
Ардын уран зохиолч Б.Догмид гуай тээр намрын хуйсгануур нэгэн өдөр “Одоо цагт юм бүхэн өөр болжээ... Шувуу хүртэл жигүүрээ буруу дэвдэг болж...” гэж нэг л шалангуй аясаар хэлж билээ. Энэ бол одоогоос арав гаруй жилийн өмнөх явдал л даа. Тухайн үед энгийн нэгэн хошигнол хэлбэрээр сонсоод л өнгөрч билээ. Гэвч одоо бодох нь ээ нээрээ л бүх юм нэг л биш.
Эвсэг, найрсаг, зочломтгой, уужуу тэнүүн, яруу дэлгэр Монгол түмэн минь хэзээ л ийм байлаа гээд та бүхэн эргэцүүлээд нэг бодоод үз дээ. Өнөө Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үр улбаа нүүдэлчин удмын соёл түүх, ёс уламжлал хаачив аа. Хатуугаар хэлэхэд өнөөдөр Монгол хүн Монгол хүндээ Монгол хэлээ орчуулдаг болж байна.
Аливаа улс орон хэл соёлгүй бол мөхсөнд тооцогддог гэдгийг ч мэдэх хүн цөөн болж дээ. Манжийн дарлалын өмнөх жилүүдэд зөвхөн өргөн харилцаандаа 5000-7500 монгол үгийг хэрэглэдэг байсан улс өнөөдөр ердөө л 50-140 монгол үгээр өөр хоорондоо харилцаж ойлголцож байх юм. Улс нь өнөөдрийн төрийн эрх, жолоог даялаж яваа хүмүүсийн ярих дуртай үндэсний аюулгүй байдал, хуучнаар бол төрийн хар хайрцагны бодлого ердөө гуравхан зүйлийг л эрхэмлэдэг байсан. Тухайлбал, газар нутаг, эх орны бүрэн бүтэн байдал, хэл соёл, өв уламжлал, нөгөө нь ураг удам, хүн ам зүйн бодлого гэсэн ийм л гурван зүйлийн дархлааг байнга идэвхжүүлэх хариуцлага төрийн үүрэг юм. Гэвч одоо яаж байна. Юу болж байна вэ. Бодмоор тунгаамаар зүйл их байгаа биз...
Дуу хуур, яриа хэллэг, өмсөх зүүхээсээ авахуулаад бүхий л зүйл харийн, гадны шинжтэй болсныг бид яагаад анзаарахгүй, мэдэхгүй, ухаарахгүй байна вэ. Монгол үндэсний уламжлалт хувцас өмсгөлөө өмсөж, жинхэнэ Монгол үг хэллэгээр ярьсан хүнийг хуучинсаг, бүдүүлэг, соёлгүй гэж шоглох хандлага ч байдаг. Тэр байтугай "хөдөөний, юу ч мэдэхгүй" гэсэн үзэл яриа ч бидний дунд байдаг. Чин үнэндээ бол өнөөдөр хамгийн соёлтой, Монголоороо ярьж, байгаль ус, эх орноо гэсэн чин сэтгэлийг өвөрлөн жаргаж зовж, баярлаж гуниж яваа хүмүүс гэвэл нөгөө ад үзэгддэг хөдөөгийнхөн, тэр дундаа хэдэн бор малчид л байна.
Ингээд тоочоод байвал болохгүй бүтэхгүйн тухай олон зүйлийг нурших нь. Ихэнхийг нь бид мэддэг. Мэддэг хэрнээ даамжирсаар л байна. Одоо л анхаарахгүй бол урсгал хураасан гол ус шигээ үгүй болоход ойрхон байна. Анхаарахын тулд энэ чигийн хууль эрх зүй, хяналт хариуцлагыг ухамсартайгаар, эв нэгдэлтэйгээр бий болгох зүй ёсны шаардлагатай. Энэ бүхнийг бий болгохын тухайд чухам үүнийг л ойлгодог, мэддэг, мэдэрдэг хүмүүст төрийн жолоог атгуулж өөрт нь харин урмын ташуур өгөх хэрэгтэй.
Хэрэгтэй ч юу ч байх вэ. Ийм шаардлага Монгол хүн бүрт тулж байна. Та Монгол хүн би, бид бүгдээрээ Монголчууд. Хичнээн удаа худал амлалтад итгэж, хуурмаг бүхний золиос болох билээ дээ. Тиймээс өрнө дэлгэр, уужуу тэнүүн сэтгэлээр нэгийг бодоцгооё.
Бид МОНГОЛООРОО л үлдэх ёстой...
Монгол хүн Монгол хүндээ Монгол хэлээ орчуулдаг боллоо | ||
Үзсэн: 2865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.