Шууд Chart

МҮОНРТ-ийн уран бүтээлчид БАЛДОРЖ шагнал хүртлээ

2017-09-13 10:16:50

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн том баяр, хамгийн их хүсэн хүлээдэг уралдаан болох БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уг уралдааныг “Балдорж” сангаас ес дэх жилдээ зохион байгуулсан нь энэ.

Ёслолын ажиллагаанд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирснээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид оролцлоо. Ц.Балдорж агсны дотнын нөхөр, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан Н.Багабанди үг хэлснээр 2017 оны БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол эхэлсэн юм.

Монголын “Пулитцер” гэж нэрлэгдэх болсон уг шагналыг хүртэхийн төлөө сэтгүүлчид бүтэн жилийн турш бэлтгэж, шударга шүүлтийн доор мэргэжлийн ур чадвараараа өрсөлддөг нь БАЛДОРЖ шагналын үнэ цэнэ, өндөр босгыг илэрхийлдэг. Энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орж, СУИС-ийн урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, Тайз дэлгэцийн урлаг судлалын профессорын багийн ахлагч, Монголын зохиолчдын эвлэлийн “Судлал шүүмжийн үндэсний төв”-ийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг нэмэгджээ.

“Балдорж” сангийн тэргүүнээр есөн жил ажилласан Н.Шүр энэ жил ажлаа отгон охин Б.Номинтүшигтээ шилжүүлээд буй. Сангийн тэргүүн Б.Номинтүшиг ёслолын үеэр “Балдорж” санг хүндэтгэн энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, улс төр, нийгэм, соёл урлаг, сэтгүүл зүйн хүндэт төлөөлөгчид, аавын минь анд нөхөр та бүхэнд баярлалаа. БАЛДОРЖ шагнал Монголын “Пулитцер” гэгддэг болсон. Харин надад Ерөнхийлөгчөөс нь эхлээд төр, засгийн бүх өндөрлөг ирж сэтгүүлчидтэй нэгэн үдшийг өнгөрөөдөг, АНУ-ын Кореспонденс Деннерийг санагдуулдаг. Учир нь үзэл бодлын зөрчлөө хойш тавин энд цуглардаг эрхэм хүндэт зочид аавыг минь дурсахын зэрэгцээ сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй хүн бүрт, сэтгүүлч гэдэг амаргүй мэргэжилд хүндэтгэл үзүүлж байна гэж би ойлгодог. Өөрийнх нь нэрээр нэрлэсэн сангийн үйл ажиллагаагаар хамгаас хайртай сэтгүүлч нарынхаа хөдөлмөр, бүхий л амьдралаа зориулсан сэтгүүлчийн мэргэжил нь ингэж өндөрт өргөгдөж байгааг хараад аав минь их баярлаж байгаа байх. Тухайн үеийн Ерөнхийлөгч ирж БАЛДОРЖ шагналыг гардуулдаг сайхан уламжлал бий болгосон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, энэ уламжлалыг үргэлжлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танд баярлалаа” хэмээсэн юм.

Ес дэх удаагийн БАЛДОРЖ шагналтнаар “Үндэсний шуудан” сонины Б.Энхмарт “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ тодорч, цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн болов.

Сурвалжлагч бүрийн барьж авдаггүй, хүнд сэдвээр бүтээл туурвиж, сэтгүүлчийн эр зориг, хөдөлмөрөөрөө манлайлсан тул тэрбээр БАЛДОРЖ шагнал хүртлээ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар тэргүүн шагналыг гардуулсан юм.

Дэд байранд “Өнөөдөр” сонины Л.Ганчимэг “Аавын эзгүйд” реалити сурвалжилгаараа шалгарлаа. Үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилгыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн. Л.Ганчимэгийн бэлтгэн хүргэж буй цуврал сурвалжилга олонд танигдаж, тодорхой үр дүнд ч хүрээд буйг манай уншигчид мэдэх биз ээ.

Монгол Улс дахь Канадын Элчин сайдын яамнаас “Охид, эмэгтэйчүүдийн эрх, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт шилдэг нийтлэлийг 1000 ам.доллароор урамшуулж, “Балдорж” сантай хамтран ажилласан нь энэ жилийн шалгаруулалтын бас нэг онцлог байв.

Сэтгүүлчдийн бүтээл туурвилаар дамжуулан олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн бусад орон, тэр дундаа Канад улсын туршлагаас суралцах, арга замыг хөндөх агуулга бүхий нэг төрлөөр БАЛДОРЖ шагнал баяжиж буй нь энэ.

Сэтгүүлч Э.Энэрэл “Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” бүтээлээрээ уг шагналын эзэн болсон бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд Давид Спрул, Элчин сайдын яамны гадаад бодлого, дипломат албаны ажилтан С.Мөнхзул нар шагналыг гардуулсан юм.

Тэдний араас жагссан шилдэг арвыг танилцуулъя.

  1. МҮОНР-ийн “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ нарын “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг
  2. mn сайтын Г.Одгаравын “Хүн, ялааны хооронд долоохон генийн зөрүү бий. Хэн байх нь танаас шалтгаална”, “Хар тугалга”, “Д.Нямбаяр: Жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” бүтээлүүд
  3. МҮОНТ-ийн Ц.Оюундарь, Х.Шинэ-Од нарын “Эр бор харцага” баримтат кино
  4. “Засгийн газрын мэдээ” сонины Б.Баярмаа, Б.Ганбаяр нарын “Амины үнэтэй халуун тогоо” цуврал сурвалжилга
  5. “Өнөөдөр” сонины Т.Энхбатын “Монголын хямрал” цуврал нийтлэл
  6. “Өнөөдөр” сонины Ж.Сувдмаагийн “Уул уурхайнхны шунал Хүдэр голын амийг таслах нь”, “Хүдрийг самарчид самарч байна” цуврал сурвалжилга
  7. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяагийн “Хогонд дарагдсан Хөвсгөл”, “Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол”, “Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна” нийтлэл
  8. “Өдрийн сонин”-ы Э.Хүрэлбаатарын “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”, “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй Монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” нийтлэл
  9. “Open door” сонины Б.Ерэнтэйгийн “Задарсан атом нь дараа төрөлдөө ашиглагддаг Далай лам”, “Монгол ба Трамп”, “Эмээлийн мөнгөн баавар ЭВРИКА” нийтлэл
  10. “Өнөөдөр” сонины Э.Харцагын “Богд уулын Нүхтийн амны түймэр”, “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжилга.
Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн уран бүтээлчид БАЛДОРЖ шагнал хүртлээ   
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй