
Хөхний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчнүүдийн нэг. Нийт хорт хавдрын өвчлөлийн 14 хувийг эзэлдэг. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар бид НЭМГ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Дулмаатай ярилцлаа.
- Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд хөхний хавдрын өвчлөл нэмэгдэх болсон. Энэ өвчин юунаас үүдэлтэй юм бэ?
- Хөхний хорт хавдрыг үүсгэх шалтгаан нь юу юм бэ? гэхээр яг энэ гээд хэлчихэд бас хэцүү. Гэхдээ нөлөөлөх зүйлүүд байна. Ер нь хүн нас ахих тусам л эрсдэлд орох магадлалтай байдаг. Урьд нь нэг хөх нь хавдартай байсан бол нөгөө хөх нь бас өвдөх магадлалтай. Гэр бүл хамаатан садны хэн нэг нь хөхний хавдраар өвдөж байсан бол, анхны төрөлт оройтсон гэх шалтгаанаар эсвэл огт төрж байгаагүй эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвдөх магадлалтай. Бас биений юм хэт бага насанд ирэх, дунджаас хожуу насанд цэвэрших, таваас дээш жилээр даавар эмчилгээ хийлгэх, цээж орчимдоо туяа эмчилгээний шарлага хийлгэж байсан бол хөхний хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Мөн таргалалт, архи дарс хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний хомсдолд орох, зохисгүй хооллох, тэр дундаа жимс жимсгэнэ, эслэг бага хэрэглэх гээд энэ бүхэн хавдар үүсэх шалтгаан болж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинд 232670 орчим хүн хөхний хорт хавдраар өвчилсөн байх жишээтэй.
- Хөхний хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Энэ үед хөх орчимд өвдөх, хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, арьс нь зузаарах, хөхний толгой татагдах, хөхний сүвнээс цусархаг шүүрэл гарах, бэрсүү тэмтрэгдэх гэх мэт шинж илэрдэг.
- Хөхний хавдраас сэргийлэхийн тулд үзлэг шинжилгээнд хэдий хугацаанд яаж орох ёстой юм бэ?
- Эмэгтэйчүүд өөрсдөө хөхөндөө анхаарал тавьж, хөхөө шалгадаг байх хэрэгтэй. Тэгвэл хавдар шар будаан чинээ байхад ч олж болно. Эмнэлэгт хандаж үзүүлэх юм бол бид үүнээс ч бага буюу урьтал үед нь илрүүлж болно. Эмэгтэй хүн сар болгон өөртөө хөхний үзлэг хийж байх хэрэгтэй. Сарын тэмдэг ирснээс долоогоос арав хоногийн дараа яг нэг өдөр байнга хийж хэвших хэрэгтэй.
Яагаад сарын тэмдгээс хойш гэж байгаа юм бэ? гэхээр сарын тэмдэг яг ирж байгаа үед зарим эмэгтэйчүүдийн хөх өвчлөх, өвчин орох тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ шинж тэмдэг эдгэрсний дараа хөхний өөрийнх нь бүтэц зөөлрөөд өвчингүй болчихсон байдаг. Яг энэ үед өөрөө хөхөө тэмтрэх хэрэгтэй. Үүнийг байнга хийж байсан хүн өөрийнх нь хөхөнд өөрчлөлт байгаа буюу бага зэрэг бэрсүү үүссэнийг маш амархан олдог. Энэ үед эмчид хандахад эрт оношлуулж болно. Эмч үзлэг хийгээд шаардлагатай тохиолдолд хөхний рентген зураг авхуулахыг зөвлөдөг.
Аливаа өвчин бидний өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой. Нэгдүгээрт, архи тамхи хэрэглэдэг бол үүнийг татгалзах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, таргалалтаас сэргийлэх, зөв хооллох хэрэгтэй. Тэгээд эрт илрүүлэгт хамрагдаж эмчид үзүүлдэг байх, ингэх юм бол та өнөөдөр өөрийнхөө амь нас ар гэрийнхээ амьдралыг ямар ч эрсдэлд оруулахгүйгээр илрүүлээд эмчлүүлээд эдгэрэх боломжтой.
- Ярилцсанд баярлалаа.
Өнгөрсөн онд дэлхий дахинд 232670 хүн хөхний хорт хавдраар өвчилжээ | ||
Үзсэн: 4257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.