Шууд Chart

"Эрүүл мал эрдэнэ" цуврал-№1

2017-01-09 15:40:58

Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлэг “Эрүүл мал  эрдэнэ...” зорилтот цуврал...  №1

Мал сүрэг эрүүл бол хүнс тэжээл эрүүл
Хүнс эрүүл бол хүн зон нь эрүүл
Хүн нь эрүүл саруул бол улс орон эрүүл
Эрүүл мал Монголын баялаг...

Манай орны мал сүргийн чанар чансаа, эрүүл ахуйн байдал тун сул дорой болжээ. Өөрөөр хэлбэл, Мал, амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллагын “А” ангиллын гоц халдварт өвчнүүдээс ангижрах, тайван байдлаа хадгалан бататгах, нийгэм, эдийн засагт хохирол учруулдаг халдварт, паразиттах өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч сайжруулах ажил зүй ёсоор нэхэгдэж байна. Тиймээс улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлөх мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд малчин түмний дуу хоолой болсон “Малчин” нэвтрүүлэг энэ цувралыг орон даяар нэвтрүүлж байгаа юм. Малчид, мал зүйчид, малын эмч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд үйлдвэрлэгчид та бүхнийг хамтдаа малаа эрүүлжүүлэх аянд нэгдэхийг уриалж байна.

Эрүүл малын төлөөх цуврал нэвтрүүлэг анхны дугаартаа малчдын санаа бодлыг сонссон юм. Дундговь аймгийн Луус сумын малчин П.Доржпүрэв "Манай говь нутагт бол нүүдэл суудал ихтэй, жилийн дөрвөн улиралд л нүүж сууж байх юм. Тэгэхээр малын өвчин эмгэг гарах эрсдэл ихтэй л дээ. Гэлээ гэхдээ янз бүрийн өвчин арай холуур л дуулдаад байна. Бид малынхаа тарилга туулга, угаалга арчилгааг аль болох цаг тухайн үед нь хийлгэж байна. Харин малын эмч, мал эмнэлэг гэдэг зүйлүүд л тун чанар муутай болж. Хуучин төрийн удирдлагад байхдаа арай ч ийм байгаагүй юм. Мал эмнэлгийн бодлогыг  л шинэчлэх шаардлагатай байна даа. Мал сүрэг гэж зөвхөн миний юм биш шүү дээ. Улс орны эдийн засагт хамаатай асуудал, үүнийг л төр хараа, бодолдоо авах хэрэгтэй" гэв.

Мал, амьтны өвчлөл, халдварын хэмжээг аюулгүй түвшинд хүргэх, улмаар Монгол Улсын экспортын боломжийг нэмэгдүүлэх, хилийн мал эмнэлгийн хорио цээрийн найдвартай хамгаалалт бий болгож, мал, амьтны халдварт өвчин, ялангуяа гоц халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх  хариуцлагатай ажлыг малчдаас эхлээд төр засгийн хэмжээнд ч онцгой анхаарах шаардлагатай байгааг малчид өөрсдөө хэлж байна. Яагаад гэвэл агаар дуслаар, хил орчмын зам харгуйгаар дамжин халдварлах тохиолдол их бий. Тэгэхээр энэ тухай зам техник олонтой нутгийн малчин ямар бодол дэлгэх бол. Дархан-Уул аймгийн малчин Ц.Крунов "Зам харгуй олонтойгоос гадна газар тариалангийн ашигт талбай ихтэй манай нутагт мал, амьтны халдварт өвчин багагүй гарч байна. Ялангуяа хонины цэцэг өвчин их ойрхон гарлаа. Вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх ажил дутмаг байна. Ер нь хангай нутагт бэлчээрийн эрүүл ахуйн тухайд бодох цаг иржээ. Сүүлийн үед янз бүрийн бордоотой тариан талбайд мал ороод элдэв өвчин эмгэг тусаад байх шиг байна. Тариан талбайгаас зайтай нутаглах гэхээр бэлчээргүйтэх, аль эсвэл хүний эзэмшил бэлчээр, өвөлжөө, хаваржаанд ойртох болдог. Түүнээс болоод тариаланч, малчин хоёрын дунд маргаан гарах ч асуудал бий. Тэгэхээр эрүүл малтай, эрүүл хүнстэй байя гэвэл бэлчээр нутгаа зохицуулах цаг болсон" гэлээ...

Монголын радиогийн Нийгмийн нэвтрүүлгийн алба “Эрүүл мал эрдэнэ” зорилтот цуврал нэвтрүүлгээрээ мал сүргийг эрүүлжүүлэх уриалгыг орон даяар дэвшүүлэн ажиллаж байна...

Нийтэлсэн: Ө.Цогт-Эрдэнэ

"Эрүүл мал эрдэнэ" цуврал-№1   
Үзсэн: 1998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй