаж байсан удаа ч бий.
Гэхдээ тэр хууль батлагдсан. Үр дүнг нь хэдхэн тоонд зангидаад хэлж болно. Тухайн үед Монгол улс жилд 25 тонн алт олборлодгоороо дэлхийн топ 10 алт олборлогчдын тоонд орж байсан. Гэтэл өнөөдөр 2-3 тонн л байна. Ц.Нямдоржийн өөрийнх нь санаачилсан хууль. Тийм ч учраас өнөөдөр Монголын төр тэр алдаагаа хүлээн зөвшөөрлөө. Сая “Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай хууль” дээр хоёр нам байр сууриа нэгтгэж  баталсан. Энэ бол бид өмнөх баталсан хуулийнхаа алдааг бодитойгоор олж харсан хэрэг. Бид үнэхээр хөрөнгө оруулагчдынхаа өмнө буруудсан. Үүнийг хууль санаачилсан Ц.Нямдорж өөрөө ч мэдэж байгаа. Тэгэхээр Ц.Нямдорж л хувийнхаа ааш араншинг гаргаж байна гэж хэлмээр байна. Үнэн чанартаа манайх тэр хуулийг баталснаар алтнаас хүртдэг байсан татварын ашиг тэр чигээрээ алга болж, олон арван ил тод үйл ажиллагаатай байгууллагууд нинжа болж хувирсныг хэн хүнгүй мэднэ. Энэ бол бодлогын асуудал. Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж хувь хүний асуудал болгож хараад байна.

-Та С.В.Паушокийн 1,5 тонн алтыг хадгалж өгснөөр Монгол улсад татварын хохирол учруулсан юм биш үү?

-Тэр түүхийг бодитоор нь ярья. Тэр хууль батлагдангуут С.В.Паушок Монгол банкинд алтаа хадгалуулах санал оруулж ирсэн. Мэдээж би тэр асуудлыг ганцаараа шийдэхгүй. Монгол банкны алтны газар, хэлтэс, албадуудаар дамжиж дэмжлэг хүлээн, хадгалуулагдсан алт. С.В.Паушокийн алт 1.5 тонн  ч биш, 2,8 тонн  шүү дээ. Ц.Нямдорж ямар ч мэдээлэлгүй байж, худлаа ярьж болохгүй.

-Өөрөөр хэлбэл Монголбанк хадгаламж хэлбэрээр ашиг хүртсэн хэрэг үү?

-Энэ гүйлгээг Монголбанк өмнө нь ч хийж байсан. Одоо ч хийж байгаа. Үр ашиггүй байлгаж байхаар алтаа эргэлдүүлээд асар их ашиг олдог гүйлгээний нэг төрөл. С.В.Паушок алтыг авч байх үед алтны ханш нэг унац нь 600 доллар байснаа хоёр жилийн дараа 900 доллар болж өссөн. Энэ бүх хугацаанд “Монголбанк” татвараа авч, Сангийн яамны зүгээс сайшаалын бичиг хүртэл ирж байсан удаатай шүү. Харин ч тухайн үед алтыг тань хадгалаад өгье гэж “Монголбанк” дуугарснаараа тэр их баялгийг гадагш нь урсгачихаагүй авч үлдсэн нь эдийн засгийн маш том давуу талтай.

-Ц.Нямдорж гишүүн таныг С.В.Паушокийг гэнэтийн ашгийн татвараас зугатаалгахын тулд алтыг нь хадгаламж хэлбэрээр авсан гэж үзэж байгаа. Алт хадгалах зөвшөөрлийг нь олгосноор хууль зөрчсөн үйлдэл болох уу?

-С.В.Паушок өөрөө алтаа хадгалуулах санал тавьсан. Монголбанк тэр хүсэлтийг нь бүх шатандаа ярилцаад шийдвэрлэсэн. Монгол банк шүүх, цагдаа биш гэдгийг ойлгочих хэрэгтэй. Үүнийг Ц.Нямдорж шиг орон дотроо хэвтэж байгаад хууль янзалчихдаг хүн ойлгохгүй л дээ. 

-С.В.Паушок Монгол улсын Засгийн газрыг арбитрийн шүүхэд  өгч, цаг хожих санаа агуулсан юм шиг харагддаг?


-Миний ойлгосноор мань эр “Би ямар ч гэсэн шүүхдээд үзье. Тэр хооронд Монгол улс энэ хуулиа цуцлах байх” гэж тооцолсон байх. Тэр хугацаандаа алтаа хадгалуулчихсан байхаар сэтгэсэн байж болох талтай. Энэ нь бизнесмен  хүнийхээ үүднээс зөв алхам. Би үүнийг нь буруутгахгүй. Тиймээс хараар гаргах гэж зүтгэлгүй, татвараа төлөөд хадгалуулсан. Гэхдээ шүүх дээр ялагдснаар нөхцөл байдал арай өөрөөр эргэсэн л дээ. 

-Ц.Нямдорж та хоёрын дунд таагүй харилцаа их байдаг бололтой?

-Бидний дунд ямар ч өш хонзон байхгүй. Ер нь юу ч байх юм билээ дээ. Бид улс төрд үзэл бодлоороо өрсөлддөг. Би Н.Энхбаяр даргатай ч, Ц.Нямдоржтой ч зарим асуудал дээр санал нийлж байгаагүй. Гэхдээ энэ бол миний ойлгож байгаагаар сүртэй асуудал үнэхээр биш.

-Та Сү.Батболд, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нартай хувийн зүгээс ямар харьцаатай вэ?

-Бүгдтэй нь маш сайхан харьцаатай. Би нэгэн үед МАН-ын гишүүн байсан хүн. Тэр утгаараа олон сайхан зөв үзэл бодолтой, шударга гишүүд болоод залуу халааг нь мэднэ. Надад МАН-ыг доош нь хийх ямар ч шалтгаан байхгүй. Ц.Нямдорж МАН биш. Тэр түүхийн нэгэн хэсгийг л бүтээлцэж байгаагаас хэтрэхгүй. Яг үнэндээ сүүлийн сонгуулиудад амжилтгүй ажилласан нь Ц.Нямдоржтой холбоотой. Би МАН-д сайн сайхныг хүсээд явж байдаг хүмүүсийн нэг. Тэр ч утгаараа С.В. Паушокийн ярилцлагыг заавал МАН-тай холбож тайлбарлах хэрэг Ц.Нямдоржид байна уу?

-Та Ц.Нямдорж гишүүний хийсэн мэдэгдлийн эсрэг ямар нэг мэдэгдэл хийх үү?

-Ц.Нямдоржийн мэдээллийн дараа би мэдээлэл хийгээд ч яахав. Нэгэнт ийм авиртай хүнтэй чинь юу ярих вэ дээ. Бид улс төрч хүмүүс учраас нийгмийн өмнө өөрөө өөрийгөө тодорхойлдог. Тэр тодорхойлолт нь ял, эсвэл ялалт байх ёстой. Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийлгэснээрээ, тэгж авирласнаараа өөрийгөө сайн болгож чадвал өөрийнх нь гавьяа. Яллаж байгаа бол өөрийнх нь хохь л болно. Улс төрчийн өөрийнх нь шалгуур болоод л явна.

-Магадгүй энэ мэдээллүүдийн дагуу хууль хяналтынхны зүгээс дахин шалгаж мэдэх юм. Та шалгуулахад бэлэн үү?


-Одоо бол Ц.Нямдоржтой шүүхдэлцэж байгаа хүн онигоо болно. Миний зүгээс шалгуулахад түдгэлзэх юм алга. Харин ч баярлана. Би сүүлийн арваад жил байнгын шалгагдаж байгаа хүн. Надад айх эмээх юм байхгүй.

-Та МАН-аас МАХН руу орсон. Улс төрийн шийдлийн хувьд хэр оновчтой үйлдэл болсон гэж үзэж байна?

-Оновчтой эсэхэд гол ач холбогдол нь оршиж байгаа юм биш. Аль намд орох нь хувь хүний эрх. МАН хэтэрхий нийгмийн хамгааллын асуудал рүүгаа өнгийсөн. Өнөөх л зах хязгааргүй нийгмийн халамжийг ихэсгэх гэсэн санаа нь түрж орж ирсэн. Миний хувийн санаа бодол үүнээс арай өөр, МАХН-ын үзэлд баримтлалд ойр байсан болохоор тухайн үед би сонголтоо хийж байсан. Ер нь бол нам бус хүн амьдарч болдоггүй нийгэм биш.

-Цаашид хоёр нам нэгдэх асуудал яригдвал таны байр суурь ямар байх бол?


-Үгүйсгэх аргагүй. Яагаад нэгдэж болохгүй гэж. Би хувийн зүгээсээ дэмжинэ.

 

Банк гэнэт нэг өдөр муудчихдаг обьект биш, тэгэхээр Хадгаламж банк улс төрийн халхавч дор удаан нуугдсан гэж хэлж болохоор байна 


-Та банкны салбарт олон жил ажилласан хүн. Өнөөдөр таны харж байгаагаар банкны салбарын хөгжил ямар түвшинд явж байна?

-Монгол улсын банкны салбар 1924 оноос хойш өнөөгийн бидний банк гэж ойлгож байгаа энэ түвшинд хүртлээ хөгжиж ирсэн түүхтэй. Бүр 1912 оны үед Санкт-Петербургийн валютын зах зээл дээр Богд хаант Монгол улсын үнэт цаас арилжигдаж байсныг түүхчид хэзээ хойно нь тогтоосон баримт ч бий. Харин яг 22 жилийн өмнөөс зах зээлийн утгаараа хоёр шатлалтайгаар хөгжиж ирсэн. Жил жилээр урагшилж байгаа ч алдаа гарсаар л байгааг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал, төрөөс явуулж байгаа бодлого нь өөрөө учир дутагдалтай байсан учраас хэд хэдэн банк дампуурсан. Нөгөөтэйгүүр 22 жилийн доторх хөгжлийг дэвшлээр нь аваад үзвэл чамлалтгүй өндөр түвшинд хүрсэн байгаа нь харагддаг. Энэ хугацаанд манай улсын хууль эрхзүйн орчин тийм ч таатай байгаагүй. Өнөөдөр ч гэсэн банкны салбар таатай хөгжих хууль эрхзүйн орчин дутмаг хэвээр л байгаа.

-Та банкны салбарт хууль эрхзүйн орчин дутмаг тухай дурдлаа. Тэгвэл өнөөдөр хууль эрхзүйн орчин нь  ямар байх ёстой юм бэ?

Манайх шиг жижиг орны хувьд мөнгө санхүүгийн таатай орчин бүрдүүлсэн байх аваас гадаадын хөрөнгө оруулагчид болоод дэлхийн тэрбумтнуудын мөнгийг татаж өөртөө байршуулах боломж үүсдэг. Ийм замаар улсынхаа эдийн засгийг бэхжүүлсэн түүхүүд ч зөндөө бий. Тухайлбал, Швейцарь улс хэдий жижигхэн ч банкны нууцыг хамгийн сайн хадгалж чаддаг байдлаараа өнгөрсөн зуун жилд нэрд гарч чадлаа. Энэ итгэлээрээ европын тэргүүн баячуудыг татаж чаддаг болсноор улс эх орных нь хөгжилд эергээр нөлөөлөл үзүүлсээр ирсэн. Дэлхийн I, II дайны үед байлдаантай улсууд цаг төрийн байдал яаж ч магадгүй гэсэн сэрэмжээр Швейцарьт мөнгөө хадгалуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Олон улсын түвшинд итгэл хүлээж чаджээ л гэсэн үг. Яг ийм тогтвортой, найдвартай жишгийг сүүлийн үед Хонконг, Сингапур, Люксэнбургийн банкууд харуулж чадаж байна. Бид энэ жишиг рүү л алхам алхмаар ойртох бодлого барих нь зүйтэй юм. Гэтэл өнөөдрийн манай зохицуулалт тэр шаардлагыг хангахгүй байгаа. Тодруулж хэлбэл, манай хуулиуд маш хурдан хугацаанд өөрчлөгддөг. Энэ нь хөрөнгө оруулагчдыг үргээгээд байгаа хэрэг. Гэхдээ асуудлуудад дэвшил гарч байна. Сая манай оруулж батлуулсан хуулиар тогтвортой байдлын талаар хэд хэдэн чухал заалтууд орсон.

-Тухайлбал?


-Монголд хөрөнгө оруулалт хийгээд төдий хугацаанд ийм хэмжээний ашиг олно гээд төлөвчихсөн гадныхан ажлаа эхлүүлээд явж байтал засаг төр нь солигддог. Шинэ засаг нь төрийн эрх мэдлийг гартаа авангуутаа өнөөх ашигтай ажиллаж болохоор харагдаж байсан хуулийг нь өөрчилдөг. Тэгэхээр өнөөх хөрөнгө оруулагчдад эдийн засгийн хүнд нөхцөл үүсдэг, ийм дүр зурагтай болчихоод байна. Шинээр батлагдсан хуулинд энэ байдлыг илүү тогтвортой түвшинд барихын тулд “Тухайн хөрөнгө оруулагч эдийн засгийн үр ашгаа бодитойгоор тооцоод, Монгол улсад төлөх зардлуудаа нэг бүрчлэн тусгаж өгсөн бол дахин шинэ хууль батлагдсан ч тэрхүү обьектад зориулсан анхы гэрээнд зааснаар өмнөх хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна” гэсэн утгатай заалт оруулж өгсөн байгаа. Энэ мэтээр урагш алхах байхаа гэж найдаж байна. Гэхдээ мэдээж хууль батлагдлаа, маргаашнаас нь эдийн засагт сайнаар нөлөөлөөд эхэлнэ гэсэн үг биш. Эдийн засгийн итгэл удаан цаг хугацаагаар ирдэг асуудал. Гадныхан манай улс руу мөнгөө оруулдаг, тэндээс эрсдлийн үнэлгээний тогтвортой байдал ажиглагдаж байх хэрэгтэй тийм орчинг үүсгэх хэрэгтэй байна  гэсэн үг.

-Манай улсын хэд хэдэн арилжааны банкууд дампуурлаа зарласан. Төрийн бодлого буруугаас болсон уу, эсвэл Монгол банк муу ажиллаад байна уу?


-Монгол банк гэхээсээ илүүтэйгээр төрийн бодлого, хяналт дутаад байдаг. Оролцоо нь хэт их байгаа хэрнээ оновчтой асуудал дээр анхаарлаа хандуулдаггүй гэсэн үг. Банк гэнэт нэг өдөр муудчихдаг обьект биш. Салбарынх нь онцлог тэр. Банкны үйл ажиллагаанд доголдол үүсээд ирж байгаа нь их эртнээс мэдэгддэг. Яг тэр үед нь төр сануулдаг, эрсдэл хийж буй алхмуудад нь анхаарлаа хандуулдаг,  хэрэгтэй үед нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Энэ бүх эрх нь банкны тухай хуулиудад тусгагдсан байдаг. Ер нь төр банкийг дампууруулахгүй байх бүх зохицуулалтыг хийх бүрэн эрхээ ажил хэрэг болгох тал дээр дутагдалтай тал ажиглагдаад байдаг.

-Тэгвэл “Анод” банкийг төр хүчээр дампууруулсан гэдэгтэй та санал нийлэх үү? 

-Манай улс төр бизнесийн салбарын үйл ажиллагаанд хутгалдсаар ирсэн. Одоо ч тийм л байна. Түүний нэгэн адил тухайн үед “Анод” банк  төрийн оролцоо ихтэй банкууд нэг байсан нь үнэн. Гэхдээ нөгөө талаас “Анод” банкны удирдлагууд өөрсдөө даахгүй том эрсдлүүдийг бий болгосон. Намайг “Монголбанк”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад тус банкны захирлуудыг ажлаас нь түдгэлзүүлэн, манай банкнаас хүн томилогдож ажиллах арга хэмжээг авч байсан. Манай банкны ажилтан тэнд жил орчим ажиллаад, эрсдлийн хэмжээ буураад ирэнгүүт, хуучин захирлуудад нь хүлээлгэж өгсөн боловч дахин эрсдлээ ихэсгэсээр дампуурахад хүрч байсан түүхтэй. Тэгэхээр “Анод” банкны дампууралд төрийн оролцооны шахалт ч байсан, өөрсдийн удирлагуудын буруу ч байсан хэрэг л дээ. 

-Саяхан “Голомт” банкны хувьцаа эзэмшигчдийн хооронд толхилцоон гарч байсан. Энэ мэт асуудлууд банкны салбарт эрсдэл авчирч байгаа юу?

-Голомт банкинд манай улсын нийт мөнгөний эргэлтийн 20 орчим хувь нь явдаг, томоохон банкуудын нэг. Ийм хэмжээний том банкны хувьцаа эзэмшигчид хоорондоо хэл амаа ололцдог, бүрэн зөвшилцөлд хүрдэг байх ёстой. Энэ зарчим бага зэрэг алдагдснаар асуудлууд үүссэн ч, одоо бол миний зүгээс шийдэгдсэн гэж ойлгож байгаа. Хэрвээ энэ асуудал цаашид даамжрах юм бол тухайн банкинд итгэх иргэдийн үнэлэмж сулрах учраас сөрөг нөлөөлөл өндөр байдаг. Бусад орнуудын жишгээс харахад банк томрох тусам хувьцаа эзэмшигчдийг ил тод байлгах бодлого баримталдаг. Ингэснээрээ олон нийтийн гэдэг үйл ажиллагааныхаа чиглэл рүү илүү ойртож, сөрөг асуудлууд дагуулах нь ховор болдог туршлага байдаг юм билээ. Өнөөдөр 100 жилийн өмнөх АНУ-ын банкууд ийм замаар хөгжсөнөөр жинхэнэ олон нийтийн гэх утгатай бүрэн нийцсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хувьцааг нь сая сая америкчууд худалдаад авчихаар анхны давамгай эрхтэй байсан хувьцаа эзэмшигчид энгийн нэг, хоёр хувийн хувьцаа эзэмшигч бүхий гишүүн болж хувирсан. Энэ бол өнөөх л цөөн хэдэн хүний гарт орохгүй,  нийтлэг жамаараа хөгжих ёстой гэсэн санаа юм. Манайд энэ процесс явагдаж эхэлснээр банкны салбар илүү эрүүл түвшинд хүрнэ.

-Та банк гэнэт нэг өдөр муудчихдаг обьект биш гэлээ. Гэтэл “Хадгаламж” банк нэг өдрийн дотор “Төрийн банк”-тай нэгтгэгдчихсэн шүү дээ?

 -“Хадгаламж” банк социализмын үеэс Улаанбаатарчуудын мөнгөө хадгалуулдаг ганц байгууллага байсан. Тэр ч утгаараа түүхэн хөгжлийнхөө бүхий л шатанд төрийн хяналтад явсаар ирсэн. Миний хувийн үзлээр бол тус банкийг “Жаст” групп авснаар сэжигтэй гүйлгээнүүд эхэлсэн юм болов уу. Яагаад гэвэл “Хадгаламж банк”-ийг 2008 онд буюу намайг УИХ-ын гишүүнээр сууж байх үед “Жаст” групп худалдаж авахад “Монголбанк”-ны шалгалт орсон байх ёстой. Гэтэл “Жаст” групп нь өөрөө монголын баялгийг гадаадад тавиад барьцаанд тавьж олсон 600 гаруй тэрбумын хөрөнгөөрөө 60 гаруй хувийг эзэмших эрхээ авсан. Түүгээр зогсохгүй хувьцаа эзмшдэг банкнаасаа 150 гаруй тэрбумын зээл авсан байх жишээтэй. Энэ үйлдэл нь банкны болоод санхүүгийн хүрээнээс хэт хальсан асуудал. Хэрвээ банкны салбарын түвшинд үйл ажиллагаа нь явсан бол энэ үйлдэл нь эрт илрэх байсан. Гэтэл эсрэгээрээ эцсийн өдөр хүртлээ гялтагнаж явж байгаад гэнэт, төрийн халаасанд орно гэдэг нь маш их сэжигтэй. Тэгэхээр улс төрийн халхавч дор удаан нуугдсан гэж шууд хэлж болохоор байна. 

-Та тэр улс төрийн халхавч гэж хэнийг хэлэх гээд байна?

-Одоо хийгдэж байгаа шалгалтуудаар илрэх байх аа. Түүнээс биш би нэрлэж мэдэхгүй шүү дээ.



Бондын хөрөнгөөр зам барьсан  нь тансаглалын төсөв болсон

-Эдийн засаг, хөгжлийн яам хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал “Гудамж” төсөл. Уг нь замын асуудлыг Зам тээврийн яам хийх ёстой гэж ойлгоод байгаа?

-Би өөрийхөө хувийн үзэл бодлоор хариулт өгье. Манай яамыг байгуулсан гол зорилго нь Монгол орны хэтийн төлөв, стратегийн бүтээн байгуулалт, төслүүдийг яаж хэрэгжүүлэх тал дээр бодлого боловсруулдаг байхад оршиж байгаа. Ийм төрлийн үйл ажиллагаатай яамд, эсвэл яамтай дүйцэхүйц хороо, зөвлөлүүд бусад оронд байдаг. Ингэснээр бусад төрийн үйл ажиллагаанаас холуур, макро түвшинд бодож, бодлогоо тодорхойлох боломж нь бүрдэж өгдөг хэрэг л дээ. Тодруулж хэлбэл, татварын зохистой бодлогыг бусад оронд Эдийн засгийн хөгжлийн яам нь тодорхойлж өгдөг. Манайд өнөөдрийг хүртэл Сангийн яам тэр бодлогыг тодорхойлж байна. Эдийн засгийн хөгжлийн яам гээд байгуулагдчихаад байхад, энэ байдал өөрчлөгдөхгүй байгаа. Сангийн яамны үүрэг нь татвараа сайн цуглуулахад л орших ёстой. Гэхдээ татвар нэмэх асуудлыг санаачилсаар байдаг нь өөрөө гажуудал үүсгээд байгаа юм.

-Төсөв үр ашиггүй зарцуулалт ихтэй байх болжээ. Ирэх жилийн төсөвт ч реформ хийгдээгүй байна гэж зарим гишүүд хэлж байна. Харин та юу гэх вэ?

-Татвараар цуглуулагдаж байгаа тэр их мөнгийг цөөн хэдэн үрэлгэн төсвийн менежерүүд үр ашиггүй зарцуулж байна. Тийм ч учраас татварын бодлогын зарцуулалтын асуудлыг дахин нямбай боловсруулах, төсвийн үрэлгэн байдлыг таслан зогсоох, санхүүгийн хариуцлагыг бий болгох зэрэг асуудал дээр бодлого боловсруулах хэрэгтэй байгаа юм. Манай улс төсөвтөө жилийн жилд реформ хийнэ гэсээр талаар болдог. Зах зээлийн замд орсноос хойш реформ хийгээгүй хамгийн том салбар бол улсын төсөв.  1990 оноос хойш яг нэг хэвээрээ явж ирлээ. Mөр өөрөө ажил гүйцэтгэх тендерээ зохицуулдаг, түүндээ хяналт тавидаг, өөрөө тэр ажлаа гүйцэтгээд эргээд үр дүнгээ өөрөө дүгнэдэг тогтолцоо яваад байгаа учраас санхүүгийн сахилга бат гэгч зүйл байхгүй болчихоод байна.

-Тэгвэл “Чингис” бонд эдийн засгийн үр ашиг авчрах уу. Замын салбарт их хөрөнгө хийж буй нь оновчтой юу?

-Манай улс “Чингис” бондыг дэлхийн зах зээл дээр гаргаснаараа Олон улсад өөрсдийгөө таниулах, бизнес эдийн хүрээнд найдвартай зээлдэгч гэдэг утгаараа танигдаж эхлэх гарцаа нээсэн. Өөрөөр хэлбэл “Чингис” бонд монголын өрийг дэлхийгээр нэг тараачихаж байгаа юм. Тэгэхээр олон улс манайхыг сонирхож эхэлнэ. Энгийн аргаар тайлбарлах юм бол Дорж хөдөө байдаг дүүдээ хэдэн төгрөг зээллээ. Тэр мөнгөө ярьж тохирсон хугацаандаа авахын тулд “Чиний мал ахуй чинь сайн уу”, “Ноолуур ноосоо үнэд хүргэж чадсан уу” гэх мэтээр санаа тавина аа даа. Яг энэ утгаараа тэд чинь хөрөнгөө оруулчихсан учраас бидэнд санаа тавьж эхэлнэ. Гадны хөрөнгө оруулагчдыг татаж байгаа сайн тал нь энэ. Нөгөө талаас Монгол улс “Чингис” бондыг босгосноороо анх удаа дэлхийн зах зээл дээр улсынхаа эрсдлийн үнэлгээний жишиг үнийг  тогтоож өгсөн. Өмнө нь Монгол улсын эрсдлийн үнэлгээг олон улсын гүйлгээ хийдэг гэдэг утгаараа Худалдаа Хөгжлийн Банк тогтоодог байлаа. Хайлтаар  илрэхдээ эрсдлийн үнэлгээ нь 10 гаруй хувьтай гарч ирэхээр олон улсын хөрөнгө оруулагчид өндөр эрсдэлтэй орон байна гэж хардаг байсан. Яагаад гэвэл арилжааны банкны эрсдлийн үнэлгээ мэдээж өндөр  гарна. Тэгвэл “Чингис” бонд гарснаар эрсдлийн үнэлгээ 4-5 хувьтай гарснаар манайх Испани, Португаль улсуудтай зэрэгцэж очсон. Эрсдлийн үнэлгээ ийм өндөр хөгжилтэй орнуудтой зэрэгцээд гарахаар олон улсын хөрөнгө оруулагчид, банкны салбарынхан манай улсад  итгэл үзүүлж болох юм байна гэж харж эхэлнэ. Засгийн газрын үнэлгээгээр тухайн орны зах зээлийг үнэлдэг учраас манай улсын арилжааны банкууд Олон улсын банк, санхүүгийн байгуулагуудаас зээл авахад ямар ч асуудалгүй болсон. Бид “Чингис” бондыг гаргаснаар яг ийм үр дүнг тооцож хүлээж байсан, түүндээ ч хүрч чадлаа.

-Өөрөөр хэлбэл хувийн хэвшил, төр хоёр тус тусдаа дэлхийн санхүүгийн байгууллагуудаас зээл авах боломж нээгдсэн гэсэн үг үү?

-Засгийн газар олон улсын банкнаас зээл авч ирээд, хувийн хэвшил рүү  шахаад байх шаардлагагүй л гэсэн үг. Төр тэртэй тэргүй муу менежер юм чинь дараа нь тэр асуудлаасаа өндийж чадахгүйд хүрч, том өрөнд унана. Бид энэ асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Ер нь бол өнөөдөр төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэтэрхий гараа дүрээд, хутгалдаад байгаа нь хэрээс хэтэрч байна. Төрийн  өмчийн бүх компаниуд төрийн оролцооны улмаас үйл ажиллагаа нь саарсаар байна. Тухайлбал, Хөтөлийн цемент шохойны үйлдвэр, Төмөр зам, Эрдэнэт, Цахилгаан станцууд гээд. Хамгийн сүүлд дэлхийд алдартай уул уурхайн “Эрдэнэс таван толгой” компани Монголд байгуулагдаж, маш их ашигтайгаар ажиллаж болохоор байхад Засгийн Газар алдагдалд оруулах  хүртэл нь муу ажиллууллаа. Төр ийм л муу менежер. Тэгэхээр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төр аль болохоор  оролцохгүй байх нь зүйтэй байгаа юм.

-Тэгвэл зээлжих эрхийн төлөө хөрөнгө босгож, түүгээрээ зам бариад байгаа хэрэг үү. Хэзээд төлөгдөх өр шүү дээ?  

-Манай улс хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Бид энэ бондоо зарж байхдаа олон улсад их сайхан зүйлүүд амлачихсан. Өөрөөр хэлбэл энэ бондын зарсан  мөнгө бүхлээрээ эдийн засгийн эргэлтэд орох арилжааны хэлбэрээр ашиглагдана гэдэг үүднээс дэмжлэг хүлээж, Монголд орж ирсэн. Тэр журмынх нь дагуу л зарцуулах хэрэгтэй.
Одоогоор манай улс энэ бондноосоо 600 орчим тэрбум төгрөгийг зам руу оруулчихсан байгаа. Зам барина гэдэг бол тансаглалын төсөв хийгдэж байна гэсэн үг. Зам руу хөрөнгө хийхдээ Сангийн яамтай гэрээ хийсэн. Бидний зүгээс энэ жилийн зам барих мөнгийг тань өгчихье. Харин дараа дараагийн төсвтөө энэ мөнгөө суулгаад хөгжлийн банкинд өгөөрэй гэсэн чиглэлийг өгч байгаа. Ер нь анхнаасаа ийм тансаглалын зүйлд зарцуулах гэж бондоо зараагүй. Олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг иймэрхүү зүйлээр алдаж болохгүй л дээ.

-Зам барьсан асуудлаа хөрөнгө оруулагчдадаа яаж тайлбарласан бэ?

-Хөрөнгө оруулсан гадныхан энэ асуудлаар манай улсад ирж уулзалт зохион байгуулсан. Бид дээр хэлсэн тайлбараа л хэлсэн байгаа. Тэдний зүгээс “энэ тайлбараа цаг тухайд нь мэдээлэхгүй байгаа учраас танай засгийн газар буруу ажил хийгээд байгаа юм шиг харагдаад байна” гэсэн тайлбар хийгээд явсан.

-“Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн мөнгөний урсгалыг нэгдсэн төсөвт оруулснаар эдийн засагт  илүү үр ашигтай гэж үздэг гишүүд цөөнгүй. Үнэхээр бондын мөнгө эдийн засгийн эргэлтэд орох хэлбэрээсээ гажаад байвал үүнээс илүү зөв гарц байхгүй юм шиг?

-Бид энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төсвөөс гадуур тусгасан. Манай Засгийн газрын шийдлийг олон улсын хөрөнгө оруулагчид ч зөв гэж үнэлж байсан. Гэхдээ зарим талаараа таны хэлдгээр зарцуулалт гажсан зүйл бий. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Тэр тохиолдолд улсын төсөвт суулгах асуудал яригдах нь зайлшгүй асуудал.Тиймээс ч бид зам барьсан хөрөнгийг дараа дараагийн төсөвт суулгахаар Сангийн яамтай гэрээ хийсэн шүү дээ.

-Та гадны хөрөнгө оруулалт буураад байгааг төрийн оролцоотой шууд холбон тайлбарлах гээд байх шиг?

-Төр өнгөрсөн хугацаанд эдийн засгийн чөлөөтэй орчинг хязгаарлах, эдийн засгийг муутгах бодлогуудыг маш сайн батлан хэрэгжүүлсээр ирсэн. Би үүнийг өөрөө УИХ-д сууж байсан хүний хувьд, Монголбанкны захирлаар зургаан жил ажилласан хүнийхээ үүднээс ч баттай хэлж чадна. Зарим хууль хоёр долоо хоногийн дотор батлагдан гарч байна. Хууль батлахдаа тухайн салбарын эрдэмтэд, үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас санал авалгүй, дур мэдэн өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлсэн хууль нийгэмд хүчээр тулгадгаа больчих хэрэгтэй. Эдийн засгийн маш том эргэлт хийх улс төрийн шийдлүүд дээр төр өөрөө буруу шийдвэр гаргаж, түүгээрээ хөрөнгө оруулагчдыг цааш нь явуулсаар байгаа.

-Тухайлбал?

-Ураны асуудал. Хуулиа гэнэт өөрчилсөн нь том алдаа болсон. Бид ураны хуулиа өөрчилнө, төрийн оролцоог ихэсгэх бодлого барина гэдгээ ядаж гурван сарын өмнө хөрөнгө оруулагчдад мэдэгдэх ёстой. Тэр хооронд бизнесийн салбарынхан ч бас дотоод эдийн засгийнхаа асуудлыг шийдэх боломж олдоно. Гэтэл гэнэт нэг өдөр 51 хувийг авах хууль батлаад оруулаад ирсэн. Манай улсад үйл ажиллагаа явуулж байсан 150 гаруй байгууллагууд энэ хуультай танилцангуутаа ажлаа шууд зогсоосон. Ганц уул уурхай, гадны хөрөнгө оруулагчид гэлтгүй дотоодын хувийн хэвшлийнхнийг шахаж эхэлсэн. Бүр энгийнээр харахад гудамжинд хуушуур зардаг эмээ нарыг ч зах зээлээс хөөж гаргаад, өрх гэрийнх нь орлогыг хааж байна. Бид наадам үзэнгээ эмээ нарын хийсэн сайхан хуушуур иддэг байлаа. Гэтэл одоо бөөн зөвшөөрөл хөөцөлдөх, торгох асуудлууд яриад тэднийг үргээчихсэн байх жишээтэй.

-Нөгөө талаас Ураны эдийн засгийн үр ашгийг харсан ч сөрөг нөлөөллөөс эмээгээд хуулиндаа гар хүрээд байгаа юм биш үү?

-Манайх уран боловсруулахгүй. Зөвхөн анхан шатны шар нунтаг гэдэг юмаа гаргаж аваад гадагш  боловсруулахаар явуулна. Түүнээсээ бид  олон төрлийн татварын ашиг хүртээд сууж байна гэсэн үг. Ямар ч цацраг идэвхт бодис ялгарахгүй, тийм түвшинд хөрөнгө оруулагчид ажлаа явуулна. Түүнийг нь Монголын төр хянана.  Нөгөө талаас манай улсаас гарсан уран бүгдээрээ цөмийн зэвсэг болоод, терростуудын гарт оччихно гэж ойлгоод байгаа бол үнэхээр өрөөсгөл ойлголт. Ураны асуудлыг илүү бодитойгоор харж чадахгүй байгаа нь манай төрийн алдаа. Ураны цацраг идэвхт бодисонд хордсон тохиолдол 20 жилийн дотор ганцхан удаа Фүкүшимад бүртгэгдлээ. Асуудлыг яаж харахаасаа л болно. Тухайлбал, автомашины ослоос болж манай улсад жилд 300 хүн нас бардаг. Тэглээ гээд машин оруулж ирэхийг хорихгүй л байгаа биз дээ. Энэ бол хүний амин чухал хэрэгцээ. Яг үүнтэй нэгэн адил бид ураныг ашигтай талаас нь харж сурах хэрэгтэй. Гэтэл иргэдийн буруу ойлголтоос үүдэлтэй айдсаар тоглож, мөнгө босгодог хүмүүс ч байгаа.

-Уул уурхайн компаниудыг “шантаажлаж” мөнгө авсан гэгдээд байгаа “Гал үндэстэн” холбооныхныг хэлээд байна уу?

-Одоо хууль хяналтынхан шалгаад энэ асуудлыг ил болгоод ирлээ. Ер нь бол гол ус гэж худлаа дөвчигнөсөн хөдөлгөөнийхөн, холбооныхон эргээд хөрөнгө оруулагчдыг түлхдэг. Тэдэнтэй харьцуулахад гадны хөрөнгө оруулагчид манайд харьцангүй их мөнгө оруулж, хууль ёсны дагуу байх гэж хичээдэг. Гэтэл буу барьж ирээд төрийн эргэлт хийнэ, хуулиа өөрчил гэж төрөөсөө шаардах нь хэтэрхий бүдүүлэг хэрэг.

-Та казиногийн тухай хуультай болохыг дэмжсээр байгаа юу?

-Казиногийн хуулийг би дэмжиж байсан. Үнэхээр тухайн үед манайхан тэр хуулийг дэмжчихсэн бол Монголын өнөөгийн эдийн засгийн байдал арай өөр байх байсан байх. Тэр чигээрээ маш их мөнгөний урсгал дагаж орж ирснээр салбар салбарынхан том мөнгө босгож болох байлаа. Тухайлбал, урлагийнхан өдийд маш их баяжчихсан байгаа. Манай улс тэр хуулийг батална, батлахгүй гэж ярьж байх үед казиног хөгжүүлсэн улсууд баян болсон. Ирээдүйд энэ хууль батлагдах байх аа.  Гэхдээ харьцангүй хоцрогдоод өрсөлдөх чадвар нь тааруу байх болов уу гэж бодож байна. 

-Ярилцсанд баярлалаа
 


О.Чулуунбат: С.В.Паушокийн алт 1.5 биш 2,8 тонн шүү дээ. Ц.Нямдорж ямар ч мэдээлэлгүй байж худлаа ярьж болохгүй   
Үзсэн: 8043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-01-03 02:04
-Батбаяр гэнтийн ашгийн татварыг зөвхөн зэсэнд тавих хуулийн төсөл санаачилсан, УИХ дээр уг хуулийг хэлэлцэх явцад алтыг нэмж оруулсан гэдэг юм билээ. 182.160.41.xxx минь. -Балхашид алдсан мөнгийг тань Н.Багабанди ерөнхийлөгч байхдаа Тамгын газрын дарга С. Баярыгаа явуулж, нэхүүлээд, сэтгэл, зүтгэл гаргаад байдаг байсан юу болсон юм болдоо. -Орос улс манайхаас авах авлагаа /их өрийг/ 98 хувиар ч билүү хөнгөлж, үлдсэн хувьд нь ногдох 250,0 сая $-оо хүлээж авч, Монгол улс ОХУ-д өргүй болсон гэсэн албан ёсны батламжийг манай улсад сууж байгаа элчин сайдаараа дамжуулан ирүүлснийг ОХУ-аас манай улсад сууж байсан элчин сайд манай Засгийн газрын ерөнхий сайд Н.Энхбаярт гардуулж байсан нь телевизээр гарч байсан даа. Авах ёстой газар нь авах юм аа бүрэн авсан гээд байхад юун 50.0 сая вэ ? 103.26.194.xxx минь.
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2013-11-13 11:00
za bolidoo chuluundorj batalgaa gargaad 20 saia dollor awsan gedgiig chin ugsun hyn damjuulsan hymyys n iariad baigaa shyydee niamdorj unen l ium heldeg hyn . uundee l ad yzegddeg shyydee. ganc niamdorj bish olon hyn medne odoo bitgii eldew nium iariad tarhi ugaagaad bai
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2013-11-13 09:43
Нямдорж гэж хэрүүлч нохой шиг хүн, хүн гүтгэхдээ ёстой гаргууд юмаа. Яагаад гэхээр Нямдорж гуай бүгдийн булхайг би мэдэж байна.Болохгүй бол дэлгэнэ гээд ханхалзаад ,цаас годгонуулаад байсан нь тун саяхан.Их хуралд насаар нь шахам ард түмэн сонгож, хуулиа батлуулж сахиуллаа. Үнэхээр шудрага үнэнч бол дэлгээд,уудлаад илрүүлээд, нөгөө шорондоо явуулах цаг нь аль эрт болсон.Гэтэл нөгөө л улиг болсон юма ярихаас хэтэрдэггүй. Эсвэл хам хэрэгтэн юм уу.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-12 00:44
тэр нөгөө балхашад алдсан эрдэнэтийн 10 сая доллар юу болсон, бас нөгөө москвагийн банканд алдсан 7 сая доллар юу болсон, их өрийн 5 хувь 250 сая долларын 50 сая нь яагаад чех, киприйн компаниар дамжсан зэрэгт хариулах болов уу
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-11 19:05
Ярьж хэлж байгаа нь амьдралд ойр бас арай л түрүүлж бодитойгоор сэтгээд түүнийгээ хүмүүст ойлгуулах гэж нилээн сайн ойлгомжтойгоор ярьж чаддаг арай л өөрөөр сэтгэдэг либериал талдаа хүн гэж ойлгодог. Даанч ийм хүмүүс нь доор нь ажиллаж Нямдорж мэтийн хар мөртэй гарууд нь эд нарынхаа л толгой дээр суугаад байх юм да.
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2013-11-08 21:12
68 хувь чинь фортуна Батбаярын юм. МАН-ыг хорлох гэж гэнэтийн ашгийн татвар нэрээр ийм хууль зүтгүүлсээр байгаад батлуулсныг эрүүл ухаантай болгон мэднэ. Харин МАН-ынхан АН-д иргэдийг дургүйцүүлэх гэж энэ хуулийг баталсан. Ийм улс төрийн заваан бодлогын үр дүнд Монгол банканд алтаа тушаадаг газар үгүй болж монгол улс хохирсон. Ард иргэд, нөгөө ард түмэн гэдэг нэртэй олон түмэн хохирсон. Улс төрчид ийм заваан юм бие биерүүгээ чулуудахад замд нь маш олон жирийн иргэд хохирч байдаг шүүдээ.
85.218.60.xxx [85.218.60.xxx] 2013-11-08 17:25
Medehgui ene hun mongolchuudaa t1 geed gadniihan uhaantai geh geed bnyy?ih medemhii ylsyyd ch 1 l uur tolgoi tsysdanadaa
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-11-08 13:21
68 хувийг нямдорж биш АНын фортуна санаачилж батлуулсан шү дээ та нар энэ хүн шиг буруу ярьж байна уран хэзээ ч амьдрал сайжруулахгүй мөнгө талаасаа байж болох ч хожим хойчдоо балаг л тарина монголд цөмийн хаягдал булуулах гээд л зүтгээд байгаа хүн дээ энэ чука их мөнгө үнэртээд байгаа хүн
Altannar Suhbaatar [103.10.21.xxx] 2013-11-05 20:14
tur maani iim xyniixee ygiig sonsdogyi ni xaramsaltai um daa xuu
Altannar Suhbaatar [103.10.21.xxx] 2013-11-05 20:14
tur maani iim xyniixee ygiig sonsdogyi ni xaramsaltai um daa xuu
Altannar Suhbaatar [103.10.21.xxx] 2013-11-05 20:14
tur maani iim xyniixee ygiig sonsdogyi ni xaramsaltai um daa xuu
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2013-11-05 13:52
Минийхээр бол Чулуунбат бол Монголын маш чухал сэхээтэн. Монголд амин чухал Чингис бондыг яаж авахыг Чук л мэдэж хийсэн биз ээ, өөр нөхдүүд бол чадахгүй дээ. Чук бол Нямдоржоос хамаагүй илүү үнэтэй улс төрч......Нямдорж алтанд 68 % татвар тавьж эдийн засгаа сүйтгэчихээд, түүнийгээ ойлгодоггүй гар.....
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-31 20:59
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГААД ХӨӨГДСӨН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-10-31 15:59
Чулуунбат урьд нь юу хийж байсан хэнтэй найзалж,хэрэлдэж байсан нь огт сонин бишХэн ярьж байгаа нь биш юу ярьж байгаагий нь сонс гэсэн сургааль байдаг.Жаахан либераль талруугаа хандаад байснаас биш уг нь зөв юм ярьжээ.Манайхан хүнээс үг сонсож сур Үгүйдээ гүйцэд уншчхаад юм бичиж бай л даа
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2013-10-31 15:55
ARDIIN NAMIIN UED JARGAJ BAIJ. ODOO HEDEN GYTDIIN ERLIIZUUUD ARD TUMNEE DARAMTALJ IIM CH TATVAR TIIM CH TATVAR HORIGLONO SHOROND HIINE GEJ ZANALHIILEHEES UUR ZUIL MEDEHGUI. BARAANII UNE TER TSAHILGAAN DULAANII UNE UDRUUS UDURT USSUUR AMIDRAHAD HETSUU BOLJ BAINA SHUU....
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2013-10-31 15:55
ARDIIN NAMIIN UED JARGAJ BAIJ. ODOO HEDEN GYTDIIN ERLIIZUUUD ARD TUMNEE DARAMTALJ IIM CH TATVAR TIIM CH TATVAR HORIGLONO SHOROND HIINE GEJ ZANALHIILEHEES UUR ZUIL MEDEHGUI. BARAANII UNE TER TSAHILGAAN DULAANII UNE UDRUUS UDURT USSUUR MAIDRAHAD HETSUU BOLJ BAINA SHUU....
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2013-10-31 15:54
ARDIIN NAMIIN UED JARGAJ BAIJ. ODOO HEDEN GYTDIIN ERLIIZUUUD ARD TUMNEE DARAMTALJ IIM CH TATVAR TIIM CH TATVAR HORIGLONO SHOROND HIINE GEJ ZANALHIILEHEES UUR ZUIL MEDEHGUI. BARAANII UNE TER TSAHILGAAN DULAANII UNE UDRUUS UDURT USSUUR MAIDRAHAD HETSUU BOLJ BAINA SHUU....
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2013-10-31 15:54
ARDIIN NAMIIN UED JARGAJ BAIJ. ODOO HEDEN GYTDIIN ERLIIZUUUD ARD TUMNEE DARAMTALJ IIM CH TATVAR TIIM CH TATVAR HORIGLONO SHOROND HIINE GEJ ZANALHIILEHEES UUR ZUIL MEDEHGUI. BARAANII UNE TER TSAHILGAAN DULAANII UNE UDRUUS UDURT USSUUR MAIDRAHAD HETSUU BOLJ BAINA SHUU....
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2013-10-31 15:54
ARDIIN NAMIIN UED JARGAJ BAIJ. ODOO HEDEN GYTDIIN ERLIIZUUUD ARD TUMNEE DARAMTALJ IIM CH TATVAR TIIM CH TATVAR HORIGLONO SHOROND HIINE GEJ ZANALHIILEHEES UUR ZUIL MEDEHGUI. BARAANII UNE TER TSAHILGAAN DULAANII UNE UDRUUS UDURT USSUUR MAIDRAHAD HETSUU BOLJ BAINA SHUU.... - See more at: http://politics.time.mn/content/36963.shtml#sthash.VgG0TwUb.dpuf
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2013-10-31 13:40
МАН-хан гадныханыг хоолоор тэтгэчихээд эргээд тэдэндээ бариулж байгаа үзэгдлийн нэг жишээ Паушок өөр юу ч биш
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-10-31 13:36
Мэдэхгүй юм даа. Энэ хүн нэг л бишээ. Бүх зам Бээжинг дайрдаг гэдэг шиг. Бүхий л муу бүхэнтэй энэ хүн нэр холбогддог. Их л эвгүй гардаа. Нямдорж энэ хоёр нэг тэрэгний дугуй ш дээ. Хэн нь хэнийгээ гэхээргүй гарууд. Чулуунбатын үед яг юу сайжирсан юм. Монголбанкны ерөнхийлөгч байхдаа ёстой хор л найруулж байсан байх. Түүнээс хийсэн бүтээсэн энэ гээд хэлчихээр юм маш багатай хүн дээ. Дээр нь тэр хэлээд байгаа гурван зүйл нь манайх шиг улсад муу юм их дуудна. Энэ нөхөр тэр буудалдаа нууцаар тоглоомоо тоглоод явна биз.
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-10-31 13:11
bolowsoroltoi uvm medej hiij chadaj bwal bayjih ni todorhoi nymdorj shig aylguun ch zasarahgui humuusees uv huleeh bedee
122.201.20.xxx [122.201.20.xxx] 2013-10-31 12:52
энэ хүний баяжих хэнд хамаатай юм. хүсвэл чи ч баяжиж болно. Баяжихын тулд чи толгойгоо ажиллуулах хэрэгтэй толгойгоо ажиллуулахын тулд болврол эзэмших хэрэгтэй малнуудаа
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-10-31 12:49
Алт, Уран, Казино 3-ыг зөвхөн мөнгө талаас нь харвал зөв ярьж байх шиг байна. Харин дагалдах сөрөг үр дагаварыг авч үзвэл буруу ярьж байна.
203.169.53.xxx [203.169.53.xxx] 2013-10-31 12:25
mongold bolovsroltoi hun olon boloosoi tand amjilt husie
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-10-31 11:26
uran-n asuudal deer sanal niilehgui bna Dornogobi aimgiin badrah yum yamar bolood bgaag ta uuriin nud-r harsan uu uran biznes bitii lobidood bai
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-31 10:43
mongold bolovsroltoi hun olon boloosoi tand amjilt husie
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-31 10:12
tur bishee turiin ner barisan hedhen toonii humuus baigaa shuu. tedentei hariutslaga tootsoh huuli hezee batlah yum boloo
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-31 10:01
eruul setgehuitei hunii yariltslaga ni hurtel ogoojtei yum da
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2013-10-31 09:26
Ene nuxur yaj bayajsanaa yarival zugeer boluu? Hamgiin ih no-toi l hun shig sanagddag.

Бидэнтэй нэгдээрэй