Шууд Chart

Коммунист утопи үзлийг төгсгөл болгосон Үндсэн хуулийн төрсөн өдөр

2017-01-13 09:42:11

Монгол Улс 2000 гаруй жилийн төрт ёс, хууль цаазын түүхэн уламжлалтай орон. Олон зуун жилийн түүхэн уламжлал бүхий улс маань нэгэн тугийн дор нэгдэн төрт улсаа байгуулан,  хууль цаазыг тунхаглаж ирсэн хэдий боловч тухайн үеийн нийгмийн байдал, хөгжлийн үйл явцтай холбоотойгоор ХХ зууны эхэн үе хүртэл улс нийтээр сахин биелүүлэх үндсэн гэх тодотгол бүхий хуульгүй байсан.

Харин 1921 онд Монгол улс тусгаар тогтнолоо байгуулж, үндэсний хувьсгал хийсэн нь түүхийн цоо шинэ үеийг нээж, манай улсын анхны үндсэн хууль батлагдах нөхцөл бүрэлдсэн юм. Нийгэм өөрчлөгдөн шинэчлэгдсээр манай улс дэлхийн олон орны жишгээр 1990-ээд оны эхээр ардчилсан тогтолцоонд шилжсэн. Ардчилсан улс хэмээн тунхагласнаас хойш Монголчууд бидэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал бол шинэ Үндсэн хууль батлагдсан явдал юм. Эх орноо ХХI зуун руу хөтлөх учиртай 1992 оны Үндсэн хууль барууны сонгодог ардчилсан ёсыг өөртөө шингээж, улс төрийн шилдэг онолд тулгуурлан монголын нийгмийг бүхэлд нь ардчилах, эдийн засгийг чөлөөлөх, төрийн тогтолцоог шинэчлэх, төрийн эрх мэдлийг тэнцвэртэйгээр хуваарилах, хүний эрх эрх чөлөөг дээдлэн тунхаглах зорилго бүхий хууль болсон юм.

Үндсэн хууль нь тухайн улс орны бусад хууль болон эрх зүйн актуудын гол суурь нь болдог бөгөөд нийгмийн харилцаа нэг бүрийг нарийвчлан зохицуулдаггүй харин ерөнхий агуулгын хүрээнд зохицуулалт хийснээрээ бусад хуулиудыг тайлбарлах гол эх сурвалж болдог.

Мөн дэлхийн улсуудын үндсэн хууль нь тухайн улсын түүх, нийгэм, соёлын онцлогоос шалтгаалж зохицуулах зүйлийн хувьд харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Грек улсад шашин шүтлэгийн асуудлыг, Португальд газар боловсруулалтын асуудлыг харин Швейцари улсад байгалийн онцгой үзэсгэлэнт газрыг хамгаалах асуудлыг үндсэн хуулиндаа чухалчлан заасан нь бий.

Хэдийгээр улс орон бүрийн онцлогоос хамаарч эл ялгаа  ажиглагдах боловч ардчилсан бүх улсад үндсэн хууль нь нэгдүгээрт хүний эрх, эрх чөлөө болон улс төрийн байгуулалтын буюу удирдлагын хэлбэрийн асуудлыг шийдсэн байдаг.

Манай улсын Шинэ Үндсэн хууль ерөнхийдөө ардчилсан орнуудын үндсэн хуулийн шаардлагад нийцсэн. Ардчилсан шинэ Үндсэн хуулиас өмнө манай улс түүхэндээ гурван үндсэн хуулийг баталж байсан бөгөөд тэдгээр хуулиуд нь тухайн үеийн нийгмийн бодлого, улс төрийн байдлыг бүхэлд нь илэрхийлж байсан юм.

Тодруулбал, хамгийн анхны Үндсэн хууль 1924 оны 11дүгээр сарын 26-ны өдөр Ардын Их хурлаас батлагдсан нийт  зургаан бүлэг, 50 зүйл бүхий үндсэн хуультай байв. Уг үндсэн хуулийг түүхэнд ардын хувьсгалын ялалтын үр дүнг хууль зүйн талаас нь бататган бэхжүүлсэн хууль байсан гэж тэмдэглэдэг.

Анхны Үндсэн хуулиас хойш 16 жилийн дараа буюу 1940 онд ардын хувьсгалын анхан шат үндсэндээ төгсөж, ардчилсан хувьсгалаас социалист хувьсгалд аажмаар дэвшин орохын төлөө нийгмийн бодлогыг бүхэлд нь өөрчлөх үүднээс дахин Үндсэн хууль баталсан. Энэ нь Улсын VIII Их хурлаас баталсан БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хууль юм. Нийт 12 бүлэг 108 зүйлтэй уг хуулийг мөн чанарын хувьд социалист хэв маягт багтах ангийн шинж чанартай хууль байсан гэж үздэг.

Улмаар манай улс социализмын материал техникийн баазыг бүтээн байгуулах зорилт дэвшүүлснээр дахин шинэ Үндсэн хууль батлах шаардлага тулгарсан бөгөөд БНМАУ-ын Ардын их хурлын 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар буюу 1960 оны 7 дугаар сарын 6-нд 10 бүлэг 94 зүйл бүхий гурав дахь Үндсэн хуулийг баталсан юм.

Хорин жилийн дараа батлагдсан уг хууль нь өмнөх хуулиудын нэгэн адил социалист хэв маягт багтах ангийн шинж чанартай хууль байсан бөгөөд улс орноо капитализмыг алгасан социализм өөд хөгжих замд олсон ололтыг бататгасан хууль хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Уг хууль Ардчилсан хувьсгалын үе хүртэл хүчин төгөлдөр хэрэгжсэн юм.

1980-1990-ээд оны зааг дээр манай улс нийгмээ өөрчлөн шинэчлэх, нийгмийн амьдралын бүхий л хүрээг ардчилах, улсаа зах зээлийн харилцааны дагуу хөгжүүлэх зэрэг олон өөрчлөлт шинэчлэлтийг хийх зайлшгүй шаардлагууд тулгарсан бөгөөд үүний үр дүн нь шинэ Үндсэн хууль юм. Тухайн үед Улсын Бага Хурлаас шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалын анхны төслийг гарган хэлэлцэх ажлуудыг тууштайгаар явуулж байсан бөгөөд үүний үр дүнд Улсын бага хурлаар дөрвөн удаа, ард нийтээр гурван сар шахам, Ардын их хурлаар 70 гаруй хоног хэлэлцсэний эцэст 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр анхны ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. Уг үндсэн хууль нь нийт 6 бүлэг, 70 зүйлтэй.

Ийнхүү манай улс анх Үндсэн хууль баталснаас хойш 93 жилийн хугацаанд нийт дөрвөн үндсэн хууль баталсан нь онолын хувьд болоод бусад орнуудын жишигтэй харьцуулахад хуулиуд нь харьцангуй богинохон настайд тооцогддог. Тухайн улс орны нийгмийн тогтвортой байдлыг хангахад Үндсэн хуулийнх нь тогтвортой байдал чухал бөгөөд “эцэг” хууль гэгддэг учраас богино хугацаанд дахин солигдох нь бусад хуулиудтайгаа харшилдах болон хуулийн цоорхой үүсэх нөхцөл байдлыг бий болгодог.

Бусад орны жишгээс харахад, Дэлхийн хамгийн анхны бөгөөд тогтвортой хууль бол АНУ-ын хууль юм. Анх 1787 онд  батлагдаж, тэрнээс хойш ердөө 27 удаа л нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ АНУ-н шүүхээс Үндсэн хуулийн заатуудаа нарийвчлан тайлбарласан, зарим  үг хэллэгүүдийг утгачлан дэлгэрүүлсэн нэмэлт мэдээллийг ард түмэндээ зориулан байнга гаргасаар ирсэн нь бий. Энэ нь зохицуулалтын гол эх сурвалж болж байдаг.

Ямартай ч манай улсын 4 дэх үндсэн хууль буюу өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шинэ Үндсэн хууль манай улсыг иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн ардчилсан улс гэдгийг дэлхий дахинд илтгэсэн юм. Түүнчлэн Монгол улс Феодализмаас капитализмыг алгасан социализмд шилжин орох тухай коммунист утопи үзлийг төгсгөл болгож чадсан шинэчлэн бүтээн байгуулагч хууль болсноороо ихээхэн онцлогтой билээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Коммунист утопи үзлийг төгсгөл болгосон Үндсэн хуулийн төрсөн өдөр  
Үзсэн: 4313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй