Шууд Chart

Н.Орчлон: Мянган хүний амь хохироосон сэжигтнийг шүүж чадаагүйд харамсдаг

2017-09-07 15:34:03

Хуульч Наранцэцэгийн  Орчлон Монгол Улсаас анх удаа Гаага дахь Эрүүгийн хэргийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрээр  Африкийн зарим орны хэргийг хариуцан ажилладаг байсан. Харин одоо ахлах хуульч болж, баг ахлан ажиллах болсон байна. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүкдээ "Олон улсын шүүхэд 11 жил хагас ажиллаж байж ахлах хуульч (Counsel P-4) боллоо! Бас л болоогүй байна шүү. Ямарч байсан Ази Африк Европ хуульч нараас бүрдсэн баг удирдана даа. Урагшаа! " гэж бичсэн байна. 

"Мянган хүний амийг хохироосон  сэжигтнийг шүүж чадаагүйд харамсдаг гэсэн нэртэй ажил амьдралынх нь тухай ярилцлага  Монголын Үндэсний радиогийн "Асуулт байна" нэвтрүүлгээр өнгөрсөн 4 сард гарч байсан юм. Тус ярилцлагыг та бүхэнд дахин хүргэж байна.


ОУ-ын Эрүүгийн шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүдэг

-ОУ-ын эрүүгийн шүүхийг  ГАГ  дахь,  эсвэл  НҮБ-ын  гэх  зэргээр ялгаж хэлдэг. Өнөөдөр ОУ-д  хичнээн эрүүгийн шүүх  ямар хэргүүд дээр  ажиллаж байгааг бидэнд тайлбарлаж өгөөч?   

-Бидний нэрлэж заншсанаар Голланд улсын ГАГ хотод ОУ-ын шүүхүүд болон Дэлхийд  энх тайван, аюулгүй байдлыг хангахтай холбоотой олон байгууллагууд ажилладаг. Тиймээс энэ хотыг “ОУ-ын хууль зүйн төв” гэж нэрлэдэг. Миний ажилладаг шүүх нь 1998 онд Италийн Ром хотноо  батлагдсан ОУ-ын Эрүүгийн шүүхийг байгуулах тухай Ромын дүрэм гээд ОУ-ын конвенцийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ОУ-ын эрүүгийн шүүх. Эзлэн түрэмгийлэх, /нэг тусгаар улс нөгөө улсынхаа тусгаар тогтнол руу халдах хэрэг/, геноцид буюу хомроголон устгах, дайны, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гээд хамгийн ноцтой 4 төрлийн гэмт хэргийг шүүн тасладаг. Мөн НҮБ-ын дэргэдэх ОУ-ын шүүх ч ГАГ хотод ажилладаг. Энэ шүүх нь зөвхөн НҮБ-ын гишүүн тусгаар улсуудын хооронд үүссэн маргааныг шийддэг. Үүний хажуугаар НҮБ-аас дангаараа болон  тусгаар улсуудын Засгийн газартай  хамтран байгуулдаг тусгай үүргийн шүүхүүд бас бий. Энэ бол тодорхой хэрэг маргааныг таслаж шийдвэрлээд татан буугддаг шүүхүүд л дээ. 

Тухайлбал, 2005 онд Ливан улсын Ерөнхий сайдын амь насанд халдсан террорист хэргийг шүүх тусгай шүүхийг ГАГ хотод байгуулж байсан. Энэ хэргээ шийдвэрлээд татан буугдсан гэсэн үг. Миний ажилладаг ОУ-ын эрүүгийн шүүх бол байнгын ажиллагаатай. Мөн НҮБ-ын дэргэдэх ОУ-ын шүүх байнгын шүүх.

ОУ-ын хууль зүйн системд шүүхүүдийг байнгын, тусгай үүргийн, дан ОУ-ын гэрээ конвенцийн дагуу байгуулагдсан гэх зэргээр олон янзаар ангилж болдог. Ер нь ОУ-ын гэрээ хэлцлийн дагуу, эсвэл НҮБ болон тусгаар улсуудын ЗГ хоорондын гэрээгээр байгуулагдсан, ОУ-ын, тусгаар улсуудын  хуульч, шүүгчид хамтран ажилладаг шүүхүүдийг  ОУ-ын шүүх гэж  нэрлэж болдог.  Жишээ нь, 1970-аад оны үед Камбожид гарсан Улаан Кхмерүүдийн хөдөлгөөний намын удирдагч, одоо амьд байгаа сэжигтнийг шүүж байгаа тусгай Шүүх Камбожийн Кломбен хотноо өнөөдөр ажиллаж байна. Сьера Леонед мөн  тусгай үүргийн шүүх бий.  Монголын  Энхийг сахиулагчид  энэ шүүхийг  хамгаалж  байсан.

-Дэлхий нийтэд гэмт хэргийн төрөл олширч, нарийссан. Энэ утгаар улс орны тусгаар тогтнолд шууд зэвсэглэн  халдахгүй ч байгаль орчин, эдийн засгийн гээд өөр арга хэлбэрээр улс орны, иргэдийнх нь эрх чөлөөнд халдах тохиолдол бий. Ийм  хэргүүд  ОУ-ын шүүхэд  хамаарах уу?  

-Тэгэхээр таны ярьж байгаа байгаль орчинтой холбоотой асуудал нь тусгаар улсуудын хорондох газар нутгийн маргаантай холбоотой, эсвэл нэг болон хэд хэдэн улсуудын хооронд  байгуулсан байгаль орчныг хамгаалах, гол мөрнийг хамтран ашиглах гэрээтэй холбоотой байж болно. Ерөнхийдөө байгаль орчин бохирдох, тухайн нутаг усны  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн тохиолдолд хамгийн түрүүн хүний эрх хөндөгдөнө.

Монгол Улсын иргэний хувьд аюулгүй, эрүүл, тайван орчинд амьдрах эрх нь МУ-ын Үндсэн хууль, ОУ-ын Хүний эрхийн гэрээ конвенциудаар баталгаажсан. Яг үүнтэй холбоотой  маргааныг  шийдвэрлүүлэх тохиолдолд  хамгийн түрүүн  бидний  мэдэх ёстой ОУ-ын гэрээ  бол “Иргэний болон улс төрийн эрхийн тухай ОУ-ын пакт” гэсэн том гэрээ бий. Мөн Иргэний эдийн засгийн болон соёлын, улс төрийн  эрхийн тухай ОУ-ын гэрээ конвенци  бий. Энэ гэрээ конвенцийг хэрэгжүүлдэг гол байгууллага бол тухайн гэрээний хэрэгжилтийг  хангадаг, үр дүнг хянадаг ОУ-ын Хүний эрхийн  хороонууд юм. Бидний хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн улсын хууль сахиулах  байгууллага болон Засгийн газарт  асуудлаа тавьж шийдвэрлүүлнэ. Хэрвээ хангалттай шийдэгдээгүй, хангагдаагүй гэж үзвэл ОУ-ын түвшинд, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын газарт төвлөрөн ажилладаг ОУ-ын  хүний  эрхийн хороонуудад гомдлоо тавих боломжтой.   

 Утаагаар амьсгалсныхаа төлөө шүүхэд хандах эрхтэй

-Та хүний эрхийг дээдлэхийн үлгэр болсон улс оронд амьдарч, хүний зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө ажилладаг хүн. Ид утааны үеэр Улаанбаатар хотдоо ирж амарлаа.  Зөвхөн  утаанаас  болж  бидний  эрх яаж  зөрчигдөж  байгаа  бол?

-Хүний эрхийг иргэний болон улс төрийн гэж ерөнхийд нь хоёр  ангилдаг.  Монголчууд улс төрийн эрхээ эдэлж байна. Нөгөө талд бид эдийн засаг, соёлын болон  эрүүл аюулгүй орчинд амьдрахтай холбоотой маш олон  эрхтэй.  Монголчууд эдгээр  эрхийг тунхаглалын чанартай л мэдэхээс биш яаж хэрэгжүүлэхийг мэдэхгүй байна. Энэ хортой утаанд амьдарснаар таны  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх  зөрчигдөж байна. Ингэж  эрх  нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах ёстой. Дотоодын хууль, шүүхийн байгууллагадаа хандах, шүүх нь хүний зөрчигдсөн эрхтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломжуудтай байх ёстой. Гэтэл манайд нийгэм, эдийн засагтай холбоотой эрхүүдээр хангагдах,  зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх боломж иргэдэд алга. Хуулийн цоорхой үүсчихсэн байна.  Үүнийг л өөрчлөх  хэрэгтэй байна.    

Америкийн Плинт гээд хотод эрүүл мэндийн шаардлага хангахгүй  ус түгээснийхээ төлөө  хотын  захиргаа шүүхэд дуудагдаж байсан.  Иргэдийн гомдлыг шүүх хүлээж аваад зохих шийдвэр гаргаж, хотын захиргаанд хариуцлага хүлээлгэсэн байдаг.  ОУ-ын  хэмжээнд Энэтхэгийн дээд шүүх бол  иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн байдалтай холбогдолтой хэргийг шийдвэрлэгээрээ алдартай.  

-Нийтлэг эрх ашиг, эрхийнхээ төлөө нэгддэг, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хамтаараа зүтгэдэг байхыг л та бас зөвлөж байна уу?

-Энэ бол Америкийн хуулийн системд туйлын сонгодог жишээ. Олон нийтээрээ нэгдэж хэргийн нэг тал болж шүүхэд гомдол гаргадаг. Тухайн муж улсынхаа Засгийн газрыг, Америкийн холбооны Засгийн газрыг шүүхэд өгөх тохиолдол өдөр бүр гардаг. Засгийн газрыг шүүхэд төлөөлдөг, тайлбар гаргаж байдаг албан тушаал ч энэ улсад бий.   

Ер нь шүүх гэдэг бол төр, иргэнийг хооронд нь зохицуулдаг, аль алины  эрх ашгийг авч  үзээд хуулиа барьж шийдвэрээ  гаргадаг төвийг барьсан  байгууллага. Монголын Шүүх зөвхөн бодитой эрхүүдийг хангадаг байхаас гадна иргэний нийгэм, эдийн засагтай холбогдолтой  эрхүүдийг хангадаг байх хэрэгтэй байна.

Монголд Америкаас 2 дахин, Хятадаас 9 дахин их хүчирхийлэл үйлдэгдэж байна. Гэвч бид дасч

-Саяхан та “Төрөөс тогтвортой, шийдвэртэй ажил хийхгүй бол Монгол Улсад хүчирхийллийн гэмт хэрэг ихэссээр,  гэмт хэргийн нөхцөл байдал  улам хүндрэх нь”  гэж сануулсан байсан. Эрхгүй  анхаарал татлаа?  

-Тийм ээ. Ингэж мэдэгдсэн. Монгол Улс гуравхан  сая хүн амтай, дэлхийн хэмжээнд жижиг улс. Гэтэл эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралтаар дэлхийн хамгийн өндөрт тооцогддог  улс орнуудын энд орж байна. Би Монголдоо мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. АНУ-д ч өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Одоо ч ОУ-ын шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг. Монголчууд бид өөрсдийнхөө байдалтай тун их эвлэрчихэж.  Төр нь ч, хууль сахиулах байгууллага нь ч, иргэд нь ч дасч...  Хүчирхийллийн гэмт хэргийн тоо маш өндөр байхад төр засаг нь ч,  ард түмэн нь ч зохих шаардлага тавихгүй, арга хэмжээ  авах  шахалт  үзүүлэхгүй  байна.

-Та гэмт хэргийн гаралт Монгол Улсад өндөр гэдгийг ямар судалгаа, баримтаар жишиж хэлж  байна?

-Австрийн Вена хот дахь НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх байгууллагын судалгаагаар  нэг жилд 100 мянган хүн тутамд  санаатай хүн  амины   4 хэрэг гарч байвал дундаж  үзүүлэлт болж  байна.   Энэ бол дэлхийн улс орнуудын дундаж тоо. АНУ-д яг  энэ  хэмжээнд байна. Америкт хүчирхийлэл, галт  зэвсэгтэй холбоотой хүний амийг  хохироосон хүнд  гэмт хэрэг гарсан тухай бид мэдээгээр үзэж, сонсдог. Гэтэл 300 гаруй сая хүн амд нь харьцуулахад гэмт хэргийн гаралт дундаж хэмжээнд байгаа юм. Тэгвэл бидэнтэй  түүх, соёл, шашин шүтлэг, гадаад төрх байдлаараа төстэй Зүүн Азийн улс орнуудад  ямар  гэж бодож байна. Тухайлбал, Японд  0.2, Солонгост 0.4-0.6 хувь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улсад 100 мянган хүнд нэг жилд гарч байгаа санаатай гэмт хэргийн тоо 1 хувьтай л байна шүү дээ. Гэтэлд манай улсад ямар байна гээч... ?  Гуравхан сая хүн амтай улсад 9 хувьтай байна.  

Урд хөршид  хуулийг хатуу сахиулж чадаж байгаа учраас  гэмт хэрэг дэлхийн дунджаас 4  дахин бага, ялангуяа санаатай хэргийн тоо хэд дахин бага байна. Тэд бидний хажууд хамаагүй тайван, аюулгүй орчинд амьдарч чадаж байна гэсэн үг. Япон, Солонгосыг  мөн  л хамгийн тайван орон гэж үздэг. Миний амьдарч байгаа Европын улсууд, ялангуяа Хойд Европын улсуудад гэмт хэрэг хамаагүй бага.

Мэдээж үймээн самуунтай, иргэний дайнтай улсуудад гэмт хэрэг их. Гэтэл энэ улсуудтай Монголчууд бид өөрсдийгөө харьцуулж болохгүй. Бидэнд иргэний дайн, газар нутгийн маргаан, шашин хоорондын тэмцэл, салан тусгаарлагчид байхгүй. Дэлхийн хамгийн том, хамгийн тайван хоёр улсын дунд оршин тогтнодог, цөөхөн  хүн амтай  улсад ийм их гэмт хэрэг гарч байна.  Би өмнө нь цагдаад мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Тэр үед хүчирхийллийн гэмт хэрэг их гардаг байлаа. Өнөөдөр ч буураагүй, цаашид ч өсөх хандлагатай байна. Ерөөсөө хүн амь, танхай, дээрэм, хулгайн гээд санаатайгаар үйлдэгддэг  хэдхэн төрлийн  хэрэг л зонхилон гардаг. Хулгай  яг хүчирхийлэлдээ орохгүй ч манайд гарч байгаа  хэргийн дийлэнх нь энэ. Дээр нь хүчингийн гэмт хэрэг.

-Та  мэргэжлийн  хүний  хувьд  гэмт  хэрэг буурахгүй байгаа шалтгааныг юутай  холбож  үзэх  вэ?  

-Би хувь хүнийхээ үүднээс хэлье.  Монголд хуулийг хатуу сахиулж чадахгүй байна. Монгол Улсын хуулинд заасан  ял нь маш өндөр. Цаазаар авах ялыг халсан ч  хорих ялын хязгаар харьцангуй өндөр. Тэгсэн атлаа иргэд гэмт хэрэгт холбогдоод байгаа нь хуулийг сахиулж чадахгүй байгаатай холбоотой. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нь илүү, үйлдэхгүй байх шалтгаан нь бага байна гэсэн үг. Үүн дээр хээл хахууль, авилгын  гэмт хэрэг дахиад нэмэгдэнэ.  Гарч байгаа гэмт хэргийн тоон дээр   улс  төрчид,  хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид дүгнэлт хийж хариуцлага хүлээхгүй байна. Улс төрийн сонгуульд орж байгаа нам эвсэл,  нэр дэвшигчдэд  МУ-д үйлдэгдэж байгаа хэргийг буруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн бодлого байдаггүй. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Таван жил, арван жилийн өмнө  гэмт хэрэг ямар  байсан, өнөөдөр ямар хэмжээнд буйг  хэн ч эргэцүүлэхгүй, ярихгүй байна.

Яг үнэндээ төрийн хийх ёстой хамгийн чухал ажлын нэг бол ард иргэдээ аюулгүй тайван орчинд амьдруулах.  Өнөөдөр МУ-д  гэмт хэрэг өсч, буурч байгаад хэн хариуцлага хүлээж  байгаа юм, хэн  үүнийг ярьж байгаа юм.    Ялангуяа  хариуцлага хүлээх  ёстой  хамгийн чухал албан тушаалтан  бол Ерөнхий сайд, Засгийн газар.  Хууль зүйн сайд нарын ажлын үр дүнг   гэмт хэрэгтээ хэрхэн, яаж тэмцэж байна вэ гэдгээр дүгнэдэг  байх ёстой. Хамгийн том шалгуур  нь энэ. 

-Таны  энэ яриад байгаа гэмт хэргийг  бууруулах,  гэмт хэрэгтэй тэмцэх ажилд   улс төр хэр нөлөөлж байгаа бол. Учир нь улс төр мэргэжлийн  салбарын  бодлого, шийдвэр, үйл ажиллагааг   тогтворгүй,  итгэлгүй болголоо гэж зарим  нь шүүмжлэх болсон?   

-Шууд нөлөөлж байна. Би жишээ яръя. Монгол Улсад өнөөдөр хуулийн байгууллагын өндөр албан тушаалд хэнийг ч тавих боломж бүрдчихсэн.  Тухайн байгууллагад нэг өдөр ч ажиллаж үзээгүй, хууль сахиулах талаар ямар ч мэдлэг, ойлголт  байхгүй, мэргэжлийн өндөр албан тушаалд тохирохгүй хүнийг хуулийн байгууллагын удирдлагаар тавьж байна. Энэ бол тухайн салбарын, байгууллагын  үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Би энд  хэн нэгнийг нэр заахгүй.  Байгаа систем тогтолцоо нь ийм байна. 

ОУ-ын байгууллага, өндөр хөгжилтэй орнуудад хуулийн байгууллагын удирдлагыг томилохдоо маш олон шалгуур  тавьдаг.  Хуулийн сургуульд сурснаас өөр тухайн  байгуулллагыг удирдах, мэргэжлийн ямар боловсролтой вэ, эрдмийн зэрэг цолтой юу,  хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг мэддэг үү, ажил, мэргэжлийн өндөр туршлагатай юу гээд.   Мөн хэзээ ч хууль зөрчиж  асуудалд орж байгаагүй, бүдүүлэг зан авиргүй,  худал хэлдэггүй  байх ёс зүйн өндөр шаардлага тавина. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг байгууллагын үйл ажиллагаанд оруулалгүйгээр хуулийн байгууллагыг удирдах боломж, хөгжилтэй улс орнуудад, мөн  ОУ-ын байгууллагад байдаггүй. Ийм шалгуурт тэнцсэн,  15-20 жилийн туршлагатай  хүн л   хууль зүйн байгууллагыг  тэргүүлдэг.

Гэтэл манайд  өнөөдөр зүгээр дээд сургууль төгссөн, эсвэл нам эвсэлд ажиллаж байсан нөхрөөр  хуулийн байгууллагаа  удирдуулаад  байгаа болохоор  энэ салбарт хэн ч очиж, юу ч хийж, бас хийхгүй байж  болж байна.

Орон байраар хангагдах, интернетээс мэдээлэл авах нь хүний шинэ эрх

Одоо ОУ-д  Иргэн орон байраар хангагдах эрхийг хүний шинэ эрх гэж үзэж байна. Засгийн газрууд иргэдээ эрүүл, аюулгүй  орон байраар хангах үүрэгтэй гэж үзэж байна. Мөн иргэдийн мэдээлэл олох эрх буюу интернетэд холбогдох эрх нь  хүний шинэ эрх боллоо. Бүс нутгийн ОУ-ын Хүний эрхийн байгууллага, бүс нутгийн шүүхүүд орчин үеийн хүний эрхийг тодорхойлоод, нэгэнт хүний эрх гэж байгаа бол түүнийг хангах үүрэг нь Засгийг газарт бий гэж үзсэн.   Эрх бол тунхаглал биш.  Тухайн улсынхаа үндсэн хууль,  ОУ-ын хуулиар тогтоосон л бол тэр эрхийг бодитоор хангах үүргийг  Засгийн газар хүлээдэг. Тэгэхээр Монголчууд бид  эрх гэдгийг сайхан үг, хуулиар олгосон давуу тал гэж ойлгодгоо  болих  хэрэгтэй. Бид  утаандаа,  хүчирхийлэлдээ   дасчихаж.

Би нутагтаа ирээд орой гудамжаар явахдаа  тэнд нэг нь нэгнийгээ зодсон, эмэгтэйчүүдийг  орилуулсан, эсвэл нөхөр нь эхнэр, хүүхдээ айлгаж агсамнасан гээд маш олон хүчирхийллийг олж хардаг.  Гэтэл хажуугийн нөхдүүд энэ үзэгдлийг болж л байдаг, байж л  байдаг юм шиг тоодоггүй.   Бид  тэднийг болиулах, холбогдох газар нь  мэдээлэх  үүрэгтэй шүү дээ.   Ер нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэх  тохиолдол манайд маш их байна.  Ярихдаа хүртэл “гар хүрэх” гэж хэлдэг.   Зодсноо, цохиж авснаа  зүгээр л  “Гар л хүрсэн, гар хүрэх төдий” гэж хэлж  байна.  Ийм байдлаар монголчууд хүчирхийллийг  байдаг л  зүйл  болгож  хардаг,  ханддаг болж. Энэ юу гэсэн үг вэ... Байх ёсгүй  юманд бид дасчихаж.

Улстөрчид ОУ-ын шүүхийг хүсэл сонирхолдоо тааруулж ярих нь зохисгүй

Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлсэн учир ГАГ-ын шүүхэд хандана гэх мэдэгдлийг өмнөх парламентийн гишүүн хийж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ОУ-ын шүүхэд хандана гэж мэдэгдэж байсан.  Ийм   шалтгаанаар  тус шүүхэд хандсан тохиолдол бий юу. Ийм агуулгууд  ГАГ-ийн  шүүхэд хандах  үндэслэл  болж  чадах  уу? 

-Нэг компанитай холбоотой асуудлыг ОУ-ын шүүхээр хэлэлцэх боломжгүй. Голландын ГАГ-ийн шүүхүүд  эдгээр  асуудлуудыг хэлэлцдэггүй.  Ер нь ОУ-ын шүүх гэдэг нэр томьёог улс төрчид өөрсдийнхөө хүсэл сонирхолд тааруулж ярих нь зохисгүй. ОУ-ын шүүхүүд гэдэг бол ОУ-ын хэмжээнд үүссэн ноцтой 4 төрлийн гэмт хэргийг л шийддэг. НҮБ-ын ОУ-ын шүүх бол Засгийн газар хоорондын, тусгаар  улсуудын  хоорондын маргааныг шийддэг.  Харин хувь хүний хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл ОУ-ын, хөндлөнгийн хараат бус хороонуудад хандах боломж нээлттэй. 

Мянган хүний амь насыг хохироосон сэжигтнийг шүүж чадаагүйд харамсдаг

-Та голдуу Иргэний дайнтай холбоотой Африкийн хэрэг дээр их ажилладаг гэж байсан.  Одоо Угандагийн иргэний дайны хохирогчдыг өмгөөлж байгаа гэсэн үү?  

-ГАГ-ийн Эрүүгийн шүүх хүн төрөлхтөний түүхэнд хамгийн ноцтой гэж үздэг 4 төрлийн хэргийг шүүдэг гэж би хэлсэн. Олон улс орон, газар нутагт иргэний дайн улс хоорондын эзлэн түрэмгийллийн шинж чанартай хэргүүд гарсаар  байна.  Сирид л гэхэд  иргэний дайн 6 дахь жилдээ үргэлжилж байна.  Олон мянган хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдаж, олон мянган иргэд гэмтэж бэртэн, амьдралаараа хохирч байна.  Ийм төрлийн  хэргийг тусгайлан шүүдэг шүүх  нь манай шүүх.  Надтай адил олон орны  хуульчид энд ажилладаг.

-Хэд дэх жилдээ ажиллаж байна. Хичнээн хэрэг  өмгөөлөв?

-ОУ-ын шүүхэд 10 дахь жилдээ ажиллаж байна. ОУ-ын хүнд ноцтой гэмт хэргүүд цар хүрээ нь их өргөн. Миний хувьд шүүхийн  байнгын өмгөөлөгч учраас  шүүх дээр ирсэн бүхий л хэрэгт янз бүрийн түвшинд оролцож байсан.  Төв Африкийн БНУ-д   үүссэн иргэний дайн,  Кени улсын иргэний үймээн самуун, Угандагийн Засгийн газар болон зэвсэгт мөргөлдөөний хэрэг, Ардчилсан Конго  улсын хэрэг гээд  дөрвөн том хэрэг дээр гардан ажилласан.  Одоо ч ажиллаж байна.

-Өмгөөлөгчийнхөө хувьд шүүхийн шийдвэрт, эсвэл өөрийн ажилдаа сэтгэл дундуур үлдсэн үе байдаг болов уу?

-2007-2008 онд Кени улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа иргэний үймээн самуун болж 1000 -аас илүү хүн  амиа алдсан.  Нэг намын дэмжигчид бөөнөөрөө зэвсэглэн  нөгөө намын дэмжигчдийнхээ  газар нутаг руу дайрч, олон хүний амь насыг хохироосон.  Олон мянган иргэдийг  бэртээж гэмтээсэн.  Олон эмэгтэйчүүд хүчингийн  хохирогч болж, мянга мянган хүн орон гэрээ шатаалгасан.  Гэтэл энэ хэргийн  хамгийн гол сэжигтэн  дахин сонгууль болоход улсынхаа дэд Ерөнхийлөгч болчихож байгаа юм. Манай шүүх дээр дуудагдсныхаа  дараа  Кени улсын Дэд ерөнхийлөгч болчихсон. Би энэ хэрэг дээр хохирогчдын өмгөөлөгчийн багт ажиллаж байсан л даа.  

Яагаад сэтгэл дундуур байв гэхээр шүүх хурал эхлээд прокурорын тал яллах нотлох баримтаа танилцуулаад гурван  жил болсон.   Энэ хугацаанд  хамгийн ноцтой гэж үзсэн бүхий л нотлох баримтыг цуглуулж танилцуулж арга хэмжээ авсан боловч  энэ хэргийн гол гэрч,  хохирогчид өөрсдийнхөө нутгаас  ГАГ хотод ирж мэдүүлэг өгөхөөс татгалзсан.  Учир нь тэр хүмүүсийн, гэр бүлийнх нь  амь нас эрсдэлд орох нөхцөл байдал бий болсон учраас тэд ирээгүй. Шүүхээс хангалттай нотлох баримт цуглаагүй гэж үзээд энэ шүүх хурлыг хаасан. ОУ-д гэмт хэргийг шүүхэд ийм л адармаатай, хэцүү  байдаг.   Хэрвээ энэ шүүх хурал хангалттай нотлох баримттай байсан бол дахиад  хоёр жил, түүнээс ч урт хугацаанд үргэлжлэх байсан байх.   

-Кени улсын  энэ  хэрэг дээр хичнээн өмгөөлөгч ажилласан бол?

-Хохирогчдын өмгөөлөгчийн  багт Кени, Монгол өмгөөлөгч, хэргийн менежер туслах ажилтнууд гээд 6 хүн  ажилласан. Гэтэл шүүх хурлын үеэр гэмт хэрэгт сэжиглэгдсэн,  сонгуульд ялсан гэх  хоёр сэжигтэн ирсэн. Нэг өмгөөллийн баг нь ойролцоогоор 7-10 өмгөөлөгчтэй байсан.  

-Одоо тэгээд сэжигтэн Кени улсын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юу?

-Хэвээрээ,  ажиллаж байгаа.

-ГАГ дахь ОУ-ын шүүх дээр хамгийн  удаан үргэлжилсэн  ямар хэрэг  байдаг  бол?

-Ер нь ОУ-ын ийм шүүх хурал 3-6 жил үргэлжилдэг. Манай системийн байгууллага дотор Югослав улсын Ерөнхийлөгч байсан  Слободан Милошевичийн  үйлдсэн гэмт хэргийг шүүх тусгай үүргийн шүүх байгуулагдсан.  Энэ шүүх хурал 6 дахь жилдээ үргэлжилж байтал  С.Милошевич нас барсан. Тиймээс энэ хэргийг эцэслэн шийдээгүй. Гэм бурууг тогтоогоогүй байхад  сэжигтэн  нас барсан. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хуулийн дагуу  нотолсон шүүхийн шийдвэр албан ёсоор гараагүй учраас  энэ хүний гэмт хэргийг албан ёсоор тогтоох боломжгүй болсон. Тэр хүн нас барчихсан учраас тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн хохирогчид шудрага ёсоо тогтоолгож,  хохирлыг  барагдуулах,  эрхээ хамгаалуулах  боломжгүй  болоод зогсож байгаа юм. 

-ГАГ хотод та нарыг, шүүхийн байгууллагуудыг яаж хамгаалдаг вэ. Халдлага гарч байсан тохиолдол бий юу?

-Бид ажлын байрандаа онгоцны буудал шиг л шалгуулж, хянуулж байж нэвтэрдэг дээ.    Халдлага гарч байгаагүй.   

-Та өөрөө хамгаалагчтай юу. Хамгаалагчтай байдаг уу?

-Манай шүүхийн өмгөөлөгчийг Ливи улсад Муаммар Каддафитай холбоотой хэрэгт оролцохоор очиход нь буу тулгаж баривчилж байсан тохиолдол гарч байсан. Надад бол үгүй. Хамгаалагч байхгүй.

-Танд баярлалаа.  Хүн төрөлхтний эсрэг хэргийг шүүн тунгаах үйлсэд тань амжилт хүсье.

               МҮОНР. Сэтгүүлч Д.Даваадулам

                     Ж.Мөнхөө

Нийтэлсэн: Д.Даваадулам

Н.Орчлон: Мянган хүний амь хохироосон сэжигтнийг шүүж чадаагүйд харамсдаг   
Үзсэн: 9830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.4.xxx] 2017-09-08 15:26
Wow so proud of that Mongolians are working in World Court

Бидэнтэй нэгдээрэй