
МҮОНР-гоос гэр бүлийн санхүүгийн боловсролд зориулсан “Мөнгөний мод” зорилтот, цуврал нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг сонсогчдодоо хүргэлээ. Долоо хоног бүрийн Даваа гарагт 17 цаг 25 минутаас нэвтрэх “Мөнгөний мод” зорилтот нэвтрүүлгээ бид ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран бэлтгэж байна. Нэвтрүүлгийн үеэр манай оролцогчид санхүүгийн зорилго тавьж, түүнийхээ төлөө зорьж тэмүүлж, өрхийн төсвөө хөтлөн хэвшүүлж сурах юм.
Энэ удаад сонсогчдын санхүүгийн боловсролд зориулан мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ тодорхой зорилго бүхий хоёр гэр бүлийг сонгож, зорилтот нэвтрүүлгийнхээ зочноор оролцууллаа.
Эхний зочид нь Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн малчиных. Ам бүл тав. Нэвтрүүлгийн зочин Т.Жавзан хүргэн, охин, хоёр зээгийн хамт амьдардаг. Сардаа 240 мянган төгрөгийн тогтмол орлоготой.
Жилийн дөрвөн улиралд малынхаа ашиг шимийг хүртэн, сүү сүүн бүтээгдэхүүнийг нь боловсруулж, борлуулдаг.
Удаах зочин нь Улаанбаатар хотод амьдардаг А.Алтанхуягийнх. Гэрийн эзэн хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг. Эхнэр Г.Гүнжидмаа цэцэрлэгийн багш бөгөөд тогтмол цалинтай нэгэн. Тэднийх гурван хүүхэдтэй. Хоёр бага нь цэцэрлэгт, харин том нь ахлах ангийн сурагч.
А.Алтанхуягийн гэр бүл түрүү жил хашаандаа хоёр давхар байшин барьсан. Харин энэ удаад байшингийнхаа дотоод заслыг хийж, тохижуулахаар төлөвлөжээ. Тухайн гэр бүлийн өдөр тутмын орлого зарлагаас эхлээд санхүүгийн хувьд тулгарч буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэж, зорилгоо биелүүлж, зорилтдоо хүрэхэд нь манай нэвтрүүлгийн зөвлөх-мэргэжилтнүүд болох ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн эрдэмтэн, багш нар тусалж, зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Гурван сарын хугацаанд нэвтрүүлгийн оролцогчид маань санхүүгийн боловсролын хувьд тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болж, өрхийн төсвөө зөв зохицуулж, орлого, зарлагаа хөтөлж дадсан бол “Мөнгөний мод” зорилтот цуврал нэвтрүүлгийн гол зорилго оршино. Нэвтрүүлгийн анхны дугаараар манай оролцогч хоёр гэр бүл “Өрхийн төсөв”-ийн дэвтэртэй болж, орлого зарлагаа хөтөлж эхлэх даалгавар авсан. “Өрхийн төсөв”-ийн дэвтрээ хөтлөхдөө эхлээд зардлаа жагсаан бичихийг ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор С.Хандсүрэн зөвлөлөө. Тэгэхдээ өрхийн хэрэглээний зардлаа жагсаах нь зөв.
Хоол хүнс, оо сойз гэх мэтчилэн. Харин дараа нь орлогоо тэмдэглээрэй. Цүнх, халаасандаа хадгалж байсан мөнгө, төгрөгөө ч бас орлогынхоо жагсаалтад бичнэ.
Долоо хоногийн турш та ийнхүү өрхийн орлого, зардлаа бичээд хөтлөөд үзээрэй. Өрхийн орлого, зардлаа тэмдэглэн бичсэний дараа зардлын төлөвлөгөө гаргаарай. Өөрөөр хэлбэл, юу худалдан авахаа жагсааж бичнэ гэсэн үг. Эндээс мөнгөө ухаалаг, зөв зарцуулахад суралцана. Түүнчлэн зардлаа хэрхэн хэмнэж болохыг ч бас харах болно.
Ийнхүү санхүүгийн боловсролоо ахиулсанаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх, мөнгийг ухаалаг зарцуулах, цаашлаад ирээдүйнхээ төлөө хуримтлуулах боломжтой юм. Та бүхэн ч гэсэн нэвтрүүлгийн оролцогчдын адил өнөөдрөөс эхлэн гэр бүлийнхээ санхүүг төлөвлөөрэй.
Түүнчлэн нэвтрүүлгээ сонсоод мэдлэг, мэдээлэл авахын зэрэгцээ дэмжиж буй гэр бүлдээ манай шууд хөтөлбөрийн 89809106 дугаарын утас руу зурвас илгээж болно. МҮОНР-ийн гэр бүлийн санхүүгийн боловсролд зориулсан “Мөнгөний мод” зорилтот, цуврал нэвтрүүлэг Даваа гараг бүр 17 цаг 25 минутаас та бүхэнд хүрнэ. Нэвтрүүлгийн давталтыг Мягмар гарагийн өглөө 9 цаг 10 минутаас хүлээн авч сонсоорой.
Нэвтрүүлгийн редактор: Ц.Мягмарсүрэн
М.Эрхэмбаяр
“Мөнгөний мод” зорилтот нэвтрүүлэг сонсогчдод хүрч эхэллээ | ||
Үзсэн: 2147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.