Шууд Chart

“Давс” чимээгүй алуурчин

2017-03-30 11:30:24

Монголчуудын давсны хэрэглээ хэт өндөр байдаг. Харин давсыг хэрхэн бууруулж болох талаар бид НЭМГ-н халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн  С.Дулмаатай ярилцлаа.

- Монголчуудын давсны хэрэглээ хэр байна вэ? ер нь хоногт хэдэн грамм  давс хэрэглэх ёстой юм бэ?

- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насан хүрсэн хүн хоногт 5 гр-аас бага давс хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Гэтэл монголчуудын  хоногийн давсны хэрэглээ 11,1 грамм байгаа   нь судалгаагаар тогтоогдсон. Бүс нутгааса хамаараад өөр өөр байгаа. Баруун бүс нутгийн иргэдийн давсны хэрэглээ бүр өндөр буюу 15,6  гр орчим байна.     Тиймээс бид давсны хэрэглээг бууруулахаар зорьж байгаа. Хүн бүрийн давсны хэрэглээ харилцан адилгүй байгаа учраас хүмүүс хаанаас давсаа  их аваад байна вэ гэдгийг бид судалсан.   Судалгаанаас  харахад хүмүүс өдөрт хэрэглэдэг давсныхаа   43,6 хувийг цайнаас авдаг.  Банштай цай  сүүтэй цай, хар цай гээд ангилаад ирэхээр давсны хэрэглээ өөр өөр байгаа. Банштай цай бол давсны хэрэглээ ихтэй ангилалд ордог.  Хар цай бол давс бага ангилалд орж байгаа. Тийм болохоор бид цайгаа давсгүй хэрэглэхийг илүү зөвлөдөг. Үнэхээр давсгүй цай ууж чадахгүй гэж байгаа бол давсыг орлуулах өөр аргыг сонгох хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл хүнсний хужир хэрэглэж болно.  Хужир нэг гэмтэй, 99 эрдэмтэй.    Давс 99 гэмтэй  нэг эрдэмтэй  гэдэг. Хужираа яаж хэрэглэх вэ гэдэг дээр бас  анхаарах хэрэгтэй. Хужир  олон тооны эрдэс  бодис өөртөө агуулдаг учраас яг уухынхаа өмнө цайндаа хийгээд ууна. Хэрэв хужраа хийгээд буцалгавал хужрын эд шид нь үгүй болно.  Мөн лимон, цагаан гаа зэргээр давсыг орлуулж болно.

- Давс хэтрүүлэн хэрэглэх нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

- Давс их хэрэглэхээр зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, яс сийрэгжих, зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар зэрэг өвчнүүд бий болдог. Эдгээр өвчнүүд манай хүн амын нас баралтын тэргүүлэх хүчин зүйл нь болоод байна. Хэрэв бид давсныхаа хэмжээг бууруулах юм бол нас баралтын тоог бууруулах бололцоотой. Энэ нь ганцхан манай улсад ч биш өөр улсад ч байдаг асуудал. Хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулах боломжтой.

- Давсыг ор хэрэглэхгүй байж болох уу?

Хэрэглэхгүй байж болохгүй. Яагаад гэхээр бидний биеийн 80 хувь нь ус. Энэ 80 хувийг барьж байх зүйл нь давс. Давс байхгүй бол хүний биед усгүйжилт явагдана. Сүүлийн үед ус их уух хэрэгтэй гээд яриад байгаа.  Ус их  ууснаас биед байх давсны хэмжээ дагаад багасдаг. Тиймээс бас л биед сөрөг нөлөө үүсч эхэлнэ. Тэгэхээр хамгийн гол нь давсны зохистой хэмжээг 5 гр-д барих хэрэгтэй. Давс их байж болохгүй ор байхгүй байж болохгүй.

- Өдөрт 5 грамм давс хэрэглэх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр иргэд цай хоол хийх болгондоо давсаа жигнээд хэмжээд байх боломжгүй ш дээ. Хэмжээгээ хэрхэн мэдэх вэ?

- Бидний хэлж заншснаар цайны халбага 5 гр, дунд зэргийн халбага 10 гр, том хоолны халбага 15 грамм байдаг. Энэ хэмжээгээр давсны хэрэглээгээ зохицуулж болно.

- Давсныхаа хэрэглээг яаж зөв бууруулах вэ?

- Давсыг орлуулж болох бүтээгдэхүүнүүдийг л зөв сонгох хэрэгтэй.  Монголчууд эртнээс хэрэглэж ирсэн гоньд, хүмүүл, таана, жууцай, цагаан гаа,  халиар, саримс, сонгино  гээд эдгээрийг хэрэглээд давсаа орлуулаад явах боломжтой.   Эдгээр нь эргээд хүний биед хэрэгтэй  байдаг.

- Ямар бүтээгдэхүүнд давс их агуулагддаг вэ?

- Лаазалсан, даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүн давс ихтэй байдаг. Өөр нэг анхаарах асуудал гэвэл хүүхдүүд чипс маш ихээр иддэг. Гэтэл тэр чипсны 100 гр нь гэхэд тэр хүүхдийн нэг өдрийн давсны хэрэглээг бүрэн хангачихдаг. Гэтэл тэр хүүхэд дээрээс нь давстай хоол иднэ, цай ууна, өөр бусад бүтээгдэхүүнээс давс авдаг. Ингээд давсны илүүдэл бий болоод байгаа. Тэгэхээр далд давсыг авахгүй байх хэрэгтэй. Та нэг  удаа ч болов давснаас татгалзаад үзээрэй. Нэг орой ч болов давсгүй хоол хийгээд, давс орлуулах бүтээгдэхүүнийг ашиглаад үзээч ээ гэж хэлмээр байна.

Нийтэлсэн: Н.Хоролсүрэн

“Давс” чимээгүй алуурчин  
Үзсэн: 5776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй