Шууд Chart

Нараа дэрлэсэн говь нутгаас “Төл таван эрдэнэ“ эхэллээ

2017-04-07 17:25:36

Монгол нутагт хавар ирснийг,  малчны хотонд ууган төл гарсныг эх орон даяар “зарлан тунхагладаг“ энэ дуу бол
... Таван бүлээн зүс
Таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн
Амьд таван эрдэнэ ... гэж эхэлдэг энэ уянгалаг дотно ая, үгтэй дуу билээ. Намайг хүүхэд байхад “Төл түмний үйлс“ гэж мал төллөх ажлыг компанит ажил болгон найман настай балчраас наян настай буурлууд хүртэл нойтон салиатай хурга тэвэрч, ишиг хурга амлуулж, элгэвч нэмнэ оёж, лаа шүдэнз цуглуулж  улс орон даяар  эрвийх дэрвийхээрээ хөдөлдөг байлаа. Арга ч үгүй биз. Мах иддэггүй хүн Монголд тун цөөхөн. Дээр нь түүхэн хэцүү хатуу он жилүүдэд энэ хэдэн мал л өлсгөөгүй юм чинь. Нэгдэл  нийгэм тарж нэг хэсэгтээ бужигнаж байсан бол өнөөдөр 1990-ээд оноос мал хувьчилж авсан “Шинэ зууны малчид“ Монголын мал аж ахуйн салбарт хүчтэй орж ирж байна.



ХХАААХҮЯ, МҮОНРТ  хамтран жил бүр уламжлал болгон явуулдаг "Төл таван эрдэнэ“ нэвтрүүлгийн ууган дугаарыг бэлтгэх томилолт гардсан манай багийн хамт олон гуравдугаар сарын 30-ны Морин цагт эх орныхоо өмнө зүг Өмнөговь, Дундговийг зорьсон юм. Замдаа, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа,  олон жил аян замын уртад “Эргэх дөрвөн цаг“, “Төл таван эрдэнэ“ нэвтрүүлэгт маань олон жил  ганзага дөрөө нийлүүлэн  харшуулсан Болроо зураглаач дээрээ ороод гарлаа. Явах томилолтоо авчихсан хойно  түүний маань хөл гэмтсэн. Хагалгаанаас  гараад дөнгөж  нэг хонож байгаа дүү маань биднийг үзээд их догдолж байна. Угийн эрүүл чийрэг, эршүүд  тэвчээртэй дүү минь инээд алдсаар  угтсан ч доголон нулимстай биднийг үдсэн...  Зүгээр дээ, дүү минь, хөлөө  сайн эмчлүүл, чиний өмнө явах зам чинь хол, өгсөх ирээдүй чинь гэрэлтэй  байгаа ...

Ээл дулаан говь нутгийн малчид хамгийн түрүүнд малаа төллүүж эхэлдэг. Харин ч бичин жилийн хавар хатуу байж магадгүй гэж хаширласан малчид хээлтүүлэгчээ орой тавьсан учир мал төллөлт  одоо л ид дундаа орж байна. Газрын үндэс хөхөөр хатаж, хуурай  улаан шуурга тавьж байдаг говь нутагт саяхан орсон цасны чийгт  газар дэлхий дэвтэн, өвсний үндэс хөөж юу юугүй ногоо идэж эхлэх нь.



Монголын хамгийн том газар нутагтай  Өмнөговь аймгийн Хүрмэн сумын  нутаг “Таван Сухайтын хоолойд хаваржиж байгаа, энэ жил нэг мянган толгой тэмээ тоолуулсан Монгол Улсын гавьяат малчин, МҮОНР –гийн  “Алтан ботго“-ны эзэн шагналыг хоёр удаа хүртсэн тэмээчин  Г.Буд гуайнхаас билэг дэмбэрэлийг бодож  анхны сурвалжилгаа эхэлсэн юм . Өнгөрсөн жил 16О ботго бойжуулсан амжилтаар 2016 онд “Алтан ботго“ –ны эзэн хоёр дахиа шалгарсан ажилсаг хоёр хөгшин торомтой ингээ саачихаад холын бидэнтэй шөнө дөл болтол хуучлав. Нэг яманган тэмээг хонин толгойд шилжүүлбэл долоон мянган хонь гэсэн үг. Ийм тооны малыг  хариулж, маллаж, төллүүлж, өсгөж үржүүлж  ноосолж, усалж  байна гээд бод доо. Мөн ч нүсэр хөдөлмөр шүү. Мэдээ орох цагаасаа л буянт малаа хариулсан тэр хоёр нэгэн бүтэн жарны турш  “Тэмээ“ гэдэг  амьтныг дагасан гэнэ. СГЗ сэтгүүлч Ш.Ёолк, Л.Цагаандалай, бас зураглаач Н.Сүхбалсан нартай танил гэж байна . “Тэмээ тэнгэрийн амьтан“ гэдэг баримтат киног тэдний хотноос хийсэн тухай тэд ярьж байсан. Бас Монгол Улсын ерөнхийлөгч Ц . Элбэгдорж “Таван Сухайтын хоолой“ –д  буюу эдний хотонд хоёр хоног амарсан нь тун ховор сайхан тохиолдол болж. Тэр бүү хэл ерөнхийлөгч тусгай бэлтгэсэн өргөөндөө биш “Утаа үнэрлэж хононо“ гээд Буд гуайн хоймрын орон дээр унтсан гэнэ. Харин энэ удаа Ерөнхийлөгчийн хоносон орон дээр манай зураглаач Д.Ганхуяг унтсан бөгөөд өглөө босч ирээд “Ерөнхийлөгч болж байна  гэж шөнөжин  зүүдлээд ... “ гэж тэр хошигнож байсан.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчин, Улсын сайн малчин Б.Малчинхүүгийн хотонд...

Буд гуайнх энэ жил 100 ботго авахаас 70 гаруйг нь хүлээгээд авчихаж. Жаран жил ингэний дэлэн шувтарсан Ц . Шинэхүү гуайн хөл барагтай ч  шөнөөр, үүрээр босоод ингээ сааж л байна. Энэ жил төр засаг нөр их хөдөлмөрийг нь үнэлж “Алтан гадас“ одонгоор шагнасанд Ц.Шинэхүү гуай урамтай байна билээ. “Энүүхэнд“ гэж хуруугаа гозойлгодог говийн малчид дор хаяж хоорондоо 7О-8О км зайд нутаглах юм. Хоорондоо ийм хол зайтай  учир хамаг цаг хугацаа явдалдаа барагдчих юм. Гэвч зорилгоо бүрэн биелүүлсэн. Замын холыг туулж, алжаал ядралыг үл хайхран амжилттай ажилласан залуу найруулагч  Г.Ундрахдаа, зураглаач Д.Ганхуяг, жолооч А.Өлзий-Очир нартаа баярлалаа. Найдвартай, эв нэгдэлтэй  ар тал намайг, бас миний уран бүтээлийг  хөглөдөг юм шүү .

ӨМНӨГОВЬ ХҮРМЭН СУМ
ТАВАН СУХАЙТЫН ХООЛОЙ
2017 оны дөрөвдүгээр сарын 1 өдөр.

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Нараа дэрлэсэн говь нутгаас “Төл таван эрдэнэ“ эхэллээ  
Үзсэн: 2550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй