
“Их хэрэг нурахуй ганц үг дор буй” гэсэн эртний үг байдаг. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд уламжлалт шашин соёлоо муучлах хандлага дэврэх аястай. Нэг ёсны алив үзэгдэл юмсыг өнгөц үзэх хандлага их болжээ. Хэдийгээр дэлхий дахин мэдээллийн сүлжээгээр хавтгай холбогдох болсноос ямарваа юмыг нуух хаах аргагүй болсон ч, буруу зөв мэдээлэл хаа сайгүй хэрэн хэсэж явна.
Өнөөдөр бидэнд юмс үзэгдлийг учир шалтгааны үүднээс ухаж үзэх Дорнын гүн ухаан илт дутагдах болсны харгайгаар “Их усны дэргэд ангаж үхэх” гээч болоод байна.
Манай нийгэмд далайн ихийг мэддэггүй худгийн мэлхийнүүд олширчээ. Тэд би ... би ... би ... гэж вааглах нь ч их болж ...
Алгасрах сэтгэлийн хуран үймээн гээч л энэ байх. Ам дуугүй сууваас тэнэг гэх, агсарч олон үг хэлвээс галзуу гэх ...
Юутай ч авах, гээхийн сургаал суртал алдагдсан арсалдаант цөвийн энэ цаг дор андуу эндүүд тустай хэдэн үг хэлсү би.
Далайг үзсэн нь тун цөөхөн ч, далай ямар ихийг бидний өвөг дээдэс дэндүү сайн мэддэг байж. Иймдээ ч сүн далай, сүмбэр уулс ч гэх юм уу, сурсан бүхэн далай сураагүй бүхэн балай, далай их эрдэм ном гээд л их далайтай зүйрлэсэн үг Монгол хэлний үгсийн санд маш их.
Энэ учраас бид ертөнцийг үзэх агуу ариун сургаал номын багшийгаа “Далай” хэмээн нэрлээдхэж.
Үнэхээр гайхам. Төв Азийн бөглүү өндөрлөгт нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн миний өвөг дээдэс дэлхийн хөгжил, оюуны урсгалаас хоцроогүй нь юуных вэ?
Тэнгэр дээд шүтлэг нь эрин цагийн хүмүүний хөгжлийн шаардлагыг хангаж чадахаа болихын цагт эртний соёлын улбаат Энэтхэг, Төвдөөс нэгэн соёлыг авч нутагшуулсан нь өнөөгийн бидний Бурханы шашны сургаал ном байх нь ер бишийн. Өвөг дээдэс минь энэхүү сургаал номыг алтыг хэрхэн шинжин авдаг шиг шинжиж авчээ.
Нэгхэн биений төдий бус, бүр цаашилбал нэгхэн төрийн төдий бус оюун санааны шүтээнээ алтыг ширээж, тунгааж, сунгаж, давтаж байж чанар юуг нь мэддэг шигээ шинжиж, сонгож авсан дээдэс их өвгөддөө өнөө бид баярлахаас өөр яалтай вэ.
Хүмүүний амьдралын ээдрээ нугачаа, зовлон хийгээд жаргалын мөн чанарыг хэрхэн зөв оношилсныг Бурханы шашны андууг арилгагч ариун гэгээн сургаал номлолоос олж үзэж болохсон. Зөв, бурууг хэрхэн үзэх оюун санааны үнэнхүү эш онолыг Буддизм бидэнд заажээ. Үүнээс цаашихыг одоохондоо тархи судлалын шинжлэх ухаан ч олоогүй байдаг.
Хүн төрөлхтөн ертөнцийг үзэх зөв, сайн үзэл суртахуй олохоор хэдэн мянган жил оролдсоор ирсэн. Одоохондоо Буддын, Христийн, Исламын гэсэн гол гурван шашин суртахуй хүмүүний ертөнцийн оюун санааг эзэмдэж байна.
Хүн хэмээгч бодгалийн тархины мэдээлэл хязгааргүй болохоор цаашид ч энэ оролдлого үргэлжилсээр л байх биз.
Гэлээ ч алив юманд Монгол хүмүүний уужуу тайвуу холч ухаанаар ханддаг өвөг дээдсийн минь хувьд Бурханы шашныг сонгож авч, хойч үедээ өвлүүлэн үлдээсэн нь яах аргагүй зэндмэнэ эрдэнэтэй зүйрлэм үнэт өв болж бидэнд уламжлагджээ.
Нүүдэлчин ахуйгаас төрөн гарсан өвөг их эрдэмтэн мэргэд маань газрын холыг явган нүцгэн туулж харь холын Энэтхэг, Төвдөд очиж, гадны хэл соёлыг гойд эзэмшин, олон олон сүмбүм зохиол бүтээл туурвин үлдээсэн байх юм.
Хол тэртээд Буддын гүн ухааны эрдмээс нэвт суралцсан дээдсийг маань харийн мэргэд хүртэл толгой сэгсрэн шагшиж байсан гэдэг.
Буддын шашны Шарын урсгалыг үндэслэгч Богд Зонхова Лувсандагвыг Монгол гаралтай гэж үзэцгээх нь бий. Богд ламыг “Шашны дотоодын эсэргэлцлийг халж, олон сургаалыг онолдуулахуйн эрдмийг боловсруулж“ Буддын шашинд шинэчлэл хийсэн хүн гэлцдэг. Өнөө цагийн эрдэмтдээсээ жишээлж яривал, Соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн, Төвдөч эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар агсныг дурсахгүй байхын аргагүй. Бичгийн энэхүү их эрдэмтэн өнөө цагт хэн байв хэмээн санахдаа агуу эрдэмтний бүтээл туурвилыг эргэн нэг үзэх хэрэгтэй болдог.
Суут их мэргэдийнхээ бүтээл туурвилыг уншиж суухад авч тавьсан эдээ энэ насанд эдлэх мэт болдог.
Бид өнөөдөр дэлхийн соёлоос суралцахдаа өөрийн үндэсний өв соёл хэмээн нэрт эрдэмтдийнхээ бичиж үлдээсэн судар шастираас эшлэл авдаг. Асар олон ном судрыг сайтар ялгах оюуны нүдийг хойч үе бидэндээ тэд л нээсэн байдаг. Тэднийхээ үлдээсэн эрдэм ухааны шимийг хойчийн хойчид ч ангасан хөрс рашаан хур лугаа учирсан мэт уураг тархиндаа шингээн авах нь дамжиггүй үнэн билээ.
Билиг мухардваас зам мухарддаг гээд, гурван нүүдэл хожиж нүүх ухаан гаргадгийг дэндүү сайн мэддэг байж миний мэргэд дээдэс.
Арван, арван зуунаар ч дахиад олоход нэн бэрх билиг билгүүний эрдмээр мунхагийн харанхуйг гийгүүлж, нигүүлсэхүйн их өршөөлөөр зовлонгийн мөрөөс гэтэлгэх ном соёлыг тэд бидэнд үлдээжээ.
Бид Барууныхны үздэгээр “зүгээр нэг бүдүүлэг нүүдэлчдийн удам” биш, их Дорнын соёлоос уураг тархиныхаа хэмжээгээр шүүж тунгааж авсан, бичгийн их соёлтой эзэнт гүрний удам угсаа билээ.
Гэтэл сүүлийн үед гэрэл сүүдэр өнгөрөн солигдох цагийн урсгалыг дагаж, даяаршил нэрийн дор орж ирсэн олон соёлын нөлөөнд толгой нь эргэсэн хүмүүс үндэсний шашин соёлоо хүнийрхэж, мэдэх, мэдэхгүйн заагт олон зүйлийг бичих болжээ. Гутал, оймсыг бартал явж, нэр ашгийг хайх нь юутай их мунхрал.
Алив зүйлийн гүнд нь орохгүй гадарлах нь хойч хожимдоо ямархан үр дагавартайг түүхийн олон жишээ бидэнд бэлхнээ хэлээд өгдөг. Та бидний өвөг дээдэс хүн төрөлхтний бүтээн туурвисан энэ олон соёлоос зүгээр нэг Бурханы шашныг сонгож аваагүй билээ.
Ийм болохоор их соён гэгээрүүлэгч Л.Хүрэлбаатарын хэлснээр:
... Долооврыг өөр рүүгээ зааж бодоход юуны буруу ?
Дотроос нь засахад ном хэрэгтэй
Дээрээс нь засахад төр хэрэгтэй ...
Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын бүрэн эрхт байдал” хэмээх 1-р бүлгийн 9-р зүйлд: “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн заажээ. “Шашнаа” гэсэн хамаатуулах нөхцөлтэй үг нь үндэсний шашин болох Бурханы шашнаа хэлсэн хэмээн мөхөс би боддог. Бусад олон ч ингэж боддог байх. Гэхдээ “Бурханы шашин” гээд яагаад хэлчихээгүй юм бол гэх эргэлзээ ч бас байдаг.
Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” хэмээх 2-р бүлгийн 16-р зүйлийн 15-д: “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” хэмээн бас л бүдэг заасан. Магадгүй, Үндсэн хууль баталж байсан 1992 онд бид зөвхөн ганц Бурханы шашин шүтэж байсан байх талтай.
Дэлхийн бүх улс орон үндэстнийхээ хувьд дээдлэх оюун санааны нэг л тулгууртай байдгийг бид мэднэ. Ерөнхийлөгчид нь хүртэл өөрийн шашныхаа сургаал номлол дээр гараа тавин байж тангараг өргөдөг.
Алив ард түмэн шүтэн дээдлэх эрдэм соёлгүй, оюун санааны бат цул нэгдэлгүй болвол юу ч биш болж, тусгаар тогтнол, эх хэл, газар нутгаа ч алдан, дэлхийгээр нэг хэрэн тэнэж, миний, манай гэх нэгээхэн ч зүйлгүй болж, хумхын тоос мэт замхран арилах нь энүүхэнд. Дэлхийн соёл иргэншлийн түүхэнд олон, олон үндэстэн, угсаатан үгүй болж, хэл соёл устсаар байгааг бид мэднэ.
Тун цөөхүүлээ ч өдий хүртэл тэсэж үлдсэний уг эрчим юу билээ?
Монгол хүмүүний зоримог эрмэг чанар, түүн дээр Бурханы шашны шинжлэн үзэх эрдэм ухаан төлөвшсөн байдал. Бид алив үзэгдлийн гол мөн чанарыг олох ухааныг эцэг, эхээсээ сурсан явдал юм. Бидний дээд лавтайяа таван үе хоосон чанар хийгээд үйлийн үр, учир шалтгааны ухаанд суралцаж дадаж төлөвшсөн юм. Бидэнд өөрсдөө хүссэн, хүсээгүй ч алив шийдвэр гаргахад энэ дадал зуршил хар аяндаа нөлөөлсөөр байдаг.
Арчаад хаячихаж болдоггүй, усанд уусаж галд шатаж, салхинд хийсдэггүй тэр оюун санааны өвөө бид өнөөдөр амны цаас лугаа адил хогийн саванд хаяхаар шийдсэн мэт ухвар мөчид үйлдэл олон гаргах болж. Яг л буруу ижлийн мал зүс тоогоороо ялгарах мэт. Үндэсний шашин болсон Бурханы шашиндаа элэг буруу хандаж байгаа олон жишээ байна.
Нэгэнт улсын үндсэн хуулиндаа “Төр нь шашнаа хүндэтгэнэ. Шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн заачихсан учраас хүмүүнийг гаднаас нь төрийн хууль цаазаар хашиж, дотроос нь Бурханы шашны сургаал номлолоор засаж ирсэн эртний мэргэдийн хос ёсны сургаалыг дагах нь зүйтэй мэт.
“Дээдийн номыг мэдэхгүй биеэр юу хийнэ
Дэндүү ханахыг мэдэхгүй эдээр юу хийнэ” ... гэсэн үг байдаг.
Үүний тулд төрийн эрхэм түшээд, тэр ч байтугай олон нийт болон шашны зүтгэлтнүүд төр шашныг барих Өрнө хийгээд Дорнын арга ухаанаас авах, гээхийн ухаанаар суралцвал нэн зохилтойсон.
Бусармаг үйлд хорьж бичсэн үг | ||
Үзсэн: 3165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.