
Австри Улсад энэ сарын 14-25-нд Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд болж байна. Энэхүү наадамд манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрөлд оролцож байгаа юм.
Гуравдугаар сарын 18-нд болсон олимпийн нээлт хоёр цаг гаруй үргэлжилсэн. Австрийн Грац хотноо усан бороо шивэрч байсан хэдий ч нээлтийн үеэр цэнгэлдэх үзэгчдээр дүүрэн байлаа.
Нээлтийн үзүүлбэр асар хямдхан өртгөөр боссон ч утга нь гүн гүнзгий. Аливаа үзүүлбэрийн үнэ цэнэ нь их мөнгөндөө биш оновчтой санаа, шийдэлдээ байдгийг энд харуулав.
Харин гаднах үзүүлбэр нь төгс, супер гэж тодорхойлж ч болохоор. Уулын орой дээрээс бамбар барьсан зуу шахам цаначин бууж ирсэн нь гайхамшигтай. Ерөөсөө энэ нутгийн ард түмэн цана дээр төрсөн, цастай ч цанатай ч ард түмэн юм байна.
Нээлтийн ёслолд оролцохоор тив дэлхийн алдартан олноор иржээ. Австрийн Ерөнхийлөгч, Грац хотын дарга болон бусад олон улсын сайн дурын байгууллагуудын тэргүүнүүд, мөн нутгийн хамгийн алдартай дуучин Helene Fischer, Америкийн залуу супер од Jason Mraz (Жэйсон Мрааз), 2016 оны American got talent-аас төрсөн төмөр хоолойт охин, 13 настай Grace Vandervaal (Грэйс Вандэрваал) нарыг нэрлэж болно.
Олимпод оролцохоор 107 орон нэрээ дуудуулан гарч ирсэн. Их Британийн багийг Paul Mccartney-гийн экс эхнэр Heather Mills (Хээтэр Мийлс) хөтлөв. Монакогийн багийг Хатан хаан Charlene (Шарлийн) нь дагуулж гарч ирсэн. Тэрбээр дараа нь харьяаллынхаа дагуу Өмнөд Африкийн багийг мөн дагуулсан юм.
Энд оюуны бэрхшээлтэй 7500 тамирчин ирсэн. Бидэнтэй яг адилхан эрхтэй төрсөн ч эрхээ эдлэх, хамгаалах, тэмцэх чадвараар дутуу тэднийг бид л хайрлах ёстой.
Спортын бус арга хэмжээнүүд
Олимпийн тоглолтын үеэр спортын бус олон арга хэмжээ болж байна. Энэ салбарыг хариуцсан сайн дурын, төрийн бус байгууллагууд тайлан тавихын зэрэгцээ өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж ирээдүйгээ төлөвлөж байв.
Арга хэмжээнээс хамгийн том нь оюуны бэрхшээлтэй иргэд бусадтай ижил эрхтэй байх, ялгаварлагдан гадуурхагдахын эсрэг үзэл санааг тунхагласан чуулган байлаа. Чуулганд Монгол Улсаас Зүүн Азийн элч төлөөөлөгч болсон Б.Ерөөлт оролцож, англи хэлээр илтгэл тавив. Тэрбээр аутизмтай ч гэсэн хөгжмийн, хэлний асар их авьяастай, хоол хийх хоббитой үлгэр жишээч хүү юм.
Энд дэлхийд цуутай олон алдартан ирсэн. Зах зухаас нь дурдвал “NBA”-ийн супер од Sam Perkins, Dikembe Mutombo, олимпод шуугиан тарьж байсан Америкийн уран гулгагч Мишэль Кван, Оросын загвар өмсөгч, жүжигчин Наталья Водянова нарыг нэрлэж болно. Өөр ч олон алдартан байсны зарим нь хөтлөгч хийж, мөн тайзан дээр гарч гэр бүлдээ тохиолдсон зүйлийг ярьж хүмүүсийг уйлуулж байлаа. Мөн Арнольд Шварцнэггэр ирэх пүрэв гарагт Грац хотноо хүрэлцэн ирэхээр болжээ.
Сорилын болон хэсгийн уралдаанууд дуусч өнөөдөр манай дөрвөн тамирчин медалийн төлөө уралдав. Бахархууштай нь дөрвүүлээ медаль авч чадлаа. Тодруулбал цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 25 метрийн зайнд С.Тэмүүлэн, цасны гуталтай гүйлтийн эмэгтэй 100 метрийн зайнд Б.Оюунбилэг нар мөнгө, 50 метрийн эмэгтэй гүйлтийн цанаас Н.Уянга алт, 50 метрийн эрэгтэй гүйлтийн цанаас М.Гантөмөр мөнгөн медаль хүртээд байна.
Монголын анхны багийн спорт болох бөмбөгтэй хоккейн багийнхан маань хэсэгтээ зургаан улсын багатай тоглолт хийнэ. Тойргийн тоглолт хийх тул баг тус бүр таван удаа тоглоно гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Монголын баг дөрвөн удаа тоглосноос хоёр хожиж, хоёр ялагджээ. Маргааш Буракино Фасогийн багтай тоглоод хэсэг доторх тэмцээн дуусах юм. Тэгээд үр дүнгээсээ шалтгаалаад хэсгээсээ шалгарах эсэх нь тодорхой болох юм. Австрид амьдардаг олимпийг Монголчууд олноороо үзэж, нутгийн тамирчдаа халуун сэтгэлээр дэмжиж байгааг хэлэхэд таатай байна. Нэг харамсалтай мэдээ байгаа нь манай багийн ахлагч, түлхүүр тоглогч Г.Эрдэнэбаяр маань шагайндаа зөөлөн эдийн гэмтэл авч, тоглолтоо дуусгасан юм.
Д.Түмэн-Өлзий
Бахархууштай нь дөрвүүлээ медаль авч чадлаа | ||
Үзсэн: 566 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.