Шууд Chart

Ар Монголын тэнхээт эр “хужаа” хэмээн алдаршсан Ө.Чүлтэмсүрэн

2017-01-12 10:30:08

“Зураг түүх өгүүлнэ” гэдэг дээ. Нутаг даяар арал чац, тэнхээ, барилдаанаараа алдартай энэхүү бөхчүүдийг жил ирэх тусам манай залуус мартаад байна. Тиймээс эргэн сануулах зорилгоор энэхүү зургийг багтаалаа. Тодруулбал, зүүн гар талаас "Хужаа" хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ө.Чүлтэмсүрэн. Тэрбээр Засагтхан аймгийн Ний Бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Баян-Улааны хоолой гэдэг газар 1912 оны усан хулгана жил төрсөн. Гурван настайд нь эх нь нас барж, өнчин хоцорсон тул Дэлгэрмөнхийн хүрээнд “Донхор” Гүржав гэдэг хочтой ах ламынхаа асрамжинд амьдарч байлаа. Анх “хужгар” гэж хочлуулдаг байсан ч Улаанбаатар хотод шилжин ирснийхээ дараа “хужгар” хоч нь “хужаа” болон дуудагдах болсон гэдэг.

Ө.Чүлтэмсүрэн бага наснаасаа хүрээнд шавилан сууж, үеийн банди нартайгаа ноцолдон бөх болох замналаа эхэлжээ. 12-13 насандаа сумын заан цолтой ах Дугар, Гэндэнжамц нарыгаа дагаж овоо, хийд, сахиусын тахилга, орон нутгийн наадамд барилдаж нутгийн ахмад бөх “Годон” Дампил, Д.Дагва арслан нарт тоогдож улмаар Улсын баяр наадамд барилдахаар зориглосон түүхтэй.

Тэрээр 16 настайдаа аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 1936 оны Улсын баяр наадамд 1024 бөх зодоглоход мөн тав давж Монгол Улсын начин цолыг 24 насандаа хүртжээ. Тэр наадмын дөрвийн даваанд өвдөг шороодуулсан Сэлэнгэ аймгийн “Данигай” хэмээх улсын заан Данзангаас “Сайн бөх болоорой гээд арван төгрөг гардахдаа улсын цол авснаас дутуугүй баярласан” гэдгээ үеийн бөх, залуучуудад ярьж суусан гэдэг.

Түүний Улсын баяр наадамд барилдсан он жилүүдийг нь сонирхуулъя.

  • 1938 онд 1024 бөхөөс тав давж шөвгөрсөн. 
  • 1941онд 448 бөхөөс тав давсан.  
  • 1942 онд 360 бөхөөс ес даван түрүүлж, 30 насандаа Монгол Улсын арслан цол хүртсэн.  
  • 1943 онд 512 бөхөөс тав давсан.  
  • 1944 онд 512 бөхөөс долоо давсан. 
  • 1945 онд 512 бөхөөс дөрөв давсан.
  • 1946 онд 1024 бөхөөс долоо давж, бат хүчит чимэг хүртсэн.  
  • 1947 онд 512 бөхөөс дөрөв давсан.
  • 1948, 1949 онд 512 бөхөөс долоо давсан.
  • 1950 онд 512 бөхөөс найм даван үзүүрлэсэн.
  • 1951 онд 1024 бөх барилдахад нэг давж өвдөг шороодсоноос гадна тэр жил нь хурдан азарга нь нүд аньсан учир төрсөн нутгаа зорьж, долоон жил Төрийн наадамд зодоглоогүй.
  • 1958 онд зургаа давж харилтгүй чимэг хүртсэн.
  • 1959 онд тав давж бууршгүй хүчит чимэг нэмсэн.
  • 1962 онд гурав давсан.
  • 1964 онд 512 бөхөөс дөрөв давж, тавын даваанд Ш.Батсуурь аварга өвдөг шороодсон.

Бас нэг амжилтыг нь дурдахад, 1942 онд Сүхбаатар аймаг байгуулагдсаны баяр наадамд хүч үзэж, Булган аймгийн харьяат, улсын заан Л.Нямжавыг өвдөглүүлж түрүүлсэн.

1948 оны зун Ө.Чүлтэмсүрэн агсныг нутаг сэлгэн нүүж явахад машинтай хүмүүс хээр таарч “Сэлэнгэ аймгийн наадамд очих гэж яваа юм. Тэнд дархан аварга Ш.Батсууриас эхлээд хот, хөдөөгийн олон бөх зодоглоно гэнэ” гэдгийг сонсоод тууж явсан хонь, уналга морио хамт явж байсан хүндээ шилжүүлээд өнөөх машинтай хүмүүстэй явжээ. Гэхдээ тэр Ш.Батсуурь аваргатай барилдаж үзэхийг гол зорилгоо болгосон гэдэг. Наадмын асарт ороод Ш.Батсуурь аваргыг “Далбаагаа түр өгнө үү. Өмсөж гарах гэсэн юм” гээд зөвшөөрүүлэхдээ гарын хуруу орж барьц авах боломжгүй шахам бариу байсныг мэджээ. Гагцхүү ар суганд нь хоёр хуруу орж болохыг мэдэж авсан болохоор далбааг нь буцааж өгөхдөө “Надад томдоод байна” хэмээн худал хэлжээ.

Наадмын үзүүр, түрүүнд аварга, арслан хоёр үлдэж, Ө.Чүлтэмсүрэн нөгөө л төлөвлөсөн барьцаараа барихад нь Ш.Батсуурь түүнийг нь тавиулахаар хүчтэй сэгсчиж халахад хүчийг нь дагуулж, өхийлдэх мэхээр аваргыг давжээ.  

Ө.Чүлтэмсүрэн арслан 1963 оны Улсын баяр наадмаар Дархан аварга Ж.Мөнхбатыг улсын арслан Л.Сосорбарамтай барилдаж байхыг нь ажиглаж байснаа “Чи сугадаж дайрахаар нь баруун хөлнийх нь өсгий дээр зүүн хөлний чинь өлмий хүрмэгц цааш нь түлхчих” гэж захиснаар Ж.Мөнхбат давж байсан гэдэг.  

Ө.Чүлтэмсүрэн арслан зодог тайлсныхаа дараа зарим жил бөхийн засуул, хөлийн цэц хийдэг байсан бөгөөд ялангуяа бөх засах ухааныг гоц сайн эзэмшжээ. Зассан бөх бүрээ давуулдаг сайн зөвлөгч байсныг одоо болтол ярьдаг.  

Тэр нуруугаар өндөр биш, шар царайтай, мулзан толгойтой тухайн үеийн бөхчүүд дунд жижигт нь ордог ч монгол бөхийн барилдааны арга ухааныг маш сайн эзэмшиж чадсан. Өхийлдэх, өлгөх, мушгих, бусгах мэхийг даацтай чадамгай хийдгээс гадна бөхийн хөдөлгөөн, мэх хийх үед биеэ суллаж авхаалж гаргадгаараа онцлогтой байв.  

Бас алиа шогч хүн байсан. Тэрээр бөхчүүдийг ам авахад нь “Хөвсгөлийн Чүлтэмсүрэн гэж хужийсан жижиг шар юм байгаа. Түүнийг л хүртчих” хэмээн өөрийгөө авахуулж байсан нь дурсамж болон үлджээ.

Арслан амьдралынхаа сүүлийн жилүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд амьдарч байсан бөгөөд ганц охинтой аж. Арслангийн дүү Шаравжамц 1941 оны Улсын баяр наадамд тав давж начин цол хүртжээ. Халхын цуутай арслан 1980 онд бурханы оронд заларсан билээ.

Зүүн гар талаас “хужаа” хэмээн алдаршсан, улсын арслан Ө.Чүлтэмсүрэн, “гулзгай” хэмээн алдаршсан, улсын арслан У.Дамчаа, Их Монгол Шаравжамц аварга, Өрлөг жанжин Х.Чойбалсан, “буур” хэмээх, даян аварга Н.Жамьян, Даншгийн аварга Ц.Буянтогтох. Х.Чойбалсан, Ө.Чүлтэмсүрэн нараас бусад нь хоёр метр давсан өндөртэй сайхан эрчүүд байв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ар Монголын тэнхээт эр “хужаа” хэмээн алдаршсан Ө.Чүлтэмсүрэн   
Үзсэн: 3659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ulzii [1.25.85.xxx] 2017-01-13 15:59
nutgiin saihan bukh hun bjdee mani nutgiinhan meddeg l baigaadaa

Бидэнтэй нэгдээрэй