Шууд Chart

Г.Ганбаярыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа

2017-01-26 15:50:58

Галын аюулаас гэр бүлийн 4   хүний  амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өнгөрсөн 24-ны өдөр 4 хүний амь насыг аварчээ. Мэдээж цагдаагийн алба хаагч нь хүн ардынхаа амар амгалан, аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байдаг. Тэр дундаа онц байдалд өөрийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа гарган эрдэнэт хүний амийг аварна гэдэг маш сайшаалтай хэрэг юм. Залуухан дэслэгчдээ ажлын амжилт хүсье. Цаашид мэргэжилдээ улам чадваржиж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаална гэдэгт итгэж байна” хэмээлээ.



Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр нийслэлийн “Тэргүүний ажилтан”  цол тэмдгээр шагнуулсныхаа дараа “2017 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө ажилдаа явж байтал Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, автобусны буудлын ойролцоо зам дагуу байрлах айлын хашаанаас утаа гарч байгааг харсан. Дөхөж очоод хартал тус айлын байшин шатаж байсан. Хаалгыг нь цохиод “Гал гарч байна” хэмээн орилоход хүн гарч ирээгүй. Ингээд хашааг нь давж, уг айлын том өрөөний цонхыг хагалаад 4 хүнийг дараалан гаргасан. Тухайн үед үүдний өрөөнд дэгдсэн гал хүчээ авч бүх өрөөнд утаа бий болж, юу ч харагдахгүй болсон. Хүнд нөхцөл байдал үүссэн байсан ч дотор байгаа бүх хүнийг аварчих юмсан гэсэн бодлоор  зүтгэсний үр дүн 4 хүний амь насыг аварлаа. Өнөөдөр миний эр зоригийг үнэлж, шагнаж байгаа нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлье. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, цагдаагийн албаныхандаа  баярлалаа. Мөн галаас аврагдсан 4 иргэнд эрүүл энхийг хүсье.


Г.Ганбаярыг нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [139.5.219.xxx] 2017-01-26 16:01
Залуухан дэслэгчийн хосгүй гавьяаг хотын удирдлага ийнхүү үнэлсэнд хөндлөнгийн би ч бас өөрөө шагнуулсан мэт баярлаж байна,энэ бол зүгээр нэг тэмцээнд түрүүлсэн бөх,урлагын үзлэгт сайн дуулсан дуучинтай зүйрлэхийн аргагүй,амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьсан үнэхээр баатарлаг үйлс тул монголын төр ч анхаараасай билээ.

Бидэнтэй нэгдээрэй